Wednesday, December 31, 2014

Үнэт эдлэл үү, эрүүл хүнс үү

Манайх орлого багассан ч, ихэссэн ч эрүүл хүнс идэх зарчмыг баримтлах тохиролцоотой.  Сүүлийн нэг жил хоол хүнсээ цуглуулсан би заримдаа зарчмыг зөрчих удаа бишгүй гарсан билээ. Хэдэн сарын өмнө нөхөр бид хоёр "GMO OMG" нэртэй баримтат кино үзсэнээр би гэр бүлийнхээ чухал зарчмыг зөрчиж байснаа ой тойндоо ортол ухаарав. 

GMO буюу Genetically Modified Organism. 

Ургамал ногооны шавьж хорхой устгадаг хортой харьцуулшгүй аюултай технологи ажээ. 

Хар ухаандаа химийн бодисгүй органик хүнс сайн л гэж бодож явсанаас чухам GMO -гийн учрыг "дээд боловсролтой" би ухаж ойлгоогүй явсан гэхэд итгэмээргүй. 

Үнэтэй тавилга, хувцас худалдаж авахаасаа өмнө тав арван долларын зөрүү харалгүй эрүүл хүнс байнга хэрэглэх зорилтыг ирж буй шинэ ондоо тавьж байна. 

Биендээ юу өмсөж зүүхдээ зовдог хэрнээ биен дотроо юу орж буйг бодохгүйгээр хэрхэн амьдрах билээ. 

Thursday, December 11, 2014

Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй гэдэг дээ

Цаг нь болохоор аяндаа бүтнэ ээ гэж ээж минь хэзээнээс хэлсээр ирсэн боловч би их яаруу сандруу, бачим хүн. Нэг үгээр хэлвэл тэвчээргүй хүн.

Тэвчээргүй гэхээр хүний хүнд битгий хэлээрэй гэснийг хэн хүнд хэлээд явдаг моральгүй /moral, ёс суртахуунгүй/ хүн бас биш л дээ.

Хамгийн анхны дурсамжаасаа сөхвөл хөгжилтэй зүйл олон бий. Сургуульд орох нас болоогүй байхад сургуульд явах гэж уйлна, өвлийн өвгөн ааваас түрүүлж бэлэг авсангүй хүлээлээ гэж гомдоллоно. 

Эгчийгээ Москвагаас ирэх өдрийг тэсэн ядан хүлээн гонгинох намайг дуугүй болгох гэж ээж надад уньнаас цагаан тууз уяж өгөөд тэндээсээ тоолж эгчийн ирэх өдөр тохиох унинд цэнхэр тууз зүүнэ. Өдөр бүр эгээ хэзээ ирэх вэ гэж гоншигнохын оронд би өглөө сэрэх бүртээ нэг унь ахиулан цагаан туузаа уяна. Нэг л мэдэхэд хоёр тууз давхцаж, баярт өдөр ирсэн байдагсан.

Хорь, гучин жил өнгөрсөн ч аливаад яарсан, тэмүүлсэн хэвээрээ л байлаа. Заримдаа төлөвлөсөн, мөрөөдсөн бүхэн миний зүгээс тогтоосон хугацаанд биелэхгүй бол гутрах, хор шар хөдлөх ч үе байдаг байлаа. 

Цаг нь болохоор болно доо гэж өөрөө хичээхгүй суух нь буруу. Цаг нь болоогүй зүйлийн төлөө шаналж, хэт их тэмүүлэх ч буруу ажээ. 

Муу муухай зүйл багахан хийж, хүн амьтныг цөөхөн гомдоож, сайн зүйл бодож явбал нэг л өдөр хүссэн, мөрөөдсөн зүйлийн тань ЦАГ ирэх болно. Харин тухайн цаг ирэхэд өөрийгөө бэлдсэн байвал бүх зүйл аяндаа сайхан бүтдэг бололтой. 

Үнэнч дурлал хүрээд ирэхэд зөв таньж, хайрлах сэтгэлтэй, анхны үр чинь уйлаад төрөхөд тосоод авах бэлтгэлтэй, хүссэн ажлаас санал тавихад хийгээд өгөх мэдлэгтэй гэх мэт... Монголчууд бидний хэлдгээр саалиа бэлдэхээр саваа бэлдсэн байвал болоод явчих нь тэр. 

Хэзээ би гэр бүлтэй болох вэ, хэзээ би гадаадад сурах вэ, хэзээ би дарга болох вэ, хэзээ би байшинтай болох вэ, хэзээ би баян болох вэ, хэзээ би дэлхийг тойрох вэ гэх зэргээр хэзээ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэлгүй тэдгээрт хүрэхийн тулд одоо би юу хийж байх ёстой вэ гэдэгт хүчээ хандуулж чадвал цаг нь дэс дараагаараа ирдэг юм уу даа. 

Өөрөөр хэлбэл өчигдөртөө биш, маргаашт бас биш өнөөдөртөө л амьдарч сурах нь жинхэнэ сайхан амьдрал бололтой.  



Tuesday, December 2, 2014

"Гэртээ суудаг ээж буюу миний шинэ мэргэжил"-ийн үргэлжлэл "Өөртөө баяр хүргэнэ ээ"

Бороотой өдрүүд эхэлж цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайгаар явах ажил багасав. Номын сан, дотор байдаг тоглоомын газруудаар хэсэг зугаалж гэртээ суудаг аавуудтай найзаллаа. Ээжүүдийг бодвол тэд их шударга юм. "Өө, манай эхнэр гэртээ 3 сараас дээш сууж чадахгүй, уйдаад байна гээд ажилдаа орсон. Нээрээ хүүхэд харах ажил хэцүү юм гээч" гэж ирээд л сайхан илэн далангүй ярьж хөөрөх нь хөгжилтэй. 

Монголд олгогддог 2 жилийн хугацаатай харьцуулахад энэ улсад жирэмсний амралт тун богино. Байгалийн замаар төрвөл 6 долоо хоног, хагалгаагаар төрвөл 8 долоо хоногийн дараа ажилдаа орохгүй бол хуулийн дагуу ажлын байр нь байхгүй болдог. Дээрээс нь нялх хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг гэж улсаас 6 долоо хоног өгнө. Ингээд бодохоор дээд тал нь 3,5 сарын дараа ажилдаа орохгүй бол дуусаа. 

Хүүхдээ хоёр нас хүртэл харна гэдэгтээ ямар ч байсан би хүрлээ. Үүнийг далимдуулан, хүүхдээ нэг нас, хоёр нас хүртэл өөр ажил хийлгүй зөвхөн "хүүхэд харах" ажил хийсэн ээж бас аавуудад баяр хүргэх гэсэн юм. Энэ бол хүнээс гарах том тэвчээр бөгөөд нөгөө манай "гялалзуур" найзын хэлсэнээр ирээдүйдээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

Ажил төрөлдөө шамдан амжиргаагаа амжуулж яваа эгчийн минь буруу ч гэж юу байхав. Гэхдээ энэ завшааныг ашиглаад хоёр хүүгээ бөмбийтөл дулаалан, хөөрхөн өсгөж буй нэгэн хүргэн ахдаа бас баяр хүргэе. Нас ойролцоо хоёрын хоёр бага насны хүүхдийг ганцаараа асран хүмүүжүүлэх аав байгааг бас магтахгүй өнгөрч болохгүй шүү. 

НүүрНомын Шерил Сандберг "хүүхэдтэй болсоны дараа над шиг л ажилтай биш бол ажилдаа эргэж орох нь утгагүй хэрэг" гэсэн маягтай үг хэлсэн байдаг.

Би ажилдаа богино хугацааны дараа эргэж орсон ажилтай ээжүүдийг буруутгаж байгаа хэрэг биш л дээ. 

Кареерь, ажил, нийгмийн амьдрал,  олох орлогоо орхигдуулан хүүхдээ нэгдүгээрт сонгосон над мэтийн хүмүүст урам өгч, үнэн үгийг бусдад хүргэх гэсэн юм. Өөрийн биеэр туулсан би тэднийгээ өмөөрч дуугарахгүй юм бол блогтой байсны хэрэг юусан билээ.

Сүүлийн өдрүүдэд хүүхдээ орхин яаж ажилд явна аа гэхтэй зэрэгцэн ажлын ярилцлагуудыг хэрхэн давна аа гэсэн түгшүүр бөмбөрдөнө. Гэсэн ч аливаа зүйлд цаг хугацаа гэж байдагт би итгэдэг. Миний "цалинтай ажил" эхлүүлэх хугацаа ирсэн бололтой. 




Saturday, November 29, 2014

Хүнд тусалсанаас илүү хүнээс тусламж авсан үеэ мэддэг явахсан буюу гэгээрсэн чамайгаа саналаа

Баярын улирал аль хэдийн эхэлчихжээ. Хүн бүхэн дор бүрнээ завгүй бороотой, манантай заримдаа зунтай андуурмаар нарлаг өдрүүд холилдон үргэлжилнэ. 

Түр амсхийгээд бодохнээ "гэгээрсэн ганц найз"- аа учиргүй их саначихжээ. Үзэл бодол ихээр нийлдэг учраас ч тэр үү, хувь тавилангаар учирсан болоод ч тэр үү,  үг сольж, амьдралын том төлөвлөгөөгөө хуваалцах амар бас амттай байдагт би найзыгаа "гэгээрсэн найз минь" хэмээдэг. 

Сүүлийн нэлээд олон сар бидний амьдралд ижил төсөөтэй зүйлүүд багассаны улмаас уулзах цаг зав ч аяндаа байхгүй болчихсон гэхэд хилсдэхгүй. 

Би бодлоо. Гэгээрсэн найз миний амьдралд маш олон удаа, үнэхээр хэрэгтэй үед, зөндөө их тус болж байжээ. 2002 оноос хойш нөхөрлөсөн гээд бодоход түүний надад хүргэсэн том жижиг тусыг тоочвол барагдахгүй, тоолвол гүйцэгдэх нь өнгөрсөн. 

Юутай ч гэсэн би түүний, таны, бусдын надад хүргэсэн тусыг санаж л явдаг шүү. Гэхдээ миний бас нэгэн муу зан бий. Хүнд тусалж байснаа ч мэддэг онцгүй зан. 

Өөртөө шинэ нэмэлт оруулахаар шийдлээ. Зөвхөн хүнээс авсан тусаа марталгүй харин бусдад тусалсанаа тархиныхаа ой санамжаас огт арчихаар өөрчиллөө. 


Saturday, November 22, 2014

Ховор олдох амралтын өдрөө хэнд зориулах вэ?

НүүрНомны груп буюу бүлгэмүүд их байдаг ажээ. Нэг ордонд төрсөн хүмүүсийн бүлгэм нэгдэн ууланд алхсан гэж найзаасаа сонслоо. Эрүүл мэнддээ анхаарах замаар чөлөөт цагаа зөв ашиглаж байгаа нь сайшаалтай. Ганц бие хүмүүст хоорондоо танилцах боломжийг олгосон давхар ашигтай. 

Өнгөрсөн зун Скандиневийн орнуудаар аялахаар эртнээс төлөвлөсөн байсан тул аавын талын ургийн наадамд оролцож чадаагүй билээ. Харин зураг, бичлэгийг нь үзэх үнэхээр сайхан байлаа. Харамсалтай нь миний хувьд танихгүй шахам, эсвэл олон жил уулзаагүй хүмүүс олон харагдана. 

Хол байгаа би ч дүүрсэн хэрэг гэж бодоход ойр байгаа залуу үеийн ах дүүс нэгнээ гудамжинд танихгүй зөрвөл муухай яа гэж бодлоо. 

Ялангуяа гэр бүлтэй хүмүүс элдэв янзын бүлгэмтэй цөөхөн олдох амралтын өдрөө өнгөрөөхийн оронд өөрийн гэр бүлтэйгээ, ахан дүүсээрээ бүлгэм байгуулж цагаа хамт өнгөрөөж байвал зүгээр юм уу гэдэг санаа төрсөнөө бас л хатуухан хэлж буй минь энэ. 

Эсвэл би гэр бүлдээ шуналтан дурласан хэт туйлшрагч уу? 

Tuesday, November 18, 2014

Баллуургүй ирдэг амьдралын үргэлжлэл буюу "Жижиг сөрөг зүйлийг үл тоож том эерэг зургийг харж амьдрахсан"

Учир мэдэхгүй балчир амьтны төрсөн өдрийг алгасах хэцүү, гэнэтхэн хагалгааны орон дээр хэвтсэн өндөр эмээ рүү сандран давхих амаргүй, амьдралын баяр болоод гуниг давхацсан өдрүүд байлаа. 

90 насны босгыг алхаж буй хадам эмээ минь азаар хагалгааг амжилттай давсан ч өнөө маргаашгүй муу мэдээ ирж ч мэдэх таашгүй өдрүүд үргэлжилнэ. 

Амьдрал гэгч том зурагны жижиг сажиг өөг харж шүүмжлэн суухаар зургийн сайхныг бүхэлд нь мэдрэн хайртай дотно хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх нь хичнээн чухлыг үе үе марталгүйгээр өдөр бүр өөртөө сануулахаар шийдлээ. 


Tuesday, November 11, 2014

"Дуунд нь биш хүнд нь дурлаж явлаа"-гийн үргэлжлэл буюу "Хүнд нь биш хэлэнд нь дурлаж явлаа"

Хүнтэй суухаасаа өмнө болж өгвөл хоёр ч муу залуутай эсвэл бүсгүйтэй болзох хэрэгтэй. Тэгсэний ачаар хожим таарсан сайн ханиа үнэлэх боломж гарна.

Оюутан цаг хэн бүхний хувьд дурсамжаар дүүрэн залуу насны омголон үе байдаг. Олон ч залуутай болзож, өөртөө дурлуулж, өөрөө ч шохоорхож явж дээ. Тэдний дундаас нэгнийг нь гэнэт саналаа. Учир нь тэрээр энгийн нэг үе тэнгийн залуу биш, миний багш байсан болохоор санаанд амархан орж ирсэн нь тэр биз. 

Тийм ээ, зөв сонслоо. Багш нарын маань нэг гэж. Их сургуулиа төгсөөд багшилж үлдсэн болохоор насаар надаас дөрөв тав ах байсан байх. 

Мөрөөдөмтгий, романтик, гал явсан би мэдээж авъяаслаг "нэгэн хэлний" багшдаа дурлахгүйгээр оюутан насыг хэрхэн өнгөрөөх билээ. Нэгэн хэлний гэж "дурлалт залуу" -гийн нэр хүндийг нууцлахгүй бол бид хоёрын марзан дурлалын түүхийг мэдэх мэр сэр хүмүүс Хүмүүнлэгт одоо ч  бий. 

