Friday, September 18, 2020

Бороотой нулимс

 Бороо орохтой зэрэгцээд би уйлж орхилоо. 

Түүхэнд болж байгаагүй их гал түймэр хэдэн өдөр ойролцоо ноцож, дэлхийд агаарын цэврээрээ үргэлж эхний хэдэн байранд жагсдаг орвонгоороо эргэж, өдөр шөнө нь үл мэдэгдэх утаан манан дунд -дэлхий дээрх номер нэг агаарын бохирдолтой газар бүтэн долоо хоног амьдарч байгаадаа итгэн ядаж байтал, түгшүүртэй цахилгаан цахиж, аймшигтайгаар тэнгэр нүргэн дээрээс бороогоо хайрлах нь тэр ээ. Аз. 


Бүх зүйл төлөвлөсөнөөр үргэлжлэх амьдрал гэж байх биш, яг хорио цээр тавигдахын өмнөх өдөр олон жил амьдран дассан хайрт хотоо орхин шинэхэн мужийн нэгэн жижигхэн хот руу манайх гэдэг айл нүүх болсон юм. 


Эхэндээ ч бараг илүү аюулгүй ч юм шиг. Ямар таньж мэдэх айл амьтан байх биш, хүнтэй уулзаж учрахгүй зүгээр ч юм шиг. 

Түр зуурын бяцхан гэртээ хэдүүлээ аль болох өдрүүдийг завгүй бас хөгжилтэй өнгөрөөх маягаар болоод л байлаа. 

Гай дээрээс гай гахай модон дотроос гэдэг шиг тахал энэ тэр гэж ядаж байхад их захгүй гал түймэр гараад ирэхдээ яахавдээ. 

 Хорт утаанаас болоод гэрээсээ толгой цухуйлгах аргагүй болон хэд хоноход үнэхээр охиноо маш ихээр өрөвдөв. Гадаа огт гарч чадахгүй, хаалга цонхоо нээх аргагүй байна гэдэг бол дотор бачуурмаар муухай явдал байдаг юм байна. 

"Тунгалаг Тамир"ын "хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу" гэдгийг хашхирмаар. 

Охин маань илүү ч үгүй дутуу ч үгүй 120 хоног нэг ч хүүхэдтэй биеэрээ уулзан тоглох боломж олдоогүй байна гээд бод доо. Түр зуур амьдарч байгаа энэ газар хэдийгээр Covid-ийн тархалт бага байгаа ч энэ жижиг хотын хүмүүс маш өндөр болгоомжтой, бүх протоколыг дагаж байгаа тул хэн ч хүүхдээ танихгүй шинэ хүүхэдтэй тоглуулахгүй байх нь ойлгомжтойн дээр ойр хавийн хөршүүдэд ойролцоо насны хүүхэд ер орж гарч байгаа нь харагдахгүй аж. 


10 хоногийн өмнө тоглоомын талбай нээгдэж аавтайгаа хэд хэдэн удаа, танилцаж тоглох хүүхэд бараадах санаатай очсон ч байгаа хэдэн хүүхэд нь хоёулаа эсвэл хэсэг бүлгээрээ хамт байх тул хүүхэдтэй танилцаж хамт тоглох хүсэл нь бүтсэнгүй гунигтайхан гэртээ ирэв. 


Хүүхэддээ аль болох өнөөгийн нөхцөл байдлыг тайлбарлан, энэ бол түр зуурын амьдралд тохиолдох нэгэн даваа гэдгийг ойлгуулах талын яриа үе үе өрнүүлж, дотроо ямар ч байсан амьдралын хэцүүг даван туулах хатуужил олгож байна хэмээн өөрийгөө тайвшруулж явсаар өнөөдөр өөрийн эрхгүй би уйлчихлаа. Охиноо харчихвал санаа нь үймэрнэ гээд нуугдан байж чимээгүй хэдэн нулимс унагалаа. 

Өөрийн шийдэж чадахгүй, миний хяналтаас гарсан нөхцөл тул хүлээн зөвшөөрч, эвлэрэн амьдрахаас өөр арга үгүй. Юутай ч ажлын цагаа эрс багасгаж охинтойгоо өнгөрөөх цагаа нэмэх боломж байсан  нь яамай. 

Үүнээс доор зүйл тохиолдсон бол яах билээ гэж бодохоор аяндаа сэтгэл онгойдог юм. Эрүүл энх, хамтдаа, эвтэй найртай байхад аяндаа учир нь олдоно гэсэн найдвараа алдахгүй ээ. 


