Tuesday, April 21, 2015

P.S: I love you буюу амьддаа бие биенээ хайрлаж л явахсан даа

Ханилсанаасаа хойш өвдөж, хамгийн их эмч эмнэлгээр явсан нь би. Тухайн үед нөхөр минь ханиад хүрсэн ч мэдэгдэхгүйг хичээж, хаана ч өвдсөн хэлдэггүй байсан биз ээ. Би л ганцаараа өвдөх "эрхтэй" мэт байдал сүүлийн хэдэн жил үргэлжилжээ. 

Хэдэн өдөр шургуу үглэсэний хүчээр энэ долоо хоногт нөхөр маань эмчдээ үзүүлэв. Учир битүүлэг толгойны өвдөлт улам эрчээ авч надаас нуухад амаргүй болсон юм. Миний толгой өвдсөн тухай уншсан хүмүүс бол санаж байгаа байх. Түүнээс хойш толгой өвдөхөөс ухаангүй айдаг болсон билээ... Хүн ер нь аливаа зүйлийг өөрөө туулж байж л ойлгодог юм шиг. 

Нөхрийн маань толгойг гүнзгийрүүлэн шинжлэх шаардлагатай гэж эмч хэлжээ. Нүд, ажлын ачаалал, хүзүү гээд юунаас ч болж байна мэднэ гэсэн таамаглал дотроос "тархины хавдар ч байж магадгүй" гэж хэлсэн нь мөстэй хүйтэн ус санамсаргүй байхад толгой дээр асгасантай адил мэт цочоолоо. 

Нөхөр минь яана даа гэхийн оронд охин бид хоёр яадаг билээ гэж бодогдоод хаана ч юу ч хийсэн ухаан санаа төвлөрч өгсөнгүй. Дээрээс нь манай нөхөр тоглоом шоглоом хийх аядаж "2 долоо хоног амьдрах хугацаа байна гэж кинон дээр гардаг шиг хэлвэл яах уу" гэж намайг нус нулимастай минь хольж орхив. 

Нэг юм болохоор нөгөө зүйл болохоо больдог яамаар ч хорвоо вэ? 

Ханийгаа гомдоох үг, үйлдэл дахиж хийхгүй дээ гэж бодсон хэрнээ битгийн муу ёрын юм яриад бай гэж загнаад л явуулчилхаа. Араас нь очиж аргадах минь. 

Бид хоёр жаахан түр тар хийж, санал зөрсөн ч заавал эвлэрч байж унтах хуультай. 

Ер нь хэн нэгэн хүнд сайн сайхан үг хэлж яриагаа төгсгөж байхгүй бол тэр хүнтэй дахиад хэзээ ч уулзахгүй юм билүү хэн мэдлээ. 

Дашбалбар агсаны хэлсэнээр "амьддаа бие биеэ хайрла" -ж л явахсан даа.

Тэгсэн цагт бүх юм сайхан болно оо, тийм биз дээ? 


Saturday, April 18, 2015

Уруул дордойвч элэг дордойхгүй - харин найзтайгаа эргэж хэрхэн хэвэндээ орох вэ?

Цусан, ясан холбоотой хүмүүстэйгээ муудаад сайдах амархан. Яг л нөгөө уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг шиг. Хичнээн гомдох үг хэллээ ч ор тас мартчихсан байдаг. Харин сайн найзтайгаа хэлэх ёсгүй үг хэлэлцэж бие биенээ гомдоовол яах вэ? 

Миний өгөх хариулт: ах дүү шиг бололцсон дотны сайн найздаа гомдох муухай үгийг хэзээ ч бүү хэл. Хуучин уншигч нар маань санаж байгаа байх. Би 12 жил үерхэж, дассан хамгаас сайн найзтайгаа анх удаа муудсан даа? Би блогоороо хүртэл дамжуулж уучлалт гуйсан. 

Түүнээс хойш бараг жил өнгөрлөө. Бид хоёр эвлэрсэн ч харилцаа маань бизнес хамтын ажиллагаанаас цаашилж өгөхгүй намайг зовоож байна. Хуучны харилцаандаа дөхөж очихгүй алсуур, дипломат харилцаа төдийхөн үргэлжлээд байх шиг. 

Өдөр сар өнгөрөх тусам би хэлсэн үгэндээ харамсаж, өөрийн зохиосон бодолдоо хэт хөтлөгдөж, хэнээр ч орлуулашгүй найзыгаа хэтэрхий гомдоосондоо шаналсаар... Хүсэхэд хясна гэгчээр хоёулаа энэ жил дэндүү завгүй байж таардаг...

Ховор олдох, жинхэнэ сайн найзтайгаа муудалцаж болно харин хурц үг битгий хэлээрэй. Үг хамгийн хүчтэй зэвсэг. 

Амаар хэлсэн үгээр алсан харилцаагаа аврахын тулд бичгэн үгээр дахин уучлалт гуйя. 

Алдааг минь мартах арга байна уу?, дахиад хичээгээд үзье? 