Эргээд бодоход би хүнд нь биш хэлэнд нь дурлаж явжээ. Тухайн үед "тэр" хэлийг анх сурах гэж байсан болоод ч тэр үү, хэлийг мундаг эзэмшсэн залуу багш яалт ч үгүй миний сонирхол шохоорхолыг татсан нь үнэн. Бидний богинохон болзоо ихэнхдээ утасны хоёр үзүүрт өнгөрчээ. Монгол биш хэлээр утасны цаанаас болзоход хөгжилтэй бас авууштай байсан гээд хэлчихвэл хэн хэнийгээ ашигласан болохгүйд найдлаа. 

 Чухам би хэлэнд нь хамаг анхаарлаа төвлөрүүлсэнээс биш хүнд нь огт анхаарал тавиагүй гэнэн хонгор хорь ч хүрээгүй охин явжээ. Миний блогийг шимтэн уншдаг надаас дүү хэдэн хөөрхөн уншигч охид миний мэдэхээр Монгол, Туркт лав бий. Та нар минь над шиг алдаа гаргав. Юуг нь ч биш хэр хүн бэ гэдгийг нь л анхаарч сонирхохоо мартав. 

Дээр хэлсэнчлэн, ганц нэг муу залуу эсвэл бүсгүйтэй таарахад гэмгүй. Дараа нь жинхэнэ сайн хүнтэй таараад ялгаж салган, жишиж ойлгох сэтгэлийн чинь мэлмий нээгддэг юм билээ. Үүгээр далимдуулаад урьд өмнө нь болзож байсан, миний мартсан бүх эрчүүдэд баярлалаа гэж хэлье. Та нартай уулзаагүй, болзоогүй бас та нараас хагацаагүй байсан бол би өнөөдөр сайн ханиа таниа ч уу үгүй ч юу. 

Monday, November 3, 2014

Яагаад "гахай" гэсэн бичигтэй хувцаснууд өмсөөд байгаа юм бэ?

Манай ээж шинэ юм сурахдаа хэзээний их хурдан хүн. Ерээд оны эхээр монгол бичиг моданд ороход ээж зурагтаар Чоймаа багшийн хичээлийг үзэж, өөрөө шамдсаар нэг их удалгүй маш сайн сурч байсан юмдаг. 

Ээж , "Миний охины хувцаснууд яагаад гахай гэсэн бичигтэй байгаан? Брендийн нэр юм уу" гэж асуун намайг зөндөө инээлгэв. Pink, pig хоёрыг эндүүрсэн нь тэр ажээ. Тэгсэн бас үргэлжлүүлэн "яагаад зарим ягаан  биш өнгөтэй юман дээр pink гэж байгаан?" гэж асуух нь тэр. 

Би ээжид "та бид хоёрын нас солигдсон байх аа" хэмээж өөрийг нь зөрүүлэн инээлгэв. Ээжийг даараагүй байхад миний өвдөг аль хэдийн хөрчихсөн байна. Ээжийг ядраагүй байхад би сандал таарвал бушуухан суух гэж зүтгэнэ, ээжээс илүү олон удаа эмчид очиж, эм ууна. 

Гарын хуруунаас олон хүүхэд, ач, зээг хэрхэн түүртэхгүйн дээр цөөхөн өвдүүлж, цовоо сэргэлэн бас ухаалаг өсгөдөг байна аа гэж бишрэхгүй байхын аргагүй. 

Зах зээлийн хатуу шуурганаар ханиа алдаж, талаас илүү нь насанд хүрээгүй дэрсхэн хүүхдүүдээ хүнээс дутуугүй яаж өсгөө вэ гэж ээжийгээ өрөвдөх, ээжээрээ бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж сууна. 

Ээж маань дал гарчихсан буянтай буурай. Одоо энд томчуудын оройн сургуульд явж англи хэлийг сурна аа гээд л цагаан уут мөрлөөд гарлаа... 

Saturday, November 1, 2014

Болзоо бороо хоёр

Бороо орохтой зэрэгцээд болзож өгч байна даа сүүлийн хэд хоног. Өмнө нь энгийн магадгүй бүр уйтгартайд ордог байсан кинонд явах, гадуур хооллох, хоёулахнаа алхах, найз нөхдийнд зочлох гэх мэт явдлууд энэ өдрүүдэд амтат болзоо болон хувирчээ. Аялалаар хаа нэг тийшээ явж, 5 одтой Франц ресторанд хооллоогүй л бол болзоонд тоож тооцдоггүй байсан бол өнөөдөр хоёулаа өнгөрөөсөн мөч бүхэн үнэтэй болсон нь гайхалтай. 

Нөхөр маань 7 жилийн өмнө анх болзохдоо догдолж байсантай адил мэдрэмж сүүлийн үед төрөх боллоо гэж надад хэлэв. Дахин дурлаж байгаа нь тэр гэж намайг хэлэхэд, би чамд өдөр бүхэн дурладаг, харин дурлалаа илчлэх завгүй байсаар нэлээд удчихлаа гэсэн нь инээдэмтэй ч үнэн. 

Болзох завгүй байсан ч эргээд жижиг зүйлүүдэд баярлах, догдлох сэтгэгдэл төрдөг болсон нь олз юм шиг. 

Шинэхэн учирсан дурлалт хосууд мэт шидэт болзоонууд ар араасаа ундарна. Ай даа би азтайхан төрсөн аавын охин юм уу даа. Аль эсвэл амьдрал гэдэг амтыг нь мэдэрч чадвал тансагхан идээ юу даа.

Sunday, October 19, 2014

Нөхөр бид хоёрын тохиролцоон

Хань бидэн хоёрт хүний нүдэнд харагдах, харагдахгүй олон ижил чанарууд бий. Хүн хамгийн ойр байгаа хүмүүсээс сайныг ч , мууг ч суралцдаг.  Нөхрөөсөө олон сайхан зүйлийг сурсан гээд хэлчихвэл хэтрүүлсэн хэрэг болохгүйг түүнийг минь мэдэх хүмүүс нотлоно. 

Би заримдаа "хүн муулчихдаг" зантай. Түүнийгээ, алиалсан юм, хошигносон юм, егөөдсөн юм гэх мэтчилэн засах гэж оролддог байлаа. Үнэндээ эдгээрийн аль нь ч бай хэн нэгний тухай сөрөг юм хэлсэн, ярьсан л бол "хүн муулж" буй хэрэг. 

Миний энэ занд нөхөр маань дургүй. Сонсож дуусаад "тэгсийн биш үү, ингэсийн биш үү гэж миний хэлсэн сөрөг үгийг эерэг нөхцөлөөр солино" . Хэзээ ч надтай нийлэн дуугаа авалцан "муулж" байгаагүй. 

Намайг муухай зангаасаа салахыг бага багаар дасгалжуулж байжээ. Одоо би хэн нэгэн надад буруу, эвгүй бодол төрүүлэх үг хэлвэл сөргөөр бодохын оронд тухайн хүнд хэцүү өдөр байж дээ, өөр хүнд уурлачихсан явж дээ, ядарсан байсан байлгүй дээ гэх мэтээр нөхцөл байдлыг нь хүндлэн ойлгож, өөртөө тусгаж авахаа больжээ. 

Хөнгөн жижиг сэдвээр хэн нэгнээ "муулах" нь зарим үед сэтгэлийн алжаал тайлах шидтэйг та, чи, бид бүгдээрээ мэднэ. Тиймээс нөхөр бид хоёр хэдэн сарын өмнө дараах тохиролцоо хийв. 

Кино, зурагтын одоос бусад хүмүүсийг хоорондоо "муулахгүй" гэж...  

Манай нөхрийн дүү, түүний эхнэр бид 4 нийлээд бүгдийнхээ таньдаг хүмүүсээр тоглоо хийж, алиалдаг хоббитой байсан хөг ингээд өнгөрөв. Тэглээ гээд бидний хөгжил зогсоогүй. 

Зарим хүмүүс нэгнийхээ сөрөг, муу талыг гоочилчихоод "би егөөдөх дуртай, чи егөө ойлгохгүй" гэж хаацайлдаг. Ялангуяа, НүүрНом гэх мэт нийгмийн харилцааны хэрэгсэлээр нэгнийгээ егөөдөх, муулах, доромжлох хандлага байх шиг санагддаг. 

Хүн бүр дотроо бодолтой байж, хэн нэгнээ багахан шиг "муулж" амьдрах юмсандаа. 

Friday, October 17, 2014

Миний өглөө - Утга уянга, хайр дурлал, эротик ...

Онлайнаар хичээл авсаных ойрын өдрүүдэд охиноосоо түрүүлэн босож, олон өнгөт цахим ертөнцөөр тухтай  аялах хэдэн хором нэмэгдлээ. 

Өнөөдөр өдөр өдрөөс илүү өнгөлөг ч юм шиг, цоглог ч юм шиг нэг л сайхан мэдрэмж төрсөн өглөө байх юм. 

Блогийг минь тоож уншдаг хүмүүсээс хувийн болон нийтийн замаар урт богино захиа, сэтгэгдэл иржээ.

Миний блогийг мэндэлсэн цагаас надтай эчнээ танил болсон нэг хүн бий. Тэрээр захидалдаа "ганц хоёр эротик бичээд чимээгүй болчих юм. Хэрэв үргэлжлүүлэн бичвэл блогоор олон зочилно" гэжээ. 

Хм, би уг нь утга уянга, хайр дурлал, эротик сэдвээр бичих дуртай. Блогийнхоо нэртэй уялдуулж бичихийг хичээдэг болохоор дээрх сэдвүүд ихэнхдээ авцалдаагүй. 

Хоёр дахь номондоо заавал дээрх сэдвийг багтаах болно. 

Хайргүйгээр, уянгагүйгээр, дуугүйгээр, дурлалгүйгээр, янаггүйгээр орчлон дүнсгэр агаад уйтгартай ... 


Tuesday, October 14, 2014

Миний "муухай" Америк зан хошигнол

Засварчин ирж угаалтуур янзлав. Халуун өдөр байсныг ч хэлэх үү, хөлс нь цутгаж байгаа гэж жигтэйхэн. 

Ус уух уу гэж асуувал үгүй гэхийг нь би мэдэх тул савтай ус барьж, энийг уу гээд тулгах шахам өгөв. Гайхах баярлах зэрэгцсэн засварчин гэрээс гарахдаа олон дахин баярлалаа гэж хэлсэн нь миний өдрийг улам ч өнгө оруулав. 

Хэрэв та Америк айлд эсвэл энд их удсан монгол айлд зочлох гэж байгаа бол нэрлэхүү зангаа орхихгүй бол өлсч мэднэ. 

Манай монголчууд асуухаар асга гээд хүнээс хоол цай идэж уух уу гэж асуулгүйгээр юу байгаагаараа дайлдаг үнэхээрийн элгэмсэг улс. Говийн айлууд замд яваа хэн нэгэн хүйтэн чин цай ч болтугай залиглаг хэмээн үүдээ цоожгүй орхидог байсан үе саяхан. 

Энд эсрэгээрээ шахам. Манайд ирвэл та нар намайг аяганы амсар зуулгадаггүй, хүн дайлж цайлж мэддэггүй яачихсан эзэгтэй вэ гэж "муулж" магад. 

Аливаа юманд амархан дасдаг хүний тоонд би орно. Орчинд нь амьдраад ороо хүртэл хуваалцаж буй болохоор яах аргагүй соёл заншилд автах юм. 

Ороод ирэхэд чинь цай, кофе, ус, жүүс уух уу гэж асуух бий вий. Үгүй гэж хэлвэл үгүй л гэж ойлгоно. Хоолоо идсэн үү, юу идэх үү гэж асуувал санаа зоволгүй хүссэнээ хэлээрэй. Хэрэв нэрлэхээд "үгүй, үгүй зүгээр" гэвэл юу гэсэн үг вэ, алив ид ид гээд нүүрэн дээр чинь айргийн аягатай хоол бариад шахахгүй шүү. 

Манайд өөрийнхөө гэрт байгаа юм шиг байгаарай гэж хэлвэл үнэн сэтгэлээсээ сайхан хандан, гараа дэлгэн угтаж буйгийн илрэл. 

Хэрэв уриагүй л бол гадуур гараад, хамт хооллох болвол хувааж төлөхөө мартав. Ах дүү чинь ч байна уу, амраг найз чинь ч байна уу, арав хоносон ч байна уу, нэг хоносон ч байна уу, явахдаа баярлалаа гэж заавал хэлдэг юм шүү. Бэлгээ хүлээгээд хоосон гаргасанд бантав аа. Зул сарын баяр тохиогоогүй бол буудал дээр барьж очих цэцэгнээс цаашлахгүй л болов уу. 

Жигтэйхэн цэвэр цэмцгэр биш ч гутлаа тайлж айлд ордог ази заншилаа харин хадгалсан билээ.

Ээд дээ, миний энэ "муухай" Америк зан уу. Энэ жил ээжийгээ ирэхээр тавгийн идээ засаж өгье байз. Орсон гарсанд чихэр, ааруул тарааж өгөхдөө дуртай байдаг юм миний сайхан ээж.








Sunday, October 12, 2014

Ээжийгээ нэгдүгээр зэрэглэлээр аялуулаагүй ч

Би ээжийгээ брендийн хувцасаар гоёж, үнэт чулуугаар чимэн нэгдүгээр зэрэглэлээр аялуулж чадаагүй. 

Тансаг харшид амьдруулахсан гэж мөрөөдсөн минь харин үнэн. Санаа байвч сачий хүрсэнгүй гээд би уйлаагүй. 

Чихийг нь цөөхөн халууцуулж, үр хүүхэд бид эрүүл саруул явбал эхийн хэрэг бүтдэг ажээ. Нөхцөл, бололцооныхоо хэрээр цагийг хамт өнгөрөөж, халуун дулаан яриа өрнүүлвэл нүүрний биш ч гэлээ сэтгэлийнх нь үрчлээ тэнийж, зүрхнийх нь нар мандахыг заримдаа бид мартдаг юм шиг. 

Амтат бялуугаар ээжийгээ би бялууруулж үзээгүй ээ. Арай шим тэжээлтэй, эрүүл хүнсийг бодож амт муутайхан хоолоор дайлдаг. Чин үнэндээ дахиад нэгхэн өдрөөр ч илүү ээжтэйгээ хамт байх гэсэн өөрийнхөө аминчхан бодлоос болоод сайн охины дүр эсгэдэг. 

Ээжээсээ хол байхаар цаг хугацаа улам түргэн урагшлаад байх шиг зүрх хурдан цохилж, би сандраад байх юм. 