Хэрэв уншигч танд ч гэсэн таны хяналтаас гарсан хэцүү зүйл тохиолдсон бол, энэ айхтар цар тахлын үеэр стресдэж байгаа бол нэг сайхан гүнзгийхэн урт амьсгаа аваад энэнээс илүү хүнд хэцүү зүйл тохиолдсон бол яах вэ гэж бодчихоод, сайн сайхан бүхэн удахгүй ирнэ гэдэгт итгээрэй бас найдаарай. 





Thursday, January 9, 2020

Мөнхийн гуниг ба хүүхдүүд нь хол амьдардаг бүх Монгол ээж нартаа зориулав

Багахан чөлөөт цаг гарангуут хамгийн эхлээд ээжийгээ л их санах юм даа. 
Цаг хугацааг "чи эндээ байж бай" гэчихээд бушуухан ээждээ очоод ирэх юмсан. 

Ойрхон амьдарч байсан бол ээжийгээ санах ч ухаангүй өөрийн ажил амьдрал, замын түгжээндээ завгүйрээд өдөр хоног хэрхэн салхины хурдаар өнгөрч буйг мэдрэх сэхээгүй явж байх байсан болов уу? 

Нэг мэдэхэд 2020 он гарчихсан, эхний сар дундаа орчихсон явна. Эргээд бодоход өдөр, сарууд хаашаа одов гэмээр авч, яг үнэндээ өдөр бүрийг үр бүтээлтэй, үгүй гэхэд одоодоо амьдарч өнгөрүүлсэн тул харамсах өчүүхэн бодол үгүй нь таатай. Ганцхан, ердөө ганцхан гомдол бол ижийтэйгээ ойрхон байсан ч болоосой гэх өнөөх "чанадад амьдрагсадын" байнгын бөгөөд шийдэхэд амаргүй "мөнхийн гуниг". 

Эд материал, мөнгө эдлэгдэж хэрэглээд дуусах тул ээждээ холоос барих үлдэж хоцрох өчүүхэн бэлэг бол хүн шиг амьдарч яваагаа дуулгаж, хайртай ээждээ өгөх сэтгэлийн амар амгалан юм уу даа? 

Ээж ээ, охин нь өөрийнхөө эрүүл мэндэд сайн анхаарч байгаа. Таны захидгаар хүн бүртэй эвийг эртнээс эрхэмлэж, чаддаг мэддэг зүйлээрээ хүмүүст тусалсаар яваа. 

Нөхөр минь надад дэндүү хайртай хэвээрээ надад ямар нэгэн дарамт, сэтгэлийн зовлон байхгүй, гэр бүлийг ямар нэгэн хүчирхийлэлгүй, найрсаг сайхан, эрүүл харилцаатай чигээрээ байгаа. Хүүхдээ би сайн асарч, яг л таны хэлдгээр өөрийн биеэр үлгэр дууриал болохыг өдөр бүр өөртөө сануулан амьдарч байгаа шүү. 

Хэтэрхий олон цагаар ажиллахаа больж ажил, ар гэрийн амьдралаа сайн тэнцвэлжүүлсэн тул та минь санаа зовох хэрэггүй болсон. 

Тэнгэр болоод сэтгэл тань бүрхэг өдөр тохиовол охин нь хэрхэн хүссэнээрээ, үнэхээр сайхан амьдарч байгааг санан инээмсэглээрэй. Таны минь ганцхан инээмсэглэл надад бүтэн сардаа хэрэглэх түмэн зөв энергийг өгдөг юм аа. 

Харин ээж минь та амласан ёсоороо эрүүл хүнс хэрэглэж, сайн унтаж, дасгал хийж, юманд санаа зовохгүй тайван байгаа биз дээ?  

Нэг л өдөр учран золгох мөч ирсэн байх тул тэр хүртэл хоёр талдаа биесээ сайн тордож, өдөр бүрийг аз жаргалтай, байгаа бүхэндээ талархаж өнгөрөөе. 

Яг л хоёулангийн уриа үг мэт өдөр бүрийг "сэрсэн ч үхсэн шиг сэргэлэн болжмор шиг жиргэж" өнгөрүүлнэ шүү! 

Өнөөдөр л охин нь ээжийгээ санаад уйлчихлаа. Хааяа уйлах сэтгэл онгойлгодог гэж та өөрөө хэлсэн биз дээ? 

