Wednesday, March 19, 2014

Дуунд нь биш хүнд нь дурлаж явлаа

Цахим ертөнц хөгжих тусам сайн муу аль аль нь тэнцүүхэн дагалддаг аж. Facebook буюу манайхны НүүрНом хэмээн сүүлийн үед орчуулаад байгаа "этгээд" бас их ач тустай юм гээч. 

Багадаа тоглож өссөн хамаатныхаа охин, Солонгост хоёр хөөрхөн охин, нөхөртэйгөө сайхан амьдарч буй авгын зээ охин, ижилдэн дассан ч сүүлийн хэдэн жил холбоо тасарсан арван жилийн найз нар, Багануурыг моджуулах ногоон төсөлд хамтран ажиллаж байсан Япон найзууд, нутгийн мэдлэгтэй эгч нар гээд барааг нь харалгүй удсан ч сэтгэлд минь байдаг хүмүүстэй уулзуулж өгсөн НүүрНом сайхан юм. 

Өчигдөр охиноо унтсаны дараа цахим ертөнцөөр аялж, ганц нэг дэлгүүр хэсэх санаатай сууж байтал нүдэнд танил дүр НүүрНомон дээр гараад ирэх нь тэр. 

Эх орноосоо явахаас өмнө хамгийн сүүлд болзож байсан, тэртээ 2006 оны зун цагийг, өдрүүдийг, саруудыг кино шиг хамтдаа өнгөрөөж явсан залуу байлаа ... 


Галт тэргэнд анх танилцаад намайг юун ч их зантай юм бэ дээ гэж бодсон гэдэг. Миний их зан гаргах гэж юу байх вэ дээ, олонд танил царай, дуучин нэрэнд нь сүрдэн холхон явъя л гэж бодсон байлгүй дээ. Галт тэрэгний давчуу хонгилын цонхоор салхи сэвэлзэхийг мэдрэн зогсоход тэр аль хэдийн хажууд минь ирчихсэн олон юм асууна. Өрөөндөө ороод суунгуут дуучин найз охинтой минь урлагийн ажил ярих далимаар араас ороод ирнэ. Сонсоод байх нээ зөв юм ярьдаг, над шиг сэтгэлийн хөдөлгөөнтэй залуу бололтой. Эх оронч гэж жигтэйхэн. Галт тэрэг Улаанбаатараас хөдлөөд удаа ч үгүй ... За энэ бид хоёр ч дараагийн долоо хоногийг яалт ч үгүй ойрхон өнгөрүүлэх нь дээ гэсэн бодол надад төрсөн агаад би дотроо инээмсэглэж байлаа. Харин зөвхөн 7 хоног ч биш бүхэл бүтэн зуныг хамт өнгөрөөж намайг онгоцны үүдээр ортол суулгаж өгсөн хүн дээ. 

Бид хоёрыг гадуур хамт явахыг харсан зарим нэг найз нар намайг яаж толгой чинь эргэхээрээ тэрэнтэй хамт явж байдаг байна аа гэж шударга зэмлэнэ. Зарим хүмүүс түүнийг зэрлэг балмад, танхай, хулигаан нөхөр гэж тодорхойлно. Аялалаар хамт явсан ганц нэг дуучид таарч дуу алдан гайхаж, та хоёр одоо болтол хамт байгаа юм уу гэж толгой сэгсэрнэ. 

Миний нүдээр харсан, сэтгэлээрээ мэдэрсэн тэр хүн бол уян зөөлхөн сэтгэлтэй, халамжтай, соёлтой, хүнд туслах гэж үргэлж хичээдэг энгийн нэгэн сайн залуу. Надад үлдсэн дурсамж бүгд цагаахан бас гэгээхэн. Хэдэн сарыг хамт өнгөрөөхдөө бид хоёр бие биенээ гомдоож, муухай харж, муу үг хэлж муудалцаж нэг ч үзээгүй. Энэ дурлал ирээдүйгүй гэдгийг хоёулаа мэдсэн болоод ч тэгсэн байж мэднэ ээ. Тухайн үед түүний олон жилийн найз охин тэр хоёрын хооронд томоохон асуудал үүсч, бүсгүй монголоос хол явсан байлаа. 

Тэр надаас чи яваад миний сүйн бөгжийг түүнээс очоод аваад ир тэгэх үү гэж үе үе намайг хэлэх үггүй болгоно. 

Өглөө үүр цайтал энд тэндэхийн тоглолт үзэж эсвэл бүжиглэж яваад харих замдаа 24 цаг нээлттэй байдаг Солонгос ресторанд хооллочихоод өдөржин унтаж намайг хажуугаас түлхэж ажилдаа явахгүй бол болохгүй гэж үглэсээр явуулна. Намайг өөртэй нь өдрийг өнгөрөөхийн тулд ямар нэг ажлаа алдахад тун дургүй. Надад түүний алдар нэр огт хамаагүй. Би хүмүүс түүний тухай юу гэж бичсэнийг хэвлэн уншуулж дүгнэлт хийж, асуулт тавина. Тоглолтондоо явсан уу, студи орсон уу,  ямар ажил амжуулсан, төлөвлөгөө юу байна гээд араас нь шахна, шаардана, загнана. Намайг онгоцны буудлаас гаргаж өгчихөөд буцах замдаа манай найз нарт "намайг ганц барьдаг хүн байсан юм даа" гэж хэлсэн гэдэг. 

