Friday, September 26, 2014

Хэмжээ хязгаараа тогтоолоо

Хайраас бусад аливаа зүйлд хэмжээ хязгаар бий. 

Найзын хоорондох хэмжээ хязгаараа тогтоож ойлголцоогүйн улмаас олон сайхан нөхөрлөл устсаар байгаа. Монголд байгаа найзууд намайг өөрчлөгдсөн үү гэж их асуудаг. Үүнд үнэнээр хариулах шударга надад заримдаа хэцүү. 

Гэртээ хүүхдээ хараад суудаг гэхээр их завтай гэж ойлгодог болоод ч тэр үү, ямар ч сэдвээр юуг ч нүд ирмэх зуур орчуулах чадвартай мундаг гэж найзаараа бахадсандаа ч тэр үү, их бага орчуулгын "ажил" зогсолтгүй ирсээр. Аль болох үгүй гэж хэлэхгүй санаатай чадлынхаа хэрээр хичээнэ.  

Надад хэд хоногийн хугацаа өгөөд, тухайн мэргэжлийн сэдэвтэй хэр танил болохыг лавлаад явуулдаг бол би чанартайхан орчуулахыг чин сэтгэлээсээ оролдох нь тодорхой. 

Хэн надруу орчуулах юм явуулж гялайлгах бол хэмээн утсаа ширтэн суудаг завтай хүн би биш. Тас хийтэл хэлсэнд гомдон, өөртөө тусган авч найзлахаа болих хуурамч найз байхгүй гэдэгт итгэе. Хэдийгээр албан газар ажиллаагүй ч миний өдөр бүхэн яг л та нарынхтай адил хуваарийн дагуу өнгөрдөг. Тийм ч учраас би гэртээ суудаг ээж буюу миний шинэ мэргэжил гэж нэрлэсэн юм.

Хэдэн долоо хоногийн өмнө иймэрхүү зүйлээс болж найзаа гэж бодож явсан нэг хүнийг алдав. Нутгаасаа ирж энд амьдраад удаагүй Тайланд хөрш найз өглөө хаалга тогшин хүүхдээ 15 минут харж өгөхийг гуйв. Мэдээж би тухайн өдрөө хэдийн төлөвлөсөн байсан ч хөрш найздаа туслах нь ойлгомжтой. 2 цаг 20 минутын дараа ирж охиноо авлаа. Маргааш өглөө би утсаа яаралгүй шалгалаа. Охиноо бас 15 минут орхих гэсэн юм гэсэн мэссэж иржээ. "Уучлаарай, би оройтож бослоо. Их ядарсан байна. Өчигдөр орой хэлэхгүй дээ. Өнөөдөр харах боломж алга" гэж хариу илгээснээс хойш надтай мэндлэхээ ч больчихсон. Миний санаа зовж, гэм хийсэн мэт санагдаад болдоггүй. Нөхөртөө юу болсоныг хэлэхэд "магадгүй, буруу ойлгосон болов уу, энд ирээд удаагүй болохоор соёлын ялгаа гарч байгаа нь энэ байх, дахиад сайн тайлбарлаад хэл. Хөрштэйгөө сайн харилцаатай байх хэрэгтэй" гэж сургав.  "Уучлаарай, би буруу ойлгуулсан юм шиг байна. Хэдийгээр 15 минут биш 2 цагийн дараа ирсэн ч би юу ч хэлэлгүй эхний өдөр харж өгсөн. Хоёр дахь удаа надад бас л цаг өгөлгүй шууд асуусан. Би аль хэдийн тухайн өдрөө төлөвлөсөн байсан. Хэрэв гэнэтийн асуудал гарсан бол мэдээж би тусална. Намайг үргэлж хүссэн цагтаа хүүхдийг чинь харж өгнө гэж найдаж болохгүй. Би нэг удаа охиноо харуулахдаа нэлээд хэдэн өдрийн өмнө чамаас асууж, цагийн мөнгийг нь хүртэл төлөхийг санал болгосон. Намайг ойлгосон гэдэгт найдаж байна. Хэрэв эргээд найзууд болохыг хүсвэл би бэлэн байна  " гэж бичээд илгээлээ. 