Би чинь ээж таныхаа гал халуун насны үргэлжлэл, гүйцэлдүүлээгүй мөрөөдлийг тань бүрсгэж яваа бүтэн зорилго ... 

Ээждээ сөгдөн мөргөе! 



Sunday, October 20, 2019

Яагаад вэ?


Амьдралын галзуу хулгана хурдан удаан, хүчтэй зөөлөн явсаар нэг л мэдэхэд намрын шаргал өдрүүд шувтрах шатандаа оржээ.

Эргэж олдохгүй үнэт мөчүүдээ хэрхэн өнгөрүүлж байгаагаа үе үе дүгнэж боддог л биз дээ?

Миний хувьд айхтар хийсэн бүтээсэн байхгүй  ч хийж бүтээж яваа, хийж бүтээхийг хичээж яваа хэн нэгнийг дэмжихэд чөлөөт цагаа зарцуулах зорилготой амьдарч байна.

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр эргэн тойронд өөрийнхаа хувцасыг угаахаас илүү давж хийсэн зүйлгүй хэрнээ бүдрээд ч болтугай бусдад хэрэгтэй зүйл хийж яваа нэгнээ гаднаас нь хараад шүүмжлэгчийн "ажил" хийгчид бас олон байх юм аа.

Амаараа хэн нэгний хийж буйг шүүх хамгийн амархан ажил шиг санагддаг.

Харин нэг ч гэсэн үйл ажиллагаа зохион байгуулаад ганц ч гэсэн хүнд туслах ажил хийх бол тийм амар биш.

Монголчуудын маань хөгжихгүй байгаа нэгэн том шалтгаан бол нэгийгээ дэмжиж чаддаггүй, аминчхан бөгөөд өчүүхэн бодол мөнөөсөө мөн.

Заавал хар бараан талыг нь олж харахаасаа өмнө би энэ үйлсэд хэрхэн тусалж чадах вэ гэдгээ боддог, тэр чинээгээрээ гар биеэрээ оролцдог байхад их зүйлс өөрчлөгдөх юмсан.

Жишээ нь Оюунгэрэл эгчийн санаачлаад байгаа "жорлонгоо өөрчилье" гээд төсөл байна аа даа? Уг нь бол монголд, монголчуудын амьдралд их хэрэгтэй төсөл юм билээ ш дээ. Гэтэл хүмүүс их хуралд дэвшихээ бэлдэж байна, мөнгө олж байна гэх мэтчилэн заавал нэг сөрөг талыг нь олж хараад нөгөө ганц чадах амаараа шүүмжлэх жишээний.

Хэдэн төгрөг нэмэрлээд нэг ч гэсэн айлын амьдралыг өөд нь татахад тусалж чадахгүй бол дуугүй л бай л даа.

Саяхан бас "Олуулаа" -гийнхан монголд дахь орлого багатай айлуудын хүүхүдүүдийг машины суудалтай болгох сайхан төслийг амжилттай зохион байгууллаа.

 Гэтэл зарим хүмүүс ганц хуучин суудлаа хандивлачихаж чадахгүй байж бас л шүүмжлээстэй.

Хэрэгтэй айлдаа очиж байгаа ч юм уу үгүй ч юм уу гэх мэтчилэн яаж ийж байгаад л нэг сөрөг ярих юм олчихсон л явах юм даа.

Монголд угаасаа олон нийтэд одооноос л хөгжиж эхэлж байгаа сэдэв. Нэг ч гэсэн айлд энэ талын аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлж байгаа сайхан л үйл хэрэг.

Яагаад хүмүүс өөрөө нэг ч хэрэгтэй зүйлийг хийчих сэтгэл, чадваргүй байж хийж байгаа нэгнээ шүүмжлэх "чадвар" ихтэй байдаг юм бэ?

Дэмжих боломжгүй байж болно. Дэмжих сэтгэлгүй байж болно. Гэхдээ яагаад заавал мууг нь ухаж төнхөж, шүүмжлэхдээ гаргуун байдаг юм бэ?

Сайн үйлсэд оролцох цаг завгүй хэрнээ амаа уралдан нэгнээ шүүмжлэх зав яагаад гаргаад байдаг юм бэ?

Тархины ядуурлаасаа гарцгаая л даа. Өөрийнхөө төлөө биш гэхэд үр хүүхэд чинь үлдэх хорвоод нэг ч гэсэн сайн үйл хийж, ганц ч гэсэн хүнд чадахаараа тус болж амьдарцгаая л даа.