Tuesday, March 4, 2014

Архи ба найзаа аврах сэтгэл

Сүүлийн хэд хоног сэтгэл болон бие минь тун завгүй байгаа тул шинэ бичлэг оруулж амжсангүй. Харин дотны найздаа архины талаар бичнэ гэж амласандаа хүрэхийн тулд өнөөдөр эртлэн босож цаг зав гаргаад сууж буй минь энэ. Хэрэв би амлалтандаа хүрэхгүй бол хэрхэн яаж найзыгаа архинаас холдуулах вэ гэж бодлоо. 

Архи айлын ямар ч сайхан хүүг адгийн шаар болгож хувиргах харын талын ид шидтэй хэрнээ "идээний дээж" хэмээн ширээнд залагддаг зальтай нөхөр. 

Архийг мансууруулах бодис гэдгийг мартаад байх шиг санагдах юм. Яг л нөгөө марухиана, кокайнтай адил гэсэн үг шүү дээ. Оюун ухаан, бие мах бодийг чинь уусгаж байгаа бузар этгээд гэдгийг бүү мартаач. 

Найз маань уг нь сайхан ч залуу, сайн ч найз. Хамгийн чухал нь хөөрхөн хүүхдийн аав, хүний ханиудын нэг юмсан. 

Архи найзыг маань бид нараас цаг мөч бүр холдуулаад, сайн сайхан бүхнийг нь нэг нэгээр хулгайлаад байх шиг санагдах юм. 

Анд минь сайхан сэтгэлтэй бас ухаалаг нэгэн. Архинд захирагдахааргүй л толгойсон. Эртхэн архинаас бие сэтгэлээ татаж авахгүй бол хайртай, хэрэгтэй бүхнээ алдах өдөр удахгүй ирнэ шүү. Би л хувьдаа архичин найзтай баймааргүй л байна шүү. 

Найз шиг минь олон мянган архинд "дуртай" нөхдүүд та нарт архийг өдөр тутмын амьдралын хэв маяг хэмээн эндүүрэн ойлгохгүй байх сэтгэлийн чадал, тэнхээ байгаа гэдэгт мянга мянган охид бүсгүйчүүд бид нар итгэдэг. Гаднаа хэлэхгүй ч дотроо энэ минь нэг л өдөр архинаас гарна гэсэн цөхрөлтгүй итгэл найдвартай байдаг юм шүү. 

Архинаас хол явбал "сайхан монгол эр" гэдэг нэрээ хадгалж байгаа нь тэр. Үгүй бол хэн болж хувирахыг хатуухан надаар хэлүүлэхээсээ өмнө хурдхан наад хар уснаасаа хагац. 



No comments:

Post a Comment