Friday, May 16, 2014

Монголоороо "гадааджих" юмсан

Хэд хоног хэт халж орой сэрүү унахаас нааш гэрээс цухуйхгүй байх сайхан шалтаг надад олдлоо. Үзэж амжаагүй шоу, дуусгаж чадаагүй кино үзэж монгол хошин шог сонирхох ч зав гарав. 

Маск продакшиний нэгэн хошин шог үзээд инээхээсээ илүү эмээх сэтгэл төрөв. Гадаадад олон жил болсон хүмүүс монгол зан заншил, ахуй, хэл соёлоо хэрхэн мартаж (мартсан дүр эсгэж) буйг нэгээхэн өнцгөөс чадварлаг харуулжээ. 

Багагүй хугацаанд өндөр хөгжилтэй оронд амьдарч, аялж явахдаа төрөл бүрийн сэтгэлгээ, яриатай монголчуудтай таарчээ. Дээрх хошин шогийн гол дүр шиг ганц нэг хүмүүстэй таарсанаа нуух юун. 

Би хувьдаа Монголоороо "гадааджих" юмсан гэж боддог. Шинэ дуучид хамтлагийг танихгүй нь үнэн ч Харангын Лхагваа, Никитоны Батчулуун, Болд, Сараа, Ариунаа, Жавхлан, Баясгаланг мэдэхгүй гэж мэлзэхгүй. Үгийн баялаг минь муудсан байж мэдэх ч монгол хэлээ мартсан гэж тэнэглэхгүй. Өглөөний нойрноос намайг чанасан кофений үнэр сэрээдэг ч сүүтэй цайнаас гарсан гэж дөвчигнөхгүй. 

Уран хас балет, Учиртай гурван толгой дуурь, Тамгагүй төр жүжгээ үзээгүй байж Холливудын Кодак театрын гадаа авхуулсан зургаар онгирдоггүй байгаасай гэж хүснэ. 

Ингээд надад тохиолдсон хөгжилтэй ч жаахан ичмээр явдлаар дуусгая. Монголд очоод 33-ны заслаа хийлгүүлнэ гэж зүтгэсээр ах эгч хоёроо даган энгийн нэгэн лам ахынд очлоо. Ном уншиж дуусах дөхлөө гэж бодсон би цүнхээ уудлан мөнгө гаргаж ирэн тоолж гарлаа. Ах, эгч хоёр маань хоёр талаас өвдгөөрөө зэрэг "нударч" эхлэв. Би ч хэрэг бишдсэнийг мэдээд бушуухан эгчийнхээ өвөр дээр тоолж байсан мөнгөө шидэж орхилоо. Эгч маань багсайсан мөнгөнөөс багцаалдан авч ламд өргөөд бушуухан гарцгаав. Хэдэн төгрөг өгөхөө бэлдэж ирээгүй би мөнгөө тоолж өгөхөөс өөрөөр яаж өгөх аргаа олоогүй нь тэр. Харин ах, эгч хоёр маань бөөн инээдэм болгон гэрийнхэнд дэлгэж би "онигоонд"орох нь тэр ээ. Дараа би мөнгөө бэлдээд дугтуйнд хийгээд очих болно.   

Tuesday, May 13, 2014

Гурван бүжин буюу турсаар байх уу?

Бүжин, одоо туралгүй дахиж таргалсан ч зүгээр шүү. Сайхан харагдаж байна гээд нөхөр намайг үнсэв. Бид хоёр бие биенээ "Bunny" буюу бүжин гэж дуудна. Тэгсэн охины маань нэр бас Бүжин. Ингээд гурван бүжинтэйгээ сая л мэдлээ. 

Сэтгэл тавгүй, үймэрсэн үед юм ихээр иддэг муу зуршилтай хүмүүсийн нэг би ажээ. Боломж байвал гадаа гарч алхах, усанд сэлэх мэтийн биеийн дасгал хийдэг ч хүүхэд маань бага тул хувьсгалын бүрдээ тохирох нь ховорджээ. Азаар амьдралд маань сэтгэл таагүй өдрүүд тун ховорхон таарах нь яамай. 

Нэг лааз молоко, бүтэн шарсан загас, тал бялуу, уут шарсан төмс, Орос дэлгүүрийн матрюшканы зурагтай кекс, Солонгос дэлгүүрээс авсан бүх панчаг будааны хамт идсэн гээд санаж буй нь эдгээр. Дээрээс нь ямар төрлийн хэдэн шоколад идсэнийг цаасыг нь цуглуулж тоглосон охин маань мэдэж магад. 

Эрхбиш өдөр тутмын ёгийн дасгал, хагас, бүтэн сайны сэлэлтээ хийснээс өөрөөр өнгөрсөн долоо хоногт хийж бүтээсэн зүйл алга. 

Харин хэдэн паунд (1паунд = 0.453592кг) төвөггүй нэмсэн нь нөхөрт маань жигтэйхэн таалагджээ. НүүрНом, блогт юу болж байгаад оролцоод байдаггүй хүн "энэ талаар" блогтоо бичээч гэж анх удаа "хошуу дүрэв". 

Сүүлийн үед охид, бүсгүйчүүд жин хасахад маш ихээр анхаарч, туранхай л бол сайхан гэдэг ойлголт нийгмээр нэг даяанчлах болсон санагдлаа. 

Өөртөө тохирсон махтай, түүнийгээ хөдөлгөөн дасгалаар чангаруулан, булчин болгож хөгжүүлвэл илүү секси, эрүүл чийрэг харагддагийг би ч мартах дөхжээ. 

Таргалж, турсан шалтгаанаа эрүүл мэндийн талаас болж буй эсэхэд юуны түрүүн анхаарах хэрэгтэйг надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ. 


Friday, May 9, 2014

Маргааш

Бүрхэг тэнгэр цэлмэдэгийн адил сэтгэл онгойх нэн сайхан. Тэнгэр үргэлж цэлмэг бол нарны ач тусыг мартаж мэдэх юм. Олон удаа, ойр ойрхон хаврын тэнгэр шиг хувирахгүй ч арван жилд нэг удаа сэтгэлийн тэнгэр бүрхэхэд наран болон гийж байсан нөхөрлөлийн үнэ цэнэ, утга учрыг нэг шөнийн дотор мэдэрдэг бололтой. 

Хүний газар эв эеэ хичээ гэсэн эхийн сургааль зөрчигдлөө. Зүрх шимширч, сэтгэл хөндүүрлэсэн хоёр хоног хорь хоног мэт урт санагдав. Салхи аргадах, аашлах учраа олохгүй хий дэмий л модны мөчир найгуулан, цонхоор сэнгэнэж нэгэнт даарсан дотрыг улам хүйт оргиулна. 

Маргааш салхи намжиж, нар хөөрнө. Өглөө хурдан болоосой.