Sunday, September 20, 2015

Төрсөн өдөр буюу биеэ өмөөрөх нэг ч үг олдсонгүй

Охин маань сургуулийнхаа сүм дээр ангийнхантайгаа дуу дуулснаар миний төрсөн өдөр албан ёсоор эхлэв. 

Кинонд гардаг шиг тансаг биш гэхэд манайдаа таарсан маягаар манай нөхөр өглөөний цайг маань оронд авчирч өгөн, охинтой хамт төрсөн өдрийн дуу дуулж,  өндөр оноотойгоор өглөөг угтав. 

Манайд хүний тоо нэмснээс хойш хэн хэндээ өгөх бэлэгний хэмжээ ($) аяндаа багассан билээ. Алмаазан шигтгээтэй цагаан алтнаас сувдан зүүлт рүү, Диорын уснаас дезодрант руу гэх мэтээр доошилсоор байгаа билээ. Яг үнэндээ "үнэтэй юм авбал дэмий шүү" гээд би өөрөө чангалчихаар яалтай ч билээ дээ. Нөхрийн мөнгө ч минийх, миний мөнгө ч минийх юм чинь ялгаа байхгүй. Тийм биз дээ? За за наргисан юм шүү. Манайд чиний манай гэсэн ойлголт байхгүй. Бидний мөнгө, бидний амьдрал, бидний хүүхэд ...

Ямар ч байсан гар хоосон байдаггүй манай хүн охинтойгоо хамт хажуугийн дэлгүүр ороод амжжээ. Боож амжаагүй тул ямар дэлгүүрээс авсан нь тодорхой цаасан хайрцаг өглөөний цайны дараа гардуулж, таалагдах нь уу?, ямар байна гэж нээгээ ч үгүй байхад санаа нь зовсон аястай асууж хоёр талд бөндөгнөх шахуу нөхрөө хараад ихээр өрөвдөв. 

8 жилийн өмнөхөө бодвол их өөрчлөгджээ миний хань. Үс нь ерөнхийдөө шингэрч, хэд гурваар тогтохгүй цагаан үс үзэгдэж, нүүрэнд нь  зөндөө үрчлээ суужээ. Намайг л хайрлах гэж төрсөн гэж ярьдаг байсан тэр минь нээрээ л хүн болсоноо биелүүлэх гэж амьдралд зүтгэсээр ирсэн дээ. 

Өнөөдөр ханийгаа хараад нэлээд хэдэн үрчлээс нь миний аашнаас болж тогтсон доо гэх гэмшингүй сэтгэл өөрийн эрхгүй төрөв. 

Би гэдэг хүн их л зөв юм бичиж, ярьдаг мундаг хүн шиг хэрнээ нэг их сайн хүн биш шүү дээ. 

 Надад бэлэглэсэн Loft дэлгүүрийн хоёр янзын цамцны нэг нь ч надад таалагдсангүй. Тэгсэн ч би баярлалаа гэж хэлэн энэ хоёроо тэвэрч үнсчихээд, дотроо,  эрхбиш тооцооны хуудас нь байгаа байлгүй дээ. Хурдхан буцаая гэж бодож амжлаа. 


Өнгөрсөн долоо хоногоос эхлээд манай нөхөр 90 хоногийн чухал, нууцын зэрэглэлтэй төсөл хүлээн авсан гэж би хэлж байсан даа? Алим компани нууцаа алдана гэхээс ухаан алдатлаа айдаг, Гүүглээс тэс эсрэг хатуу газар. Тиймээс сүүлийн хэд хоног бид гурав үнэхээр завгүй байгаа билээ. Дээрээс нь энд Индианы зун үргэлжилж, ёстой нохой гаслам халж байгаа бөгөөд юун ийм тийм юм төлөвлөхдөө мантай байна. Өнөөдөр цельсийн 40 градус лав хүрсэн дэг шүү. 

