Friday, March 14, 2014

Сэтгэлийн алжаалаа тайлах арга буюу хоббитой байхын ач тус

Стресс буюу сэтгэл таагүйтэх явдал бид бүхэнд тохиолдох үе байдаг. Зарим үед энэ байдал хэд хоногоор ч үргэлжлэх нь бий. Өнгөрсөн 6-р сард би төрсөнөөсөө хойш эргэж ажилдаа орсоноор гүн стрессэнд орсон билээ. 

Энэ улсад төрөхөөс 4 долоо хоногийн өмнө жирэмсний амралтаа авч болох агаад төрсөний дараа байгалийн жамаараа төрсөн бол 6 долоо хоног, хагалгаа хийлгэж төрсөн бол 8 долоо хоног болоод ажилдаа орох ёстой. Дээрээс нь нярай хүүхэдтэйгээ дотносох 6 долоо хоногийн хугацааг эцэг, эх хоёрт нь улсаас олгоно. Тэр хугацаанд албан газар нь хэн нэгнийг нь халах ёсгүй. Би нийт 12 долоо хоногийн дараа ажилдаа орох байсан боловч биеийн байдлаас минь шалтгаалан эмч дараагийн 2 сар ажилдаа орохыг хориглов. Хуулийн дагуу намайг ажлаас халах болон эрүүл мэндийн даатгалыг маань зогсоох эрх компанид байхгүй. Ингээд төрсөнөөс нийт 5 сарын дараа ажилдаа орох байсан боловч миний биеийн байдал хэвэндээ ороогүй тул товлосон хугацаанд ажилдаа орж чадахгүйгээ даргад хэлэн уучлал хүсч миний ажлыг орлох хүн авах хэрэгтэй бол эртхэн авсан нь дээр гэдгээ ч хэлэв. Харин сайн ажилтан гэдгээ баталж харуулсаны ачаар тэд намайг хэзээ бэлэн болсон цагтаа эргэж орж болно гэдэг сайхан мэдээгээр сонорыг маань мялаав. Хэрэв өөр газар байсан бол за баяртай гээд л хаалгаа хаах байсан. 

Ингээд өдөр хоногоор бие минь ч дээрдэж нэг өдөр манай ажлаас эргэж ажилдаа орж чадах уу гэсэн санал ирэв. Бие маань ерөнхийдөө тэнхэрч бараг л хэвэндээ орсон байсан тул тэгэлгүй яахав гэхдээ би өглөө эрт эхэлж 4 юм уу 5 цагаар л ажиллаж чадна гэж өөрийн хүсэлтээ хэлэхэд манайхан дуртайяа хүлээн авч би өндөр өсгийтөө жийн гарч өглөө. Харамсалтай нь 4 долоо хоногийн дараа аймшигтай толгой өвдөлт гэнэт тохиож ажилдаа  явах нь байтугай орноосоо өндийх ч чадалгүй болов. Нэг мэдэхэд түргэний тусгай өрөөнд сэрлээ. Эмч, гэрээс чинь хүн байна уу гэхэд би сулхан дуугаар нөхөр маань хүргэж өгөөд харьсан би нялх хүүхэдтэй, охин маань яаж байгаа бол гэж өөдөөс нь асууна. Сувилагч хажуугаас, нөхөр нь нялх хүүхэдтэйгээ хамт хүргэж ирээд явсан. Энэ охин нөхрөө хүүхдээ сайн асраарай гээд явуулсан. Би хүлээн авсан сувилагч нь. Нөхөр нь надад утсаа үлдээсэн гэлээ. Эмч, толгой чинь одоо яаж байна? 1-ийг хамгийн бага өвдөлттэй, 10-ыг хамгийн их өвдөлттэй гэж тооцоод 1-ээс 10-ын хооронд ямар байгаагаа хэл гэв. Би 10. Магадгүй түүнээс дээш. Хүүхэд төрөхөд өвдөж байснаас ч илүү гэж араас нь хэлэв. Би үнэндээ толгой өвдөх гэдэг ийм аймаар зүйл гэдгийг төсөөлөө ч үгүй явсан бөгөөд тэрхэн зуур өмнө нь надад толгой өвдөөд гэж хэлж байсан хүмүүсийг тоолгүй өнгөрсөндөө харамсах сэтгэл төрж билээ. Эмч үргэлжлүүлэн, за бид нар учрыг нь олно. Бид комьютерт харах гэх мэт бүх л онош тодруулах арга хэмжээг авлаа. Өөрчлөлт алга. Гэхдээ хийсэн эмчилгээний дараа одоо хэр нь ийм өвдөлттэй байгаа болохоор би тархинд цус харвасан байж магадгүй гэж сэжиглэж байна, тиймээс нугасны ус авах хэрэгтэй. Чи нөхөртэйгөө хурдхан утсаар зөвлөөдөх үү гэлээ. Би "тархинд цус харвасан байж магадгүй" гэдэг үгийг сонсоод нүд минь улам бүрэлзэж, нялх үр минь л санаанд бууж байлаа. Гар утасны сүлжээ ажилдаггүй тусгай өрөө байлаа. Учир нь ямар ч аюултай өвчин байж болшгүй тул тусгаарлагдсан өрөөнд хэвтүүлсэн ажээ. Сувилагч түшин босгож үүдний жижиг өрөөн дэх утсаар нөхрийн гар утаст залгаж өгөв. Охин зүгээр үү гэж яаран асуучихаад юу болж байгааг хэлтэл нөхөр маань гэнэт цочин сандарч хэсэг балмагдан дуугаа хурааснаа, тэр шинжилгээг нь хурдан хийлгэ гэнгүүт би охиноо л сайн хараарай. Би энд эмч нарын гарт байгаа тул санаа зоволтгүй, гарах болохоороо эргээд залгая гээд та хоёртоо хайртай шүү гэхэд утасны нөгөө үзүүүрт нөхрийн маань хоолой зангирах сонсогдож би ч бас чамд хайртай гэж арайхийн хэлэв. 