Орчуулга, хүүхэд харах зэрэг нь зөвхөн жишээ. Хэдэн жилийн өмнө миний маш чухал бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр хэрэглэж "x;y" хэрэг бүтээж болох уу гэсэн асуулт хайртай найз охиноос минь ирж байсан удаатай. Хэдийгээр надад маш ихээр тус болж байсан, дотны найз минь гэлээ ч миний хил хязгаараас давсан зүйл байсан тул үгүй гэж хэлэхээс өөр аргагүй болж би тэрүүхэндээ найзаа алдах вий гэсэн айдсаар түгшиж байлаа. Найз маань миний тавьсан хэмжээг ойлгож, жинхэнэ найз гэдгээ баталж, бид хоёр олон жилийн нөхөрлөлөө одоо хүртэл үргэлжлүүлэн зузааруулсаар байгаа сайхан түүхтэй.

Найзууддаа тусалж, тэднийгээ дэмжилгүй яахав. Чадахгүй, мэдэхгүй, амжихгүй зүйл гарвал би "үгүй" гэж хэлээд тавьчихдаг юм шүү. Буруугаар ойлгож, найзын тооноосоо хасахаасаа өмнө "яагаад" гэж асуугаад өөрөө хариулаад үзээрэй. Миний найз нар ч надад үргэлж "за" гэж хэлэх албагүйг дахин сануулъя. 

Өнөөдөр Америк найз охин Рондатай өдрийн цай ууж бага зэрэг хов жив ярьж алжаалаа тайлав. Ерөнхий боловсролоос дээш "боловсроогүй" жинхэнэ хээгүй "шар" найз Ронда маань илүү дутуу тайлбаргүйгээр дээрхийг шууд ойлгож, чи блогтоо бич. Хэрэв үүнээс болоод найз болохоо больж байгаа хүмүүс байвал байг. Яг үнэндээ чамд тийм найз хэрэггүй гэсэн үг. Тайланд охины хувьд түүний Америк нөхөр нь соёлын ялгааг эхнэртээ хэлж ойлгуулаагүйн буруу. Харин чи энд төрж өсөөгүй ч найзлахад амар "баагий" шүү, чамд оноо өгөх үү, манай соёлыг сайн сургасан Жонд оноо өгөх үү гэж маасайн инээснээ, битгий ийм зүйлд хямар гээд чанга тэвэрч нуруу илэхэд сэтгэл дотор хургасан бодол, буцаж буй зуны хамт нисэн оджээ. 

Намар миний хамгийн дуртай улирал. Надад дандаа сайхан мэдээ авчирдаг юм. 



Saturday, September 20, 2014

Халамцуухан би буюу бодит хошигнол

Жил бүрийн төрсөн өдөр бүхэн дурсамжтай. Ухаанд хоногшин үлдсэн хамгийн анхны төрсөн өдөр эгч нарын маань өнгийн харандаагаар урлан бүтээсэн урилгыг "захиргааны хашааны" бүх хүүхдүүдэд тарааж хийсэн төрсөн өдөр. Дөрвөн эгчтэйн хэрэг юу билээ дээ. Миний төрсөн өдөр бүрийг сүртэй сайхан тэмдэглэдэг байлаа. Нагац эгч Норжин, түүний нөхөр Дашка ахын бэлэглэсэн унтлагын хувцасыг аваад яасан их баярлаж байснаа би одоо ч мартдаггүй. Нагац ах, эгч хоёр маань "бэлэг өгөхөд урамтай хүүхэд шүү" гэж өхөөрдөөд л төрсөн өдөр гэлтгүй ирэх бүртээ надад гоёотой ирдэгсэн. 

Намайг 16 нас хүрч, иргэний паспорт авлаа хэмээн ганц ах маань тэвэр дүүрэн бэлэгтэй ирсэн жил өчигдөр болсон мэт санаанд тодхон. 

Арван жилд байхад дотны найз Өнөрмаа хэзээний миний төрсөн өдрийг "найруулчихсан", ангийн найз Сараагаар бялуу хүртэл хийлгүүлж бэлдчихээд намайг цочтол баярлуулна. Өнөрөөгийн гараас "АПУ"-гийн Оюундэлгэрийн гарт миний төрсөн өдөр шилжиж хамтлаг дуучдаар хүрээлүүлсэн нижгир хэмжээнд очно биз дээ. 


"Том" тэмдэглэж чадаагүй жил гэрт найзууд зочлон ээжийн хийсэн далайн байцаатай шөлийг амталж тухайн үеийн "Солонгос кино" маягаар тэмдэглэж өнгөрүүлсэнд тооцогддог байлаа. 


Энэ мэтчилэн миний төрсөн өдөр ямар ч байсан их бага хэмжээгээр амжилттай зохион байгуулагдсаар иржээ. 

