Monday, April 21, 2014

Төвдөд мод эзэмшдэг баян хүн шүү би

Баяраар, охины төрсөн өдрөөр манай шуудангийн хайрцаг үргэлж дүүрч, гадаа цаасан хайрцагнуудын цуваа үүсдэг. Нөгөө эрэгт амьдардаг үеэл эгч, Чикагод амьдардаг найз охиноос ихэвчлэн том хайрцаг ирнэ.

Манай гэрийнхнээс бол баяр болсон ч бай үгүй ч бай, хэрэггүй гэж хэлсэн ч хамаагүй илгээмж үргэлж ирээстэй.  

Монголоос найзууд юу захих уу гэж үг солих бүрт асууна. Би мөн азтай хүн шүү. Өчигдөр найз маань юу явуулах вэ? Жонд дэмий юм явуулж байснаас хэрэгтэй зүйлийг нь явуулах гэсэн юм гэлээ. Би хариуд нь "бид бэлэг өгдөг ч үгүй, бэлэг авдаг ч үгүй шүү дээ. Ил захидал л өгдөг, чамайг ирээд буцахаар "открит" өгөөл явуулна даа" гэж бөөн инээдэм болов. 

Монголчууд бид үнэхээр сэтгэлээсээ том бэлэг өгөх дуртай хүмүүс. Хэдийгээр энд чамгүй олон жил амьдарч соёл заншлаас нь суралцаж байгаа ч хүнд "том" бэлэг өгөх монгол зангаа бүрэн хаяж чадахгүй л явна. 

Манай хадмууд бидний төрсөн өдөр, баярууд, хуримын ой гээд бүх тэмдэглэлт өдрүүдийг жижиг томоор алгасахгүй үргэлж мэндчилгээ илгээнэ. Зүгээр л энгийн ил захидал. Харин миний талаас үе үе том баяраар том том бэлэгнүүд ирнэ. Эхэндээ манай нөхөр гайхдаг байлаа. 

Бид хоёр гэрлээд удаагүй байсан юм даг. Хадам ээжээс ирсэн анхны илгээмжүүдийн нэг байлаа. Би юу байгаа бол гэж догдлон нөхрөө хайрцаг задлахыг жоохон хүүхэд шиг тэсэн ядан хүлээн, гарынх нь хөдөлгөөнийг дагуулан харж суув. 

Ном, зураг, ууттай чихэр ... том нимгэн дугтуй гараад ирлээ. Би дотроо янз бүрийн өв залгамжлах тухай чухал бичиг юм уу, бонд хувьцаа юм уу гэж хэдэн янзаар бодож амжих нь ойлгомжтой. 

За ер нь хувьцааны бичиг гэж андуурмаар сертификат ажээ. Төвдийн өндөр уулсын нэгэнд нөхөр бид хоёрын нэр дээр мод тарьж, мөнгө нь тусламжийн байгууллагат шилжсэнийг цохон тэмдэглэсэн байв.



 




No comments:

Post a Comment