Saturday, April 18, 2015

Уруул дордойвч элэг дордойхгүй - харин найзтайгаа эргэж хэрхэн хэвэндээ орох вэ?

Цусан, ясан холбоотой хүмүүстэйгээ муудаад сайдах амархан. Яг л нөгөө уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг шиг. Хичнээн гомдох үг хэллээ ч ор тас мартчихсан байдаг. Харин сайн найзтайгаа хэлэх ёсгүй үг хэлэлцэж бие биенээ гомдоовол яах вэ? 

Миний өгөх хариулт: ах дүү шиг бололцсон дотны сайн найздаа гомдох муухай үгийг хэзээ ч бүү хэл. Хуучин уншигч нар маань санаж байгаа байх. Би 12 жил үерхэж, дассан хамгаас сайн найзтайгаа анх удаа муудсан даа? Би блогоороо хүртэл дамжуулж уучлалт гуйсан. 

Түүнээс хойш бараг жил өнгөрлөө. Бид хоёр эвлэрсэн ч харилцаа маань бизнес хамтын ажиллагаанаас цаашилж өгөхгүй намайг зовоож байна. Хуучны харилцаандаа дөхөж очихгүй алсуур, дипломат харилцаа төдийхөн үргэлжлээд байх шиг. 

Өдөр сар өнгөрөх тусам би хэлсэн үгэндээ харамсаж, өөрийн зохиосон бодолдоо хэт хөтлөгдөж, хэнээр ч орлуулашгүй найзыгаа хэтэрхий гомдоосондоо шаналсаар... Хүсэхэд хясна гэгчээр хоёулаа энэ жил дэндүү завгүй байж таардаг...

Ховор олдох, жинхэнэ сайн найзтайгаа муудалцаж болно харин хурц үг битгий хэлээрэй. Үг хамгийн хүчтэй зэвсэг. 

Амаар хэлсэн үгээр алсан харилцаагаа аврахын тулд бичгэн үгээр дахин уучлалт гуйя. 

Алдааг минь мартах арга байна уу?, дахиад хичээгээд үзье? 


1 comment: