Thursday, July 31, 2014

Миний маягийн амралт

Утас, интернет, зурагтгүй байхыг хичээсэн амралт дууслаа. Скандиневийн орнуудаар аялж алжаалаа тайлан гэр бүлээрээ бас нэгэн сайхан дурсамжийг бүтээсэн мартагдашгүй долоон сар баяртай. 

Урт богино гэлтгүй хаа нэгтээ аялж амраад ирэхэд гэрээс өөр сайхан газаргүй мэт сэтгэгдэл төрдөг ч эсрэгээрээ өдөр тутмын бодит амьдралдаа эргэн ороход хэд хоног хэрэгтэй болдог. 

Ямартаа ч эцсийн дүн нь эерэгээр тавигддаг нь амьдралын нэгэн үзэсгэлэн юм уу. Өөрөөр хэлбэл энгийн өдөр тутмын амьдралынхаа завсар зайгаар агаар салхи оруулж, боломжийнхоо хирээр орчноо сольж, амьдралын хэв маягаа түр зуур ч болов өөрчлөх нь гэр бүлийн бүх гишүүдэд ашигтай. 

Эрч хүч, үзэл бодол хүртэл цэнэглэгдэн ирж, "дахин" амьдралаа өөдрөгөөр үргэлжлүүлэх тан уусан мэт санагдана. 

Зун дуусахаас өмнө амжиж ганц хоёр өдрийг ч болов амарсан шиг амрааж өнгөөрүүлээрэй. 

Завгүй, эсвэл зав гаргах сэтгэлгүй явсаар долоон сарын 16-нд болдог хайртай эгчийнхээ төрсөн өдрийг хайхралгүй өнгөрөөжээ. Уяхан сэтгэлт, ухаалаг эгчдээ өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэндийг блогтойгоо ашиглан хүргэлээ.

Sunday, July 20, 2014

Стоколм синдром

Ленинградын цагаан шөнийн тухай ааваасаа сонсож байснаас өөрийн биеэр шөнө тас харанхуй болдоггүй газар очиж үзээгүй надад Швед улсын хамгийн сайхан цаг болох долдугаар сар хачирхалтай санагдав. Өглөө 3, 4 цагийн үед аль хэдийн гэгээ орчихсон байх агаад 8 цаг гэхэд хэдийн нар шарж байх юм. 12, 1 сард эсрэгээрээ өдөрт гуравхан цагийн нар үздэг гэдгийг сонсоод өвөл дахин ирж үзэх сонирхол тээсээр үзэсгэлэнт Шведийг үдлээ. 

Олон арлыг холбосон чамин гүүр, олон мянган жилийн түүхийг өгүүлэх хуучны ганган барилгаас эхлээд нов ногоон энэ орон сэтгэлийг минь булаасан нь гарцаагүй. 

Нөхрийн дүүгийн эхнэр намайг заавал үзэх ёстой газар хэмээсээр Стоколмын төв хэсгээр зугаалуулж, Бритни Спийрс, Фредрик нарын алдартай хүмүүсийн хоол идсэн гэх өндөр зэрэглэлийн ресторанд үдийн цайгаар дайлав. Төв гудамж руу харсан гадаах ширээнд тухалсан ба  гудамжаар алхах хүмүүсийг харж амаа ангайсаар эхний хэдэн минутыг өнгөрөөв. 

Би чинь хээ шаагүй Калифорни мужийн хойд хэсгээс ирсэн хүн шүү дээ. Ихэнхдээ пүүз жийж жинсэн шорт угласан хүмүүс хардаг би Нью Ёркийн загварын шоуг Стоколмын гудамжаас үнэгүй үзэх мэт сэтгэгдэл төрөв. 

Гудамжинд танихгүй хүмүүс сайн уу гэж мэндэлдэг газраас ирсэн надад хүмүүс нь дуу цөөтэй, ихэмсэг санагдав. Хадам ээж болон, хамаатан саднуудыг мөн хамруулж ойлгож болно. 

Стоколмын төвөөс гарангуут хаа сайгүй битүү ой мод, нуур байх агаад тэр хавиар амьдрагсад амгалан тайван, чимээ аниргүйн дунд оршино. 

Швед улсын хот, хөдөөгөөр аяласаны эцэст хүүхэд өсгөхөд хамгийн таатай орон гэдэг нь ойлгомжтой боллоо. Татвар өндөр төлдөг учраас эргээд иргэддээ очих нийгмийн халамж сайтай байдаг гэж өөрсдөө тайлбарлах юм билээ. Харин Америкаас амьдралын өртөг өндөртэй аж.

Хятадын Тян Миний талбай, Японы Шинжүкү, Солонгосын Хан мөрөн, Норвегийн Осло хот, Оросын Улаан талбай, Сингапурийн Чанги онгоцны буудал гэх мэт орон бүрээс сэтгэлд хоногшин үлддэг дурсамж бий бол Швед орны хувьд охины минь биеэр 25 хувийн цус урсаж буйгаараа яалт ч үгүй онцлог бөгөөд хэзээ ч салшгүй гурав дахь эх орон минь мөнөөсөө мөн.