Tuesday, November 11, 2014

"Дуунд нь биш хүнд нь дурлаж явлаа"-гийн үргэлжлэл буюу "Хүнд нь биш хэлэнд нь дурлаж явлаа"

Хүнтэй суухаасаа өмнө болж өгвөл хоёр ч муу залуутай эсвэл бүсгүйтэй болзох хэрэгтэй. Тэгсэний ачаар хожим таарсан сайн ханиа үнэлэх боломж гарна.

Оюутан цаг хэн бүхний хувьд дурсамжаар дүүрэн залуу насны омголон үе байдаг. Олон ч залуутай болзож, өөртөө дурлуулж, өөрөө ч шохоорхож явж дээ. Тэдний дундаас нэгнийг нь гэнэт саналаа. Учир нь тэрээр энгийн нэг үе тэнгийн залуу биш, миний багш байсан болохоор санаанд амархан орж ирсэн нь тэр биз. 

Тийм ээ, зөв сонслоо. Багш нарын маань нэг гэж. Их сургуулиа төгсөөд багшилж үлдсэн болохоор насаар надаас дөрөв тав ах байсан байх. 

Мөрөөдөмтгий, романтик, гал явсан би мэдээж авъяаслаг "нэгэн хэлний" багшдаа дурлахгүйгээр оюутан насыг хэрхэн өнгөрөөх билээ. Нэгэн хэлний гэж "дурлалт залуу" -гийн нэр хүндийг нууцлахгүй бол бид хоёрын марзан дурлалын түүхийг мэдэх мэр сэр хүмүүс Хүмүүнлэгт одоо ч  бий. 

Эргээд бодоход би хүнд нь биш хэлэнд нь дурлаж явжээ. Тухайн үед "тэр" хэлийг анх сурах гэж байсан болоод ч тэр үү, хэлийг мундаг эзэмшсэн залуу багш яалт ч үгүй миний сонирхол шохоорхолыг татсан нь үнэн. Бидний богинохон болзоо ихэнхдээ утасны хоёр үзүүрт өнгөрчээ. Монгол биш хэлээр утасны цаанаас болзоход хөгжилтэй бас авууштай байсан гээд хэлчихвэл хэн хэнийгээ ашигласан болохгүйд найдлаа. 

 Чухам би хэлэнд нь хамаг анхаарлаа төвлөрүүлсэнээс биш хүнд нь огт анхаарал тавиагүй гэнэн хонгор хорь ч хүрээгүй охин явжээ. Миний блогийг шимтэн уншдаг надаас дүү хэдэн хөөрхөн уншигч охид миний мэдэхээр Монгол, Туркт лав бий. Та нар минь над шиг алдаа гаргав. Юуг нь ч биш хэр хүн бэ гэдгийг нь л анхаарч сонирхохоо мартав. 

Дээр хэлсэнчлэн, ганц нэг муу залуу эсвэл бүсгүйтэй таарахад гэмгүй. Дараа нь жинхэнэ сайн хүнтэй таараад ялгаж салган, жишиж ойлгох сэтгэлийн чинь мэлмий нээгддэг юм билээ. Үүгээр далимдуулаад урьд өмнө нь болзож байсан, миний мартсан бүх эрчүүдэд баярлалаа гэж хэлье. Та нартай уулзаагүй, болзоогүй бас та нараас хагацаагүй байсан бол би өнөөдөр сайн ханиа таниа ч уу үгүй ч юу. 

3 comments:

  1. Мундаг туршлага байна. хэхэ

    Нээрээ ч биеэр туулаагүй бүхэн онол төдий л сонстох нь бий..

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу Frank, огт сонсоогүй байснаас туулаагүй ч гэсэн ганц нэг удаа сонссон байхад зүгээр байдаг шиг санагддаг. Блогоор минь эргэж тойрч байгаад баярлалаа.

      Delete
    2. Бичлэгийн өнгө аяс, бичиж байгаа сэдвийн агуулгад нь татагдаад байгаа хэрэг л дээ :) Бичээд л байгаарай. Уншаад л байгаа шүү..

      Delete