Sunday, June 14, 2015

Инженирүүдээс шүүмж хүртэж зургаар биш үгээр түгжрэл татахын учир буюу Монголын төлөө юу хийсэн хүн бэ өөрөө?

Зураг хөрөг оруулахгүйгээр хэрхэн блог бичиж, FB хуудас ажиллуулдаг хүн бэ? гэж зэмлүүлэв. Чи өөрөө зураг, видеогоор ямар их хөл татдагийг график, судалгаатай нь гаргадаг хүн байж гэж ирээд л хэдэн инженерүүд намайг зад шүүмжлэв. 

Би чимээгүйхэн чагнаж дуусаад "зургаар биш үгээр, видеогоор биш утга санаагаар хүн татах урамтай байдаг юм аа" гэж томорчихсондоо дараа нь жаахан санаа зовлоо. 

Амьдралын үнэнээ харамгүй хуваалцаж, нарийн ширийнээ дэлгэдэг тул дээрээс нь хүн татахын тулд зураг тавих сонирхол надад байдаггүй. Тэгээд ч зөвхөн миний түүх бичигдээд буй мэт боловч, олон мянган хүмүүстэй холбоотой сэдвүүд цувардаг тул зөвхөн өөрийн болгон тамгалах нь таагүй. 

Бид хамтдаа цагаачилж, төстэй замналаар амьдарч байгаа хүмүүс. 

Биес минь харийн оронд ч гэлээ сэтгэлээрээ монголын төлөө зүтгэж яваа энгийн иргэд.

Аль болох МИАТ-аар нисэхийг боддог нь өчүүхэн миний монголдоо оруулж чадах бяцхан хувь нэмэр. Монголын хөрөнгөтнүүд МИАТ-аар л нисэхгүй юм шүү гэж зүтгэхийг олон удаа харсан. Жилдээ нэг ч болохноо жуулчинг хаанаас ч хамаагүй монгол руу илгээхийг зорьдог нь хөрөнгө оруулах том гарц үгүй миний арга ядсан ухаан.  

Монголдоо очиж ихийг хийж бүтээхэд яадаг байна аа гэж толгой сэгсрэх хүмүүстэй таардагаас, чи яагаад цагаачлах болсон юм бэ? гэж учрыг нь асууж байсан хүнтэй учирсан удаагүй.  Магадгүй түүнийг хуваалцах цаг ирсэн ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. 


Sunday, May 31, 2015

Номныхоо ачаар багын найзаа олсон нь буюу цаана нь гүн утга бий

Жинхэнэ өвөр түрийдээ орж, өсвөр насаа өнгөрөөсөн багын найз охиноо олоод хичнээн баярласан гээч. 

Хэдэн хаалгана наана цаана амьдарч худгаас ус авалцаж, цасаар байлдаж, эмээгийнх нь амттай хоолноос хуваалцан, охин насны нууцаа сэмхэн дэлгэдэг байсан найзыг минь Оюунтогоо гэдэг. 

Шулуун шударга бас цоглог зан, чанга инээдээрээ адилхан бид хоёр олон жил сайхан үерхээд нэг л мэдэхэд сураг алдарч орхисон хэдий ч найзыгаа олох сэтгэл хэзээ ч арилаагүй. 

Хэдэн сарын өмнө харин найз маань намайг олж мессеж илгээв. Сайн хүнтэй ханилж, хоёр хөөрхөн охины ээж болжээ. Намайг олсон түүх нь маш хөгжилтэй. 

Хадам ээж нь миний номыг худалдаж аваад найзын том охинд бэлэглэжээ. Тэгсэн нөгөө багын найз нь номны хавтсан дээр байсан гэдэг. 

Би огт танихгүй найзын хадам ээжид баярлаж, түүнээр бахархах сэтгэл төрсөөр. 

Өсвөр насанд алхан орж буй ач охиндоо "Туслахыг минь зөвшөөрөөч" номыг авч өгнө гэдэг дэвшил. Ном бичсэний хэрэг бүтлээ гэж санаа минь бүрэн амрав. 

Дээрээс нь насан багын үнэнч найзаа олсон нь бонус байлаа. 

Saturday, May 30, 2015

Хүнээс тусламж авах болохоорооо холбоо барьдагаа болъё оо буюу цэргийн дарга ч байна уу? цэвэрлэгч ч байна уу? ижилхэн ханд

Хэзээнээс л энэ сэдвээр бичихийг бодсоор байсан боловч хувьсгалын тохироо бүрдэхгүй байж байтал дөнгөж сая ийм явдал болсон тул зориуд зав гарган бичих гэж буй нь энэ. 

Ээж минь надад үргэлж хүнтэй эвтэй яв, хэн нэгэнтэй зөвхөн өөрийнхөө хэрэг болсон үед хандах муухай байдаг юм шүү, үргэлж холбогдоод байхгүй ч үе үе ч болохноо мэндийн зөрөөтэй яв гэж захидаг юм. 

Цэвэрлэгч ч байна уу? Цэргийн дарга ч байна уу? адилхан мэндэлж, ижилхэн хандахыг сургасан гэр бүлд хүмүүжсэн болохоор би, охиноо ч тийм л хүн болоосой гэж хүсдэг. 

Зөвхөн том, жижиг хэргээ бүтээх гэж биш зүгээр л сэтгэлээсээ хааяа ч болов "сайн байна уу?" гэж мэндэлдэг бол хорвоо дэлхийг өөрийнхөө хэмжээнд чимчихэж байгаатай адил. Өөртөө дүгнэлт хийгээд бодоод үзээрэй. 

Манай ажлын Рамон гэж ээжийн минь үеийн Мексик хүн бий. Баярлалаа, сайн уу-гаас өөр англи хэл байхгүй тэрээр аяга таваг цэвэрлэж, хогийн сав султгана. 

Би компанийг үүсгэн байгуулагч Ашу, Рамон хоёртой яг л ижилхэн мэндэлж, адилхан ханддаг. Онгирч байгаа ч юм биш манай нөгөө гурав (Филипп, Коннор, Дан) надаас суралцаж, Рамоныг тоож мэндэлдэг болсон байна лээ. 

Хүнээрээ байх гэсэн хүсэл минь багахан ч гэсэн ажиллаж байгаад баярлаж л явна.