Ээжийгээ хүмүүс янз бүрээр л хайрладаг байх. Алт мөнгөөр чимэх нь чимж, аялал зугаалгаар явуулж баярлуулах нь бас бий. Аяга цай хийж өгөөд, гангар гунгар ярилцан хайрлах нь бас бий.
Бөмбөрцөгийн нөгөө талд амьдрахыг сонгосон над мэтийн хүмүүс ээжийгээ яаж хайрладаг вэ?
Амин хувиа хичээж л хайрладаг даа гэе дээ. Намайг өвдлөө гэвэл нойр нь хасагддаг юм болохоор би өөрийгөө хайрлаж л ээжийгээ хайрладаг даа. Аргаа барсан хүний л арга юм уу даа.
Намайг зүдэрч явна гэвэл үрчлээ нь нэмэгдэнэ, намайг өвдөж гэнэ гэж сонсвол өөрөө бас өвдчихдөг болохоор би өөрийгөө эмчлүүлж, тордож байгаагаа их юманд бодож, ээжийгээ баярлуулж байна гэж боддог мунхаг хүн дээ.
Монгол багш маань ээждээ сүү аваад орох нэг буян, харин зовсон, ядарсан, өвдсөнөө харуулахгүй явах нь ээждээ өгч буй сэтгэлийн амар амгалан бөгөөд тэр нь илүү их буян болдог гэж айлдсан. Ээжийнхээ санааг нь зовоож буй зүйлд туслах нь бас илүү их буян болдог хэмээсэн.
Ээж минь намайг алс хол амьдардаг болохоор, айлын отгон, эрх юм болохоор надад үргэлж санаа нь зовж, үснийхээ буурлыг нэмж суудаг юм болохоор, би Монголд цагийн зөрөөгүй, нэгэн орон зайд очихоороо өөрийгөө тордож, эгч, ах, дүү нартаа эрхэлж байгаад ирдэг юм. Ээжийгээ баярлуулж байгаа нь тэр шүү дээ.
Ажил үйлс бүтэмжтэй, ар гэрийн амьдрал амгалан, өөртөө арчаатай, эрүүл саруул явахад ээжийн минь магнай тэнийдэг гэдэгт итгэдэг юм.
Охин нь гялалзаж явна аа. Олонд тустай, инээмсэглэн амьдарч байна аа. Өөрийгөө эхэлж хайрлаж сурсаан, дараа нь эргэн тойрноо хайрлах амархан юм билээ.
Та минь сэтгэлээ миний төлөө чилээлгүй, амгалан байж, юунд ч санаа зоволгүй тайван сайхан сууж байгаарай. Охин нь мөдхөн мөнгөн цагаан хөлгөөр тандаа нисэж очоод үнсүүлнэ.
Ээждээ аян замын сониноос сонордуулж, инээлгэх бас сайхан байдаг шүү. Монголдоо ойр ойрхон ирээд байгаа болохоор, одоо алзахгүй, хүний яриаг хурдан сайн ойлгодог болжээ. Ганц нэг удаа ойлгохгүй ангайсан тохиолдол бол эмнэлэг дээр эмч " илгээчихсэн" гэдгийг би бүр ойлгохгүй, хэдэн удаа яасан гэнээ гэж асуулаа ойгодоггүй ээ, сүүлдээ сайхан сэтгэлтэй сувилагч бүсгүй намайг хөтлөөд дараагийн орох өрөөнд хүлээлгэж өгсөн юм. Сүүлдээ хар ухаанаар эмчийн захиалсан шинжилгээ системд орсоныг илгээчихсэн гэдэг юм байна гэлгийг гялс ойлгов.
Өмнөх ирэлтүүдээ бодвол, Янмал, Заяа Билгээ дээр нэмээд, Номин сүпермаркет, И мартед бол ганцаараа орж чаддаг болсондоо их бахархаж байгаа шүү.
Их дэлгүүр уг нь алхаад ороход амархан, даан ч миний ордог дөрөв, зургаан давхрууд агааржуулагч байхгүй болоод тэр үү, хөлс урсаад тухтай хэсэж чадаагүй. Харин төмөр замд байдаг "Монголд Үйлдвэрлэв" их зүгээр санагддаг. Даан ч энэ удаа подволк зарсан эгч, 2XL-ийг үзүүлчихээд яг гарахад 3XL -ийг атгуулчихсан байсан. Би хальт хэмжээ нь өөр болчих ших болохыг мэдсэн ч, хүнд итгэхгүй хүн болох нь уу даа гээд үг хэлэхгүй гарав.
