Thursday, December 22, 2016

Сахиусан тэнгэр

Сүүлийн долоо хоног ажил багасаж эгчийнхээ өгсөн номнуудыг гялс уншиж дуусгав. Өгсөн ч гэж дээ үнэндээ бараг л би хулгайлчихсан юм. Эгч нарынхаа ээмэг бөгжийг биш шинэ сайхан номыг үе үе "хусчихдаг" зангаа тавилгүй онгоцноос кимчи үнэртүүлэн бөөн номтой газардлаа даа би.

Тэдгээр дотроос өмнө нь сонсож дуулаагүй зохиолчийн нэгэн ном маш их таалагдаж нэгхэн орой л уншаад дуусгав.

Үгийн сонголт зэргээс харахад шинэхэн бичигч гэдэг нь тодорхой ч үйл явдал бодит тул үнэн сэтгэлээс урган гарсан бүтээл болох нь андашгүй.

Гэр бүлийн хүчирхийлэл ямар аймаар ноцтой хэмжээнд хүрсэнийг өөрт тохиолдсон гашуун явдлыг хүүрнэх хэлбэрээр сайн бичжээ.

Залуу охин хэрхэн зовж, ямархан гачлаантай хором, өдөр, сар, жилүүдийг туулсанаа цааснаа буулгасныг уншихад түүний зовлонг зөвхөн өнгөцхөн төдий л мэдрэх байх. Чин үнэндээ түүний туулсан, туулж буй замын үнэн зовлонг ганцхан өөрийн биеэр туулсан хүн л ойлгох буй за.

"Сахиусан тэнгэр" номыг уншаарай.

Хэзээ ч сонсоогүй нэр, нэг ч хараагүй царай хэдий ч залуу зохиолч Пүрэвмааг таних мэт дотно сэтгэгдэл төрнө.

Охид бүсгүйчүүдэд сургамж болох, нүд чихийг нь нээх нэн чухал сэдэв хөндөн өөрийнхөө дотоод ертөнцийг харамгүй нээсэн чамд баярлалаа.

Яг л чиний хэлсэнээр би ч бас "энэ насны амьдралынхаа турш хүчирхийллийн эсрэг тэмцэх болно" ... дээрээс нь хүчирхийлэлтэй тэмцэгчийг би үргэлжид дэмжинэ.

Пүрэвмаадаа аз жаргал хүслээ...