Sunday, June 25, 2017

Харих зуур буюу гадаад нөхөртэйн сөрөг талын үргэлжлэл

Харилаа.

Хамгийн түрүүнд төрдөг бодол "хэрхэн буцна даа". Хариа ч үгүй хэрнээ эргээд ирнэ гэхээр сэтгэл өмрөөд яваагүй нь дээр санагддаг.

Санаагүй, үгүйлээгүй мэт, хэнэггүй "гадаад зан" гаднаа гаргавч дотроо зүрх минь шимширч, элэг минь эмтрэн эхэр татан уйлмаар.... Үүнийг нутгаасаа, аав ээж, ах эгч, дүү, багын найз нараасаа олон жил хол амьдрагсад л мэдрэх мэдрэмж.  Түүнийгээ бид хэрхэн илэрхийлэхээ бас хэлж мэдэхгүй төсөөрөн өөрчлөгдсөнийг минь ойлгож уучлаарай.

Юугаар бид энд дутдаг вэ? Өөрсдийн хүнээр. Тэмдэглэлт гэр бүлийн өдрүүдээр...

Ах минь хүүхэдтэй болж гэнэ, эгчийн минь төрсөн өдрүүд, ээж минь алжаалаа гэнэ, найз минь гавъяат болж, тэр минь өвдөж, энэ минь шагнуулж...

Биеэрээ хуваалцаж чадаагүй амьдралын дурсгалт мөчүүдийг санадаг. Цаг товлож, төлөвлөлгүй ороод гарах айлаар дутдаг. Уран үгсээр хэл гацах асуудалгүй эх хэл-монгол хэлээ үгүйлдэг.

Програмчлагдсан амьдралдаа дасаж, соёл болоод зан минь өөрчлөгдсөн бол уучлаарай.

Миний энэхүү дотоод мэдрэмжийг насны хань минь ч бүрэн дүүрэн ойлгохгүй, зулай зулайгаа гишгэн төрсөн ах эгч минь ч тайлшгүй.  Голыг нь олоод онож тайлбарлах миний чадвар ч хүрэхгүй. Болдогсон бол сэтгэлийн хаалгаа нээгээд бүгдийн тань нэг шагайлгахсан.

Хоёр соёлын дунд хавчигдсан халиуны бяцхан зулзага юм уу?

Эсвэл амьдралын төөргөөр хатуужиж сэтгэлийн хат суусан үнэн зоригт, үхэшгүй мөнхийн хүчтэй (Strong) Монгол бүсгүйчүүд үү бид?  

Saturday, April 22, 2017

Америкийг нуруундаа үүрч яваа өвгөн бид хоёр - фельетон

Заримдаа энд "харлачихсан"байсан ч болоосой гэж бодогддог юм. Үнэгүй эмнэлэгт хамрагдаж, улсын хангамжаар зардал багатай амьдарна. Эсвэл бичиг баримттай ч орлого доогуурт тооцогддог болоосой гэж "мөрөөдөх" үе бас гарна аа.

Шударга, чин шударга оюуны хөдөлмөрөөрөө хүний компанид зүтгэж, өндөр такс цалингаасаа төлж, нэг ёсондоо америкийг нуруундаа үүрч яваа дундаж амьдралтай би, бид хэд заримдаа хөөрхий.

Дээшээ гарч бизнес хийх гэхээр хөрөнгө бөгөөд төрөлх авхаалж дутаастай. Доошоо орж нийгмийн халамжинд хамрагдана гэхээр улс орноо хуурах сүйхээгүй үнэнч ажиллахаас өөрийг мэдэхгүй улс.

Тэгсэн ч би өөрийгөө баян хүн гэж тооцдог. Хадгаламжаараа баян биш ч амьдралын хэв маягаараа баян. Хэтэвчээрээ зузаан биш ч, сэтгэлээрээ зузаан.

Мань мэт шиг шударга, алтан дундаж "америкууд" байхгүй болчихвол гадаад дотоодын харласан болоод орлого доогуур хүмүүсийг улс хэрхэн тэжээх вэ? Төлсөн татвараас маань тэднийг тэжээдэг юм ш дээ. Тийм болохоор би баян хүн гээд онгирчих уу?


төстэй бичлэг
төстэй бичлэг 2

Friday, February 10, 2017

Хэвлэн нийтлэх эрхтэй ч

Юу ч гэмээр юм бэ?

Хүн бүр л FB гээр мэргэн үг хэлж хэдэн лайк авахаа тоолж суудаг болсон ч юм шиг. FB-г нэвтэрхий толь шиг бодоцгоох хүмүүс ч байгаа бололтой.

Би чиг л блогоо аль болох олон хүмүүст уншуулчих санаатай түүгээр л мөн дамжуулж хүргэх байх даа. 

Би өмнө бичиж л байсан даа, FB-гээр бичсэн бүхэн, интернетээр олж уншсан бүхэн үнэн зөв биш гэдгийг бодолцон уншиж байгаарай. 

Сэтгүүлч хүн эрүүл мэндийн зөвлөгөө өгчихсөн ч байх шиг. Хүн юм уншиж, судлаад, орчуулаад мэдээлэл хүргэдэг, лекц уншдаг байж болно оо. Гэхдээ эх сурвалжийг нь мэдэх хэрэгтэй. Чухам хэн, ямар шинжлэх ухааны үндэслэл дээр бичсэнийг бодолцох ёстой. 

Баасан гарагийн орой ганц нэг юм гүйлгэж харлаа. Лайв хийдэг хүн их болжээ. Мундаг хүн байж болно оо, гэхдээ бас үзэгчидээ хүндлээд камерийн өмнө биеэ хэрхэн зөв авч явахаа судалж сураад, үг яриагаа тольны өмнө сууж байгаад ч атугай бэлдэж болно оо доо. Зөвхөн хэдхэн хором үзээд бодсон бодол. Юу танилцуулах гээд, ямар юм ярих гээд байгааг нь ойлгогдохгүй хүмүүс дүүрэн байна цаагуур чинь.

Хэвлэн нийтэлж, үг хэлэх эрх чөлөөтэй ч мэдээллийн соёл гэдэг зүйлийг эзэмшиж байж олон нийтийн хэрэгсэлээр видео, лайваа цацдаг болоосой. 

Ганц нэг гайгүй юм бичдэг нь хэрүүлч нохой шиг сэтгэгдэл бүртэй арцалдсан байх нь харагдах юм. Яасан ч сайхан цаг зав уу? Эхэндээ зөв юм бичдэг хэмээн хүндэлдэг байснаа сүүлдээ унших ч сонирхолгүй болдог юм байна.