Tuesday, June 28, 2016

Ашли Ашли

Өнөөдөр их сайхан өдөр байлаа. Эгч нартайгаа уулзсан ч юм шиг, төрж өссөн гэртээ ирчихсэн ч юм шиг. 

Би өмнө нь бичиж байсан даа? Гадаад амьдрахын нэгэн гашуун үнэн нь ах эгч, дүү нараасаа хол, өөрөө машинаа барьж очиж төрөх хэрэг ч гардаг гэж ? 

Бүх зүйлийг л өөрөө амжуулж сурдаг. Сурахаас ч өөр аргагүй. 

Ашли ажилдаа эргэн орж, бид хоёр зэрэгцэн суудаг ширээтэй болсоноос хойш миний амьдрал өөрчлөгдөх шиг болсон юм. Азаар Ашли тушаал дэвшиж, миний дарга биш болсон нь бид хоёрыг харилцааг 500 хувиар дээшлүүлэв. Хэрэв би Ашлигийн шууд удирдлаган доор байсан бол өнөөдрийнх шиг эгч дүүгийн харилцаанд байтугай найзуудын хэмжээнд ч очихгүй байсан нь тодорхой. Ашлийг танихгүй хүмүүс эндээс мэдэж авч болно. 

Намайг миний дотор ороод гарсан мэт ойлгодог хүн Ашли болжээ. Бага залуу наснаасаа өвдөж, бишгүй давааг туулж ирсэн нь түүнийг жинхэнэ наснаас нь илүү буйр суурьтай, илүү ухаалаг болгосон байх гэж би боддог. Надаас хэдэн насаар дүү хэрнээ яг л миний эгч нарын нэг шиг санагддаг. Хоолоо идсэн үү? Эмээ уусан уу? Ёгандаа явья, Бие нь яаж байна? Охин нь дажгүй? Жоны шинжилгээний хариу гарсан уу? Ээж нь сайн уу? ...

Ашли намайг бодвол олон таван үггүй, ер нь дуугүй талдаа хүн. Хүн болгонд тусладаг ч хэн бүхнийг дагаж савчаад байдаггүй нөмөртэй нутгийн уул шиг ч юм шиг, Онгийн минь урсгал ч юм шиг тайван бас даруухан нэгэн. Тийм болохоор надаас асууж буй бүхэн нь сэтгэл дотроос нь гарч буй нь ил. 

Ажил дээр ч хүртэл намайг жигүүрэн дээрээ нисгэж яваа шувуу мэт, далавчин доороо хамгаалж буй бүргэд адил. 

Муу хүний заяа завагт гэгчээр яаж надад ингээд сайн хүмүүс заяагдаад байдаг юм бүү мэд. 

Өнөөдрийг би лав амьдралдаа хэзээ ч мартахгүй нь лавтай. 

Намайг зөвхөн MRI хийлгүүлэхийн төлөө нийт 40 орчим майл буюу 60-аад километр газар аяласан гээд бод. Би хичнээн дахин ганцаараа яваад хийлгүүлчиж чадна аа. Өмнө ч өөрөө очоод тэр байтугай л юм хийлгэж байсан гээд байхад заавал хамт явж хань болно гэж зүтгэсэн юм. Нөхөр маань хүүхдээ унтуулаад гэртээ хоцрохоос өөр аргагүй. Оройн цагаар аппойнтмент хийсэн нь ч онож. 

Баярлалаа гэхээс өөр үггүй сууна би. 









Friday, May 27, 2016

Чиний төлөө би явах уу? Чи өөрийнхөө төлөө зүтгэх үү?

Америкийн нийгэмд амжилттай байхын нэг үндэс бол "follow up" хийх. Миний ажсанаар манай монголчууд өөрийнхөө төлөө явдаггүйн улмаас их алддаг шиг санагддаг.

Монголын нийгэмд бол "тэрнийг гуйхгүй", "тэрний араас гүйж нүүрээ барахгүй" гэх мэтчилэн ярих нь элбэг.

Энд бол чи өөрийнхөө төлөө өөрөө явахгүй бол хэн ч чиний араас дуудахгүй.

