Sunday, May 31, 2015

Номныхоо ачаар багын найзаа олсон нь буюу цаана нь гүн утга бий

Жинхэнэ өвөр түрийдээ орж, өсвөр насаа өнгөрөөсөн багын найз охиноо олоод хичнээн баярласан гээч. 

Хэдэн хаалгана наана цаана амьдарч худгаас ус авалцаж, цасаар байлдаж, эмээгийнх нь амттай хоолноос хуваалцан, охин насны нууцаа сэмхэн дэлгэдэг байсан найзыг минь Оюунтогоо гэдэг. 

Шулуун шударга бас цоглог зан, чанга инээдээрээ адилхан бид хоёр олон жил сайхан үерхээд нэг л мэдэхэд сураг алдарч орхисон хэдий ч найзыгаа олох сэтгэл хэзээ ч арилаагүй. 

Хэдэн сарын өмнө харин найз маань намайг олж мессеж илгээв. Сайн хүнтэй ханилж, хоёр хөөрхөн охины ээж болжээ. Намайг олсон түүх нь маш хөгжилтэй. 

Хадам ээж нь миний номыг худалдаж аваад найзын том охинд бэлэглэжээ. Тэгсэн нөгөө багын найз нь номны хавтсан дээр байсан гэдэг. 

Би огт танихгүй найзын хадам ээжид баярлаж, түүнээр бахархах сэтгэл төрсөөр. 

Өсвөр насанд алхан орж буй ач охиндоо "Туслахыг минь зөвшөөрөөч" номыг авч өгнө гэдэг дэвшил. Ном бичсэний хэрэг бүтлээ гэж санаа минь бүрэн амрав. 

Дээрээс нь насан багын үнэнч найзаа олсон нь бонус байлаа. 

Saturday, May 30, 2015

Хүнээс тусламж авах болохоорооо холбоо барьдагаа болъё оо буюу цэргийн дарга ч байна уу? цэвэрлэгч ч байна уу? ижилхэн ханд

Хэзээнээс л энэ сэдвээр бичихийг бодсоор байсан боловч хувьсгалын тохироо бүрдэхгүй байж байтал дөнгөж сая ийм явдал болсон тул зориуд зав гарган бичих гэж буй нь энэ. 

Ээж минь надад үргэлж хүнтэй эвтэй яв, хэн нэгэнтэй зөвхөн өөрийнхөө хэрэг болсон үед хандах муухай байдаг юм шүү, үргэлж холбогдоод байхгүй ч үе үе ч болохноо мэндийн зөрөөтэй яв гэж захидаг юм. 

Цэвэрлэгч ч байна уу? Цэргийн дарга ч байна уу? адилхан мэндэлж, ижилхэн хандахыг сургасан гэр бүлд хүмүүжсэн болохоор би, охиноо ч тийм л хүн болоосой гэж хүсдэг. 

Зөвхөн том, жижиг хэргээ бүтээх гэж биш зүгээр л сэтгэлээсээ хааяа ч болов "сайн байна уу?" гэж мэндэлдэг бол хорвоо дэлхийг өөрийнхөө хэмжээнд чимчихэж байгаатай адил. Өөртөө дүгнэлт хийгээд бодоод үзээрэй. 

Манай ажлын Рамон гэж ээжийн минь үеийн Мексик хүн бий. Баярлалаа, сайн уу-гаас өөр англи хэл байхгүй тэрээр аяга таваг цэвэрлэж, хогийн сав султгана. 

Би компанийг үүсгэн байгуулагч Ашу, Рамон хоёртой яг л ижилхэн мэндэлж, адилхан ханддаг. Онгирч байгаа ч юм биш манай нөгөө гурав (Филипп, Коннор, Дан) надаас суралцаж, Рамоныг тоож мэндэлдэг болсон байна лээ. 

Хүнээрээ байх гэсэн хүсэл минь багахан ч гэсэн ажиллаж байгаад баярлаж л явна. 

Sunday, May 24, 2015

Атаархах нь хаашаа юм хүсэл ихээр төрлөө гэх үү дээ

Дурсамжийн баярын өдрийн улмаас урт амралтын өдөр таарсан долоо хоног болж байгаа билээ. Үүний ачаар Голден Гейт гүүрнээс цааш амьдардаг найзындаа зочлоод ирэв. 

Тэднийх 4 нас өнгөрч яваа нэг хүүтэй. Манай нөхрийн  цөөн хэдэн найзын нэг Коте хэмээх залуу. 

Коте, Шваб хэмээх томоохон банкинд төслийн менежер хийгээд маш олон жил болж байгаа ба эхнэр нь хүүхэдтэй болсоноос хойш гэртээ сууж байгаад саяханаас ажиллаж эхэлсэн юм. Хэдийгээр цаг гарангийн зайтай газар амьдардагч тус бүрийн ажил амьдралтай хүмүүс тул бид тэр бүр уулзаад байхгүй. Коте, манай нөхөр хоёр спортын тэмцээнд хааяа хамт явдаг тул Адри бид хоёроос арай олон уулзана. Гэхдээ Адритай мессеж үргэлж нисгэх тул ямар ч байсан огт уулзаагүйгээс дээр. 

Ерөнхийдөө бидний амьдралд төстэй, нийтлэг зүйл олон тул бусад найз нараас арай илүү дотно. 

Харин тэднийх Сан Рафаель хэмээх үзэсгэлэнт байгальтай хотод байшин худалдаж авсанаараа арай өөр. 

Коте усан онгоцны зогсоол хүртэл дугуйгаар явна. Өдөр бүр усан онгоцоор аялж ажилдаа явах түүнд атаархахгүй байхын аргагүй. Аялал жуулчид л усан онгоцоор аялж Сан Францискогийн үзэсгэлэнт бахддаг бус уу. Тиймээс, угийн Санд хайртай надад атаархах сэтгэл төрөх нь аргагүй биз дээ. 

Байшинтай айлын хувийн тоглоомын талбайд ухаангүй тоглох үрээ хараад өөрийн эрхгүй хурдхан шиг байшин авч охиноо тоглуулах хувийн талбайтай болохсон гэдэг хүсэл хэдэн цаг оволзсоноо нуугаад ч яах билээ. 


Манай амьдардаг хотод үл хөдлөх хөрөнгө нэлээд өндөр үнэтэй. Байшингууд сая доллараас эхэлнэ. 


Би бодож байна. Хүүхэд хэрүүл хараал, зодоон цохион, аливаа хүчирхийлэлгүй л бол том байшинд хувийн тоглоомын талбайтай өснө үү ? нийтийн байранд олонтой тоглоомын талбай хуваалцаж амьдарна уу ? ялгаагүй биз дээ? 

Очоод тоглох, хувийн байшинтай найзтай байгаа нь харин сайхан хэрэг биш үү? 

Маргааш баярын амралттай өдөр ч гэлээ би гэрээсээ хэдэн цаг ажиллана. Цаанаа бас учиртай...Цаг нь болохоор бүтэж л таараа.