Амьсгалаа гүнзгий авлаа. Миний гэр бүл амгалан бол ээжийн минь сэтгэл тайван. Дор бүрнээ хичээгээд, аз жаргалын төлөө амьдарвал хол ч бай ойр ч бай эхийн магнай тэнийнэ. 


Friday, October 10, 2014

Би бол гавъяатын газар дээрх ганц найз буюу хоорондоо ярилцаж бай хүмүүс ээ

Дотны найзууд намайг онгироо гэдэг. Миний бичлэгүүдээс ч та нар анзаардаг биз. Цааш нь дахин гүнзгий харвал би дутуу, муу талаа ч нуудаггүй. Дараах бичлэгт сагсуу нь дэндсэн бол хүлцэл өчлөө. 

Алдаж явсан удаа зөндөөний хажуугаар аймшиггүйгээр эрсдэлтэй алхам хийгээд онож явсан ч удаа олон. 

Сүүлийн үед өнгөрсөндөө дүгнэлт хийхээс илүү өөртөө дүгнэлт хийж сууна. Тэр ч болсонгүй энэ ч таалагдсангүй гэж бодож явсанаас би өөрөө зөв явна уу, би хэр найз вэ гэж нухацтай тунгаасан удаа үгүй ажээ. 

Олон сайхан найзууд дотроос намайг хамгийн сайн мэддэг нэг хүн байх юм. Олон өдрүүд биш хоногуудыг хамт өнгөрөөж, ойр хол цугтаа аялж, бусдаас хамгийн их хугацааг жинхэнэ утгаар нь хамтдаа өнгөрүүлсэнд учир байх шиг. Хэн нэгнийхээ гэр бүлийн гишүүн болтлоо дасалцаж, зөвхөн хоорондоо хуваалцсан нууцтай хүмүүс бололцжээ. 

Бид хоёр хамгийн олон удаа муудаж сайдсан ч огт холбоогоо таслалгүйгээр үерхсэн байх юм. 

Жижиг сажиг зүйл дээр нэгэндээ гомдож явсанаас эмзэг сэдвээ хөндөлцөж, хүнээ алдтал муудалцаж яваагүй. 

Найзуудын харилцаа яг л эхнэр нөхрийн харилцаатай адилыг ойлголоо. Хоорондоо ярилцахгүй, зөвлөхгүй, цагийг хамт өнгөрөөхгүй бол бие биенээсээ холдож хөндий орон зай үүснэ. 

Зарим хүмүүс бид хоёрын нөхөрлөлийг "ашгийн найзууд" гэж ойлгодог. Бие биенээ тухайн үеийн бололцооноосоо шалтгаалан дэмжих нь найз болсоны үүрэг гэж би сэтгэсээр ирсэн.  

Өөрийг нь хэдэн удаа гомдоосноо мартчихаад өөрт нь гомдож явсан байжээ. Хүн хэлэхээс наашгүй гэж үнэн юм даа. 

Хүн хэлтэй төрсөн нь гайхамшиг. Оюун ухаантай хэрнээ харилцан ярилцахгүй бол нэг нэгнээ буруу ойлгох нь байна шүү. 

Бурууг минь тас хийтэл хэлж чаддаг, зөвийг минь тэнгэрт гартал магтаж чаддаг миний найз. 

Тийм ээ, би "том" найзтай гээд сагсуурчихъя. Түүнд минь хэн хүнд байхгүй сайхан чанар байдаг гээд найзаа бас магтая. 

Өөрийнх нь хэлдгээр би бол түүний "газар дээрх ганц найз" нь юм шүү. Миний найз бол Монгол Улсын Гавъяат Жүжигчин, амжилттай яваа нэгэн монгол ажил хэрэгч эмэгтэй, хүний сайхан хань, хүүхдүүдийн сайн ээж, ээжийн ачтай охин, аавын авъяастай төрсөн охин, ард түмний хүндэлдэг дуучин, хүний үнэнч найз мөнөөсөө мөн.  

Thursday, October 9, 2014

Дуртай дараагүй ч

Өнгөрсөн долоо хоногт ирсэн хэдэн захидал дундаас нэгийг онцлон бодсоор сэрлээ. "ойр тойрныхоо хүмүүс, бодит амьдралаас бичдэг тул би таны нийтлэлийг унших дуртай" гэсэн байлаа. Би хариу захидалдаа "намайг хүрээлэн байгаа орчин, хүмүүс миний амьдралыг бүрдүүлдэг болохоор тэр ..." гээд илгээлээ.

Миний амьдралыг сайн сайхнаар бүрдүүлэгч олон хүн бий. Тухайн гаргах гэж буй санаатай холбогдвол тэдгээр хүмүүсээс дурьдах дуртай. Бичлэгтээ онцлоогүй, оруулаагүй олон арван чухал хүмүүсээр миний амьдрал дүүрэн. 

Үүнтэй агаар адилаар НүүрНомон дээр "дуртай" дараагүй ч хүндэлдэг, хайрладаг хүмүүс зөндөө. 

Тэдгээр дотно андуудтайгаа, төрлүүдийнхээ зураг бүхэн дээр дуртай дарсанаас сардаа эсвэл улиралдаа нэг утсаар ярьж, захиа бичих гэх мэтээр хувь хүнтэй нь тулан харьцах илүү учир утгатай. 

Холыг ойртуулж, ойрыг холдуулж мэдэх энэ цахим эринийг өөрөө бүрэн залж, ашигийг нь зөв хүртэхийг би хичээнэ. 


Monday, October 6, 2014

Салахын тулд оюутан боллоо би

Одуудаас эхлээд жирийн хүмүүс хүртэл сэтгэл зүйч дээр очдог. Хүмүүс "сэтгэлийн засал" хийлгэдэгээ хэн бүхэнд зарлаад явахгүй нь мэдээж. 

Өнгөрсөн жил миний уур тамтагаа алдаж, савнаасаа хальж эхэлсэн билээ. Жирэмсний дараах үеийн даварсан даавруудад бурууг өгсөөр нэлээд хугацаанд ойр тойронд амьдрагч, хамгийн дотны бөгөөд хайртай хүмүүсээ уурнаас болж "өвтгөсөөр", гомдоосоор, улам цааш нь түлхсэнээ та бүхэндээ ил далангүй хуваалцахаар зориг шулуудав. 

Хүн өөрчлөгдөхгүй. Харин үг, үйлдэлээ сайн бодож, дараа нь юу болохыг урьдчилан харж, өөртөө сануулсанаар тухайн хүн өөрөө биш аливаа зүйлд хандах хандлага, хүүхэдтэйгээ, нөхөртэйгөө, ээжтэйгээ, найзтайгаа гээд бүх хүмүүстэй хэрхэн харьцахаа өөрчилж буй хэрэг аж. 

Өөрийгөө "түргэн уурын асуудалтай" гэдгээ хүлээн зөвшөөрч чадах нь анхны алхам. Үсээ сэгсийтэл уурлаж, уушги зүрх нь сагсайсан хүнээс ямар олигтой үг гарах билээ. 

Ингээд миний ууртай тэмцэх гараа сэтгэл зүйчид хандсанаар эхэлсэн юм. Энэ хүн үндсэндээ техникийг нь надад зааж өгсөн. Үүнээс цааш үргэлжлүүлээд арав, хориод ном уншин тэмдэглэл хөтлөж, тэр бүхнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээсээр явтал нэг мэдэхнээ сэтгэл заслын гайхамшигт ертөнцөд бүрэн автжээ. 

Хүн тархиа дасгалжуулж, өмнө нь тогтож заншил болсон түргэн уурын гайгаас гарч болдог аж. Гурван удаа эмч дээр очиж, хоёр ном уншаад, сарын дотор цоо шинэ уургүй хүн болохгүй. Хүүхэд хөлд орж байгаатай адил эхлээд юм түшиж зогсоно, тэгээд тавилга дагаж алхана, нэг өдөр түшлэггүй ганц ахлаад унаж уйлна, маргааш нь хоёр алхана, нөгөөдөр гурав алхаад унаж өвдгөө шалбална. Хүүхэд хэдэн ч удаа ойчсон дахин дахин зүтгэсээр нэг л өдөр чөлөөтэй алхаж сурсан байдаг. Их чанга унаж өвдсөн бол хэсэгтээ айгаад хаширлах нь бий. Уурнаас салах яг л иймэрхүү үйл явцтай. 

Ингээд би тууштай тэмцэж, бололцоотой бүх сувгаа ашигласаар, хайртай хань, гэр бүл, дотны найзуудын тусламжтайгаар ямар ч байсан "өөр хүн" болж эхэлсэнээ мэдэрлээ. 

Хэсэг хугацаанд бүрхэг байсан хайрын тэнгэр цэлмэж, эргээд би болоод миний хайртай хүмүүс аз жаргалаа буцаан авч эхлэхийг мэдрэх сэтгэл хөдлөм. 

Сэтгэл зүйд нэгэнт автсаных зүгээр сууж чадсангүй илүү ихийг судалж мэдэн уур чамаас нэг мөсөн хагацаж салахаар оюутан боллоо би...

Та хэдэн ч настай бай оройтно гэж байхгүй. Хэрэв уур нэгэн асуудал чинь бол эртхэн арга хэмжээ авч эхлээрэй. 





Friday, October 3, 2014

Би дарга болмоор байсаан

Би насаараа дарга болохыг мөрөөдсөөр ирсэн. Дармалаар дөнгөн данган бичиж сурчихаад ил захидал дээр (тухайн үеийнхээр открит) есөн шидийн юм бичиж доор нь гэрийн дарга гэж бичсэнээ одоо хараад нулимсаа гартал инээлээ. 

2004 оны УИХ-ын сонгуульд ажилсаны дараа, 23 нас хүрэхтэй үгүйтэй би Монгол Улсын нэгэн яаманд газрын орлогч даргаар ажилмаар байна гэж үнэн санаагаа илэрхийлсэнээр хэсэг хүмүүсийн дургүй ба эгдүүг зэрэг хүргэж явсан этгээд билээ. 


Одоохондоо би залуу хэвээрээ л дээ. Гэхдээ монголд ажиллаж, амьдарч байсан цэл залуу насандаа хэлбэр дагаж агуулгагүй амьдарч байсан мэт бодол жил өнгөрөх тусам гүнзгий суусаар. Дарга л болчихвол хүслийнхээ дээд цэгт хүрсэн мэт сэтгэж, хар багаасаа албан тушаал, нэр хүндийн хойноос цуцалтгүй хэдэн жил гүрийснээ бодоход жинхэнэ өөрийгөө шогломоор. 

Хоосон дипломоор биш туршлагаар ажил олгодог явдал энэхүү капиталист нийгмээс хамгийн их таалагдсан. Өөрөө чадаж л байвал чиний хаанаас ирсэн, хэний хүүхэд, хэдэн настай хэнд ч хамаагүй. 

Ажил, кареерь гэдэг амьдралаас салангид ойлголт. Өөрөөр хэлбэл чиний юу хийдгээр чамайг тодорхойлохгүй. Би ч гэсэн хүмүүс намайг нийгэмд ямар байр суурьтай, ямар ажил хийдэг, хэр том машин унадагаар нь биш хүнийхээ хувьд хэр хүн бэ гэдгээр нь дүгнэж, хандаасай гэж хүсдэг. 

Чухам одоо хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэхгүй ч миний мэдэхээр монголд зөвхөн нийгмийн амьдралаар нь хувь хүнийг тодорхойлж, харьцдаг байсан. Магадгүй би ч тиймэрхүү сохроор ертөнцийг хардаг байсан байх. 

Нутаг ус, ах эгч, найз нөхдөөсөө хол амьдрах тийм ч амар биш. Гэр бүл, үр хүүхдээс минь гадна эрх тэгш эрхээ эдлэхийг өдөр бүр мэдэрч, хүн шиг хүндлүүлж амьдрах нь намайг бас энд уядаг аргамж юм уу даа. 

Тийм ээ, би одоо дарга болсон. Өөрөө өөрийнхөө дарга болсон. Амьдралынхаа дарга болсон. 


Friday, September 26, 2014

Хэмжээ хязгаараа тогтоолоо

Хайраас бусад аливаа зүйлд хэмжээ хязгаар бий. 

Найзын хоорондох хэмжээ хязгаараа тогтоож ойлголцоогүйн улмаас олон сайхан нөхөрлөл устсаар байгаа. Монголд байгаа найзууд намайг өөрчлөгдсөн үү гэж их асуудаг. Үүнд үнэнээр хариулах шударга надад заримдаа хэцүү. 

Гэртээ хүүхдээ хараад суудаг гэхээр их завтай гэж ойлгодог болоод ч тэр үү, ямар ч сэдвээр юуг ч нүд ирмэх зуур орчуулах чадвартай мундаг гэж найзаараа бахадсандаа ч тэр үү, их бага орчуулгын "ажил" зогсолтгүй ирсээр. Аль болох үгүй гэж хэлэхгүй санаатай чадлынхаа хэрээр хичээнэ.  

Надад хэд хоногийн хугацаа өгөөд, тухайн мэргэжлийн сэдэвтэй хэр танил болохыг лавлаад явуулдаг бол би чанартайхан орчуулахыг чин сэтгэлээсээ оролдох нь тодорхой. 

Хэн надруу орчуулах юм явуулж гялайлгах бол хэмээн утсаа ширтэн суудаг завтай хүн би биш. Тас хийтэл хэлсэнд гомдон, өөртөө тусган авч найзлахаа болих хуурамч найз байхгүй гэдэгт итгэе. Хэдийгээр албан газар ажиллаагүй ч миний өдөр бүхэн яг л та нарынхтай адил хуваарийн дагуу өнгөрдөг. Тийм ч учраас би гэртээ суудаг ээж буюу миний шинэ мэргэжил гэж нэрлэсэн юм.

Хэдэн долоо хоногийн өмнө иймэрхүү зүйлээс болж найзаа гэж бодож явсан нэг хүнийг алдав. Нутгаасаа ирж энд амьдраад удаагүй Тайланд хөрш найз өглөө хаалга тогшин хүүхдээ 15 минут харж өгөхийг гуйв. Мэдээж би тухайн өдрөө хэдийн төлөвлөсөн байсан ч хөрш найздаа туслах нь ойлгомжтой. 2 цаг 20 минутын дараа ирж охиноо авлаа. Маргааш өглөө би утсаа яаралгүй шалгалаа. Охиноо бас 15 минут орхих гэсэн юм гэсэн мэссэж иржээ. "Уучлаарай, би оройтож бослоо. Их ядарсан байна. Өчигдөр орой хэлэхгүй дээ. Өнөөдөр харах боломж алга" гэж хариу илгээснээс хойш надтай мэндлэхээ ч больчихсон. Миний санаа зовж, гэм хийсэн мэт санагдаад болдоггүй. Нөхөртөө юу болсоныг хэлэхэд "магадгүй, буруу ойлгосон болов уу, энд ирээд удаагүй болохоор соёлын ялгаа гарч байгаа нь энэ байх, дахиад сайн тайлбарлаад хэл. Хөрштэйгөө сайн харилцаатай байх хэрэгтэй" гэж сургав.  "Уучлаарай, би буруу ойлгуулсан юм шиг байна. Хэдийгээр 15 минут биш 2 цагийн дараа ирсэн ч би юу ч хэлэлгүй эхний өдөр харж өгсөн. Хоёр дахь удаа надад бас л цаг өгөлгүй шууд асуусан. Би аль хэдийн тухайн өдрөө төлөвлөсөн байсан. Хэрэв гэнэтийн асуудал гарсан бол мэдээж би тусална. Намайг үргэлж хүссэн цагтаа хүүхдийг чинь харж өгнө гэж найдаж болохгүй. Би нэг удаа охиноо харуулахдаа нэлээд хэдэн өдрийн өмнө чамаас асууж, цагийн мөнгийг нь хүртэл төлөхийг санал болгосон. Намайг ойлгосон гэдэгт найдаж байна. Хэрэв эргээд найзууд болохыг хүсвэл би бэлэн байна  " гэж бичээд илгээлээ. 

Орчуулга, хүүхэд харах зэрэг нь зөвхөн жишээ. Хэдэн жилийн өмнө миний маш чухал бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр хэрэглэж "x;y" хэрэг бүтээж болох уу гэсэн асуулт хайртай найз охиноос минь ирж байсан удаатай. Хэдийгээр надад маш ихээр тус болж байсан, дотны найз минь гэлээ ч миний хил хязгаараас давсан зүйл байсан тул үгүй гэж хэлэхээс өөр аргагүй болж би тэрүүхэндээ найзаа алдах вий гэсэн айдсаар түгшиж байлаа. Найз маань миний тавьсан хэмжээг ойлгож, жинхэнэ найз гэдгээ баталж, бид хоёр олон жилийн нөхөрлөлөө одоо хүртэл үргэлжлүүлэн зузааруулсаар байгаа сайхан түүхтэй.

Найзууддаа тусалж, тэднийгээ дэмжилгүй яахав. Чадахгүй, мэдэхгүй, амжихгүй зүйл гарвал би "үгүй" гэж хэлээд тавьчихдаг юм шүү. Буруугаар ойлгож, найзын тооноосоо хасахаасаа өмнө "яагаад" гэж асуугаад өөрөө хариулаад үзээрэй. Миний найз нар ч надад үргэлж "за" гэж хэлэх албагүйг дахин сануулъя. 

Өнөөдөр Америк найз охин Рондатай өдрийн цай ууж бага зэрэг хов жив ярьж алжаалаа тайлав. Ерөнхий боловсролоос дээш "боловсроогүй" жинхэнэ хээгүй "шар" найз Ронда маань илүү дутуу тайлбаргүйгээр дээрхийг шууд ойлгож, чи блогтоо бич. Хэрэв үүнээс болоод найз болохоо больж байгаа хүмүүс байвал байг. Яг үнэндээ чамд тийм найз хэрэггүй гэсэн үг. Тайланд охины хувьд түүний Америк нөхөр нь соёлын ялгааг эхнэртээ хэлж ойлгуулаагүйн буруу. Харин чи энд төрж өсөөгүй ч найзлахад амар "баагий" шүү, чамд оноо өгөх үү, манай соёлыг сайн сургасан Жонд оноо өгөх үү гэж маасайн инээснээ, битгий ийм зүйлд хямар гээд чанга тэвэрч нуруу илэхэд сэтгэл дотор хургасан бодол, буцаж буй зуны хамт нисэн оджээ. 

Намар миний хамгийн дуртай улирал. Надад дандаа сайхан мэдээ авчирдаг юм. 



Saturday, September 20, 2014

Халамцуухан би буюу бодит хошигнол

Жил бүрийн төрсөн өдөр бүхэн дурсамжтай. Ухаанд хоногшин үлдсэн хамгийн анхны төрсөн өдөр эгч нарын маань өнгийн харандаагаар урлан бүтээсэн урилгыг "захиргааны хашааны" бүх хүүхдүүдэд тарааж хийсэн төрсөн өдөр. Дөрвөн эгчтэйн хэрэг юу билээ дээ. Миний төрсөн өдөр бүрийг сүртэй сайхан тэмдэглэдэг байлаа. Нагац эгч Норжин, түүний нөхөр Дашка ахын бэлэглэсэн унтлагын хувцасыг аваад яасан их баярлаж байснаа би одоо ч мартдаггүй. Нагац ах, эгч хоёр маань "бэлэг өгөхөд урамтай хүүхэд шүү" гэж өхөөрдөөд л төрсөн өдөр гэлтгүй ирэх бүртээ надад гоёотой ирдэгсэн. 

Намайг 16 нас хүрч, иргэний паспорт авлаа хэмээн ганц ах маань тэвэр дүүрэн бэлэгтэй ирсэн жил өчигдөр болсон мэт санаанд тодхон. 

Арван жилд байхад дотны найз Өнөрмаа хэзээний миний төрсөн өдрийг "найруулчихсан", ангийн найз Сараагаар бялуу хүртэл хийлгүүлж бэлдчихээд намайг цочтол баярлуулна. Өнөрөөгийн гараас "АПУ"-гийн Оюундэлгэрийн гарт миний төрсөн өдөр шилжиж хамтлаг дуучдаар хүрээлүүлсэн нижгир хэмжээнд очно биз дээ. 


"Том" тэмдэглэж чадаагүй жил гэрт найзууд зочлон ээжийн хийсэн далайн байцаатай шөлийг амталж тухайн үеийн "Солонгос кино" маягаар тэмдэглэж өнгөрүүлсэнд тооцогддог байлаа. 


Энэ мэтчилэн миний төрсөн өдөр ямар ч байсан их бага хэмжээгээр амжилттай зохион байгуулагдсаар иржээ. 

Түрүү жилийн төрсөн өдөр нэлээд онцгойд орно. Учир нь удаан хамтдаа тэмдэглэж чадаагүй хайртай гэрийнхэнтэйгээ эх нутагтаа байсан болохоор тэр. Дээрээс нь хүргэн хүүгийн хүчийг "шоуменежер" Содбилэг ах харуулах нь тодорхой. 

Гэтэл энэ жилийнх яах аргагүй хамгийн онцгой нь боллоо. Зөвхөн миний гэсэн хоёр хүнтэйгээ даруухан хэрнээ дэндүү аз жаргалтай тэмдэглэсэн тул ... 

Намайг 9 сар хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлэн, ухаант үгсээрээ хүмүүжүүлэн өсгөсөн ижийдээ сөхрөн талархахгүй байхын аргагүй нь мэдээж. Шударга хэлэхэд ээжийг "хуваалцах" хүмүүс зөндөө байна. Бусад таван хүүхэд, тэдгээрийн үр сад бүгд надтай ээжийг минь булаацалдах тул ганцхан би өмчлөх эрхгүй. 

Харин хайртай нөхөр буюу ээжээс өөртөө намайг шилжүүлсэн халамжлагч ;
Миний хэвлийдээ ургуулж, мөөмөө хэдхэн хоног хөхүүлсэн ч намайг тоймгүй ихээр хайрладаг үр минь;
Дээрх хоёр хүн наддаа ганц. Надтай харамлалдах хэнбугай ч байхгүй шүү.
Тиймийн учир энэ хоёртойгоо өнгөрүүлсэн миний төрсөн өдөр гайхалтай сайхан. Хоёулаа ээждээ төрсөн өдрийн дууг солгой хоолойгоор ахин дахин дуулсан гэж байгаа. Охины хүсэлтээр лаагаа хэдэн ч удаа асааж унтраав. Зураг авахуулна гэж тооцон тогос шиг гоёж гоодоод гарсан ч би утсаа гэртээ, нөхөр утсаа машиндаа орхиод, аппаратаа асаагаад дарах гэтэл цэнэг нь дуусаад паг. "Тархиндаа зураг ав" гэж нөхөр хэлдгээрээ хэлэв. Би бага зэрэг урвайх гэснээ өөдөөс инээмсэглэх том жижиг царайг хараад чадсангүй. 

Хүн болж төрсөний хэргийг хийсэн мэт, өөртөө бэлэг авч өгмөөр ч юм шиг сэтгэл хөвөлзсөн өдөр өндөрлөж байна. Хэн нэгний төрсөн өдөр тохиож буй бол баярын мэнд хүргэе. Эзэн Чингис эрхэм дээд баяр бол төрсөн өдөр хэмээн хэлсэн Өгөөдэй хүүгээ сайшаасан байдаг биз дээ. 00.00 цаг болохоос өмнө өөртөө бас дахин баяр хүргэе.
Би халамцуухан байна. Ногоон цайнаас дээш халуухан юм хүртээгүй би жаргалдаа халамцчихаад сууж буй нь энэ ээ. 


Thursday, September 18, 2014

Okay ном

Номын санд ойрхон амьдардагийн ачаар охин бид хоёр башийж байна. Зуны уншлагын клубт хамрагдаж охин номоор, би үнэгүй пиззаны тасалбараар шагнуулав. 

Зарим нэг томчуулд уншуулж баймаар "OK book" нэртэй хүүхдийн ном байдаг юм. Өндөр байсан ч OK, ижил буруу оймстой байсан ч OK, халзан байсан ч OK гэх мэт утгатай. 

Хүн бүр надтай санал нийлэх албагүй. Мэдээж ямарваа нэг зүйлийг чанартай, сайн хийх нь зөв ч амьдралын бүх жижиг сажиг зүйлийг төгс болгох гэж, төгс мэт дүр эсгэх гэж явсанаар өөрсдийгөө илүү зовоодог юм шиг.

Гүнзгий амьсгаа аваад, зарим нэг зүйлийг okay гэж бодоод үзээрэй. 

Төгс боловсронгуй төлөвлөгөөгөө гүцээх гэж явтал өдөр хоног нисэх мэт өнгөрчихсөн байх вий гэж өмнөөс нь санаа зовох үе бий. Бодвол намайг хараад хөөрхий зайлуул төлөвлөгөөгүй явж байтал ... гэж миний өмнөөс санаа нь зовдог байх даа. 

Үнэндээ хүн бусдын нүдэнд яаж харагдах нь хамаагүй. Миний амьдрал ч наддаа OK, тэдгээр хүмүүсийн амьдрал ч тэдэндээ OK байвал болоод явчих нь тэр. 

Friday, September 12, 2014

Мартах шахлаа, аминчхан намайгаа уучлаарай

Америкт хамгийн өндөр амьдралын өртөгтэй хотуудын жагсаалтын нэгээс тавдугаар байрыг ээлжлэн эзэлдэг манай хотод гэр бүлийн нэг гишүүний цалингаар амьдралын хэв маягаа алдахгүйгээр амьдрах амаргүй. 

Өдөрт доод тал нь 10 цагийг ширээний ард суун, оюуны хөдөлмөр эрхлэн өнгөрүүлэх нөхөр маань нэг ч удаа ядарч байна гэж гомдоллосон  удаагүй. Хүмүүс хаана ажилдагийг нь сонсоод диваажинд жимс амтлан суудаг мэт дуу алдан шагширах нь олонтой. Үнэндээ бусдын л адил стресстэх үедээ стрессдэж, ажлаа цаг хугацаанд чанартай амжуулах гэж мэрийж яваа нэгэн.  

Миний цалингүй "ажил" -аа хийн сэтгэлийн таашаал авах бололцоог бүрдүүлж, охиноо 2 нас хүртэл өөрийн гараар өсгөх хүслийг минь гүйцэлдүүлж яваа хүн бол миний хань. 

Сан Францискогийн чамин дүүрэгт орших Зиппи хэмээх Япон салоны үсчин, зөөлөн гарт, хөөрхөн аашт Каоригаар би үсээ засуулах дуртай. Ямар нэг нэмэлт үйлчилгээгүй үсээ тайруулахад 65$ болох ба дээрээс нь гар цайлгах мөнгө өгнө. Гэм нь зөвхөн бэлэн мөнгөөр үйлчилдэг газар. 

Саяханы нэг өдөр би нөхрөөсөө үсчинд орох мөнгө асуудаг юм бил үү гэж бодсон ч үгс болон уруул даван гарч чадсангүй. 

Гэнэт ханийгаа өрөвдөх сэтгэл төрлөө. Өглөө үүр цүүртэй уралдан гарч, орой хүүхдээ унтахаас өмнө хэдхэн хормыг ч болов хамт өнгөрөөж, надад "me time" буюу ганцаараа өөртөө зориулах цаг олгох гэж яарсаар ирнэ. 

Амралтын өдөр би амиа бодон хөнжилдөө шургаж хоцроход хань минь чимээгүйхэн охиноо тэврэн босож "ээжийгээ жаахан унтуулъя" гэж чихэнд нь шивнэж буй сонсогдоно. 

Өнөөдөр би чимээгүйхэн сууж тунгаалаа. Ядарсан, чухам их ажилсан, нойр дутаж арьс унжлаа энэ тэр гэж гомдоллодог хүн зөвхөн би ажээ. 

Нөхрөө хэрхэн махран ажиллаж, "me time" -гүйгээр сүүлийн хэдэн жилийг өнгөрөөснийг анзаарлаа. 

Энэ амралтын өдөр заавал ханийгаа амраая... 





Monday, August 25, 2014

Дэндүү даруухан, нисгэгч дүү залуу

Даруухан, чимээгүйхэн хэрнээ Монгол хүн ямар чадалтай, ухаантайг олон орны хэдэн арван хүнд бодитоор нь харуулж яваа бахархмаар хүмүүстэй уулзаж үг солилцох сайхан. 

21 насны босгыг дөнгөж алхаж яваа, дүү нараас минь ялгаагүй сэтгэлд дотно оршдог залуутай анх удаа нүүр тулан уулзах завшаан тохиолоо. 

Англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн, нас бага хэрнээ монгол хэлээрээ зөв боловсон ярьдаг энэ ухаалаг залуу гадаад дотоодын нисгэгч болох хүсэлтэй олон аавын хүүд хичээл зааж, багш хэмээн хүндлэгдэн яваа нэгэн. 

Америкийн Нисэхийн Академид багшлаад жил гаран болж буйг нь би өөрөө асууж шалгаасны хүчинд олж мэдэв. 