Жишээ нь чи ажлын ярилцлаганд орлоо. 7 хоногийн дараа хариу сонсохгүй бол "би өөртэй чинь ярилцлаганд орсон тэр байна. Би таныг ажил ихтэй завгүйг мэдэх тул миний ярилцлаганы дараах шат юу болсон бол хэмээн холбогдож байна" гэх мэтчилэн араас нь явах хэрэгтэй. Энд бүр "follow up" хийх гээд үг нь хүртэл байдаг.

Энэ байдал зөвхөн ажилд орох, хайх явцад биш хүний амьдралаар дүүрэн бий. Хөрөнгөтний нийгэмд амьд гарах энгийн нэг арга гэлтэй.

Жишээ нь надаас хүмүүс юм асуудаг, хийгээд өг гэж гуйдаг. Би бүгдэд нь чадан ядан зав гарган туслахыг боддог ч өөрөө надад сануулаагүй хүний юм хоцрогдож үлддэг. Энд нэг зүйлийг буруугаар ойлгох тал бий.

"Энэ одоо юун их зантай юм. Хэзээ ийм болчихсон юм. Сүртэй юм. Гуйх ч үгүй" гэх мэтээр боддог. Яг үнэндээ би өөрийн ажил амьдралдаа аль хэдийн баригдсан тул хүний юмыг саналгүй, төлөвлөгөөндөө багтаалгүй орхих нь ойлгомжтой. Би "санаатайгаар" мартаж байгаа хэрэг биш гэсэн үг.

Маш олон хүсэлт, асуулт, тусламж, орчуулга ирдэг тул (би хэнээс мөнгө авдаггүй- одоохондоо kkk) хэн юу гэж гуйсныг мартах бол амархан.

Миний өгөх гээд байгаа гол санаа юу  вэ гэвэл том жижиг хамаагүй, чамд хэрэгтэй зүйл л юм бол чи л өөрөө араас нь зүтгэж, асууж сураглаж, хөөцөлдөж, гүйхгүй бол хэн ч чиний араас явдаггүй нийгэм байхгүй юу. Үүнийг "гуйна" гэдэггүй "follow up" хийнэ ээ гэдэг юм.

Надад итгэхгүй бол гүүглэдээд үз л дээ.

Цагийн ажил хийж үзсэн хүмүүс ойлгоно доо. Минут, цагаар мөнгө урсаж буй тул тэрхүү мөч бүрийг юунд зарцуулах вэ гэдэг маш чухал. Мэдээж мөнгөгүй амьдрал дуусаа.

Монголд бол бас хэсэгтээ аргатай.

Харийн оронд тэрнийг гуйж ажилд орно. Тэр эгчийндээ хэд хононо, тэднийд ороод хоол идчихнэ гэсэн ойголт байхгүй...

Thursday, March 10, 2016

Арвайхээрийнхэн

Оюутан нас, ээж болсон үе, гал халуун дурлалд  шатсан хорин хэдэн нас, амраг ханиа олж, хуримласан мөч гээд хүний амьдралд сайхан жилүүд бий. Түүн дотроос хүүхэд насандаа эргээд нэг очихсон гэж би мөрөөддөг. Тэр дундаа 5-10 насны үедээ очихсон гэж хүсдэг.

Үсрэх резин ирж үү үгүй юуг "Давхар дэлгүүр"-ээс  шалгачихаад, театрын нэг давхарын цонхоор жүжгийн хувцас хэрэглэл харан шохоорхож, холбоон дээр очиж хотод байгаа эгчтэйгээ ярьчихаад, Онги ресторанаар дайрч ахаараа боржоом авахуулж уучихаад, 48 орж хоёр Докогийнд очиж тоглодог байсан хүүхэд насандаа эргээд нэг очвол мөн сайхан аа.

Арвайхээрийн 1-р 10 жил! Хүүхэд насны 2 дахь гэр минь болж явсан 4 давхар цагаан байшин. Тэндээс би анхны гэсэн олон зүйлээ олж авсан. Анхны А үсэг, анхны найз, анхны цасан бүжиг, анхны шохоорхол, анхны хайрын захиа...