Станфордоос бусдаар бол хэний ч ард орохгүй л гэнэ шүү буюу боксоор хичээллэнэ ээ

Ажил дээр заримдаа Коннор  бид хоёр уулзалтын өрөө захиалан сууж чимээгүй орчинд ажиллах үе бий.  Коннор Шопенийг сонсож би Эминимийг ACDC-тэй ээлжлүүлэн сонсоно. Намайг зарчимч хэрнээ Эминэмийг сонсох дуртай гэхээр гайхаж ACDC -д нугасгүйг мэдээд Коннорын нүд орой дээрээ гарах шахсан гэдэг. 

Коннор: Шопеноос дуртай аялгуу бий юу? 
Би: Сонгодог хөгжим хааяа сонсох нь ч сонсоно оо. Гэхдээ яг тэрний тэр гэж нэрлэж мэдэхгүй ээ. Сарны Сонат-ыг Моцартынх гэж мэднэ. Гэж хэлсэнээ арай Сарны Сонат нь Моцартынх биш байж онигоонд орох вий дээ гэж багахан зэрэг сандраад авав. 

Коннор Иллиноис мужид төрж өссөн, жилийн өмнө ихийг хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөн Силикон Валлийг зорьж ирэн хэсэг хүмүүсийн хамт шинэ санаагаа том бүтээл болгохоор зүтгэж яваа дөнгөж 21 настай залуу билээ. Мэдээж аливааг эхлэхэд хөрөнгө мөнгөний бэрхшээл бий тул бүх зүйл хөл дээрээ тогттол нэмэлт орлоготой байхын зэрэгцээ шинэ зүйл сурахаар намайг ажиллаж эхэлсэнээс сарын дараа манай багт нэгдсэн юм. 

Надад байхгүй сэтгэлгээ нь хэрэг болдог ба их өвөрмөц нэгэн шиг санагддаг. 

Бид хоёр хэнээс ч дутахгүй гэдэг зангаараа хамгийн их нийлдэг шиг байгаа юм. Даниел бол арай өөр. Өөрийгөө царайлагт тооцдог. Бас гэрээний ажилтан хийж байгаадаа дурамжхан. Хумсаа чамласан хүүхэд шиг зан гаргах нь заримдаа яршигтай ч Коннор бид хоёр , хоёр талаас нь дэмжээд сэргээчихнэ. Даниел аялалаар явахынхаа өмнө 6 оронтой тоотой цалинтай байсан даг аа.  Эсвэл  Коннорын хэлсэнээр дээд ангилалын чинээлэг айлаас гаралтай болохоор амьдралд тохиолдох жижиг зүйлд амархан сөхөрч, санаагаар унадаг нэгэн байж ч мэднэ. Гэхдээ түүний эксел, тооны талын чадварыг манай 4 дотор гүйцэх хүн байхгүй. 

Эхний дарга маань өвдөөд түр зуур чөлөө авсаныг санаж байна уу? Одоо манай багийг ахалж байгаа дарга өнөөдөр Энэтхэг рүү ажлаар ниссэн. Манай компани Америк, Англи, Энэтхэгт салбартай юм билээ. Тэгээд явсан хойгуураа намайг ерөнхийдөө багаа тэргүүлж хамгийн гол нь асуудал гарвал надруу эхлээд очоорой гэж нөгөө гуравт чинь хэлсэн байна. Алдаа гаргахгүй шиг багаа аятайхан аваад сууж байх юмсан. 

Ажлын хажуугаар ёганы багш намайг ангидаа гайгүй хоёрын нэгэнд орно гэж магтав. Тэр ч намайг нэг их онгируулсангүй. Ёгагаар тууштай хэдэн жил хичээллэсэнийх тэр зэрэг байлгүй яахав гэж бодоод өнгөрөв. 

Гэтэл өнгөрсөн Пүрэв гарагт бүжгийн хичээл дээр Чарлестон зааж, би ёстой үзүүлээд өгөв. Манай ажлынхны эрүү нь унжиж, нүд нь бүлтийв.

Санхүүгийн хэлтэсийн Лоан эгч "чамд чадахгүй зүйл бий юу? зүгээр чадах биш сайн чадах юм" гэж миний цөсийг хөөрүүлж орхив. Санхүүгийн хэлтэст 3 ази эгч ажилдаг ба бүгд над шиг хоёрдугаар англи хэлтэй хүмүүс. Намайг бас тэрүүхэндээ "энхрийлж" дэм өгнө. 

Би ажлаа ямар хийж байгаа нь тодорхой. Ширээний теннисээр Коннор, Дан хоёрт хааяа хожигдох ч Филийг бол урдуураа нэг ч гишгүүлээгүй нь үнэн. Биллиард чиг тэнцүүхэн цохино, бүжиг танц ч эргэнэ, ёга ч хийнэ, ер нь яадгийн дараагийн долоо хоногт Даваа гарагийн боксын хичээлд нь сууна аа.