Хурд хамтлагийн улаан фанатик хүн л дээ би. "Чи минь байгаа болохоор амьдрал минь гэрэл гэгээтэй..." гэж сонсоод нулимс бөмбөрөөд урсчихлаа. Өдөр тутмын амьдрал улам завгүйрсэнээс үү, эсвэл сэтгэлийн хөдлөл маань нас дагаад хорогдсоноос уу, сүүлийн үед ингэж огшоогүй юм байна.
Хориод жилийн өмнө болзоонд хөтлөлцөн, анх дурлалцаж явахад миний хань бас л сүрхий сайхан залуу байжээ. Зарим хостой харьцуулахад хорин жил тийм ч их хугацаа биш. Гэхдээ заримтай нь жишвэл бага биш.
Хүний нутагт хоосон нийлж, газраас босгосон амьдрал гэхэд алзахгүй ээ. Ажлыг доороос нь дээш хүртэл хийж, арын хаалга ч үгүй, ах дүүгийн татлага ч үгүй явсаар өдий зэрэгт хүрсэн. Тэр тусмаа миний хань шинийг сурахаас хэзээ ч айдаггүй, тууштай зүтгэдэг хүн. Овоож сагаж, онгирч цацаагүй. Амьдралын шуурган дунд унасан ч босож, бүдэрсэн ч урагшилсаар иржээ.
Өнгөтэй өөдтэй бүхнээ бидэнд зориулж, цаг зав, анхаарал халамжаар хэзээ ч дутаагаагүй.
Өнөөдөр хоол хүнсээ базаагаад, хоёр хүүхдээ энд тэндээс "түүж" аваад, багыгаа хүзүүн дээрээ мордуулчихсан, томыгоо хажуудаа хөтөлчихсөн орж ирэхийг нь хараад гэнэт өрөвдөв.
Хөөрхий дөө, угаасаа шингэвтэр байсан үс нь бүр цөөрчээ. Тэвхийсэн сайхан нуруу бөгтийдөг болж.
Би уг нь баярт явахаасаа өмнө өөртөө шинэ хувцас аваарай гэж хэлсэн юм. Гэтэл "Чамд таарах гоё пүүз таарлаа, чи алхах дуртай шүү дээ" гээд надад гутал авчирчихсан. Хоёр хүүхэддээ Палметогийн супер хоол, гэрийн хүнс цуглуулчихсан. Харин өөртөө? Ганцхан багц оймс.
"Би байгаа юмаа өмсчихнө өө. Чи л шинэ, дуртай юмаа өмс" гэж байгаа юм.
За тэгээд сэтгэл хөдөлсөн би ажлаа хаях шахуу дэлгүүр рүү давхилаа. Сонголт муутай ч шуурхайгийн удамтай хүн чинь нохой хамартаа хүрэхээр усч гэдэг шиг, хамгийн түрүүнд нүдэнд туссан хамгийн үнэтэй бренд рүүгээ гүйж ороод гутал, цамц хоёрыг хаалгатай нь уралдаж аваад гарчихав.
Гарч ирээд л өөрийгөө ямар нинжин сэтгэлтэй эхнэр вэ гэж дотроо жаахан бахархав.
Тэгээд үнийг нь бодоод:
"За өмд бол байгаа юмаа өмсчих байлгүй дээ..." гэж бодоод бүр их бахархав.
Харих замдаа Spotify асаатал яг Хурдын дуунууд эгшиглэж байна. Өрөвч нинжин сэтгэл минь ахиад л оргилоод ирэв.
"Өмдийг нь бас авчихдаг байж дээ..."
Даанч дэлгүүр хаачихсан.
Маргааш ажлын дараа хумсны цагтай.
Нөгөөдөр баяр.
Тэгэхээр миний хань шинэ гутал, шинэ цамц, хуучин өмдтэйгээ л очих нь дээ. 😝
Гэхдээ үнэндээ хувцас хунар авч өгөх нь хамгийн жижиг асуудал юм байна.
Хань минь хажууд байгаа болохоор хорвоог туулах сайхан. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон бай, "Бүх юм сайхан болно" гэж намайг тайвшруулж, зөөллөж, түшиж явдаг хүн.
Тийм ээ, ханийн минь хэлдгээр бүх зүйл сайхан болно. 💓
Харин тэр өмдний асуудал бол... магадгүй дараагийн баяраас өмнө шийдэгдэх байх. 😆

No comments:
Post a Comment