Monday, March 23, 2015

Би ер нь муу хүн буюу ээжийгээ явуулмааргүй байна

Хайртай, дотно хүмүүсээ гомдоодог, хийсэн алдаа ихтэй, хэлсэн амнаасаа ч буцдаг олиггүй этгээдүүдийн нэг бол би. Зөвдүү мэссежийг тараах гэж зорьж яваа болохоос би ер нь өөрөө тийм сайн хүн биш.

Хүмүүс намайг ээжийгээ аялуулж сайхан юм үзүүлж яваа сайн охин гэж эндүүрэх нь бий. Яг үнэндээ би ээжийгээ бүтэн нэг өдөр ч жаргааж чадаагүй л явна. 

Эхний жил ижийгээ ирэхэд "юм үзүүлнэ" гэдэг нэрийдлээр хэдэн тийш ядартал авч давхиад цагийн зөрүүг нь ч гаргалгүй үдсэн. Хоёр дахь жил ирэхэд нь орчлон дээр ганцаараа жирэмсэлсэн мэт ээжээрээ асруулж, хоол цай зөөлгөөд таарсан, дараа жил ирэхэд нь төрлөө гэж ямбалан цоо нялх хүүхдээ томруулж аваад буцаасан, саналаа барилаа, хурдан ир гэж ятгасаар дахин авчрирч хагас цагаар хүүхдээ өсгүүлж, гэр зуурын ажилд зарж "ачийг" нь хариулж байгаа хүн бол би мөн. 

Охин хүртэл миний ээжийг "ижээ наашир даа" гэж зоргоороо дуудан нэг харахад амны халхавч /bib/ зүүлгэчихсэн тоглоомон халбагаар хооллож байх эсвэл ижийг минь баахан зөөлөн тоглоомтой зэрэгцүүлэн суулгачихаад тоглоомон чагнуураар чагнаж суух ... 

Жил бүр ээжийг явсаны дараа чимээгүй, хоосон өдрүүд хэсэг үргэлжилдэг. Нөхөр маань хүртэл эзэнгүй оргиод эвгүй юм гэдэгсэн. Охин одоо том болсон болохоор эмээ буюу "ижээ" гээ нэхээд санахын сонин ертөнцийг мэдэрч эхлэх байхдаа. Энэ жил ээжийгээ явуулмааргүй байна. 

No comments:

Post a Comment