Wednesday, March 26, 2014

Өөрийнхөөрөө

Залуухан Бразил эхнэр нөхөртэй манайх гэр бүлийн найзууд. 4 жилийн өмнө эхнэр нь надтай танилцаад нөхөртөө "Ази гэхэд дажгүй охин байна" гэж хэлсэн юм гэдэг. Хөх, бөгс сайтай, ихэвчэн өндөр том биетэй Бразил охидын хажууд мэдээж би ер, жар, ер харагдахгүй нь тодорхой.  

Ази охин гэдгийг чухам ямраар дотроо төсөөлж байсныг хэн яахин мэднэ. Магадгүй Сан Францискогийн Хятад хотхоны хүмүүсээр бүх азиудыг төсөөлөн боддог ч байсан байж мэднэ. Харин одоо бид найзлаад нэлээд хэдэн жил болсон болохоор Азиудын талаар зөндөө их мэдлэгтэй болсон гэж найдна. Тэгээд ч тухайн үед найз маань дөнгөж арван жилээ төгсөж байсан билээ. Надаас арваад дүү юм.

Олон орны төрөл бүрийн хүмүүстэй танилцаж, ярилцаж явахад яахын аргагүй ихэнх Монгол хүмүүс ерөнхий мэдлэгийн хүрээ сайтай байдаг нь харагддаг гээд хэлчихвэл намайг зэмлэх хүн олон гарах болов уу? Тэдгээр ерөнхий мэдлэгийн хүрээ багатай хүмүүс ихэвчлэн нийгмийн дундаж хүмүүс байдаг. Мэдээж мэдлэг боловсрол, амьдралын туршлагатай, ном уншдаг, юм үзэж нүд тайлсан олон сайхан орны хүмүүс байлгүй яахав. (Уншигч та туйлшруулан ойлгохгүй байхыг хүсье)


Би түүний хэлсэн үгэнд эмзэглээ ч үгүй зүгээр л инээгээд өнгөрч билээ. Учир нь хүн өөрийнхөөрөө байх шиг сайхан зүйл үгүй. 

Заавал хөөрхөн царай, гуалиг биетэй байснаар халуухан харагддаг юм биш. Эр хүний хувьд бадриун том биетэй, өндөр, сайхан залуу байх албагүй. 

Чи намхан, жин ихтэй, хэт туранхай, нүүрний арьс нь цэвэрхэн биш, сэвхтэй гээд ямар ч байсан хамаагүй. Өөртөө итгэлтэй, сайхан зантай, үргэлж инээмсэглэдэг, хамгийн чухал нь хэнтэй ч чин сэтгэлээсээ харьцдаг, хэн нэгэнд атаархдаггүй байхад л болно. Ийм хүмүүс дотроосоо гэрэлтдэг. Харин тэр гэрлийг харж чадахгүй хүн бол өөрөө дотроо гэрэлгүй хүн гэсэн үг. Тийм хүн чамд хэрэггүй. Хэзээ нэгэн цагт чамтай адилхан дотроосоо гэрэлтсэн хүнтэй чи таарах л болно. 

Би ч гэсэн тийм гайхам сайхан бүсгүй биш, гаслам муухай ч биш. Жирийн л нэг эмэгтэй. Зөв явахыг боддог л нэгэн. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэгч. 

Бондгор алим шиг бөгсгүй ч богинохон өмд өмсөж гуя хасаа хааяа гаргачихдаг, том сайхан хөхгүй ч левчик зүүлгүй даашинз өмсчихдөг, нарны тосноос өөр юм нүүрэндээ түрхэлгүй гэрээсээ гарчихдаг, цэцэн цэлмэг үгээр хүн сургах дуртай, сэтгэлийн хөөрөл биений минь талаас илүү хувийг эзэлсэн, эрх дураараа, өөрийнхөөрөө нэгэн. 

Чамайг ч бас өөрийнхөөрөө байж, өөрөөрөө бахархаж, өөртөө итгэлтэй байгаарай гээд сургамжлан төсгөе. Үнэндээ чи бид нар дахин давтагдахгүй цорын ганц хувилбар шүү дээ энэ хорвоо ертөнцөд чинь ... 

No comments:

Post a Comment