Энд ар гэр, хамаатан саднаасаа хол хүмүүс иймэрхүү маягаар л өвдөж зовдог доо. Тэр өдөр монголчуудын наадам тэмдэглэж байсан өдөр тул би найз нартаа төвөг удаж хэл дуулгахыг хүссэнгүй. Түүнээс биш миний найз нар гүйгээд л ирэх байсан нь мэдээж. 

Азаар тархинд цус харваа ч үгүй, ямар нэг ноцтой өвчин ч тусаагүй байлаа. Tension Headache буюу стресснээс гаралтай толгой өвдөлт гэж оношлов.  

Тухайн үед амьдралд гарсан зарим нэг өөрчлөлт болон ажилдаа яаран орж копьютерийн дэлгэц ширтэн алдаа гаргачих вий гэж айснаас, мөн дөрвөн цаг байтугай дөрвөн минут ч орхиж үзээгүй үрдээ санан зовсон гэх мэт хэсэг бүлэг юмны бүрдлээс болж стресст орсон нь тэр байжээ.

Амьдралын хэв маягаа өөрчилж, хоббитой болох хамгийн чухал эмчилгээ байлаа. Хичээллэж байгаад хэсэг орхисон ёгийн дасгалаа хийж эхлэв. Бичих дуртай сонирхол, эзэмшсэн мэргэжлээ сэргээж илүү ихийг бичиж эхэллээ. Мөн орчноо сольж аялаж үзлээ. Толгой өвдөлт багасаж алжаал минь тайлагдсаар байна.

Хүн дуртай юмаа хийх тусам стресс буюу сэтгэлийн алжаал тайлагдаж байдгийг ойлголоо. Хамгийн гол нь тэрхүү хийх дуртай зүйл буюу хоббигоо дадал зуршил болгох хэрэгтэй. Тэгснээр үр дүн нь танд мэдэгдэнэ. Хүн чадварлаг байх хэрэггүй зүгээр л өөрөө түүнээсээ таашаал авдаг байхад болно. Хүнд үзүүлж, магтуулахын тулд биш өөрөө таашаал авч, завгүй сэтгэлээ амраадаг хоббитой байх ёстой юм уу гэж бодлоо. Чи өөрөө юу хийх дуртайгаа, юу чиний хобби гэдгийг мэдэхгүй ч байж мэднэ. Түүнийгээ хайж, эрэлхийлэх хэрэгтэй. Ямар нэг зүйл хийхдээ өөрийгөө мэдэр. Чи дуртай байна уу, инээмсэглэж байна уу, чиний сэтгэл сайхан байна уу, дахин дахин хиймээр байна уу гээд анхаарлаа хандуул. Тэндээс хоббигоо олж тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэж чадвал амьдралын их стрессээс холуур байж гүн сэтгэлийн хямралд орох аюулгүй. Би дотно найз нөхдийнхөө хоббиноос орууллаа. Санаа аваг гэж бодоод.

  • зураг авах
  • цэцгийн баглаа хийх
  • усанд сэлэх буюу ямар нэг спортоор хичээллэх
  • ууланд авирах
  • юм оёж, хатгах
  • ном унших
  • гадаад хэл сурах
  • юм бичих
  • дуу орчуулах - энэ миний нэгэн хобби
  • үгийн сүлжээ бөглөх
  • аялаж зугаалах
  • ээмэг зүүлт урлах
  • төрөл бүрийн хоол хүнс хийх
  • цэцэг, ногоо тарих
  • бүжиглэх,  дуулах




No comments:

Post a Comment