Мэдлэг чадвартайгаараа онгирч аархсан огт шинжгүй дэндүү даруухан дүүгээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн тул та нартайгаа яаран хуваалцахыг зорьлоо.

Түүнтэй нас ойролцоо, энд арван жил, коллеж төгсөж англи хэлийг эх хэл шигээ эзэмшсэн охид хөвгүүдтэй таарч байсан ч ийм эгэл жирийн, сайхан ааштай, хүнлэг, Монголоо алдаагүй, дээрээс нь зорьсон зорилгодоо тууштай, сагсууралгүй тэмцэж яваатай ховор таарчээ. 

Олон долоон үггүй тэрээр баярлалаа гэдэг үгийг ахин дахин хэлэх нь яах аргагүй америк соёлын зөвөөс өөртөө шингээснийг илтгэнэ. 

Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг хэлц үгийг цэл залуухан нисэхийн багш монгол залууд зориулсан мэт ... 

Дүүгийн ирээдүй хөх мөнх тэнгэр шиг цэлмэг байж, онгоцны буулт бүр нь зөөлөн газардаг гэж ерөөе. 

Friday, August 15, 2014

Жалга довны үзэл биш шүү, зүгээр л би нутгаа саналаа

Би дэлхийчлэлийн эрин зуунд амьдарч буй тэгээд бас хэн нэгний гашуухан хэлсэнээр монгол цусаа үргэлжлүүлэн хадгалаагүй "арчаагүй" нэгэн. Тэгсэн хэдий ч би төрж, өссөн нутгаа санах эрхтэй нэгэн гэж сэтгэдэг. 

Хэдэн төрлийн орны хичнээн мянган хүнтэй нүүр тулан уулзахтай нь уулзаж, цэнхэр дэлгэцээр эчнээ танилцахтай нь танилцсаар. Миний мэдэх тэдгээр орны хүмүүс хоорондоо тухайн улсын чухам ямар газраас ирсэн гэж асуух нь жирийн үзэгдэл. Яг л бидний хоорондоо "аль нутгийнх вэ?" хэмээн асуудагтай ижил. 

Гадаадад сурч, ажиллаж буй аль ч орны хүмүүс нэг дороос ирсэн бол илүү дотносож үерхэхийг би өдий хүртэл ажигласан. 

Хаана ч төрж өссөн бай тухайн хүнд тэрхүү нутаг онцгой бөгөөд дотно байдаг. Жалга довны үзэл гаргаж буйдаа биш багаас дассан орчин тойрон, таньдаг, төрөлсдөг хүн зоноос нь болдог гэж би боддог. 

Миний хувьд Монгол эх орон минь, түүний дотроос Өврийн сайхан хангай минь, тодруулан хэлвэл Аравгар хээрийн тал минь зүрхэн тушаа оршдог. 

Арвайхээрийн нэгдүгээр арван жилгүйгээр миний амьдралын нэгэн бүхэл дутах мэт. Аав, ээж, эх эгчийн маань амьдралынхаа олон арван өдрүүдийн өнгөрүүлсэн сургуулийн тэр байшин одоо ч нүдний өмнө зурайн харагдана. Байшинг амьлуулсан багш сурагчид, ялангуяа ижий, аавыг минь "миний багш" гэж хүндэлдэг хүмүүс одоо ч миний сэтгэл доторх нутгаа гэсэн сэтгэлийг амьлуулсаар яваа нь хамгийн сайхан. 

Ноён уул, номын дэлгүүр, халуун усны газар, Аюушийн талбай, Холбоо, 52 айлын орон сууц, тавдугаар хороо, онгоцны буудал гээд Арвайхээрийн бүхэн минийх. Аавыг минь олон удаа эмчилж, намайг тэр нэгэн жил хотоос буцаж очихдоо хүндээр өвдөхөд амийг минь аварсан Арвайхээрийн эмнэлэг, эмч нарыг би яахин мартаж чадах билээ. 

"Захиргааны хашаа" -ны хайрган дээр хөлд орж, Онгийн голын усыг анх удаа далай үзсэн мэт биширсэн, Тугийн овоог хамгийн өндөр уул гэж шүтэн, ээжийгээ газар сайгүй дагаж явдаг байсан Арвайхээрийн нэгэн сайртай бор охин би мөнөөсөө мөн. 






Wednesday, August 13, 2014

Яана аа, Монгол явахдаа юу өмсөх вэ?

Мэдээж энд байдаг бүх монголчууд адилгүй ч, миний ойр тойрны найз нөхөд Монгол явах болоход "Яана аа Монгол явахдаа юу өмсөж, ямар цүнх барина аа " гэж ярих нь олонтаа. Намайг явахад ч  "миний найз юу өмсөнө өө? яах уу? ийх үү" гэсэн яриа өрнөсөн билээ.

Иймэрхүү сэдвээр бичсэн ганц нэг нийтлэл ч цахим ертөнцөөр аялж яваа харагдсан. Үнэндээ би Монголдоо амьдарч байсан бол мөн адил шинэ байранд амьдарч, үнэтэй жийп унаж, булган дээл нөмрөхийг хүсэх л байсан байх. 

Хэдэн жилийн өмнө дотны нэгэн найз охин зуны амралтаараа төрсөн нутгийн жолоо залжээ. Найз маань Монголын нэгэн томоохон банкны хаалгаар даавуун богино өмд, онгорхой углааштай, нүүрний будаггүй, дээрээс нь үүргэвч үүрчихсэн явж ортол "тоож" үйлчлэх хүн олдоогүй гэдэг. Энэ зун тэрээр нүдээ бүлтэртэл гоёод явсан юмсан, хүмүүс хэрхэн хандаа бол? 

Хувь хүний биш нийгмийн зайлшгүй хандлагаар үүссэн "гангархал" -ыг яалтай. Хэнд ч буруу өгөх шаардлагагүй мэт санагдана. Харин нийгэм болоод хүн хөгжих тусам "гангархал, аархал"-ын байдал буурч хэн нэгнээ өмссөн зүүснээр биш, хүнлэг, оюунлагаар нь "дугаарлан" харьцдаг болоосой гэж хүснэ. 

Яана аа, надад Монгол явахдаа өмсөх Лобутоны (Christian Louboutin) гутал, Луй Витоны (Louis Vuitton) цүнх байхгүй. 

Цуглуулах дуртай дотуур хувцсан дээрээ ганц гар таталгүй авдаг Диор (Christian Dior), Шанел (Chanel) -ын усаа түрхчихээд хөл, бие нүцгэн яваад очвол хүн тоож харьцдаг болов уу таминь ээ? 



Wednesday, August 6, 2014

Гадаад нөхөртэйн сөрөг тал буюу "Хатуухан хэлчихлээ" -гийн үргэлжлэл

Гадаад нөхөртэй байхын эерэг талыг товчхон өгүүлсэн "Хатуухан хэлчихлээ" бичлэгийг оруулсанаас хойш түүнтэй холбоотой хоёр гурван цахилгаан шуудан ирсэн юм. Зорьж хариу бичих санаа төрөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.

Хүүхэд 2 нас дөхөөд ирэхээр "night terror" буюу харанхуйгаас эсвэл зүүднээсээ айж уйлагнадаг үе байдаг юм байна.

Манай монголчууд хүүхэд орой үдшийн цагаар уйлагнахад ямар нэг зүйлээс айсан гэж үзэн нутаг бүр өөрийн аргаар "ширэглэдэг" билээ. Тугалга, лааны тос гэх мэтийг хайлуулж хүйтэн усанд шир хийтэл дуугарган дүрж юунаас айсныг нь гарсан дүрсээр тодорхойлж, 3 шөнө дараалан хүүхдийн дэрэн дор хийж унтуулан "аргалдаг" билээ. 

Охин маань сүүлийн хэдэн орой уйлагнаж, төрсөн цагаас нь эхлэн охиныг минь үзэж байгаа эмч рүү би яаран утас цохилоо. Эмч "welcome to the terrible twos" гээд утасны цаанаас инээмсэглэх нь сонсогдов. Санаа зовох зүйлгүй зүгээр л тэвчээртэй хүлээж энэ мөчлөгийг өнгөрөө гэнэ.

Зээ дүү нарынхаа өсөхийг ойроос харж "туршлагажсан" би зүгээр хүлээж чадсангүй. Ширэглэх ажилгаандаа тэр даруй оров. Мэдээж нөхөртөө тайлбарлах хэрэг гарлаа. Чухам л иймэрхүү үед гадаад нөхөртэйн "гай" гардаг нь үнэн. Халуун лааны тос оо? Эмч чамд юу гэснийг мартаа юу? Өө бурхан минь, чи юу хийгээд эхлэх нь энэ вэ? гэх мэтчилэнгийн асуусан, гайхсан өгүүлбэр урсана. Би ширэглэдэгээрээ ширэглэнэ. Хамгийн хөгжилтэй нь тэр оройдоо охин хэвэндээ орж тайван нойрсож эхлэх нь тэр. Маргааш өглөө нөхөр ажлаасаа "чиний шившлэг ажиллаа шүү. баярлалаа. хайртай" гэсэн мэссэж илгээв. 

Ээжийн тухай сайхан дууг хамтдаа ойлгон сонсож чадахгүй, хуучны монгол киноны тухай хууч хөөрөх боломжгүй зэрэг мэр сэр сөрөг тал байлгүй яахав. Гэсэн ч гал халуун хайраараа нэгэн айлыг үүсэгсэн хоёр багана болохоор дутуугаа нөхөлцөн, дундуураа дүүргэлцэн аж төрсөөр... би үдшийн бүрэнхийд гарах хэрэг гарвал охиныхоо хамрыг хөөдсөөр ...

Thursday, July 31, 2014

Миний маягийн амралт

Утас, интернет, зурагтгүй байхыг хичээсэн амралт дууслаа. Скандиневийн орнуудаар аялж алжаалаа тайлан гэр бүлээрээ бас нэгэн сайхан дурсамжийг бүтээсэн мартагдашгүй долоон сар баяртай. 

Урт богино гэлтгүй хаа нэгтээ аялж амраад ирэхэд гэрээс өөр сайхан газаргүй мэт сэтгэгдэл төрдөг ч эсрэгээрээ өдөр тутмын бодит амьдралдаа эргэн ороход хэд хоног хэрэгтэй болдог. 

Ямартаа ч эцсийн дүн нь эерэгээр тавигддаг нь амьдралын нэгэн үзэсгэлэн юм уу. Өөрөөр хэлбэл энгийн өдөр тутмын амьдралынхаа завсар зайгаар агаар салхи оруулж, боломжийнхоо хирээр орчноо сольж, амьдралын хэв маягаа түр зуур ч болов өөрчлөх нь гэр бүлийн бүх гишүүдэд ашигтай. 

Эрч хүч, үзэл бодол хүртэл цэнэглэгдэн ирж, "дахин" амьдралаа өөдрөгөөр үргэлжлүүлэх тан уусан мэт санагдана. 

Зун дуусахаас өмнө амжиж ганц хоёр өдрийг ч болов амарсан шиг амрааж өнгөөрүүлээрэй. 

Завгүй, эсвэл зав гаргах сэтгэлгүй явсаар долоон сарын 16-нд болдог хайртай эгчийнхээ төрсөн өдрийг хайхралгүй өнгөрөөжээ. Уяхан сэтгэлт, ухаалаг эгчдээ өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэндийг блогтойгоо ашиглан хүргэлээ.

Sunday, July 20, 2014

Стоколм синдром

Ленинградын цагаан шөнийн тухай ааваасаа сонсож байснаас өөрийн биеэр шөнө тас харанхуй болдоггүй газар очиж үзээгүй надад Швед улсын хамгийн сайхан цаг болох долдугаар сар хачирхалтай санагдав. Өглөө 3, 4 цагийн үед аль хэдийн гэгээ орчихсон байх агаад 8 цаг гэхэд хэдийн нар шарж байх юм. 12, 1 сард эсрэгээрээ өдөрт гуравхан цагийн нар үздэг гэдгийг сонсоод өвөл дахин ирж үзэх сонирхол тээсээр үзэсгэлэнт Шведийг үдлээ. 

Олон арлыг холбосон чамин гүүр, олон мянган жилийн түүхийг өгүүлэх хуучны ганган барилгаас эхлээд нов ногоон энэ орон сэтгэлийг минь булаасан нь гарцаагүй. 

Нөхрийн дүүгийн эхнэр намайг заавал үзэх ёстой газар хэмээсээр Стоколмын төв хэсгээр зугаалуулж, Бритни Спийрс, Фредрик нарын алдартай хүмүүсийн хоол идсэн гэх өндөр зэрэглэлийн ресторанд үдийн цайгаар дайлав. Төв гудамж руу харсан гадаах ширээнд тухалсан ба  гудамжаар алхах хүмүүсийг харж амаа ангайсаар эхний хэдэн минутыг өнгөрөөв. 

Би чинь хээ шаагүй Калифорни мужийн хойд хэсгээс ирсэн хүн шүү дээ. Ихэнхдээ пүүз жийж жинсэн шорт угласан хүмүүс хардаг би Нью Ёркийн загварын шоуг Стоколмын гудамжаас үнэгүй үзэх мэт сэтгэгдэл төрөв. 

Гудамжинд танихгүй хүмүүс сайн уу гэж мэндэлдэг газраас ирсэн надад хүмүүс нь дуу цөөтэй, ихэмсэг санагдав. Хадам ээж болон, хамаатан саднуудыг мөн хамруулж ойлгож болно. 

Стоколмын төвөөс гарангуут хаа сайгүй битүү ой мод, нуур байх агаад тэр хавиар амьдрагсад амгалан тайван, чимээ аниргүйн дунд оршино. 

Швед улсын хот, хөдөөгөөр аяласаны эцэст хүүхэд өсгөхөд хамгийн таатай орон гэдэг нь ойлгомжтой боллоо. Татвар өндөр төлдөг учраас эргээд иргэддээ очих нийгмийн халамж сайтай байдаг гэж өөрсдөө тайлбарлах юм билээ. Харин Америкаас амьдралын өртөг өндөртэй аж.

Хятадын Тян Миний талбай, Японы Шинжүкү, Солонгосын Хан мөрөн, Норвегийн Осло хот, Оросын Улаан талбай, Сингапурийн Чанги онгоцны буудал гэх мэт орон бүрээс сэтгэлд хоногшин үлддэг дурсамж бий бол Швед орны хувьд охины минь биеэр 25 хувийн цус урсаж буйгаараа яалт ч үгүй онцлог бөгөөд хэзээ ч салшгүй гурав дахь эх орон минь мөнөөсөө мөн. 










