Tuesday, March 25, 2014

Би...

хайртай...

Яг энэ мөчийг түрхэн зогсоож байгаад би хайртай гэдгээ зориулан хэлье. Өдөр тутмын амьдралдаа баригдаж, эсвэл нэрэлхүү зангаасаа болон хайртай гэдгээ хангалттай олон хэлээгүй байж мэднэ ээ. Тэгвэл одоо би амжиж хэлмээр байна.

Цагаан сараас хойш амжиж ээждээ золгоогүй ч, өдөртөө ядаж ганц удаа утсаар залгадаггүй ч өр зүрхнээсээ тандаа маш их хайртай. Ээждээ хайртай гэдгээ чангаар хэлье.

Эх орноосоо "цагаачилсан" нэртэй ч монголд төрж өссөнийг минь хэн ч надаас арилгаж чадахгүй, нутгаа санаж үе үе нулимс нэрдэг нь ч үнэн. Намайг Монгол хүн болгож төрүүлсэн эх орондоо хайртай гэдгээ хэлье.

Намайг эхнэр бас ээж болгосон, хийсэн алдаа, буруу занг минь үргэлж уучилдаг ханьдаа хайртай.

Дэлхийг атганд минь багтааж, мөнхийн аз жаргалыг надад авчирсан охин чамдаа хязгааргүй хайртай.

Хэрэг болохоороо алба шиг утас цохиж тушаал буулган ажлаа бүтээлгэн эрхлэх хүнтэй би. Тэр бол миний газар дээрх цорын ганц ах минь. Хатан заларсан аятай гадаа гэртгүй ахаараа үйлчлүүлдэг ч алган дээрээ намайг бөмбөрүүлэх ахтай хүн дээ би гэж дотроо өмөрдөг. Агаадаа маш их хайртай.

Дураар минь дургиулж, хүссэн бүхнийг минь биелүүлэх гэж гүйлддэг 4 сайхан эгчтэй хүн дээ би. Хэд хүрсэнээ ч мартан хошуу цорвойн эгч нартаа одоо ч би эрхэлдэг. Намайг үргэлж отгон дүү, нялх балчираар минь сэтгэж чих тавин зовнидог дөрвөн эгчдээ эн тэнцүүхэн хайртай.

Төрснөөс өөрцгүй намайг тэжээж, хувцаслаж, сургаж,  дэмжиж, хайрласаар ирсэн алт шиг дөрвөн хүргэн ахдаа би хайртай.

Охиноос минь ялгаагүй зүрхэнд минь багтдаг ах эгчийн минь үр хүүхэд болсон хэдэн дүү нартаа яалт ч үгүй хайртай. Та нарыг хамгийн ихээр санаж үгүйлдэг шүү.

Хадам эмээ, ээж, авга ах, нагац эгч, дүү гээд бүгдэд нь хайртай. Намайг байгаагаар минь найрсагаар хаалгаа нээж угтсан, чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс. 

Ээжийнхээ хоёр сайхан дүү болох нагац эгч нартаа хайртай.

Аавыг минь хайрлан хүндэлдэг байсан бүх ах дүүст нь бас би хайртай.

Амьдралд минь учирсан найзууддаа хайртай. 

Алаг хөөрхөн нохой Ямаахайдаа хайртай, саарал бяцхан муужгай Сайбартаа хайртай.

Эрдэм ном заасан, сургасан бүх багш нартаа хайртай. 

Үүнийг уншаад дуусч буй өөрт чинь үнэхээр хайртай. Учир нь сэтгэлийн минь ертөнцөөр хамт аялж, бичих урам зоригийг хайрлаж буй болохоор тэр.

Хайртай гэдгээ хэн нэгэнд хэлж амжаагүй бол хангалттай олноор хэлдэггүй бол заавал цаг болон сэтгэл гаргаад зориудаар хэлээрэй. 

Би хайртай. Та нартаа хайртай. 

No comments:

Post a Comment