Түрүү жилийн төрсөн өдөр нэлээд онцгойд орно. Учир нь удаан хамтдаа тэмдэглэж чадаагүй хайртай гэрийнхэнтэйгээ эх нутагтаа байсан болохоор тэр. Дээрээс нь хүргэн хүүгийн хүчийг "шоуменежер" Содбилэг ах харуулах нь тодорхой. 

Гэтэл энэ жилийнх яах аргагүй хамгийн онцгой нь боллоо. Зөвхөн миний гэсэн хоёр хүнтэйгээ даруухан хэрнээ дэндүү аз жаргалтай тэмдэглэсэн тул ... 

Намайг 9 сар хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлэн, ухаант үгсээрээ хүмүүжүүлэн өсгөсөн ижийдээ сөхрөн талархахгүй байхын аргагүй нь мэдээж. Шударга хэлэхэд ээжийг "хуваалцах" хүмүүс зөндөө байна. Бусад таван хүүхэд, тэдгээрийн үр сад бүгд надтай ээжийг минь булаацалдах тул ганцхан би өмчлөх эрхгүй. 

Харин хайртай нөхөр буюу ээжээс өөртөө намайг шилжүүлсэн халамжлагч ;
Миний хэвлийдээ ургуулж, мөөмөө хэдхэн хоног хөхүүлсэн ч намайг тоймгүй ихээр хайрладаг үр минь;
Дээрх хоёр хүн наддаа ганц. Надтай харамлалдах хэнбугай ч байхгүй шүү.
Тиймийн учир энэ хоёртойгоо өнгөрүүлсэн миний төрсөн өдөр гайхалтай сайхан. Хоёулаа ээждээ төрсөн өдрийн дууг солгой хоолойгоор ахин дахин дуулсан гэж байгаа. Охины хүсэлтээр лаагаа хэдэн ч удаа асааж унтраав. Зураг авахуулна гэж тооцон тогос шиг гоёж гоодоод гарсан ч би утсаа гэртээ, нөхөр утсаа машиндаа орхиод, аппаратаа асаагаад дарах гэтэл цэнэг нь дуусаад паг. "Тархиндаа зураг ав" гэж нөхөр хэлдгээрээ хэлэв. Би бага зэрэг урвайх гэснээ өөдөөс инээмсэглэх том жижиг царайг хараад чадсангүй. 

Хүн болж төрсөний хэргийг хийсэн мэт, өөртөө бэлэг авч өгмөөр ч юм шиг сэтгэл хөвөлзсөн өдөр өндөрлөж байна. Хэн нэгний төрсөн өдөр тохиож буй бол баярын мэнд хүргэе. Эзэн Чингис эрхэм дээд баяр бол төрсөн өдөр хэмээн хэлсэн Өгөөдэй хүүгээ сайшаасан байдаг биз дээ. 00.00 цаг болохоос өмнө өөртөө бас дахин баяр хүргэе.
Би халамцуухан байна. Ногоон цайнаас дээш халуухан юм хүртээгүй би жаргалдаа халамцчихаад сууж буй нь энэ ээ. 


Thursday, September 18, 2014

Okay ном

Номын санд ойрхон амьдардагийн ачаар охин бид хоёр башийж байна. Зуны уншлагын клубт хамрагдаж охин номоор, би үнэгүй пиззаны тасалбараар шагнуулав. 

Зарим нэг томчуулд уншуулж баймаар "OK book" нэртэй хүүхдийн ном байдаг юм. Өндөр байсан ч OK, ижил буруу оймстой байсан ч OK, халзан байсан ч OK гэх мэт утгатай. 

Хүн бүр надтай санал нийлэх албагүй. Мэдээж ямарваа нэг зүйлийг чанартай, сайн хийх нь зөв ч амьдралын бүх жижиг сажиг зүйлийг төгс болгох гэж, төгс мэт дүр эсгэх гэж явсанаар өөрсдийгөө илүү зовоодог юм шиг.

Гүнзгий амьсгаа аваад, зарим нэг зүйлийг okay гэж бодоод үзээрэй. 

Төгс боловсронгуй төлөвлөгөөгөө гүцээх гэж явтал өдөр хоног нисэх мэт өнгөрчихсөн байх вий гэж өмнөөс нь санаа зовох үе бий. Бодвол намайг хараад хөөрхий зайлуул төлөвлөгөөгүй явж байтал ... гэж миний өмнөөс санаа нь зовдог байх даа. 

Үнэндээ хүн бусдын нүдэнд яаж харагдах нь хамаагүй. Миний амьдрал ч наддаа OK, тэдгээр хүмүүсийн амьдрал ч тэдэндээ OK байвал болоод явчих нь тэр.