Monday, June 30, 2014

Арьс өнгөний үзэл буюу Ким Кардашиан бид хоёр

Зарим хүмүүс зурагтын ямар реалити шоу үздэгээ нуудаг юм билээ. Ялангуяа оюунлаг бус хов жив хөөсөн нэвтрүүлэг үздэгээ хэлж ярихгүй байх нь бий. 

Ганц хоёр үзэх дуртай "оюунлаг бус" шоу надад байдаг. Түүний дээр Ким Кардашианы шоуг зорьж үзэхгүй ч завтай үед гарч таарвал хагас хугасыг нь үзэж орхидогоо нуугаад ч яахав. 

Кимийн Австр улсын нийслэл Вен хотод аялсан тухай үзээд би нулимс унагасан гэвэл та итгэх үү? 

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл 21-р зууны өнөөдрийг хүртэл оршиж байгаад харамссандаа уйлсан минь тэр. 

Дээд зиндааны хэмжээнд зохиогддог арга хэмжээнд очсон Кимийг хар будгаар нүүрээ будсан залуу, нөхөр Канеэ нь болон доромжилж, нэвтрүүлэгчид хоорондоо өнгөний арьсаар ялгаварлан гадуурхах бүдүүлэг үг хэллэгээр ярилцан инээлдэх юм. 

Онгоцон дотор Кимийн охиныг уйлахад нэгэн эмэгтэй зорчигч "наад хар хүүхдийнхээ амыг боо" гэх мэтийн аймшигтай муухай үгсээр гутаан доромжилсон гэсэн хэсгийг үзээд би өөрийн эрхгүй уйлчихлаа. 

Америкийг эрх чөлөөний орон хэмээдэг. Яагаад гэвэл нэлээд олон шалтгаан дурьдаж болно.

Энд элдэв зүйлээр ялгаварлан гадуурхагчид байлгүй яахав. Юутай ч дээрх шиг гаднаа гарган чангаар хашхиран айлгагч тун ховор буюу хуулийн дагуу байх ч аргагүй. Энэ бол эрх чөлөөт орны нэгэн илрэл. 

Европийн зүг амрахаар хүлгийн жолоо залж буй би дэмий ч нэвтрүүлэг үзчихэв үү, эсвэл эсрэгээрээ цагаа зөв олсон хэрэг болов уу?

Ким Кардашиан бид хоёр хоёулаа ээжүүд. Үрсийг минь хольмог цустай гэж арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах хүн цөөн таараасай.

Хар, шар, цагаан арьстай байх нь хамаагүй. Хүн л бол хүн. 


Saturday, June 28, 2014

Хүний боломж-Хоосон яс

Хүн бүрт боломж байдаг гэж би боддог. Чухам түүнийг олж харан,  хэрхэн ашиглах нь тухайн хүнээс шалтгаална. 

Заримдаа бид өөрийн тавган дээр юу байгаад анхаарахаас илүү хүний тавган дээрхийг харж, надад байсан бол гэж шүүрс алдах үе байдаг. Жишээ нь найзын тавган дээр тарган хонины махаар хийсэн бууз байх агаад минийх дээр хоосон яснаас өөр олигтой юм харагдахгүй тул яагаад ч олигтой "хоол" хийж чадахгүй гэж итгэн урвайх үе бий. 

Хоосон ясыг сайтар буцалгаж шөл гаргавал буузнаас ч илүү шим тэжээлтэй хоол болно гэдгийг мартдаг. 

Бид бүхний амьдрал хэн нэгнийхтэй харилцан адилгүй. Хүн олдсон боломжоо эерэгээр сэтгэн харж, өөрийн болгож амьдарч чадвал нэг л өдөр чиний тавган дээр амтат бууз бий болсон байх вий. 


Wednesday, June 25, 2014

Манайхан, танайхан...

Хадам ээж, эгч, дүү болон тэдний гэр бүл манайхаар цөөнгүй зочилж байснаас би зочилж байсан удаагүй. Энэ зун тэднийхнээр зочлох боломж олдсон бөгөөд ойрын хэдэн өдөр аялалд бэлтгээд сайхан байна. Хол, ойрыг үл харгалзан аялж зугаалах туйлын дуртай миний хувьд хамгийн их сэтгэл хөдөлдөг мөч бол ачаагаа бэлтгэх. 

Миний юуг яаж багтаах манай нөхөрт падлий ч байхгүй. Тодруулбал хэнд ямар бэлэг авахыг би л шийднэ. Учир нь бид хоёр гэр бүл бологсод. Нэгэн тооныг түшин боссон хоёр багана. 

Өөрөөр дахин тодруулбал бид хоёрын үгсийн санд манайхан, танайхан гэдэг үг хэллэг байхгүй. Хөгжилтэй болгох үүднээс "бэлэг"-н дээр жишээ авлаа. 

Хараад, сонсоод байхад гэр бүлийн хосууд "манайхан, танайхан" -ыг сайнаас илүү муугаар хэрэглэх ажээ. Би номоо бичих явцад хийсэн судалгаагаар ч энэ асуудал эхнэр нөхрийн муудалцах нэгэн том шалтгаан болдог нь ажиглагдсан. Ингээд би "Туслахыг минь зөвшөөрөөч" номноос бяцхан хэсгийг орууллаа.

"Манай монголчууд гэр бүлсэг сайхан ард түмэн. Гэвч хэт туйлшран манайхан танайхан гэх утгагүй асуудал хосуудын хооронд гарах нь элбэг. Та хоёр эхнэр нөхөр гэж би тодотгон хэлье! Нэгэн гэр бүлийг үүсгэсэн хүмүүс атал яагаад манайхан, танайхан гэдэг арчаагүй хөгийн үг хэллэг танай гэрт гараад ирэв? Эцэг эх, ах дүү нараа хүндлэн хайрлах нь зүйн хэрэг. Гэвч тэд нартай холбоотой асуудлаас болоод эхнэр нөхөр бололцсон та хоёр муудалцахыг би л хувьдаа тэвчихгүй. Эцэг эх, ах дүү та бүхэн ч гэсэн нэгэнт бүтээсэн нэгнийхээ амьдралд хөндлөнгөөс бүү оролцооч. Өөрсдийнхөө ачааг өөртөө үүрч нэгэндээ нэмэр болохгүй ч нэрмээс болохгүй амьдархыг хичээ. Үхэл зовлон, өвчин эмгэг, баяр цэнгэл тохиох үед нэгнийхээ дэргэд байлгүй л яахав харин өдөр тутмын амьдралд нь садаа болж хов жив хутгаж байхаа больцгооё. Хадам, худууд эв найртай байх нь хосын амьдралд вирус үүсгэхгүй байх нэлээд том шалтгаан. "

Өөрсдийнхөө амьдралд дүгнэлт хийж үзээрэй. Засаж, залруулах зүйл бий бол оройтохгүй. 

Гэр бүлийн аз жаргал хайр дурлал, эв найр, амар амгалангаас эхлэнэ. 

Thursday, June 19, 2014

"Хүнших боловсрол"

Өнөөдөр анх удаа охиноосоо түрүүлж сэрлээ. Өглөөг өөрөөр угтах сонин байна. Ямар ч байсан кофе чанаж бас уугаад амжлаа шүү. 

Цахилгаан шуудангаа шалгатал зөндөө олон сургуулийн сурталчилгаа, захиагаар дүүрчээ. Сүүлийн үед хүмүүс доод тал нь хоёр их, дээд сургууль төгсөх нь энгийн үзэгдэл болсон аж. Би ч тэдний нэг. 

Өдөр, оройн ангид зэрэг суралцаж 2 ижил диплом, 2 ижил ромбыг нэгэн өдөр гардан авсанаараа арай өөр байж болох. 

Ромбо, дипломоор хоолоо олж идэхгүй ч их сургууль, коллежийн жилүүдээс хүн "эрдмиийн болон нийгэмших боловсрол" олж авдаг. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй ч сургуульд суралцах чухал. 

Харин "хүнших боловсрол"-ыг хаанаас олж авах  вэ? Алдартай сургуульд суралцаж эрдэмтэн доктор болоогүй ч хүншихийн дээд цолыг хамгаалсан сайхан хүмүүс байх юм. 

Би дүүрч гэж бодоход дүү нар минь, үр үндэс минь "хүнших боловсролыг эзэмшиж", өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж яваасай. 




Saturday, June 14, 2014

Түр завсарлага

Түр завсарлага аваад өөрийнхөө амьдралын өдрүүдийг хөндлөнгийн хүний нүдээр харж үзсэн үү?

Чухам хэн, юу чамайг аз жаргалтай болгож байгааг харах гэж оролдсон удаа бий юу? 

Биднийг аз жаргалгүй болгогч хүн болон зүйлс дээр анхаарлаа давуулан төвлөрүүлж, бүх энергээ зарцуулан, илүү цагийг зориулдаг учраас гунигтай амьдарч явах тохиолдол цөөнгүй.

Цаг, өдөр, сарыг чухам хэрхэн өнгөрөөж буйгаа дахин нэг бодоход аяндаа өөрт чинь өөрчлөлт орох санаа төрөх болно. 



Thursday, June 12, 2014

Оройтохгүй

Аав минь 40 гарсан хойноо одоогийн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль буюу тухайн үеийн Орос Хэлний Дээд Сургуулийг төгссөн түүхтэй бөгөөд хүүхдүүд бидэнд аливааг сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийг харуулсан билээ. 

Сурна гэдгийг зөвхөн их, дээд сургуульд сурч мэргэжил эзэмшихээр хязгаарлан ойлгож болохгүй. 

Миний бага нас Өвөрхангай аймгийн төв болох Арвайхээрт өнгөрсөн. Гурав, дөрөвдүгээр анги байсан санагдана. Сонгодог бүжиг сурах санаа хэнээс ч авсан юм аймгийн хөгжимт драмын театрын бүжгийн дугуйланд оров. Ангийн авъяаслаг охин Мөнхжаргал лав байсан ба өөр сургууль, ангийн нэлээд хэдэн бяцхан охид байсан санаанд бүдэгхэн орж ирнэ. 

Бүжгийн багш болох хоёр эгч "чамд бүжиглэх авъяас нэг их алга" хэмээн тас хийтэл бусад хүүхдүүдийн дунд хэлснээр бүжиглэж сурах хүсэл минь байхгүй болчихсон. Хэзээ хойно гал цогтой найз охин Очкагаас бүжихийг сурсан даа.  

Олны дунд үлгэр дууриал болсон сэхээтэн бас залуухан аав ээжтэй Мөнхзултай найзалсан мөчүүд гэгээхэн. Бид хоёр шиг "хөдөөний" хүүхдийн санаанаас гарамгүй зүйлсийг хамтран сэтгэж сахилгагүйтдэг байжээ. Манайх 52 айлын орон сууцанд тэднийх өөдөөс харсан 12 айлын орон сууцанд амьдарна. Эмээ нь хотод амьдардаг болоод ч тэр үү Зулаа бусад хүүхдүүдээс арай өөр санагддаг байж билээ. Тавдугаар ангийн хоёр охин өглөө бүр Арвайхээрийн онгоцны буудал хүртэл гүйж дасгал хийх санааг чухам 90-ээд оны эхэн үед хэрхэн олсон нь одоо бодоход тун сонирхолтой. Удалгүй манайх хотруу шилжиж бид хоёрын чамин нөхөрлөл захиагаар хэдэн жил үргэлжилсэн сайхан дурсгалтай.

Наймдугаар ангидаа найз Өнөрмаатай хамт аэробикийн дугуйланд явж, Техникийн Их Сургууль дээрх компьюетерийн дамжаанд бас суралцлаа. 

Элит гэр бүлээс гаралтай Хонгорзултай найзалсан их сургуулийн 4 жил мартагдашгүй. Бид хоёр төв бассенд бүртгүүлж сэлж сурахыг хүссэн боловч хавтан тэвэрч сэлэхээс өөрөөр дээшилсэнгүй тул тэгсгээд орхив. 

Олон төрлийн юм сурахыг хүсэж, эхлүүлсэн ч тууштай байж чадаагүйн гайгаар алийг нь ч "сураагүй" байсаар нэг л мэдэхэд би гээч хүн 25 нас хүрчихсэн байлаа. 

Америкт ирээд удаагүй байсан миний анхаарлыг хуйлчихсан хулдаас шиг юм тэвэрсэн гоё хүүхэн залуус ихээр татав. Мэдээж хэрэг бас л тэдний хийж байгааг "сурах" сэтгэл төрнө биз дээ. 

Аливаа зүйлийг сурахаас илүү сурсанаа дадал зуршил болгох чухал гэдгийг нэгэнт ойлгосон тул ёга гээчийг амьдралынхаа нэгэн хэв маяг болгохоор хичээж байна. 

15 жилийн өмнөөс зориод сэлж сураагүй би 30 хүрэхийн даваан дээр сэлж сурлаа. 

Та нар хожимдсон гэж хойш суулгүй ямар нэг зүйлийг сурах сонирхолтой бол өнөөдрөөс эхлээд хичээгээрэй. Өглөө бүр шүдээ угаадаг шиг сурсан зүйлээ хэвшил болгож чадвал үр жимсийг нь авах болно. 

Tuesday, June 10, 2014

Зөндөө өөрчлөгдсөн

Ээж болсоны дараа хамгийн ихээр сайжирсан 5 хөгжилтэй зүйл: 
  • Гэнэт бяртай болсон. Хүүхдийн машины сандал, тэрэг, живхний цүнх, хэдэн тор дүүрэн хүнс дээрээс нь хүүхэд гээд бүгдийг асуудалгүй нааш цааш нь зөөчихнө
  • Усны үхэр болсон. Эмч ус уугаад өгөөч гээд л гуйдаг байсан бол би жирэмсэн болсноосоо хойш усыг сайн ууж хэвшсэн. 
  • Цагаа зөв зарцуулж сурсан. Өмнө нь хийж байхгүй юугаа хийж байсан юм бэ гэмээр жижиг, том зүйлүүдийг ээж болсон хойноо амжуулж байна. 
  • Өнөөдөртөө амьдарч сурсан. Энэ бол хамгийн чухал сайжралт. Өмнө нь өнгөрсөнөө бодож гэмшин, ирээдүйгээ бодон зовнидог байсан бол одоо өнөөдөртөө амьдран жаргах болсон. Гэр бүлдээ цагаа зориулж, чанартайхан өнгөрөөхийг улам ихээр хүснэ. Жижигхэн хүний өхөөрдөм инээдийг сонсож, ханийнхаа харцанд эрхлэх мөч бүхэн надад дэндүү үнэтэй. Амьдралын энэ сайхан мөчийг сэтгэлдээ мөнхрүүлэн шингээж одоо цагтаа амьдрах сайхан. 