Баянбүрдийн хавьцаах нэг ресторанд рулет тоглоомтой. Тэнд өдрийн цай уусан үедээ бид хоёр азаа үзэн тоглох дуртай. Надтай хамт тоглох бүртээ хождог гэж намайг онгирооно.   

Тэр үед би яаманд мэргэжилтэн байлаа. Аль болох албаны хувцас өмсөж, нүдний шил зүүн төв царай гаргана. Намайг ажлаас тарахад хэнэг ч үгүй үүдэнд ороод ирчихсэн цаг бичдэг залуутай хэзээний найз болчихсон ярьж суудагсан. Хэнийг ч голж, шилэлгүй сайхан харьцдаг зан нь бас намайг татсан юм байна шүү. Намайг гараад ирэнгүүт наад нүдний шилээ ав, үсээ задал, одоо чи надтай хамт байна гээд л гараас минь хөтлөн машины хаалга онгойлгож өгнө. Миний болзож байсан залуусаас надад машины хаалга онгойлгож өгдөг байсан хүн тэр үед байгаагүй болохоор үнэхээр сайхан санагддаг байлаа. 

Түүний дуртай унаа Бенз. Түүнээс болсон юм уу би бас бензэнд дуртай болчихсон. Нарны шилэндээ хайртай гэж. Намайг нарны шилэнд "оруулсан" хүн бол бас тэр. Солонгост тоглолтоор явахдаа хайртай нарны шилээ хаячихаад бид хоёр бөөн утас шөрмөс цохиж байж тоглолтын дараа найрласан барнаас олж авч байсан юм даг. 

Биллиард тоглох хоёулаа дуртай. Байнга тоглодог газрын ажилчин охид намайг анх дагуулан очиход хоорондоо шивэр авир ярилцан над руу ээлжлэн харцгаана. Тэдний бодлоор тэр зөвхөн мисс цолтой, загвар өмсөгч, ганган, хөөрхөн, царайлаг охидтой л очих ёстой юм байх. Түүнийг анзаарсан манай залуу тэднийг тойруулж байгаад та нар битгий хүнийг гаднаас нь дүгнэж бай, энэ бүсгүйн дотоод ертөнц рүү өнгийхийг хичээгээч гэж ирээд л намайг зөндөө магтаж билээ. Миний хөлийг гоё гэж магтах дуртай. Яг энэ хэсэг нь үнэхээр гоё гэж ирээд л гараараа илнэ. 

Гэрийн түлхүүрээ нэг их том оосорт зүүж явах нь инээдэмтэй. Нэг өдөр намайг хоёр гараас минь барьж зогсоод чи сонс доо би юу ч болоод байгааг мэдэхгүй байна. Чамд би гэрийн түлхүүрээ өгье гээд нөгөө миний дотроо шоолдог том оосортой түлхүүрээ медаль зүүж өгөх мэт толгойд минь углаж өгч билээ. Гэрийн түлхүүрээ хэн нэгэнд өгнө гэдэг бол чи манай хүн гэдгийг зөвшөөрч буй маш том бэлгэдэл болохыг хожим энд ирсэн хойноо ойлгосон юм. Тухайн үед би сайн утга учрыг нь ухаж ойлгоогүй байжээ. 

Үргэлж гадуур хооллохоос залхууран нэг өдөр би хоол хийх болов. Байсан бүх зүйлийг хольж хутгаад шөл хийлээ. Амтархан идсэн хэрнээ намайг тогоочийн дамжаанд яв гэж шулуухан хэлсэн нь одоо ч миний хийх ёстой зүйлийн жагсаалтанд бий. 

Чухам хэд хоногийг хамт өнгөрөөснийг тоолж нарийн мэдэхгүй ч хамтдаа өнгөрөөсөн дурсамж дэндүү олон. Бүхнийг чин сэтгэлээсээ хийдэг зан нь намайг өөртөө дурлуулахад бас нөлөөлсөн байх аа. Миний хөл үнэхээр жижигхэн. Хөлд таарах зуны сандаль монголоос олох хэцүү байлаа. Өөрөө явахдаа авах эсвэл хүмүүст захина. Захисан хүмүүс өө тийм жижигхэн гутал олдсонгүй гэх нэг ижил хариулттай. Харин тэр надаар ч хэлүүлэлтгүй өөрөө мэдэн хөөрхөн гоё мөнгөлөг сандалийг хослох бүснийх нь хамт аваад ирсэн байж билээ. Хөлд яг таарчээ. Дотроо бол би өөрийгөө Үнсгэлжин болчихсон ухааны юм бодоод л явдаг байлаа. 

Түүний бэлэглэж байсан Тиффанигийн бөгжин хэлбэртэй кулон бүхий мөнгөн гинж хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Би зориудаар үгүй хийсэн ч байж мэднэ. Үнэндээ би сайн санахгүй байна. 

Сайхан дурсамжийг нэг мөсөн арчиж арилгах амаргүй бололтой. Хааяа нэг сэргээн бодох харин ч сэтгэлийн таашаалтай юм гээч. 

Олон ч охид түүнд дурлаж явсан гэнэ лээ. Охид бүсгүйчүүд түүний дуунд нь, уянгалаг хоолойд нь дурласан гэж ярихыг би зөндөө сонссон. Би бол дуулсан дуунд нь биш хүнд нь дурлаж явлаа. Одоо бид хоёр хоёулаа хань ижил, хөөрхөн охинтой жирийн андууд. НүүрНомны энгийн найзууд. 

No comments:

Post a Comment