Wednesday, May 7, 2014

Галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт


Нөхрөө орой ирэхэд янз бүрийн шинэ ганган гутал хувцас өмсөж, секси янаг царайлан угтдаг байсан би өнөөдөр өрөөсөн оймс өрвийсөн үстэй, өвдөгнөөс нь хүүхэд зүүгдээстэй угтдаг боллоо.

Америк даяар өдөрт хэдэн хувь хүн, байгууллага дампуурал зарласан, ямар шинэ програм шалгасан, Нью-Ёркийн өмгөөлөгч залуу утсаар ярихад хичнээн их зантай байсан гээд ажлын сонин хачин нөхөртөө дуулгадаг би өнөөдөр охин ямар өнгөөр хэдэн удаа баасан, номын сангийн хичээл дээр хэрхэн сахилгагүйтсэн, би цамцаа буруу харуулж өмсөж гарсан гэх мэтийг хууч хөөрнө.

Ажлын газрын найз нартай баасан гарагийн оройг оргилуун дарс шимэх мэтээр өнгөрөөдөг байсан хүн тоглоомын талбайн ээж найзуудтай дасгал хамт хийж, хэн нь хэдэн кг турах төлөвлөгөөг хуваалцдаг ажилтай. 

Хоёр ширээний компьютер, нэг Алим загварын лаптоп ( Apple laptop) дээр нэлээдгүй том күбикл (cubicle) эзэмшин ажилладаг байсан би гал тогооны ширээний буланд гацаж муудсан HP дээр иш нь хугарсан нүдний шилтэй өдөр оройн унтлагын сиймхийгээр ажлаа хийдэг боллоо. 

Сардаа хоёроос гурван удаа ганц нэг төрлийн хоол хийж гийгүүлдэг байсан эхнэр гал тогооны өрөөний байнгын эзэн болчихоод долоо хоногт гурваас дөрвөн удаа Солонгос, Монгол, Америк, Тайланд хоолыг хийгээд зогсож байх юм. 

Брендийн дэлгүүр үе үе хэсэхээс өөрөөр дэлгүүр орох дургүй би аль дэлгүүрийн ямар эгнээнд юу хэрхэн хямдарсаныг андахгүй мэддэг нэгэн болж хувирчээ. 

Амьдрал минь огцом өөрчлөгдөж, орвонгоороо эргэсэн мэт боловч өнөөдрийн амьдралдаа хязгааргүй хайртай бас сэтгэл минь дэндүү хангалуун, ихэмсэг бардам гэм нь жаахан онгироо хэвээрээ нэгэн. 

Галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт энэ амьдралынхаа ганц хормыг ч би очир алмазаар арилжаж солихгүй. Очир алмазан шигтгээтэй эдлэлд нугасгүй дуртай ч гэлээ... 

Хүн бүрийн амьдрал ижилгүй, өөрийн амьдралаа хайрлах тусам өнгө нэмэн дэлгэрнэ. Хэн нэгэнд утгагүй харагдах амьдрал тухайн хүндээ юугаар ч сольшгүй нандин байж мэднэ ээ. Хүнийг гаднаас нь харж дүгнэлгүй, хэн нэгнийхээ амьдралыг шүүмжлэлгүй, хэрэгтэй үед нэгнээ дэмждэг, чадал хүрвэл тусалж чаддаг, үгүй ядахад сайхан үг сэтгэлээсээ хэлдэг байхад болоод явчихна даа. 





Tuesday, May 6, 2014

Хөнгөн хэрнээ гүн

Америк найзууд, хадмууд сүүлийн үед миний блогийг ихээр сонирхох боллоо. Надаас залхдаггүй манай хуучин ажил өнгөрсөн долоо хоногт дахин ажлын санал ирүүлжээ. Тохирсон ёсоор даргатайгаа өглөө уулзахаар очтол манайхан бүгд л охин том болж байна уу гэхийн оронд ном гаргасанд чинь баяр хүргэе. Блог бичиж байгаа гэж сонссон юуны тухай вэ гэж шалцгаав. Зарим нэг намайг сайн мэдэхгүй нөхдүүд чамайг бичдэг гэж мэдсэнгүй үгүй мөн сонин юм аа гэх нь дуулдана. Түүн дотроос хамгийн их асуусан асуулт бол "юуны тухай бичдэг вэ?" гэсэн өгүүлбэр байв. 

Охины тухай, үс минь хэр ургасан тухай асууна байх гэж бодож очсон би эхэндээ бага зэрэг сандраад авлаа. Удсан ч үгүй дарга хүүхэн намайг дагуулсаар уулзалтын өрөөнд орж ашгүй намайг олон хүний ижил асуултаас булзааруулж орхилоо гэж дотроо би баярлав.

