Friday, March 7, 2014

Хуримын ой буюу бидний танилцсан түүх

Цэнхэр Хавайн цагаахан элсэн дээр эрхлэлдэн жарган бал сараа тэмдэглэж байсан мөч өчигдөр мэт санаанд тодхон бууна. Гэтэл үнэндээ 6 жил өнгөрчээ. Үргэлж миний хүслийг их бага гэлтгүй биелүүлэхийг хичээдэг хань минь тансаг урт биш гэлээ тухлаг бөгөөд амттайхан бал сарыг үзэсгэлэнт Хавайн аралд өнгөрүүлэхийг төлөвлөсөн билээ. Түүнээс хойш 5 удаагийн хуримыг ойг тэмдэглэн өнгөрөөж 6 дахиа тэмдэглэх мөч хаяанд ирсэн байна. Өнгөрсөн 6 жилийн туршид хичнээн ч үйл явдлыг хамтдаа туулж ирсэн юм бэ дээ. 

Бид хоёр нэг гэрт орсноос хойш нэг ч шөнийг тусдаа өнгөрөөж үзэлгүй бараг бүтэн 5 жил болсон байжээ. Нөхөр маань үүгээрээ бахархах дуртай. Хамгийн анх буюу жил гарангийн өмнө Лос Анжелост амьдардаг хадам өвөөгийн бие муудаж, би ажлынхаа чухал, давчуу хугацаатай төсөл дээр ажиллаж байсан тул яалт ч үгүй нөхөр ганцаараа явж хоёр хоног өнгөрөөх болж билээ. Бид хоёрын хувьд хамгийн их бие биенээ санасан өдрүүд тэр хоёр хоног байлаа. 10 минут тутам мэссэж нисгэн, орой өвөөг унтангуут хань минь скайпаар залгана. Хоёрхон хоног хэрнээ хоёр жил шиг л санагдаж саяхан учирсан дурлалт хосууд шиг санан санааширч байснаа одоо бодоход инээд хүрэх шиг. Түүний дараа буюу яг жилийн өмнө манай хүн шинэ компанид шинээр ажилд орон Денверт сургалтанд суухаар төрөөд хэдхэн сар болсон намайг 4 хоног орхиж явсан юмдаг. Хамаг хоол хүнсээ базааж өгөөд дахин дахин охин бид хоёрыг үнссээр уйлах нь холгүй явсаныг санахад хөгжилтэй. Ээж минь хамт байсан төдийгүй саяхан амьдралд минь нэмэгдсэн жижигхээн шинэ хүнийг шохоорхон шинжих гээч том ажил надад байсан тул өдөр хоног бас ч үгүй хурдан өнгөрсөн юм. Хань минь орой бүр скайпаар залгаж олон юм ярихгүй ч үр бид хоёрыг чимээгүйхэн л харна. Үүнээс хойш бас л үргэлж хамтдаа байсаар өнгөрсөн намар охин бид хоёр гэнэт Монгол явах болж манай гэрт бөөн саналт, үгүйлэлт, нулимс үүсэх нь тэр ээ. Буцах тийзээ гурван сарын дараа тавиулан ниссэн охин бид хоёр дөрөвхөн долоо хоногийн дараа эргэж ниссээр гэртээ ирэв ээ. Охиноо санасан эцэг сахлаа ч хусах сөхөөгүй болж, сэтгэл санаагаар унан турж бид хоёрыг хурдан ирэхийг хүссээр, учирласаар 12 долоо хонох ёстой хүмүүс 4 долоо хоногийн дараа хатуу нөхцөлтэй авсан тийзээ 1000 доллар төлөн урагшлуулж худалч хүнд цаг нойрны зөрөө сайн гараагүй байхад Сан Францискод газардах нь тэр. За бид гурав нэг иймэрхүү л салж хагацаж чадахаа больсон хүмүүс дээ. 