Нэг сонин баримт дурьдая гэж бодлоо. Ойрд энүүгээр бороо ус ихтэй өдрүүд үргэлжилж байгаа билээ. Бороотой өдрийг "тохиолдуулан" манай ажлынхны тал хагас нь оффист ирэхгүй нь Силикон Валлигийн бас нэгэн мода гэлтэй. Би ч дутсангүй гэртээ өнжиж ганц нэг ажил амжуулаад хажуугаар нь блогийнхоо талаар статистик сонирхож суутал миний уншигчдын нэлээд хувь нь манай нутгийн хүмүүс байдгийг олж мэдээд өөрийн эрхгүй сэтгэл огшоод ирэв. Ээж яваад удаа ч үгүй байсныг хэлэх үү нулимсаа дуугүйхэн урсгаад авав.

Нутгаа үгүйлж шимширч суусан сэтгэлийг минь мэдэрсэн үү гэлтэй анхны найз охин маань ("эмэгтэй Тогооч багшийн охин Доко шүү дээ"гээд хэлвэл нутгийнхан бол андахгүй) өчигдөр чатаар ороод ирэв. Бас л блогийн минь буян. Угийн ухаантай, нухацтай, боловсрол өндөртэй найз маань блогийг минь тоож сайшаасан байв. За тэр магттаал сайшаал ч яахав. Цаана чинь Форбес хүртэл сонирхоод мундаг сунадаг юманд нэр дэвшүүлээд байна. Монголын Форбес шүү. Буруу юм түгээв Самдан, Цоодолуудаа.

Бид хоёр нэгдүгээр ангисаа нэг ангид орж, чухам яагаад ч юм нэг мэдэхэд үй зайгүй найзууд болсон байж билээ. Найз гэдэг ертөнцтэй хамтдаа танилцаж, нөхөрлөсөн хоёр доо.

Би яахав өөрөө мэдэлгүй хүн гомдоодог "алдартай" тул найзыгаа хэзээ хойно юунаас ч юм (би өөрөө ч одоо хүртэл шалтгааныг нь мэддэггүй) болоод гомдоочихсон юм шиг байгаа юм. Тэгээд хэсэг холбоо тасраад хэдэн жилийн өмнөөс нэгнийхээ сургийг гаргасан түүхтэй.

Миний санахаар би имейл хаягийг нь нөгөө Докогоос (Чинбат багшийн охин шүү дээ гээд хэлвэл нутгийнхан андахгүй) олоод хэд хэдэн удаа "гомдоосон бол уучлаарай" гээд бичиж байсан юмдаг. Энэ хоёр дахь Доко бол бас миний сайн найз. Азаар бид хоёр холбоогоо таслалгүй өдий хүрсэн найз охид.

За эргээд эхний Докогийн тухай. Бид хоёрын үерхэл их л гоё байсан санагддаг. Олон дурсамж дотроос хамгийн тодоор үлдсэн нэгэн жишээг дурьдахгүй өнгөрөх аргагүй.

Би удалгүй дунд ангид орохын өмнөхөн хот руу шилжлээ. Тэр үед юун FB, имейл байх вэ дээ. 1994 оны тухай яриад байгаам ш дээ. Гэхдээ л тухайн үедээ мундаг соёлтой охид. Захидлаар харилцахыг ч нэг үзүүлж өгсөн дөө. Долоо хоногт хэдэн ч захиа бичдэг байсан юм. Хэдэн жил захиагаар харилцсаны дараа алимны цаасан хайрцаг лав элбэг дүүрсэн санагдаж байна.

Хэзээ хойно ингээд миний нутгийнхан сэтгэлийн засал болсон өчүүхэн блогийг минь дэмжиж, намайг урмаар мялаана гэж зүүдэлсэнгүй явжээ.

Дэггүй, гэнэн, цагаахан хүүхэд нас минь Арвайхээрт хоцорчээ. Эргээд ганцхан өдөр хүүхэд насандаа очихсон.

Холбоотой бичлэгийг  Эндээс