Tuesday, August 14, 2018

Хоргодохын хамт тэмүүллийг бас би мэдэрлээ

Хоргодох бас тэмүүлэхийн хоёр тэс ондоо мэдрэмжийг нэг доор амссан долоодугаар сар байлаа.

365 хоногийн дотор хүний амьдралд ёстой л түмэн зүйлийн үйл явдал тохиолддог аж.
Яг нэг жилийн өмнө гэр бүлээрээ аз баяртайгаар Азийн зүг жолоо залж, төрсөн нутгийнхаа шороон дээр хүртэл хөрвөөгөөд авсан сайхан дурсамжаар дүүрэн аялал байлаа.
Харин энэ жил цаг хугацаатай үхэн хатан өрсөлдсөөр онгоцоноос онгоцонд, далайгаас ууланд, тивээс тив алгасан исэж явна.
Ай даа онгоц хэмээх гайхамшигт унаа түүнийг жолоодох нисгэгчийн алдар бадартугай Та наргүйгээр би яахсан билээ ...

Ёстой л нөгөө дээл нь сэмэрч, үс нь цал буурал болсон ээжийдээ хоргодох авч нүд нь бүлтийн, өмөлзөж намайг санах үрдээ тэмүүлэх сэтгэлийг яалтай.

Арай л дэндүү алсад амьдрах хувь тавилангийн хэцүүг анх удаа л ээжийгээ өвдөхөд мэдэрлээ. Нисээд нисээд барагддаггүй яасан ч хол газар вэ? Өмрөөд өмрөөд тогтдоггүй ямар гээч сэтгэл вэ?

За тэгээд нэг л зовсон хүн явна гэж битгий туйлширч ойлгоорой доо. Би зүгээр л энэ сонин – хоргодох бас тэмүүлэх мэдрэмжийг арилж одохоос нь өмнө цааснаа буулгах гэж л мөнгөн хүлгийн нүсэр чимээг үл тоон үсэг цохин сууна.

Юманд бүү ам гарч бай гэж монголчууд ярьдаг. Би хэдэн удаа Хятадаар дамжиж Монгол ниссэнийхээ дараа чухам дахиж хэзээ ч үүгээр дамжин өнгөрөхгүй гэж “хуцаж” байснаа бодохоор уучлал гуймаар. Гэнэтийн явдалд аминд орж намайг аюулгүй зорчуулсан Айр Чайна, МИАТ, Юнайтад Айрлайнд баярлалаа.

Хүний амьдралд маргааш, нөгөөдөр, дараа сар, жилийн дараа юу ч тохиолдож болно. Тийм учраас ингэхгүй, тэр хүнтэй уулзахгүй, энэ газар очихгүй гэж хэзээ ч хэлэхгүй нь дээр юм байна шүү!

Бид настануудаа яаж амьдруулаад байдаг юм бэ? 

Манайхан евро америкийн хүмүүсийг эх эцгээ дэргэдээ байлгаж асардаггүй гэж ирээд л "муулах" дуртай байдаг. Гэтэл бид өөрсдийнхөө өвөө, эмээ, эцэг эхээ хэрхэн асарч өргөдөг вэ? 

Хажуу байлгадаг ч чухам амьдралын чанар чансаа хэр байдаг вэ? 

Өдөржин хоосон гэр сахина эсвэл үр хүүхдэд нь бараа болно. 

Гэтэл өнөөх муулаад байдаг гадаадынхан хэдийгээр гэртээ байлгадаггүй ч ганцааранг нь гансартал байлгахгүй нь сайхан юм даа. 

Хөгшидийн нийтийн байранд хөгжим, дуу хуур, тоглоом наадгай, сувилагч асрагч гээд хэрэгтэй бүхэн нь байх агаад эдгээр нь настай хүмүүст, өвдсөн хүмүүст эмнээс ч илүү чухал зүйлс байдаг. 

Тэр тусмаа монгол настай хүмүүст хобби байхгүй, хоббий байсан ч түүнийгээ хөөж хийх боломжтой хэд билээ? Хамт олон гэж байхгүй, найз нөхөд байлаа ч байнга уулзах нөхцөлгүй гээд яривал их зүйл байна. 

Бид ер нь яаж тэднийгээ асарч хайрладаг улс вэ? Ач тусыг нь л авахаас эргүүлээд тэднийхээ төлөө юу хийдэг хүүхдүүд, ач зээ нар вэ? 