Нөхрөөсөө өмнө дурлалтай учирч байгаагүй гэж туйлшраад ч бах билээ. Дурлаж ч явлаа дурлуулж ч явлаа. Гэхдээ ханийн минь надад дурласан дурлал бүхнээс онцгой бөгөөд үнэнч. Надад байгаагаар минь дурлаж, намайг өөрчлөхийг хүсээгүй энгийн хэрнээ гүн дурлал. Цаг, мөч, өдөр, хоног, сар, жил өнгөрөх тусам улам ойртсон дурлал. Дуусашгүй, мөнхийн дурлал. Уучилдаг, хайрладаг, халамжилдаг, ойлгодог дурлал.

2007 оны 2-р сар. Валентиний баяр болохоос хэдхэн хоногийн өмнө. Миний дотроо харж явдаг нүдэнд дулаахан сайхан залуу надад зурвас атгуулсан тэр өдөр би амьдралаас хайж явсан үнэт эрдэнэ, алтан сугалаагаа олсон. Тухайн үед би Америкт ирээд удаагүй нэгэн байлаа. Бусдын адилаар ажилдаа явж сургуульд гүйнэ. Сан Франциско хотын Мишшион нэртэй хорооллын Пэтра хэмээх хулганы нүх шиг зай багатай хэрнээ тохилог кофены газрыг өглөө нээдэг  байлаа. Мишшион сонин содон, этгээд хүмүүсээр дүүрэн хороолол. Тэдэн дундаас нэг л үйлчлүүлэгч миний харцыг булаана. Өвөрмөц шивээстэй булчинлаг гартай, харааны шил зүүчихсэн нүдэнд дулаахан даруухан залуу Стефен Кинг (Stephen King) зохиолчийн зузаан ботиудыг ногоон үүргэвчнээсээ гарган унших агаад өглөө бүр тогтмол цагт ирж адилхан зүйл захиалж, явахдаа мөн л ижил хэмжээний гарын мөнгийг надад үлдээнэ. Хүчтэй кофен дээр бага зэрэг сүү нэмэн чихэргүй ууна. Чихэр хэрэглэдэггүй надад тэр нь таалагдана. Гранола боул (granola bowl) буюу самар, үр, овъёосны цуглуулган өглөөний хоолыг тарагтай авах агаад би үргэлж жимс үнэгүй нэмж дээрээс нь чимэглэн ширээн дээр нь аваачиж өгнө. Уул нь ширээн дээр аваачиж өгөх ёсгүй зүгээр л нэрийг нь дуудахад үйлчлүүлэгч өөрөө ирж аван идэж дууссан аяга тавгаа мөн л өөрсдөө хураана. Харин би тэр залуугийнхийг өөрөө хүргэн өгч заримдаа завтай байвал аяга, тавгийг нь хурааж авна. Тэр өдөр би кюүт (cute) буюу хөөрхөн эгдүүтэй гэсэн бичигтэй ягаан өнгийн цамцтай байсан агаад хүн цөөнтэй байсан тул сайхан ааш хөдлөн сэмээрхэн шохоорхон хардаг тун ч дуу цөөтэй залуугийн аяга тавгийг хураахаар очиход гарт минь бяцхан зурвас атгуулчихаад сандран үүргэвчээ аван гарч одов. Би яахаа мэдэхгүй хэсэг зогссоноо зурвасыг нандигнан дэлгэлээ. Атгын чинээ цаасанд амьдрал минь багтаж байсныг яахин тааж мэдэх вэ. 

