Friday, September 18, 2020

Бороотой нулимс

 Бороо орохтой зэрэгцээд би уйлж орхилоо. 

Түүхэнд болж байгаагүй их гал түймэр хэдэн өдөр ойролцоо ноцож, дэлхийд агаарын цэврээрээ үргэлж эхний хэдэн байранд жагсдаг орвонгоороо эргэж, өдөр шөнө нь үл мэдэгдэх утаан манан дунд -дэлхий дээрх номер нэг агаарын бохирдолтой газар бүтэн долоо хоног амьдарч байгаадаа итгэн ядаж байтал, түгшүүртэй цахилгаан цахиж, аймшигтайгаар тэнгэр нүргэн дээрээс бороогоо хайрлах нь тэр ээ. Аз. 


Бүх зүйл төлөвлөсөнөөр үргэлжлэх амьдрал гэж байх биш, яг хорио цээр тавигдахын өмнөх өдөр олон жил амьдран дассан хайрт хотоо орхин шинэхэн мужийн нэгэн жижигхэн хот руу манайх гэдэг айл нүүх болсон юм. 


Эхэндээ ч бараг илүү аюулгүй ч юм шиг. Ямар таньж мэдэх айл амьтан байх биш, хүнтэй уулзаж учрахгүй зүгээр ч юм шиг. 

Түр зуурын бяцхан гэртээ хэдүүлээ аль болох өдрүүдийг завгүй бас хөгжилтэй өнгөрөөх маягаар болоод л байлаа. 

Гай дээрээс гай гахай модон дотроос гэдэг шиг тахал энэ тэр гэж ядаж байхад их захгүй гал түймэр гараад ирэхдээ яахавдээ. 

 Хорт утаанаас болоод гэрээсээ толгой цухуйлгах аргагүй болон хэд хоноход үнэхээр охиноо маш ихээр өрөвдөв. Гадаа огт гарч чадахгүй, хаалга цонхоо нээх аргагүй байна гэдэг бол дотор бачуурмаар муухай явдал байдаг юм байна. 

"Тунгалаг Тамир"ын "хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу" гэдгийг хашхирмаар. 

Охин маань илүү ч үгүй дутуу ч үгүй 120 хоног нэг ч хүүхэдтэй биеэрээ уулзан тоглох боломж олдоогүй байна гээд бод доо. Түр зуур амьдарч байгаа энэ газар хэдийгээр Covid-ийн тархалт бага байгаа ч энэ жижиг хотын хүмүүс маш өндөр болгоомжтой, бүх протоколыг дагаж байгаа тул хэн ч хүүхдээ танихгүй шинэ хүүхэдтэй тоглуулахгүй байх нь ойлгомжтойн дээр ойр хавийн хөршүүдэд ойролцоо насны хүүхэд ер орж гарч байгаа нь харагдахгүй аж. 


10 хоногийн өмнө тоглоомын талбай нээгдэж аавтайгаа хэд хэдэн удаа, танилцаж тоглох хүүхэд бараадах санаатай очсон ч байгаа хэдэн хүүхэд нь хоёулаа эсвэл хэсэг бүлгээрээ хамт байх тул хүүхэдтэй танилцаж хамт тоглох хүсэл нь бүтсэнгүй гунигтайхан гэртээ ирэв. 


Хүүхэддээ аль болох өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлан, энэ бол түр зуурын амьдралд тохиолдох нэгэн даваа гэдгийг ойлгуулах талын яриа үе үе өрнүүлж, дотроо ямар ч байсан амьдралын хэцүүг даван туулах хатуужил олгож байна хэмээн өөрийгөө тайвшруулж явсаар өнөөдөр өөрийн эрхгүй би уйлчихлаа. Охиноо харчихвал санаа нь үймэрнэ гээд нуугдан байж чимээгүй хэдэн нулимс унагалаа. 

Өөрийн шийдэж чадахгүй, миний хяналтаас гарсан нөхцөл тул хүлээн зөвшөөрч, эвлэрэн амьдрахаас өөр арга үгүй. Юутай ч ажлын цагаа эрс багасгаж охинтойгоо өнгөрөөх цагаа нэмэх боломж байсан  нь яамай. 

Үүнээс доор зүйл тохиолдсон бол яах билээ гэж бодохоор аяндаа сэтгэл онгойдог юм. Эрүүл энх, хамтдаа, эвтэй найртай байхад аяндаа учир нь олдоно гэсэн найдвараа алдахгүй ээ. 


Хэрэв уншигч танд ч гэсэн таны хяналтаас гарсан хэцүү зүйл тохиолдсон бол, энэ айхтар цар тахлын үеэр стресдэж байгаа бол нэг сайхан гүнзгийхэн урт амьсгаа аваад энэнээс илүү хүнд хэцүү зүйл тохиолдсон бол яах вэ гэж бодчихоод, сайн сайхан бүхэн удахгүй ирнэ гэдэгт итгээрэй бас найдаарай.