Охин маань рестораны үйлчлэгчтэй заавал зэрэгцэн зогсож ээждээ төрсөн өдрийн дуу дуулж өгөн зөвхөн намайг лаагаа үлээхийг "зөвшөөрсөн" нь надад хамгийн том бэлэг байв. 

Хэтэрхий халуунд түүртсэн би далайн эрэг орох ч тэнхэл байсангүй тул гэрийнхээ гадаа усан санд сэлж сэрүүцэн өдрийн талыг өнгөрөөж байтал нөхөр ч ажил руугаа явах болж, хүүхдийн ч унтах цаг болох нь тэр. 

Шуудангаар ирсэн бэлэг, захиаг л задлаад байсан болохоос ирсэн имейл, мэссэжийг сая л шалгав. Тэдгээрийн дотроос нэгэн танихгүй эгчээс ирсэн захидал надад ихийг бодогдуулав. Америкийн нэгэн мужид анх 2001 онд ирсэн эгч. Миний блогийг нээгдсэн цагаас олж, алгасалгүй уншдаг гэнэ. 

Тэрээр захиандаа иймэрхүү зүйл бичжээ. Чи намайг ийм зүйл бичсэнд уучлаарай. Би энд ирээд одоог хүртэл хүмүүсийн хэлдгээр "хар ажил" хийж байгаа. Миний дүүгийн хоёр, гуравхан жил кофе шопт ажилсан бол юу ч биш. Их л зүтгэж байж энэ амьдралдаа хүрсэн мэтээр бичсэнийг уншаад жоохон тиймхэн санагдлаа. Энд тав зургаа байтугай түүнээс ч олон жил хоол зөөх нь зөөж, хүн харах нь харж, ногоо жимсний худалдагч хийж, барилгын хүнд ажил хийж бас том дэлгүүрийн шал угаасаар яваа олон хүмүүс байдаг. Чи мэдээж хэл ус чинь сайн залуу хүн болохоор өөр байх. Гэхдээ чи ганцаараа өөрийнхөө хүчээр энэ оронд сайн сайхан амьдарч яваа биш шүү. Чи ойлгоорой бодлоо хэлсэнд. Америк орны амьдралыг мэдэх хүмүүс бол ерөнхийдөө ойлгох л байх. Харин монголд байгаа хүмүүс уншаад над мэтийн арав гаруй жил зүтгэсээр байгаа хүмүүс байдгийг, сошиалгүй, жолооны үнэмлэхгүй, бидний ярьдгаар "бичиг баримтгүй" хүмүүсийн үнэн амьдралыг ойлгохгүй өнгөрөх нь дээ л гэж бодож явдаг ... гэх мэтчилэн уртаас урт захидал илгээжээ. 

Танихгүй эгчийн түмэн зөв. Би зөвхөн өөрийнхөө хүчээр сайн сайхан яваа хэрэг огт биш. Сайн хань, ах эгч дүү, найз нөхөд, ажлын хүмүүс гээд надад тусалсан, намайг дэмжсэн олон хүмүүс бий. 

Би өдий хүртэл бичиг баримтгүй байсан бол өнөөдөр ч гэсэн кофе чанаад л зогсож байх байсан нь үнэн. Биеэ өмөөрөх нэг ч үг олдсонгүй. 

Гэхдээ би хэзээ ч мөрөөдлөөсөө буцаагүй нь чин үнэн. 

Жич: Бичиг баримтанд хэрхэн хүрсэн гэх мэт нарийн ширийнээ дараа заавал бичнэ ээ. 




1 comment:

  1. Төрсөн өдрийн баярын гал халуун мэндийг Франц орноос хүргэе :P

    Өглөө болгон бодрол уншихаар блог-руу шагайх сайхан. Тэгээд сайн нийтлэл, өгүүлэл олж авахаараа кофе-оо бариад хөшчихдөг. Таны бичлэгүүдийг бүтүүхэн хүлээх болж..

    ReplyDelete