Баллуургүй ирдэг амьдрал

Амьдрал бол нэгэн сайхан зураг ажээ. Балын харандаа, өнгийн харандаа, усан болон тосон будаг, бал, үзэг, бийр гээд амьдралыг зурах зэмсэг олноор дагалдан ирдэг. Харин баллуур өгдөггүй бас олддоггүй. Муухай зураг зурж зайгаа барахгүйг хичээхгүй бол арилгах арга байхгүй. 

Monday, June 9, 2014

Баяртай

Багагүй хугацаанд ижилдэн дассан чамаас би явлаа. Өдөр өнгөрөх бүр чамд автаж, чамгүйгээр амьдрах хэцүү болсоныг ухаарах тусам чамаас зугтан одохыг би хүслээ. 

Санана гэдгээ мэдсэн ч би саллаа. Чамтай хамт байх хөгжилтэй байсан нь үнэн. Чиний ачаар уулзаагүй удсан төрөл садан, найз нөхөдтэйгөө уулзсан минь ч үнэн. 

Миний алтан цагаас сэмхэн хумсалсаар нэг л мэдэхэд нэлээд их хугацааг хулгайлчихжээ чи. 

Тиймийн учир би чамд баяртай гэж хэлье. Түр баяртай уу, бүр баяртай юу гэдгийг харин би хэлж мэдэхгүй юм. 

НүүрНомгүй болсон тул бичлэгийг минь тоож уншдаг хэн бүхэн надтай цахилгаан шуудангаар холбогдох чөлөөтэй шүү. Миний хаяг tuslahiig.mini.zuvshuuruuch@gmail.com Жиргээг @tessbattumur хаягаар дагаж болно. 


Thursday, June 5, 2014

Аз жаргалын эрэлд

Аз жаргалыг бусдаас, хаа нэгтээгээс хайсаар... Гэтэл тэрхүү аз жаргал өөрт минь байжээ. Ухамсар дотор, эрүүл бие дотор, зөв бодол дотор, гэр бүл дотор минь аз жаргал гээч орших ажээ.

Аз жаргалын эрэлд мордогсод минь түрхэн саатаад өөр дотроосоо хайгаад үз. Лавтайяа олдоно тэрхүү эрдэнэ. 

Харин олж аваад алдалгүй хайрладаг юм шүү. Тэгэж чадаж гэмээнэ чи аз жаргалтай амьдарч чадна...


Monday, June 2, 2014

Хүчирхэг бөгөөд гялалзуур

Гурван сарын зөрөөтэй жирэмсэлж, гурван сарын зөрөөтэй ээжүүд бололцон жаргал, зовлонгоо хуваалцсаар илүү дотносон нөхөрлөсөн нэгэн найз надад бий. 

Ээжүүдийн өдрийн дараахан ээлжит ээж-хүүхдийн уулзалтаа хийхээр очлоо. Санамсаргүй ширээн дээр байсан ил захидлыг би уншиж орхив. Ээж гэдэг хэцүү албыг амар хялбар мэт харагдуулан хийдэг хайрт ханьдаа баярлалаа гэсэн утгатай түүний нөхрөөс өгсөн гоёмсог ил захидал байлаа. 

Найз маань нойргүй хонолоо, ингэж ядарч, тэгэж өвдлөө гэж гомдоллож байсан удаа нээрээ л байхгүй. Уулзах бүрт цоглог инээд, эрч хүч дүүрэн сайхан энергээр угтана. 

Гялалзтал амттай хоол хийж, гэрээ цэмбийлгэхийн хажуугаар мэргэжлийн ажлаа ч хийнэ, хүүхдээ ч асарна. Хэдийдээ яаж амжуулдаг юм гэмээр биеэ үргэлж сайхан авч явна. 

Өөрийн хүүхэддээ өгөх гурван тоглоомоо хоёр болгож нэгийг нь заавал манайд өгнө. Надад хэлэлгүй машин дотор тор дүүрэн тоглоом хийгээд явуулчихна. 

Гэрт ирээд зүгээр суухгүй намайг нэг өгүүлбэр хэлэх гэж тухалж суух хооронд хоёр өгүүлбэр хэлж, гал тогоог цэвэрлэчихсэн зогсоно. 

Найзаасаа би олон хэрэгтэй юм сурсандаа. Харин сүүлд тэрхүү ил захидлыг уншсанаас хойш найзынхаа хамгийн сайхан чанараас суралцах дутуугаа ухаарах шиг болсон билээ. 



Tuesday, May 27, 2014

Цорын ганц

Хадам аавын талынхнаар зочлоод ирлээ. Байхгүй болсон болохоор ч тэр үү, эсвэл үнэхээр тийм байсан болоод ч тэр үү, намайг хамгийн их ойлгож дэмждэг байсан "хамгийн сайн" хадам бол өвөө маань байсан санагдлаа. Хамгийн анх 2007 онд уулзахаар очиход зузаан нэвтэрхий тольноос Монгол улсыг олоод уншчихсан надаас тодруулж асуух зүйлтэй сууж билээ.

Америкийн банк санхүүгийн түүхэнд нэрээ үлдээж сонин сэтгүүлд мөнхрөн үлдсэн гавъяатай хүний нэг. Анх удаа Америкийн банкинд эмэгтэй хүнийг менежерийн түвшинд ажилд авч, мөн л анхны банк бус санхүүгийн байгууллагыг нээлцэж, банкны ерөнхийлөгчөөр олон жил ажилласан гээд тоочвол миний мэдэх мэдэхгүй олон сайхан амжилт бий. 

Миний хувьд амьдралдаа харсан, өвөө гэж дуудсан цорын ганц хүн бол Виллиам буюу Билл өвөө. Түүний ажлын амжилтын түүхээс илүү ямар сайхан сэтгэлтэй, уужуу тайван, ухаантай, асар их мэдлэгтэй, зүгээр л сайн хүн гэдгийг би мэднэ. 

Очих бүрт духан дээр минь үнсэж, шинэ содон техник технологи юу гарсан талаар яриулах дуртайсан. Өвөө маань номонд дуртай нэгэн. Нааш цаашаа хөдөлдөг түшлэгтэй сандалынх нь хажууд ном уншихад тохирсон гэрэл, номоо тавих жижиг ширээ байна. Ач зээ бидний дунд номын хавчуулга хийх уралдаан зарлаж бас ч үгүй хөөрхөн мөнгөн урамшуулал өгдөг байлаа. Үнэндээ өөрийнх нь зохиосон номын хавчуулгыг давах бүтээл бидний дунд байхгүй ч заавал хэн нэгнийг нь түрүүлүүлэн шагнана. 

Хамгийн сүүлд өвөөгийн бие муудаж очиход би нэлээд том гэдэстэй байлаа. Үе үе намайг дуудаж гэдсийг минь илэн нэг их сайхан инээмсэглэж "чихэрлэг сэтгэлт охин минь, чи сайн ээж болно оо" гэж хэлж байсныг эргэн бодоход нулимс эрхгүй урсан сууна.  

Өвөөг өнгөрсөнөөс хойш нэлээд хэдэн удаа тэднийд зочилсон ч энэ удаа би өвөөгөө маш ихээр үгүйллээ. Хөл, хэлд орсон охин, хэвлэгдсэн ном, блог гээд үзүүлэх юм олон байлаа өвөөдөө...

Хэрэгтэй үгийг урам болгон зөөллөн хэлж, бяцхан охинд минь бас цорын ганц өвөө нь болон дурсагдах байсан даа.

Wednesday, May 21, 2014

Залуу хүн өвдөх нь байтугай үхэж ч болдог хатуу хорвоо

Хүүхэд тоглоомноосоо их амархан уйдах юм. Ээж, ном хоёрын хэлснээр тоглоомыг хэсэг хэсгээр нууж сэлгэх,  эсвэл найзынхаа хүүхэдтэй тоглоом солилцох аргаар үнэтэй тоглоом худалдаж авах хэрэг гарсангүй өдий хүрлээ. 

Нуусан тоглоомоо хүүхдийн нүдэнд харагдаж, гарт хүрэхгүй газар хадгалах санаатай хувцасны шүүгээний хамгийн дээд тавиурт хийсэн агаад өлмий өргөн тоглоом авах гэж байтал хатуу юм тас хийн толгой дээр бууж 3 секунд орчим ухаан балартах шиг болов. Аминдаа хайртай хүн тул арай  911 дуудсангүй ч шинэ долоо хоног эхлэнгүүт яаран эмч өөд зүглэв. 

Шинэ эмчтэй болсоноос хойш ирээгүйг ч хэлэх үү, өндөр, царайлаг, намуухан дуутай, залуухан эрэгтэй эмчийг харж бага зэрэг балмагдсан би "мм би залуу хүн л дээ, толгой дээрээс юм унаад, күүкүү болчих вий гэж айгаад " гэж алиалах аядав. Нүдэнд дулаахан эмч инээмсэглэнгээ залуу хүн өвдөж болохгүй гэж хэн хэлээв? гэх нь тэр. 

Хүний хэлсэн нэг үгийг бүтэн өгүүлбэр болгож ургуулан боддог би ихийг эргэцүүлсээр харих замдаа хэрэггүй үгээр хэн нэгнийг гомдоочихоод уучлалт гуйж амжаагүй байтал аль нэгэн маань байхгүй болчихвол яанаа хэмээх муу ёрын бодол хэсэг тээлээ. Амны билгээс ашдын билэг гэдэг ч ховоогийн хатуу  үнэнээс зугтсан ч нуугдах газар бид бүхний хэнд ч байхгүй нь харамсалтай. 

Хажуу дахь хань, гэр бүл, найз нөхөд гээд танихгүй хүнтэй ч эв найртай байж энэ л хэдэн насаа нүгэл багатай өнгөрөөхсөн. 

Нэгэн цагт найз охид болон хөтлөлцөн үерхэж явсан арван жилийн ангийн андаа эрхгүй дурслаа. Сургуульдаа сор, өнчин дүү нартаа ээж нь болсон гайхалтай чадварлаг охин 25 нас хүрэлгүй байхгүй болчихсон. Хэрэв тэр минь бидний дунд байсан бол яах аргагүй Монголын нэгэн бахархал болон гялалзаж явах нь гарцаагүй.  




Friday, May 16, 2014

Монголоороо "гадааджих" юмсан

Хэд хоног хэт халж орой сэрүү унахаас нааш гэрээс цухуйхгүй байх сайхан шалтаг надад олдлоо. Үзэж амжаагүй шоу, дуусгаж чадаагүй кино үзэж монгол хошин шог сонирхох ч зав гарав. 

Маск продакшиний нэгэн хошин шог үзээд инээхээсээ илүү эмээх сэтгэл төрөв. Гадаадад олон жил болсон хүмүүс монгол зан заншил, ахуй, хэл соёлоо хэрхэн мартаж (мартсан дүр эсгэж) буйг нэгээхэн өнцгөөс чадварлаг харуулжээ. 

Багагүй хугацаанд өндөр хөгжилтэй оронд амьдарч, аялж явахдаа төрөл бүрийн сэтгэлгээ, яриатай монголчуудтай таарчээ. Дээрх хошин шогийн гол дүр шиг ганц нэг хүмүүстэй таарсанаа нуух юун. 

Би хувьдаа Монголоороо "гадааджих" юмсан гэж боддог. Шинэ дуучид хамтлагийг танихгүй нь үнэн ч Харангын Лхагваа, Никитоны Батчулуун, Болд, Сараа, Ариунаа, Жавхлан, Баясгаланг мэдэхгүй гэж мэлзэхгүй. Үгийн баялаг минь муудсан байж мэдэх ч монгол хэлээ мартсан гэж тэнэглэхгүй. Өглөөний нойрноос намайг чанасан кофений үнэр сэрээдэг ч сүүтэй цайнаас гарсан гэж дөвчигнөхгүй. 

Уран хас балет, Учиртай гурван толгой дуурь, Тамгагүй төр жүжгээ үзээгүй байж Холливудын Кодак театрын гадаа авхуулсан зургаар онгирдоггүй байгаасай гэж хүснэ. 

Ингээд надад тохиолдсон хөгжилтэй ч жаахан ичмээр явдлаар дуусгая. Монголд очоод 33-ны заслаа хийлгүүлнэ гэж зүтгэсээр ах эгч хоёроо даган энгийн нэгэн лам ахынд очлоо. Ном уншиж дуусах дөхлөө гэж бодсон би цүнхээ уудлан мөнгө гаргаж ирэн тоолж гарлаа. Ах, эгч хоёр маань хоёр талаас өвдгөөрөө зэрэг "нударч" эхлэв. Би ч хэрэг бишдсэнийг мэдээд бушуухан эгчийнхээ өвөр дээр тоолж байсан мөнгөө шидэж орхилоо. Эгч маань багсайсан мөнгөнөөс багцаалдан авч ламд өргөөд бушуухан гарцгаав. Хэдэн төгрөг өгөхөө бэлдэж ирээгүй би мөнгөө тоолж өгөхөөс өөрөөр яаж өгөх аргаа олоогүй нь тэр. Харин ах, эгч хоёр маань бөөн инээдэм болгон гэрийнхэнд дэлгэж би "онигоонд"орох нь тэр ээ. Дараа би мөнгөө бэлдээд дугтуйнд хийгээд очих болно.   

Tuesday, May 13, 2014

Гурван бүжин буюу турсаар байх уу?

Бүжин, одоо туралгүй дахиж таргалсан ч зүгээр шүү. Сайхан харагдаж байна гээд нөхөр намайг үнсэв. Бид хоёр бие биенээ "Bunny" буюу бүжин гэж дуудна. Тэгсэн охины маань нэр бас Бүжин. Ингээд гурван бүжинтэйгээ сая л мэдлээ. 

Сэтгэл тавгүй, үймэрсэн үед юм ихээр иддэг муу зуршилтай хүмүүсийн нэг би ажээ. Боломж байвал гадаа гарч алхах, усанд сэлэх мэтийн биеийн дасгал хийдэг ч хүүхэд маань бага тул хувьсгалын бүрдээ тохирох нь ховорджээ. Азаар амьдралд маань сэтгэл таагүй өдрүүд тун ховорхон таарах нь яамай. 

Нэг лааз молоко, бүтэн шарсан загас, тал бялуу, уут шарсан төмс, Орос дэлгүүрийн матрюшканы зурагтай кекс, Солонгос дэлгүүрээс авсан бүх панчаг будааны хамт идсэн гээд санаж буй нь эдгээр. Дээрээс нь ямар төрлийн хэдэн шоколад идсэнийг цаасыг нь цуглуулж тоглосон охин маань мэдэж магад. 

