Friday, January 2, 2015

Миний дэлгүүр хэссэн түүх буюу чимх инээд

Сүүлийн нэг жил хүнсний юм цуглуулах ажилд суралцсан боловч бусад зүйл худалдаж авахдаа хэзээний "муу" хэвээрээ билээ би. 

Цахим ертөнцөөр эрсдэлтэй наймаа хийж сохор азаар, авсан даашинз, гутал, ботинк ихэнхдээ таарна. 

Гэртээ суудаг ээжийн ажил хийдэг болсоноос хойш өөрт авсан хувцас, эдээ тоолвол гарын таван хуруунд ч хүрэхгүйг дотны найз нөхөд бүгд батлах буй за. 

Ойролцоогоор 700 орчим хоног загатнасан газар маажуулсан мэт би, ажилд ороод эхний цалин гар дээр ирээ ч үгүй байхад хувцасны шүүгээнийхээ тал хувийг шинэчлээд авах дөхөв. Ихэнх эмэгтэй хүн бүхэл бүтэн шүүгээгээ шинэчлэх байтугай ганц хоёр зүйл авахдаа яадагсан билээ дээ? 

Азаар гэх үү? гайхмаар гэх үү? Миний дэлгүүр хэсэх тун амархан. Шилж сонгоод зогсоод байхгүй. Орлоо, нүд гүйлгэлээ, таалагдлаа, төллөө. 

Гэрээс 5 минут алхаад очих бяцхан хотын маань хэдхэн дэлгүүртэй ганц гудамж, ажлын 15 минутын завсарлагаар хийх цахим шоппинг /shopping/ байхад л болоод явчих нь тэр. 

Энэ жил уг нь хотоос алсдуу орших хямдралтай бараа бүтээгдэхүүнтэй 20, 30-аас холгүй олон дэлгүүртэй газруудаар явж, сайн барааг сайхан хямдруулж авна гэж тооцоолсон юмсан. Ингээд шоппингд мэргэшсэн найз нөхдөө сонсдоггүйн үр дүнд нөхөртөө эмэгтэй хүний таавчиг /монголоор шаахай л гэх байх/, охиндоо 2 жилийн дараа өмсөөд ч томдох өмдтэй орж ирлээ дээ. 

Манай нөхөр энэ хараа эмэгтэй хүнийх байна гэсэн шошгыг нь тасдаад барьчихсан хэрнээ аль хэдийн таавчигааа углаад инээчихсэн зогсох юм. Уг нь энд бараа буцааж, сэлгэж сольж болно л доо. Охинд томдсон өмдийг нөхөр бид хоёр дуу нэгтэйгээр таарах хүртэл нь хадгалах болов. 

Эргэж буцах юмгүй иймэрхүү амархан байдлаар миний дэлгүүр хэсэлт өндөрлөлөө.

Юутай ч орчин тойрныхоо жижиг бизнесийг чадлынхаа хэрээр дэмжих нөхөр бид хоёрын бас нэгэн тохиролцоонд нийцсэн үйлдэл тул сэтгэл ханамж сайхан байна.