Чи цамцан дээрх бичиг шигээ хөөрхөн эгдүүтэй юм. Би чамтай оройн хоол идэж, кино үзмээр байна болох уу гэж товчхон бичээд утас, цахилгаан шуудан гэх мэт бүх л холбогдох мэдээллээ үлдээсэн байв. Зүрх минь хурдан хурдан цохилж, нэг л сайхан мэдрэмж төрнө. Нууцхан хардаг байсныг ч хэлэх үү инээмсэглэл тэр өдөржингөө миний нүүрнээс холдсонгүй. Орой хичээлээ тарах хүртлээ, гэртээ харих замдаа нөгөөх алгын чинээ цаасыг дахин дахин уншсаар явлаа. Гэртээ ирээд цахилгаан шуудан илгээж болзоог нь хүлээн авах болсоноо илэрхийлэв. Ингээд маргааш нь намайг хичээл тарахад ирж аван ямар хоол идэхийг минь асуулаа. Хэзээний баяр хөөрөөр дүүрэн үедээ идэх сонирхолгүй болдог миний зан хөдлөн хичнээн өлсөж байсан ч гэсэн мөхөөлдөс идье гэж хэлэв. Ингээд тэр өдрөөс хойш ирээдүйн хань минь надад өөр хүнтэй танилцах, өөр хүнийг шохоорхох ч боломж өгөлгүй орчин үеийн бүх л хэрэгсэлийг ашиглан намайг дэгээдэж дэргэдээсээ нэг ч салгаагүй билээ. Угийн мөрөөдөмтгий, романтик, дурламтгай би гэдэг хүн тэгэж тууштай дэгээдэгдээгүй бол өөр хүнд дурлачихаж мэдэх л байсан байх. 

Ямар нэг зүйлийн цаг нь болох гэж байдаг гэж үнэхээр үнэн. Хэрэв та ч гэсэн ямар нэг зүйлийг, агуу хайрыг хүсэж байгаа бол цаг нь болохоор бүх тохироо нь бүрдэнэ. Миний хань ч цаг нь болоод надад ирсэн гэж би итгэдэг. Түүнээс биш хүнтэй суухаар хугацааны учрал ч байсан, дурлал ч байсан. Цаг нь болж зөв хүн таараагүй байсан болохоор л бүтээгүй байх. Харин хань бид хоёрын учрал ид шидийнх. Бүх юм аяндаа л бүтэж танилцаад гурван сар болсоны дараа нэг гэрт орж жилийн дараа би цав цагаан хуримын даашинзтай зогсож байсан. Цаг нь болохоор ийм л хурдан болж бүтдэг юм билээ. 

Би сайн хүнтэй учирсан азтай бүсгүй. Заримдаа намайг гэсэн их хайранд нь бардаж даварчихдаг муу зантай. Гэхдээ би ханьдаа хязгааргүй хайртай. Анх л хайрласан хайр минь, дурласан дурлал минь хэвээр. Хайрнаас минь урган гарсан охиноо хараад зүрх минь улам уярч ханийгаа бүр илүү хайрладаг. 

Хуримын ой бүртээ бид хоёр нэг тийш нисэж эсвэл машинаар явж ямар нэгэн очоогүй газраа очиж тэмдэглэдэг заншилтай. 5 жилийн ой буюу түрүү жил хэдийгээр нялх охинтой байсан ч ээжийнхээ ачаар ганц хоногийг ч гэсэн далайн эргийн жижигхэн буудалд өнгөрүүлж байлаа. Харин энэ жил охиноо үлдээгээд явах сэтгэл хэн хэнд маань алга. Урьд өмнөх шигээ хот алгасан аялаж чадахгүй ч тэмдэглэх л болно. Яагаад гэвэл бид хоёрын эхнэр нөхөр бололцон хувь заяагаа холбосон чухал өдөр ... хэзээ ч мартаж боломгүй нандин дурсамжтай өдөр. 

Та бүхэн ч гэсэн хуримын ойн өдрөө тэмдэглэж заншаарай. Заавал томоор тэмдэглэхдээ биш, сайхан дурсамжаа сэргээн, ямар азтайгаа санаж, ханьдаа хайртай, баярлалаа гэдгээ хэлээрэй. 


No comments:

Post a Comment