Monday, September 4, 2017

Соёлын ялгаа буюу "тэврэгсэд"- фельетон

Монголд очиж найзуудын нөхрүүдийг нам тэвэрч байгаад ирсэнээ гэнэт сая л ухаарч өөрийгөө шоолон баахан жуумалзав. За ямар ганц нөхрийг нь тэвэрсэн биш өөрсдийг нь чиг л бас татаж байгаад л тас тас тэврээд ирсэн ... ойлгох байгаа ч гэж бодох шиг ...

Өөрөө ухаарсан ч хэрэг бас биш ээ. Хэд хоногийн өмнө өөр мужид байдаг монгол найз охинтойгоо хорвоогийн элдэв сониныг хамж шимж ярьж байгаад л тэврэлтийн тухай сэдэв рүү орчихсон юм. Тэгээд л би гэнэт баахан хүн тэвэрч байгаад ирсэнээ бодохгүй юу.

Энд hug буюу тэврэлт нь дотно сайхан, муу зүйл санаагүйн илрэл болсон мэндчилгээ. Уулзалгүй удсан бол манайхны золгохтой тэнцэнэ, донто хүмүүсийн хооронд бол гар барихтай адил мэндчилгээ л гэсэн үг. 

Гэхдээ мэдээж сайн мэдэхгүй, дөнгөж таарсан хүмүүст тэврэлт өгөөд явна гэж юу байх вэ?Тэврэхдээ бас учиргүй эхнэр нөхөр тэврэлдэж байгаа мэт тэврэлдэх ч бас биш л дээ. 

Тэврэлт бас олон янз байна аа. Side hug буюу хажуугаараа тэврэх, group hug буюу олноороо тэврэлдэх, өрөвдсөн тэврэлт, баяр хүргэсэн тэврэлт гэх мэт. 


За тэгээд дараа очоод нөхөр бид хоёр чамайг тэврэх гээд дайраад байвал ямартай ч дотно хүний тоонд ордог юм байна гэж ойлгоорой дээрээс нь соёлын ялгаа-сайхан гар барьчихъя аа гээд бушуухан хэлээрэй. 

Sunday, June 25, 2017

Харих зуур буюу гадаад нөхөртэйн сөрөг талын үргэлжлэл

Харилаа.

Хамгийн түрүүнд төрдөг бодол "хэрхэн буцна даа". Хариа ч үгүй хэрнээ эргээд ирнэ гэхээр сэтгэл өмрөөд яваагүй нь дээр санагддаг.

Санаагүй, үгүйлээгүй мэт, хэнэггүй "гадаад зан" гаднаа гаргавч дотроо зүрх минь шимширч, элэг минь эмтрэн эхэр татан уйлмаар.... Үүнийг нутгаасаа, аав ээж, ах эгч, дүү, багын найз нараасаа олон жил хол амьдрагсад л мэдрэх мэдрэмж.  Түүнийгээ бид хэрхэн илэрхийлэхээ бас хэлж мэдэхгүй төсөөрөн өөрчлөгдсөнийг минь ойлгож уучлаарай.

Юугаар бид энд дутдаг вэ? Өөрсдийн хүнээр. Тэмдэглэлт гэр бүлийн өдрүүдээр...

Ах минь хүүхэдтэй болж гэнэ, эгчийн минь төрсөн өдрүүд, ээж минь алжаалаа гэнэ, найз минь гавъяат болж, тэр минь өвдөж, энэ минь шагнуулж...

Биеэрээ хуваалцаж чадаагүй амьдралын дурсгалт мөчүүдийг санадаг. Цаг товлож, төлөвлөлгүй ороод гарах айлаар дутдаг. Уран үгсээр хэл гацах асуудалгүй эх хэл-монгол хэлээ үгүйлдэг.

Програмчлагдсан амьдралдаа дасаж, соёл болоод зан минь өөрчлөгдсөн бол уучлаарай.

Миний энэхүү дотоод мэдрэмжийг насны хань минь ч бүрэн дүүрэн ойлгохгүй, зулай зулайгаа гишгэн төрсөн ах эгч минь ч тайлшгүй.  Голыг нь олоод онож тайлбарлах миний чадвар ч хүрэхгүй. Болдогсон бол сэтгэлийн хаалгаа нээгээд бүгдийн тань нэг шагайлгахсан.

Хоёр соёлын дунд хавчигдсан халиуны бяцхан зулзага юм уу?

Эсвэл амьдралын төөргөөр хатуужиж сэтгэлийн хат суусан үнэн зоригт, үхэшгүй мөнхийн хүчтэй (Strong) Монгол бүсгүйчүүд үү бид?  

Saturday, April 22, 2017

Америкийг нуруундаа үүрч яваа өвгөн бид хоёр - фельетон

Заримдаа энд "харлачихсан"байсан ч болоосой гэж бодогддог юм. Үнэгүй эмнэлэгт хамрагдаж, улсын хангамжаар зардал багатай амьдарна. Эсвэл бичиг баримттай ч орлого доогуурт тооцогддог болоосой гэж "мөрөөдөх" үе бас гарна аа.

Шударга, чин шударга оюуны хөдөлмөрөөрөө хүний компанид зүтгэж, өндөр такс цалингаасаа төлж, нэг ёсондоо америкийг нуруундаа үүрч яваа дундаж амьдралтай би, бид хэд заримдаа хөөрхий.

Дээшээ гарч бизнес хийх гэхээр хөрөнгө бөгөөд төрөлх авхаалж дутаастай. Доошоо орж нийгмийн халамжинд хамрагдана гэхээр улс орноо хуурах сүйхээгүй үнэнч ажиллахаас өөрийг мэдэхгүй улс.

Тэгсэн ч би өөрийгөө баян хүн гэж тооцдог. Хадгаламжаараа баян биш ч амьдралын хэв маягаараа баян. Хэтэвчээрээ зузаан биш ч, сэтгэлээрээ зузаан.

Мань мэт шиг шударга, алтан дундаж "америкууд" байхгүй болчихвол гадаад дотоодын харласан болоод орлого доогуур хүмүүсийг улс хэрхэн тэжээх вэ? Төлсөн татвараас маань тэднийг тэжээдэг юм ш дээ. Тийм болохоор би баян хүн гээд онгирчих уу?


төстэй бичлэг
төстэй бичлэг 2