Тэрхүү подволк их учиртай байсан юм. Хүү минь өөрийн биеэр очиж, өөрийнхөө сонголтоор авга ахдаа сонгосон байсан хэрэг л дээ. Ирсэн хойноо авга ахдаа " энэ цагааныг хүү танд өөрөө очиж сонгосон юм, хэд угаавал агшаад танд таарна" гээд өглөө. Ямар худалдагч эгч яг гарахад Монголд зарагдах магадлал бага хамгийн том хэмжээтэйг өгчихсөн байна лээ гэлтэй биш. Бас нэг лангууны худалдагч, ил гаргаж тавиагүй байсан чухам гоё, өвдөг гардаггүй өмд надад зарлаа гэсэн чинь, айхтар хатгуулдаг ноосон өмдөө бараа мэдэхгүй гэнэн надад шахчихсан байна лээ. За яах вэ, хатгуулдаг өмд мэдрэл сэргээгээд харин ч сайн биз. Хоёр хүний зарагдахгүй барааг авсандаа харин ч би баяртай байна.
Бүгд бас тийм биш шүү. Хоёр давхарт байда харваас сайхан сэтгэлтэй нь мэдэгдэм нэг худалдагч эгч бий. Очих бүртээ юм авдаг. Дандаа миний сонгосон, зөв барааг гоёмсог гээч нь савалж өгдөг. Та энэ удаа гоё уутнуудаа хэмнэ дээ гэж би гийгүүлэв.
Натур төвийн нэг давхарт адуу, тэмээний тос зардаг эгч бүр ямар сайхан сэтгэлтэй байсан гэж санана. Манай эгч надад баахан тос тэндээс авах гээд, хүү тэнд байсан зоос хийж бөмбөг, тоглоом авдаг машин сонирхоод, даан ч тэр машинуул нь бүгд эвдэрчихсэн байх. Худалдагч эгч юмаа зарахын оронд тэр машинуудыг ажиллуулж хүүд тоглоом гаргаж өгөх гээд хэдэн зоос өөрөөсөө хийж үзлээ, сүүлдээ багаж зэвсгээр гөжиж онгойлгох гэж оролдлоо. Бүтээгүй ч хүү бид хоёр танихгүй эгчийн сэтгэлд уусаж, уйлах дөхлөө.
Ганц нэг сошиал орохоор МИАТ-ыг муулсан хүмүүс байж л байх. Би бол МИАТ-даа хайртай. Аль дээр миний Монголоос гараагүй үеэс л монголын алдартай баян хүмүүс яаж ийгээд МИАТ-аар нисэхгүй, гадаадын авиа компаниар нисэх гээд байдаг. Өөрсдийнхөө тав тухыг боддог юм уу, яадаг юм. Гэтэл манай гэр бүл аль болох МИАТ-ыг сонгож, үндэсний тээвэрлэгчдээ мөнгөө зарцуулах гээд байдаг.
Жирийн ангилалын хоолоо л сайжруулчихвал МИАТ-ын боловсон хүчин дэлхийд зэрэгцэнэ. Би бас яах вэ, ажил болоод ах дүүгийн буяанаар МИАТ-аас гадна дэлхий дээрх нэлээд хэдэн авиа компанийн энгийн болон бизнес классаар аялдаг хүн байгаа юм аа.
Харин зорчигчдын чанар. Ёстой KKKKKK гэмээр юм болсон доо. Энэ удаа маш яаралтай билетээ авах хэрэг гарсан тул сонголт хийх нь байтугай, богино хугацаанд билет олдсон нь их юм байлаа. Буян заяагаар ихэнхдээ лоунжид тухалж, бизнес классаар аялсан ч, эргээд ард түмэнтэйгээ энгийнээр нисэх үе гаралгүй яахав.
Улаанбаатараас Хонг Конгийн чиглэлийн өглөө эртийн нислэг таарсан тул шөнө дунд босож явна биз дээ. Хүн бүр нойрмог, ядарсан байж таараа. Яг миний ард сууж явсан нэг хүүхэн, надаас нэлээн хэд дүү болов уу гэмээр зорчигч, онгоц хөөрөөд буух хүртэл нэг секунд ч дуугүй явсангүй дээ. Онгоцны чанга дуунаас илүү гарах гэж хашхирам шахам, ам хуурайгүй ярив. Хажуу дахь залуудаа л зөвөлгөө өгөөд байгаа юм уу, өөрийнхөө тухай яриад байгаа юм уу, нэг л их бүхнийг мэдэгч бололтой. Би дээд зэргийн чанартай чихний бөглөө, чихэвч зүүн онгоцны их чимээг хаасан ч, тэр хүүхний чалчихаас чихээ амрааж яагаад ч чадсангүй. Сүүлдээ чихэвчээ аваад лаг мундаг монголын нэг эрдэмтэн, сургаальч яваа юм болов уу? гээд яриаг нь чагнах гэж үзэв, чухам гэгээрсэн хүн болтой. Би бодов. Тийм гайхалтай бүх сэдвийг мэддэг, хүний хувийн хөгжлийг заагаад байх шиг энэ хүн, ямар орчинд, хэдэн хүнтэй аялж байгаагаа хүндэлж мэддэггүй юм байх даа гэж.