Уг нь тэр авах гээд байгаа ач тус нь нэг их юм биш шүү дээ. Хэдэн үг сайхан солилцож сэтгэлийг нь онгойтол ярилцаад, аяга хоол хамт сууж идэхэд л болчих гээд байгаа юм. Бололцоо чинь байвал их хотын чимээнээс түрхэн холдуулж, агаар салхинд хэдэн минут гаргаад ирвэл бүр болох нь тэр. 

Тэрнээс нэг их мөнгө ороод сүйд болоод байх юм байхгүй. Яахав ээждээ ганц бандааж бариад очвол их л буян болж ирдэг юм гэсэн. 

Эцэг эх, үр хүүхэд, хань ижил, дотно найздаа өгч чадах хамгийн том бэлэг бол чиний цаг байдаг. 

Цаг хугацааг хамт өнгөрүүлсэн нэртэй ч ухаан санаа, бодол чинь хамт биш FB ухаж, утсан дээр дүүжлэгдвэл бас биш. 



Миний  талархалыг хүлээгээгүй нэгэн монгол сувилагчийн тухайд товчхон.

Харваас өндөр настай хүн зүрхний шигдээс болж буй бүх шинж тэмдгээ арай ядан хэлэн хүйтэн хөлс нь тасралтгүй урсан арай хийн амьсгалж байхад ямар ч арга хэмжээ аваагүйгээр зогсохгүй эмч хүн түүнд “наад хүн чинь зүрхний шигдээс болж байх шиг байна, яаралтай тусламжинд хурдан хүргээд өгнө үү?” гэхэд миний ажил биш гээд сууж байсан хүнийг сувилагч гэж нэрлэхэд бэрх. Чам шиг сэтгэлгүй, мэргэжлээ эзэмшээгүй, зүрх сэтгэлгүй хүнээс болж хүн үхэж байна. Чамд хүний амь аврах хэдхэн минут байгааг ойлгох ухамсар байхгүй л дээ. Болдогсон бол чамайг би буудчихмаар байна. Гэвч чам шиг хүмүүсийг хувь тавилан чинь цаанаас нь хэзээ нэгэн цагт хатуу шийтгээд өгөх нь тодорхой.


Түүрүүлсэн бөхөд биш хүний амь аварч буй эмч нараа тэр хэмжээгээр шагнахсан 

Эмнэлгийн бус салбарт амжилт гаргасан одод, тамирчидаа өндөрөөр шагналаа гэж их дуулддаг. 
Харин хүний амь аварч буй хэдэн эмч нараа шүүмжлэхээс өөрөөр хэрхэн урамшуулж, амьдралд нь хэрэгтэйгээр шагнадаг вэ? 

Монголын улс төрч, эрх баригчид, бизнесменүүд нэг зүйлд хөрөнгө оруулбал өөрсөдийнх нь гэр бүлд, хүн ардад хэрэгтэй юм шиг санагдасанаа бас бичихгүй өнгөрч болохгүй санагдлаа.

Хэрэв хэн нэгэн хайртай хүн тань, эсвэл та өөрөө судасны бөглөрөл болоход миний ойлгосноор харвалт, зүрхний шигдээс) түүнийг оношилж, судасны бөглөрлийг нээдэг ангиографи машин яг одоогийн байдлаар зөвхөн 3-р эмнэлэгт байдаг юм байна. Тиймээс хэрэв тэнд амжиж л очихгүй бол үхэл алхмын цаана аж. Мэдээж бүхэл бүтэн улс даяар ганцхан аппарат, түүн дээр ажилдаг 1 –3 эмч байдаг гээд бодохоор ямар их ачаалалтай нь илт. Би үнэндээ тэдгээр эмчийг биширсэн. 

Маргааш гэж хойшлуулж байтал сэтгэлийн нар чинь нэг мөсөн жаргачих вий дээ

Завгүй, ажилтай, бололцоогүй, амжихгүй өнөөдөр гэж үнэн худалдаа баригдан бүхнийг хойшлуулж явтал маргаашийн нар мандахтай зэрэг сэтгэлийн нар чинь хэзээ ч дахин мандахгүйгээр нэг мөсөн жаргачихсан байх вий дээ. 

Ижийтэйгээ ойрхон амьдардаг бол нэг цагийг ч хойшлуулалгүйгээр яваад очоорой. Замын бөглөөнд гацсан ч гэсэн яг одоо гараад явбал өнөөдөртөө лав багтаж очно оо. Ижийтэйгээ ойрхон амьдрах хувь заяанд чинь алс холд амьдрах тавилантай бид хэд чинь сэмхэн атаархаж, нулимсаа эдээр хуурах гэж оролддог хөгийн ч амьтад аа.

https://www.youtube.com/watch?v=AiftvjtV9i4&t=185s

No comments:

Post a Comment