Дарга уулзалтын тохилог памбагар сандлыг тухтай налан сууснаа "за тэгээд юуны тухай бичдэг вэ?" гэх нь тэр. Би чадлынхаа  хэрээр тайлбарлалаа. Чимээгүй сонсож байсан дарга "алив нэг жишээ хэл дээ" гээд намайг ярихыг хүлээн уулзалтын чухал сэдэв энэ л байсан аятай өөдөөс эгцлэн ширтэв. 

Миний бичлэгийг хайхрамжгүй уншвал зарим хүмүүст миний амьдралын хөнгөн сэдэв шиг санагдана. Тайлор Свифтийг өмд гуталны тухай дууллаа гээд л нэг хэсэг шуугисан даа? Яг л тиймэрхүү сэтгэгдэл төрөх байх. Энгийн хэрнээ хэзээ ч дуусдаггүй эсвэл хэтэрхий хөнгөн болохоор хүн бидний мартчихдаг сэдвээр бичих гэж оролддог юм. 

Ямар санал надад тавих гэж байгааг одоо л сонсох жинхэнэ уулзалтандаа орох нь уу гэтэл дарга бүсгүй уулзалтаа ном ёсоор үргэлжлүүлж буй мэт чухал царайлан "блогийнхоо нэрний утгыг дахиад жишээгээр тайлбарла даа" гэх нь тэр. 

Хэсэг ярьж ам халж зоригжсон би хэнэг ч үгүй бардам царайлан бас л энгийн дээ. Дэлгүүр ороод дэлгүүрийн түрдэг тэргийг буцааж байранд нь тавьдаг, хогоо энд тэнд хаядаггүй, хүнд чин сэтгэлээсээ тусалдаг, боломжийнхоо хэрээр зөв хүн байхыг л хүссэн утгатай. Ажлаа ч халтуурдалгүй сайн хийдэг хүн байх гэсэн маш жижигхэн санаа агуулж байгаа гэж ажил төрөлтэйгөө холбож амжив. Дарга толгой дохьсоноо "жижиг санаанаас том санаа дүүрдэг ..." гээд олон сайхан магтаалын үгээр харамгүй шагналаа. Тэр бүхнийг оруулбал ёстой жинхэнэ өөрийгөө рекламдсан хэрэг болох байх. 

Хэлсэн үгнээс нь сонсоход ямартай ч өөрийнхөө монголоор бичдэг санааг англиар ойлгуулж чадсан бололтой. 

Saturday, May 3, 2014

Зүүднээсээ айлаа

Урьд шөнө ижийгээ өвдчихсөн байна гэж зүүдэллээ ... Санасан үедээ гүйгээд очиж чадахгүй алс болохоор зүүднээсээ хүртэл айх юм даа. 

Та минь сайн уу гээд ярихаар хоолой нь сөөнгөтөж, сааралтсан дуутай ч ээж нь зүгээрээ гэж цоглог дуугарах гэж хичээнэ. Ядарсанаа нууж, өвдсөнөө хэлэхгүй гүрийх нь өрөвдмөөр. 

Ээжийгээ мөнх юм шиг сэтгэж яасан ч олон өдрүүдийг таниасаа хол өнгөрөөгөө вэ? 

Сайхан орчинд, эрүүл хоолтой амьдрах би гаднаа жаргалтай ч хүссэн үедээ ээждээ сүү бариад очиж чадахгүй гунигтай нэгэн. 

Өөрөө өвдвөл гавъяа байгуулсан мэт хамгийн түрүүн ээждээ дуулгаж хошуу цорвойдог хэрнээ өөрийг нь өвдвөл өр минь эмтрэхээс өөр шидгүй нэгэн би. Халуун шөл балгуулж, хөлийг нь атгах хувьгүй хүн. 

Урсан өнгөрөх цаг хугацаа хайр найргүй ээжийг минь бөгтрүүлж, ясыг нь хэврэгшүүлэн жижигхэн биенд хүндэдсэн өндөр насаар дарна. Гэвч үр хүүхдээ гэх дэндүү өгөөмөр, цав цагаахан сэтгэлийг нь яаж ч хувиргаж чадахгүй. 

Заримдаа би ээж шигээ ээж байж чадах уу гэдэгтээ өөртөө эргэлздэг. Тэвчээрийн дээд цэг, ухааны их далай болсон миний сайхан ээж. 

Бие минь үргэлж хол ч сэтгэл минь мөч бүр таны дэргэд шүү ээж ээ.