Sunday, March 30, 2014

Өөр

Бид бүхний өдөр тутмын амьдралдаа гаргадаг нэгэн алдаа бол бүх хүмүүс "өөр" гэдгийг мартдаг явдал. Зарим хүмүүс өөрийгөө бусдаас өөр гэдгийг ч бодолгүй хэн нэгэнтэй адил байж, хийж байгаа зүйлийг нь хүртэл дууриахыг оролдоно. 

Хажуу дахь ханиа бусад хэн нэгэнтэй адилхан байлгахыг заримдаа хүсдэг. Ажаад байхад энэ явдал нөхрөө хэн нэгний буюу ихэвчлэн дотно найзуудынхаа нөхөртэй, эхнэрээ түүний найз хүүхнүүдтэй эсвэл найзынхаа гэргийтэй жишиж харьцуулснаас болдог бололтой.

Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдгийг мартчихдаг. Өөрөөр хэлбэл хүн бүхэн хоорондоо адилгүй. Хувь хүн бүр өөр. Гадаад байдал, ертөнцийг үзэх үзэл, бодол санаа, өссөн орчин, хүмүүжил, боловсрол, хобби, авъяас, зан чанар, амьдралд хандах хандлага, зорилго, ажил төрөл гээд та цааш нь гүйцээн дурьдаад үз. Би "Туслахыг минь зөвшөөрөөч" номондоо энэ талаар цухас дурьдсан байгаа ч бид бүхэн энэхүү "өөр" байдлыг өдөр тутам санах хэрэгтэй юм шиг санагдсан тул дахин энэ талаар бичих нь зүйтэй гэж бодлоо.

Би ч өөрийнхөө өдөр тутмын амьдралд хүн бүхэн надаас өөр, найз бүхэн маань хоорондоо адилгүй (зүс царайгаар биш шүү), нөхөр маань бусдын нөхрөөс өөр гэдгийг санахгүй бол заримдаа мартчих үе байдаг.

"Өөр" байдлыг мартсаны улмаас хэн нэгнийг буруу ойлгох, хэн нэгэнд гомдох, хэн нэгнийг өөлөх, хэн нэгнийг "муулах" асуудал үүснэ. Учир нь би тухай хүнийг заавал өөртэйгээ адилхан байх ёстой гэдэг бодол автоматаар бууж аливаа зүйлийг өөрөө урьдчилан тооцоолон бодно. Гэтэл мэдээж нөгөө хүн надаас өөр хүн учраас миний бодсоноос өөрөөр хандана. Ингээд би дотроо тооцоолсон хариу үйлдэл, үгээ аваагүй учраас тухайн хүнийг буруугаар ойлгож, дэмий зүйл бодож эхэлнэ. Зарим нэг зүйл дээр мэдээж санал нийлэх үе байдаг ч нэгэнт л өөр хүмүүс хойно санал зөрөлдөх үе гарна. 

Үүнтэй ижил бид нөхрөө бусдын нөхрөөс өөр хүн гэдгийг мартан нөхөр л бол нөхөр гэдэг утгаар хандаж асуудал үүсгэдэг.

Жишээ нь манай нөхөр цахим ертөнцөөс юм худалдаж авахдаа гарамгай хэрнээ ямар нэгэн зүйл зарахдаа маруухан буюу шударга хэлвэл зарах авъяасгүй. Харин манай найзын нөхөр юухныг ч мөнгө болгож чаддаг ёстой л суусан газраасаа шороо атгадаг авхаалжтай залуу. Би эхэндээ нөхрөө найзынхаа нөхөртэй жиших үе гардаг байлаа. Яваандаа би алдаагаа ухаарч нэгэнт л "зарах авъяасгүй" нөхрөө өөрчилж чадахгүйгээ ойлгосон тул хэн нэгэнтэй харьцуулан бодохоо зогсоосон билээ. 

Нөхрөө бусдаас өөр гэдгийг ойгосон хэрнээ заримдаа би найзуудаа надаас өөр, тэд хоорондоо ч өөр гэдгийг өөртөө дахин сануулах үе гардаг. Та нар ч гэсэн намайг өөр гэдгийг санаж, сонсохыг хүссэн үг, үйлдэлээ надаас аваагүй бол гомдох хэрэггүй. Бид бүгд өөр. 

No comments:

Post a Comment