Эрхбиш өдөр тутмын ёгийн дасгал, хагас, бүтэн сайны сэлэлтээ хийснээс өөрөөр өнгөрсөн долоо хоногт хийж бүтээсэн зүйл алга. 

Харин хэдэн паунд (1паунд = 0.453592кг) төвөггүй нэмсэн нь нөхөрт маань жигтэйхэн таалагджээ. НүүрНом, блогт юу болж байгаад оролцоод байдаггүй хүн "энэ талаар" блогтоо бичээч гэж анх удаа "хошуу дүрэв". 

Сүүлийн үед охид, бүсгүйчүүд жин хасахад маш ихээр анхаарч, туранхай л бол сайхан гэдэг ойлголт нийгмээр нэг даяанчлах болсон санагдлаа. 

Өөртөө тохирсон махтай, түүнийгээ хөдөлгөөн дасгалаар чангаруулан, булчин болгож хөгжүүлвэл илүү секси, эрүүл чийрэг харагддагийг би ч мартах дөхжээ. 

Таргалж, турсан шалтгаанаа эрүүл мэндийн талаас болж буй эсэхэд юуны түрүүн анхаарах хэрэгтэйг надаар хэлүүлэлтгүй мэдэж буй биз ээ. 


Friday, May 9, 2014

Маргааш

Бүрхэг тэнгэр цэлмэдэгийн адил сэтгэл онгойх нэн сайхан. Тэнгэр үргэлж цэлмэг бол нарны ач тусыг мартаж мэдэх юм. Олон удаа, ойр ойрхон хаврын тэнгэр шиг хувирахгүй ч арван жилд нэг удаа сэтгэлийн тэнгэр бүрхэхэд наран болон гийж байсан нөхөрлөлийн үнэ цэнэ, утга учрыг нэг шөнийн дотор мэдэрдэг бололтой. 

Хүний газар эв эеэ хичээ гэсэн эхийн сургааль зөрчигдлөө. Зүрх шимширч, сэтгэл хөндүүрлэсэн хоёр хоног хорь хоног мэт урт санагдав. Салхи аргадах, аашлах учраа олохгүй хий дэмий л модны мөчир найгуулан, цонхоор сэнгэнэж нэгэнт даарсан дотрыг улам хүйт оргиулна. 

Маргааш салхи намжиж, нар хөөрнө. Өглөө хурдан болоосой.  

Wednesday, May 7, 2014

Галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт


Нөхрөө орой ирэхэд янз бүрийн шинэ ганган гутал хувцас өмсөж, секси янаг царайлан угтдаг байсан би өнөөдөр өрөөсөн оймс өрвийсөн үстэй, өвдөгнөөс нь хүүхэд зүүгдээстэй угтдаг боллоо.

Америк даяар өдөрт хэдэн хувь хүн, байгууллага дампуурал зарласан, ямар шинэ програм шалгасан, Нью-Ёркийн өмгөөлөгч залуу утсаар ярихад хичнээн их зантай байсан гээд ажлын сонин хачин нөхөртөө дуулгадаг би өнөөдөр охин ямар өнгөөр хэдэн удаа баасан, номын сангийн хичээл дээр хэрхэн сахилгагүйтсэн, би цамцаа буруу харуулж өмсөж гарсан гэх мэтийг хууч хөөрнө.

Ажлын газрын найз нартай баасан гарагийн оройг оргилуун дарс шимэх мэтээр өнгөрөөдөг байсан хүн тоглоомын талбайн ээж найзуудтай дасгал хамт хийж, хэн нь хэдэн кг турах төлөвлөгөөг хуваалцдаг ажилтай. 

Хоёр ширээний компьютер, нэг Алим загварын лаптоп ( Apple laptop) дээр нэлээдгүй том күбикл (cubicle) эзэмшин ажилладаг байсан би гал тогооны ширээний буланд гацаж муудсан HP дээр иш нь хугарсан нүдний шилтэй өдөр оройн унтлагын сиймхийгээр ажлаа хийдэг боллоо. 

Сардаа хоёроос гурван удаа ганц нэг төрлийн хоол хийж гийгүүлдэг байсан эхнэр гал тогооны өрөөний байнгын эзэн болчихоод долоо хоногт гурваас дөрвөн удаа Солонгос, Монгол, Америк, Тайланд хоолыг хийгээд зогсож байх юм. 

Брендийн дэлгүүр үе үе хэсэхээс өөрөөр дэлгүүр орох дургүй би аль дэлгүүрийн ямар эгнээнд юу хэрхэн хямдарсаныг андахгүй мэддэг нэгэн болж хувирчээ. 

Амьдрал минь огцом өөрчлөгдөж, орвонгоороо эргэсэн мэт боловч өнөөдрийн амьдралдаа хязгааргүй хайртай бас сэтгэл минь дэндүү хангалуун, ихэмсэг бардам гэм нь жаахан онгироо хэвээрээ нэгэн. 

Галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт энэ амьдралынхаа ганц хормыг ч би очир алмазаар арилжаж солихгүй. Очир алмазан шигтгээтэй эдлэлд нугасгүй дуртай ч гэлээ... 

Хүн бүрийн амьдрал ижилгүй, өөрийн амьдралаа хайрлах тусам өнгө нэмэн дэлгэрнэ. Хэн нэгэнд утгагүй харагдах амьдрал тухайн хүндээ юугаар ч сольшгүй нандин байж мэднэ ээ. Хүнийг гаднаас нь харж дүгнэлгүй, хэн нэгнийхээ амьдралыг шүүмжлэлгүй, хэрэгтэй үед нэгнээ дэмждэг, чадал хүрвэл тусалж чаддаг, үгүй ядахад сайхан үг сэтгэлээсээ хэлдэг байхад болоод явчихна даа. 





Tuesday, May 6, 2014

Хөнгөн хэрнээ гүн

Америк найзууд, хадмууд сүүлийн үед миний блогийг ихээр сонирхох боллоо. Надаас залхдаггүй манай хуучин ажил өнгөрсөн долоо хоногт дахин ажлын санал ирүүлжээ. Тохирсон ёсоор даргатайгаа өглөө уулзахаар очтол манайхан бүгд л охин том болж байна уу гэхийн оронд ном гаргасанд чинь баяр хүргэе. Блог бичиж байгаа гэж сонссон юуны тухай вэ гэж шалцгаав. Зарим нэг намайг сайн мэдэхгүй нөхдүүд чамайг бичдэг гэж мэдсэнгүй үгүй мөн сонин юм аа гэх нь дуулдана. Түүн дотроос хамгийн их асуусан асуулт бол "юуны тухай бичдэг вэ?" гэсэн өгүүлбэр байв. 

Охины тухай, үс минь хэр ургасан тухай асууна байх гэж бодож очсон би эхэндээ бага зэрэг сандраад авлаа. Удсан ч үгүй дарга хүүхэн намайг дагуулсаар уулзалтын өрөөнд орж ашгүй намайг олон хүний ижил асуултаас булзааруулж орхилоо гэж дотроо би баярлав.

Дарга уулзалтын тохилог памбагар сандлыг тухтай налан сууснаа "за тэгээд юуны тухай бичдэг вэ?" гэх нь тэр. Би чадлынхаа  хэрээр тайлбарлалаа. Чимээгүй сонсож байсан дарга "алив нэг жишээ хэл дээ" гээд намайг ярихыг хүлээн уулзалтын чухал сэдэв энэ л байсан аятай өөдөөс эгцлэн ширтэв. 

Миний бичлэгийг хайхрамжгүй уншвал зарим хүмүүст миний амьдралын хөнгөн сэдэв шиг санагдана. Тайлор Свифтийг өмд гуталны тухай дууллаа гээд л нэг хэсэг шуугисан даа? Яг л тиймэрхүү сэтгэгдэл төрөх байх. Энгийн хэрнээ хэзээ ч дуусдаггүй эсвэл хэтэрхий хөнгөн болохоор хүн бидний мартчихдаг сэдвээр бичих гэж оролддог юм. 

Ямар санал надад тавих гэж байгааг одоо л сонсох жинхэнэ уулзалтандаа орох нь уу гэтэл дарга бүсгүй уулзалтаа ном ёсоор үргэлжлүүлж буй мэт чухал царайлан "блогийнхоо нэрний утгыг дахиад жишээгээр тайлбарла даа" гэх нь тэр. 

Хэсэг ярьж ам халж зоригжсон би хэнэг ч үгүй бардам царайлан бас л энгийн дээ. Дэлгүүр ороод дэлгүүрийн түрдэг тэргийг буцааж байранд нь тавьдаг, хогоо энд тэнд хаядаггүй, хүнд чин сэтгэлээсээ тусалдаг, боломжийнхоо хэрээр зөв хүн байхыг л хүссэн утгатай. Ажлаа ч халтуурдалгүй сайн хийдэг хүн байх гэсэн маш жижигхэн санаа агуулж байгаа гэж ажил төрөлтэйгөө холбож амжив. Дарга толгой дохьсоноо "жижиг санаанаас том санаа дүүрдэг ..." гээд олон сайхан магтаалын үгээр харамгүй шагналаа. Тэр бүхнийг оруулбал ёстой жинхэнэ өөрийгөө рекламдсан хэрэг болох байх. 

Хэлсэн үгнээс нь сонсоход ямартай ч өөрийнхөө монголоор бичдэг санааг англиар ойлгуулж чадсан бололтой. 

Saturday, May 3, 2014

Зүүднээсээ айлаа

Урьд шөнө ижийгээ өвдчихсөн байна гэж зүүдэллээ ... Санасан үедээ гүйгээд очиж чадахгүй алс болохоор зүүднээсээ хүртэл айх юм даа. 

Та минь сайн уу гээд ярихаар хоолой нь сөөнгөтөж, сааралтсан дуутай ч ээж нь зүгээрээ гэж цоглог дуугарах гэж хичээнэ. Ядарсанаа нууж, өвдсөнөө хэлэхгүй гүрийх нь өрөвдмөөр. 

Ээжийгээ мөнх юм шиг сэтгэж яасан ч олон өдрүүдийг таниасаа хол өнгөрөөгөө вэ? 

Сайхан орчинд, эрүүл хоолтой амьдрах би гаднаа жаргалтай ч хүссэн үедээ ээждээ сүү бариад очиж чадахгүй гунигтай нэгэн. 

Өөрөө өвдвөл гавъяа байгуулсан мэт хамгийн түрүүн ээждээ дуулгаж хошуу цорвойдог хэрнээ өөрийг нь өвдвөл өр минь эмтрэхээс өөр шидгүй нэгэн би. Халуун шөл балгуулж, хөлийг нь атгах хувьгүй хүн. 

Урсан өнгөрөх цаг хугацаа хайр найргүй ээжийг минь бөгтрүүлж, ясыг нь хэврэгшүүлэн жижигхэн биенд хүндэдсэн өндөр насаар дарна. Гэвч үр хүүхдээ гэх дэндүү өгөөмөр, цав цагаахан сэтгэлийг нь яаж ч хувиргаж чадахгүй. 

Заримдаа би ээж шигээ ээж байж чадах уу гэдэгтээ өөртөө эргэлздэг. Тэвчээрийн дээд цэг, ухааны их далай болсон миний сайхан ээж. 

Бие минь үргэлж хол ч сэтгэл минь мөч бүр таны дэргэд шүү ээж ээ. 










Tuesday, April 29, 2014

Хошин шог буюу болсон явдал

Хагас бүтэн сайныг Баасан гарагийн оройтой хамт тэсэн ядаан хүлээнэ дээ. Учир нь гэр бүлээрээ ямар нэгэн адал авдал зохиож, үгүй гэхэд хамтдаа агаар салхинд зугаална. Бүр болохгүй бол гадагшаа гарч ямар нэг орны амталж үзээгүй хоол иднэ. Бороо устай, лагшин эс тунгалаг бол дор хаяж хоол захиалан авчруулж гахай болтлоо гүзээлцгээж хөлөө жийн юу ч хийхгүй кино үзэх дуртай хүмүүс. 

Хувцасаа эвхэж, мөнгөө хэмнэхдээ маруухан улсын тоонд нөхөр бид хоёр яалт ч үгүй орно. Харин охинтой болсоны ачаар хүүхэддээ муу үлгэр дууриал үзүүлэхгүйн тулд хувцас хунараа эвхэж, тоосоо өдөр бүр соруулдаг мундаг улс болоод байгаа. Хүүхдээ хүмүүжүүлэхээс илүү хүүхэд өөрөө бид хоёрыг хөөрхөн хүмүүжилтэй болгох юм. 

Би Солонгосоос ирээд удаагүй байлаа. Алдарт Гангнам дүүргээс дурлан байж авсан сул загвартай хар өнгийн шарваараа өмсөж гайхуулахыг тэсэн ядан хүлээсээр ашгүй хагас сайны өглөө боллоо. Орой нь бэлдэж тавиад хоносон өмдөө өглөө яаран углаж ""би бэлэн, явцгаая" гэж нөхөр охиноо яаруулав. Төв цэцэрлэгт хүрээлэнд хэдийн хүмүүс иржээ. Амралтын өдөр болохоор хүүхэд асрагчаас илүүтэй эцэг эхчүүд давамгайлсан нь андашгүй. 

Үргэлж л намайг хөөрхөн байна, гоё харагдаж байна гэдэг нөхөр маань энэ удаа чимээгүй. Би дотроо шинэ өмдөө магтуулах санаатай өмнүүр хойгуур нь нэлээн явлаа бас л дуугүй. 

Хортой нар гарахаас өмнө амжин охиноо ханатал тоглуулсан бид хоёр долоо хоногийн өмнө авгын урьсан ёсоор Сан Францискод өдрийн хоол идэхээр хөдлөв. Сая нэг юм ам нээж "чи яагаад миний унтлагын өмдийг өмсчихсөн юм бэ" гэх нь тэр. Би эхлээд тоглож байна гэж бодон инээтэл манай хүн ер тоглож буй шинжгүй их л гайхсан байртай байлаа. Угийн хэнэггүй, нарийн ширийнийг анзаараад байдаггүй нөхөр маань нээрээ намайг өөрийнхөө унтлагын өмдийг өмсөж гэж боджээ. 

Яг энэ яриа болох зуур бидний дэргэдүүр нүв нүцгэн дугай унасан ах зөрлөө. 

Гэртээ ирээд шөнө өмсөхөөсөө илүү гэртээ өмсдөг унтлагын өмдийг нь үзвэл нээрээ нэлээд ижилхэн материалтай, шуугаад өмсвөл миний үнэтэй Гангнамын өмднөөс ялгархааргүй юм гээч ... 

Нөхрийн унтлагын өмдтэй байтугай нүцгэн явж байсан ч хамаагүй Сан Франциско ...