Monday, March 31, 2014

Хүлээлт

Хүлээх дургүй. Хүлээлгэх бүр дургүй. Харин чамайг би хүлээнэ. Амьдралд минь гэрэл гэгээ татуулан ирсэн болохоор чамайг би хүлээнэ. Хүний амьдралд цорын ганц удаа учрах чухал нэгэн нь чи ч юм бил үү. Сэтгэл минь хүлээ гэж тархинд минь тушаасан болохоор надад хүлээхээс өөр арга үгүй. 

Цаг хугацаа өнгөрч буй эсэх нь мэдэгдэхгүй. Гадаа ямар улирал болоод байгааг ч заримдаа мартчих юм. Зөвхөн бороо миний баримжаа болно. Бороогүй бол бүх өдөр адилхан санагдаж чухам ямар улирлын хэддүгээр сар болж байгааг таахад бэрх. 

Энэ л өдрүүдэд цангинасан хүйтэн монголын өвлөө санана. Утаатай ч гэсэн миний төрсөн нутаг, бөглөрөөтэй ч гэсэн миний улсын нийслэл. 

Нутагтаа газардах өдрийг хүлээнэ. Танил дотно хэл хаа сайгүй чихэнд сонсогдох өдрийг хүлээнэ. 

Дэлхийн өнцөг булан бүрт амьдрах монголчууд бид эх орондоо хөл тавих өдрөө битүүхэн хүлээнэ. Монголдоо очоод буцаж ч амжаагүй хэрнээ дахин ирэх өдрөө хүлээнэ. 

Чамтай, та нартай уулзах өдрийг дахин хүлээнэ. 

Амьдрал тэр чигтээ хүлээлт ч юм шиг. Залуу охин том болж ухаангүй дурлалтай учрахаа хүлээнэ, жирэмсэн бүсгүй үрээ харах өдрийг тэсэн ядан хүлээнэ, аав охиноо хөлд орж анхны үг хэлэхийг хүлээнэ ... 

Хүлээсэн мөч ирэх сайхан, хүлээсэн хүнтэйгээ учрах жаргалтай. 






Sunday, March 30, 2014

Өөр

Бид бүхний өдөр тутмын амьдралдаа гаргадаг нэгэн алдаа бол бүх хүмүүс "өөр" гэдгийг мартдаг явдал. Зарим хүмүүс өөрийгөө бусдаас өөр гэдгийг ч бодолгүй хэн нэгэнтэй адил байж, хийж байгаа зүйлийг нь хүртэл дууриахыг оролдоно. 

Хажуу дахь ханиа бусад хэн нэгэнтэй адилхан байлгахыг заримдаа хүсдэг. Ажаад байхад энэ явдал нөхрөө хэн нэгний буюу ихэвчлэн дотно найзуудынхаа нөхөртэй, эхнэрээ түүний найз хүүхнүүдтэй эсвэл найзынхаа гэргийтэй жишиж харьцуулснаас болдог бололтой.

Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдгийг мартчихдаг. Өөрөөр хэлбэл хүн бүхэн хоорондоо адилгүй. Хувь хүн бүр өөр. Гадаад байдал, ертөнцийг үзэх үзэл, бодол санаа, өссөн орчин, хүмүүжил, боловсрол, хобби, авъяас, зан чанар, амьдралд хандах хандлага, зорилго, ажил төрөл гээд та цааш нь гүйцээн дурьдаад үз. Би "Туслахыг минь зөвшөөрөөч" номондоо энэ талаар цухас дурьдсан байгаа ч бид бүхэн энэхүү "өөр" байдлыг өдөр тутам санах хэрэгтэй юм шиг санагдсан тул дахин энэ талаар бичих нь зүйтэй гэж бодлоо.

Би ч өөрийнхөө өдөр тутмын амьдралд хүн бүхэн надаас өөр, найз бүхэн маань хоорондоо адилгүй (зүс царайгаар биш шүү), нөхөр маань бусдын нөхрөөс өөр гэдгийг санахгүй бол заримдаа мартчих үе байдаг.

"Өөр" байдлыг мартсаны улмаас хэн нэгнийг буруу ойлгох, хэн нэгэнд гомдох, хэн нэгнийг өөлөх, хэн нэгнийг "муулах" асуудал үүснэ. Учир нь би тухай хүнийг заавал өөртэйгээ адилхан байх ёстой гэдэг бодол автоматаар бууж аливаа зүйлийг өөрөө урьдчилан тооцоолон бодно. Гэтэл мэдээж нөгөө хүн надаас өөр хүн учраас миний бодсоноос өөрөөр хандана. Ингээд би дотроо тооцоолсон хариу үйлдэл, үгээ аваагүй учраас тухайн хүнийг буруугаар ойлгож, дэмий зүйл бодож эхэлнэ. Зарим нэг зүйл дээр мэдээж санал нийлэх үе байдаг ч нэгэнт л өөр хүмүүс хойно санал зөрөлдөх үе гарна. 

