Saturday, September 5, 2026

Хэн бэ?

Хүүхэд байхад хөдөөнөөс гүзээ дүүрэн хөлдүү өрөм, аарц ирдэг байсныг өвлийн улирал солигдох тоогоор өдгөө дурсдаг болжээ.

 Ээж үзэмтэй өрөм хайлах үнэр  өчигдөрхөн мэт санагдана. Тухайн үед дурлаж идэх нь байтугай, үнэрт нь дургүйцдэг байсан байх.

Гэтэл өнөөдөр, гүзээтэй өрөм зүүдэлж, ээжийн хайлсан өрмийг үзэмгүй ч байсан идэхийг ихээр хүсэн, арааны шүлс асгарсаар, хоосон залгилт аяндаа төрнө.

Хүүхдүүд маань миний насан дээр очих үедээ ямар хоолны үнэрийг санаж, хүүхэд насаа дурсах бол? Лав миний хийдэг амтгүй овъёосыг дурсахгүй байх, магадгүй нарлаг Калифорнийн шинэхэн жимсний амтлаг үнэрийг үү? Амралт, баяраар хийдэг гахайн нимгэн махны хурц үнэрийг үү?

Аав, ээж хоёрыхоо гэр бүл, өвөө, эмээ, эгч, ах дүү нараасаа хол, дэлхий дээрх амьдрал, бизнес хамгийн хурдаар  өрнөж, техник технологи, амьдралын хэв маяг зогсолтгүй шинэчлэгдэн, өөрчлөгдөж буй зав чөлөөгүй нийгэмд өсөж байгаа юм болохоор, олигтой соёл, зан заншилгүй, цахиурын хөндийд өссөн гэхээс өөр сонин сайхангүй насанд хүрчих вий гэж үе үе сэтгэл өвдөнө.

Сургууль эхэлснээс хойш хоёроос гурван долоо хоногийн дараа Open House буюу нээлттэй өдөрлөг болж, хүүхдийнхээ ангитай танилцаж, багш нар хичээлийн жилд сурагчдад юу заах, ямар чадвар дээр төвлөрөх гэх мэт сургалтын арга барилынхаа тухай эцэг эхчүүдэд танилцуулж, сургууль эхэлснээс хойших богино хугацаанд сурагчдын хийсэн бүтээлийг үзэх боломж гардаг билээ.

Дунд сургуулийн нээлттэй өдөрлөг надад маш сонирхолтой санагддаг. Учир нь тухайн өдрийн сурагчид шиг мэдрэмж үзүүлэхийн тулд яг өөрөө хүүхдийнхээ хуваарийн дагуу сургуулийн кампусаар аялж, анги бүрээр зочилно. Эхний хонх жингэнэнгүүт өдрийн хамгийн эхний анги болох advisory class буюу тухайн хичээлийн жилд зөвлөх багшаар ажиллах багшийн ангид орно. Бодит хичээлийн минутыг 10 минут болгож богиносгох бөгөөд 10 минут дуусангуут хонх дуугарч, дараагийн хичээл орох анги руу цагтаа очиход яг 4 минут өгнө. Энэ мэтчилэн явсаар энэ жил хүүхдэд хичээл орох бүх багш нарын ангиар зочилж, тайланг нь сонсох боломжтой гэсэн үг.

Охиныхоо ангид орох урамтай, жил бүр төрөл бүрийн сайхан бүтээл хийснийг нь харах гоё байдаг. 

Энэ жил охин маань “Би хэн бэ?” гэдэг эсээ бичсэн нь зүрхэнд хүрч, сэтгэлийн утсыг хөндсөн юм. Угийн онгодоор хөглөгдсөн үедээ л блог бичдэг тул, охиныхоо бүтээлээр хөглөгдчихөөд үүнийг бичиж суугаа минь энэ.

“Би бол Швед, Монгол, Америк хүн...” гэж эсээ нь эхэлжээ.

Би цөөхөн удаа Монголд очсон ч, манай Монгол гэр бүлийн соёл бол  биe биeсээ  хүндэлж, дэмжлэгтэй байдлаас эхэлнэ, миний монгол талын амьдрал зан заншлаар баялаг гэсэн утгатай хэсгийг уншиж эхлээд нүдний нулимс бүрхээд ирсэн. Би яг үнэндээ ямар гоё үгээр, хэрхэн дүрслэн бичсэнийг бүрэн дүүрэн ойлгохгүй л дээ. Учир нь охин маань Испани хэлээр бичсэн учраас. Би AI-аар орчуулж уншсан болохоор хэзээ ч оригинал бичлэгийг нь мэдрэхгүй.

...Би ийм гурван төрлийг багтаасан хүн гэдгээрээ бахархдаг гэсэн утгаар төгсгөжээ...

Монгол руу ч бай, Нордик руу ч бай, ойр ойрхон, олуулаа, боломжийн хугацаагаар явна гэдэг бас тийм амар биш ээ. Гэхдээ ямар ч байсан, зүтгээд, зориод, болгоод явсан нь болж дээ гэж баярлах сэтгэл ундарсаар.

Монголоор бүрэн дүүрэн ярихгүй ч гэлээ сэтгэл нь дүүрэн өсөж л яваа юм байна.

Ногоон дарь эх минь үр хүүхдүүдийг минь ивээж, мөнх хөх тэнгэр минь өршөө!