Thursday, November 29, 2018

Бороотой мөрөөдөл

Ангаж цангасан газар дэлхийг услахаар бороо айлчилж ирсэнийг өглөө хараад сэтгэл сэргэж, баяр төрөөд сайхан гэж...

Миний төрсөн  газрын баримжаагаар бол энэ намрын сүүлчийн бороо байх ёстой. Харин миний амьдралаа зохиосон газрын энэ жилийн анхны бороо юм уу даа?

Бороо хуучин бүхнийг угааж шинэ бүхнийг тэтгэх эхлэл.

Баярын улирал, бороо ороод ирэхтэй зэрэг шинэ оны тухай мөрөөдөл сэргэж, амьдрал бас услагдаж ургах бэлтгэлээ хийх мэт сэтгэгдэл төрдөг.

Өөрийн эрхгүй түрүү жилийн өдийд би, бид, амьдрал, ажил ямар байлаа гэж эргэн дурсдаг. Амьдралын давалгаа жам ёсоороо дээш, доошоо долгилсон байх ч юутай хүмүүн гэдэг утгаараа нэг жилийн дараа нэг шат дээшилсэн байх нь сайхан.

Дээшилсэн гэдэгт мэдээж нэмэгдсэн гутал, хувцас, шинэчлэгдсэн тавилга орохгүй л дээ.

Нэг зүйлийг ойлгон, ухаарч, ганц хүнд тусалж, ажлаас юм сурч авсан, хэрэггүй харилцаанаас ангижарч, шинэ найзтай болсон, хол ойр аялж, соргог юм үзэж, нүд тайлсан гээд ахиц гарсан байх. Бодоод үзээрэй. 

Мэдээж ямар ч алдаагүй, огт бүдрэхгүй амьдарна гэж юу байхав. Алдаагаа давтсан ч үргэлжүүлээд хичээгээд байвал болох нь тэр. 

Харин шинэ ондоо заавал хийх болон, байх жагсаалтаа эртнээс гаргахыг зөвлөж байна. 
Нөгөө 20 давхарын хэмжээнд мөрөөдөж 19 давхартаа хүрнэ гэдгээр мөрөөдлөө дахин нэг эргэцүүлж, үргэлжлүүлэн мөрөөдөөд байгаарай. 

Борооноор мөрөөдөх ч бүр сайхан шүү! 



Холбоотой бичлэгүүд