Үүнтэй ижил бид нөхрөө бусдын нөхрөөс өөр хүн гэдгийг мартан нөхөр л бол нөхөр гэдэг утгаар хандаж асуудал үүсгэдэг.

Жишээ нь манай нөхөр цахим ертөнцөөс юм худалдаж авахдаа гарамгай хэрнээ ямар нэгэн зүйл зарахдаа маруухан буюу шударга хэлвэл зарах авъяасгүй. Харин манай найзын нөхөр юухныг ч мөнгө болгож чаддаг ёстой л суусан газраасаа шороо атгадаг авхаалжтай залуу. Би эхэндээ нөхрөө найзынхаа нөхөртэй жиших үе гардаг байлаа. Яваандаа би алдаагаа ухаарч нэгэнт л "зарах авъяасгүй" нөхрөө өөрчилж чадахгүйгээ ойлгосон тул хэн нэгэнтэй харьцуулан бодохоо зогсоосон билээ. 

Нөхрөө бусдаас өөр гэдгийг ойгосон хэрнээ заримдаа би найзуудаа надаас өөр, тэд хоорондоо ч өөр гэдгийг өөртөө дахин сануулах үе гардаг. Та нар ч гэсэн намайг өөр гэдгийг санаж, сонсохыг хүссэн үг, үйлдэлээ надаас аваагүй бол гомдох хэрэггүй. Бид бүгд өөр. 

Thursday, March 27, 2014

Эерэг энерги, сайхан сэтгэл, зөв бодол

Сайхан сэтгэл, зөв бодолтой хүнтэй өдрийг хамт өнгөрөөх сэргээш болох юм аа. 8 жилийн тэртээ анх найзууд гэхээсээ илүү хуурай эгч дүүс болон танилцаж байсан охинтойгоо бүтэн өдрийг өнгөрөөлөө. Сүүлийн үед хоёулангийнх нь амьдралд өөрчлөлт ихээр орж, бие биенээсээ холдон нүүснээс болоод тэр бүр уулзаж чадахаа больсон билээ. 

Найз - дүү охиноор бахархах зүйл олон. Сан Францискогийн Улсын Их Сургуулийг (San Francisco State University) саяхан Бакалаврын зэрэгтэйгээр төгсөөд байгаа. Онцлон хэлэхэд төлбөрөө сургуулийнхаа хажуугаар ажил хийж төлсөн хүн дээ. Нийт 80 гаран мянган доллар болсон санагдана. Харамсалтай нь Монгол улсын засгийн газар болон хаанаас ч хандив, тэтгэлэг авч чадаагүй жинхэнэ чанартай онц сурлагатан даа. Шударга хэлэхэд манай улсын нэгэн "гажиг"-ийг харуулах жишээ. Энэ талаар гүнзгийрүүлэн бичиж сайхан өнгөрөөсөн өдрөө унтахын өмнө үгүй хийгээд ч яахав. 

Намайг ойлгодог, сонсдог,  үйлдэл болоод үг бүрийг минь шүүмжилдэггүй, ердөө хэн гэдгээр минь хүлээн зөвшөөрдөг, дүр эсгэдэггүй, худлаа магтаж бялдуучилдаггүй, үнэнч найзтайгаа уулзах сайхан байлаа. Охин минь хүртэл зөв бодол, сайхан энергийг мэдэрсэн мэт хоолоо сайн идэж, цэцэгт хүрээлэнгээр баясан зугааллаа. 

Эрч хүч, эерэг энерги бэлэглэдэг хүмүүстэй илүү олон уулзах ёстой юм байна хэмээн бодож суунгаа та нартайгаа бас хуваалцахыг хүслээ. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш ... гэж үг байдаг даа. 

Та нар ч гэсэн уулзсаны дараа, ярьсны дараа сайхан мэдрэмж төрүүлдэг, үг яриа, санал бодол нийлдэг хүмүүстэйгээ ойрхон уулзаж, хол байдаг бол ярьж байгаарай. Зориуд цаг зав зориулан гаргавал хичнээн завгүй ч гэсэн болдог юм шүү гэж надад бас нэгэн хүн хэлж байсан нь санаанд орлоо. Тэр хүнээс ч бас би хязгааргүй их сэтгэлийн таашаалыг авдагаа санав.