Wednesday, February 26, 2014

Орос хэлний Баттөмөр багш

Хүний ховор нь түрүүлэн оддог орчлон юм уу даа. Аав маань "Орос хэлний багш О.Баттөмөр" гэдэг цолыг нутгаасаа авсан хүн дээ. Өвөрхангайн гаралтай хэн ч байсан аавыг минь анддаггүйсэн. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэдгээр аавыгаа хэлэхэд л "өө Баттөмөр багшийн хүүхэд" байна гээд сүйд болно. 

Аав маань тухайн үеийнхээ үлгэр дууриал болсон мундаг сэхээтэн хүн байжээ. Орос хэлийг унаган хэл шигээ эзэмшсэн, долгиотсон тас хар үстэй, цав  цагаан тэгшхэн шүдээ яралзтал сайхан инээдэг, хүний дээд ховорхон хүний нэг нь миний аав. Би чинь ааваасаа авсан долгиотой хар үсээр гангарч яваа Баттөмөр багшийн отгон охин байхгүй юу. 

Аавтайгаа хамт 12-хон жилийг өнгөрөөжээ гээд бодохоор үнэхээр чамлан гомдмоор. Гандчихсан хэрнээ загвар нь одоо ч мода болохоор бор өнгийн хүрэмтэй, богино түрийтэй элгэн хар гуталтайгаа инээмсэглэн зогсох аавын минь дүр санаанаас гарсан хором гэж үгүй.  

Жирийн нэг орос хэлний багш хүн гэхэд олон төрлийн авъяастай чадварлаг нэгэн байжээ аав минь. Шатар шаггүй нүүдгээрээ хамт олон, найз нөхдийнхөө дунд алдартай, шагай сайн нясалдагаараа гэрийнхэндээ алдартай, гар бөмбөг, ширээний теннисний мастер гэдгийг багш нар андахгүй. 

Аавын зурах авъяасыг харин бид хэдээс өвлөсөн хүн одоохондоо гараагүй байх шиг байгаа юм. Мал амьтныг гайхамшигтай содон сайхан зурдаг байсан нь бяцхан ухаанд минь там тумхан төдий санагдана. Ах, эгч нар маань арай тодоор дурсдаг биз. Авч хадгалсан нэг ширхэг ч зураг байхгүй нь харамсалтай. 

Манайх Ямаахай гэдэг алаг хөөрхөн овчарк үүлдрийн нохойтой байлаа. Аавыг ишиг хурга шиг майлан дуугархаар хаана юун мал ороод ирэв гэх шиг хуцан архирч гэрээр дүүрэн инээдэм болдогсон. Аав ямар ч амьтныг гайхмаар адилхан дуугарч үзүүлдэг хүн байсныг эргэн санахад хөгжилтэй. 

Хөрш айлынх шинэ өрөм хайлах бүртээ аавд дээжийг нь авчирч өгнө. Би баярлаад л аавынхаа хишгээс хүртэхээ урьтал болгодог байснаас биш чухам яагаад тэднийх аавыг минь үргэлж хүндэлдэгийн учрыг асуух ч ухаан байсангүй. Хожим мэдэхнээ хөршийн ахыг хэрэгт холбогдоод шүүх хурлаар ороход нь аав иргэний өмгөөлөгчөөр оролцож өмгөөлөн хэлс хэрэгт орохоос нь аварсан юм гэдэг. Миний мэдэх хөрш ахаас өөр хэдэн ч хүний амьдралд тус хүргэснийг хэн ч үл мэднэ. 

Миний хамгийн их унших дуртай зүйл бол "Өрх гэрийн алдарын түүх" гэсэн нэртэй шугамгүй цаастай зузаавтар дэвтэр дээр аавын маань эхлүүлэн бичсэн манайхны тухай түүх. Аав маань хэзээнээс л бичих дуртай нэгэн байсан билээ. Тухайн үеийн сонинд идэвхитэн бичээчээр ажиллаж олон янзын судалгаа шинжилгээний бүтээл туурвисан хүн. 

Аавынхаа хийсэн, хийх дуртай, хийх байсан зүйлсийг бичээд байвал олон хуудас өгүүлэл болох нь дамжиггүй. Энэ хүрээд түр завсарлая даа үр чинь. 

Хорвоод түрхэн зуур саатаад буцах учиртай амьд бурхан аав минь байсныг хожуу ухаарсан охиноо өршөө. Тандаа зориулж амжаагүй бүхнээ үлдсэн хэддээ зориулахыг хичээе. Охиноо үргэлж хамгаалж явдаг миний сахиусан тэнгэр та минь үүрд амгалан оршиг. 



No comments:

Post a Comment