Үүрийн нислэгээр нисэж буй том онгоц дүүрэн хөгшин, залуу, хүүхэд, нярай хүмүүсийг биш гэхэд өөрийгөө хүндэлдэггүй хүн, юун яасан ийсэн зөвөлгөө.
Нисэхэд бас соёл бий. Бусад зорчигчдын тав тухыг алдуулахгүй, шаардлагатай бол зөөлөн нам дуугаар ярих, онгоцны гэрэл бүдгэрсэн үед бол юм яриад байх огт хэрэггүй. Тэр нислэг үнэхээр тэвчээр шалгасан нислэг байлаа. Ийм хүнд үг хэлвэл ойлгохгүй нь тодорхой тул нислэгийн турш дуугүй л явлаа. Буухдаа, ам чинь цангаж, завьж чинь хөшөв үү? гэж нэг асуух гэснээ, зайлуул ойлгох ч үгүй байх гэж бодоод, хурдхан шиг энгийн ангилалаас буух минь гэж бодсоноо нуух юун.
Ойр ойрхон очих тусам Монголын амьдралд хурдан дасаж байна. Өмнөх очилтуудал зам гарч огт чадахгүй, гудамжаар алхах аяаа олохгүй байсан бол, энэ удаа ийш тийшээ алхаад, учраа хурдан олж байна. Харин тэр явган хүний замаар яваад байгаа мопедууд их аюултай юм билээ. Тэр тусмаа жоохон хүүхэд хөтлөөд алхахад осолтой гэж жигтэйхэн.
Бусдаар бол эх орондоо очих хаана ч аялсанаас хавьгүй сайхаан. Агаар, үүл, шороо, чулуу нь хүртэл дотно танил санагдаад байдаг, үнэхээр сонин шүү. Залуу, омголон явахад мэдэрдэггүй байжээ. Хязгааргүй иргэний үнэмлэхээ авах дөхөөд ч тэр үү, нутгаа илүү их санадаг, үгүйлдэг, боддог болжээ.
Магадгүй би эх нутагтаа суурин амьдардаг бол, эх орноо хайрлах Монгол хүний сэтгэл дутах ч байсан байж мэднэ ээ. Хүн бид хажуу дахь алт эрдэнэ, аз жаргалаа хайхрахаа больчихдог талтай.
Ижийтэйгээ ойрхон амьдардаг хүмүүс, ээж дээрээ ойрхон очиж, амттай хоол цайг нь хийж өгөөд, хөлийг нь атган дулаацуулж, хууч хөөрөн, үрчлээтэй гарыг нь энгэртээ нааж, був буурал цагаан үсийг нь самнаж өгөөрэй.
Хүний амьдрал ямар тэгш биш дээ. Би ингэж боддог юм. Хэрвээ би Монголд байсан бол олигтой хань ижилгүй, юм үзэж нүд тайлаагүй чигээрээ улс төр энэ тэрт орчихсон, шүлсээ үсчүүлэн, нөгөө онгоцонд байсан хүүхэн шиг, өөрөө хөгжөөгүй байж дэмий балай юм чалчсан, аягүй бол ганц нэг хүний ар гэрийг үймүүлсэн нэртэй, гаднаа гяланцаг, сэтгэл дотроо паданцаг, ээж дээрээ орох завгүй, нэг л их нийгмийн идэвхитэй, хэнхэг амьтан байх байсан болов уу? гэж ...
Ээж, эгч нар, эх орон минь л хол болохоос хань ижил, үр хүүхэд, ажил, хамт олон, найз, хүний эрх, амжилт, аялал, миний бяцхан -даруухан хэрнээ аз жаргалтай амьдрал энд байна.
Тиймийн учир ээж минь та санаагаа надад чилээлгүй, сайн ерөөлөө холоос өргөж, дуусашгүй сайхан буянаа илгээж явахад охин нь алзахгүй, алс холын од шиг улам гялалзан амьдрах болно оо. Дараагийн наадам болохоос өмнө ээждээ охин нь яваад очно оо.
Мөнгөн цагаан хөлгийг жолооодож, намайг ээжид минь хүрэгдэг нисгэгчийн алдар бадартугай.
