Monday, June 2, 2014

Хүчирхэг бөгөөд гялалзуур

Гурван сарын зөрөөтэй жирэмсэлж, гурван сарын зөрөөтэй ээжүүд бололцон жаргал, зовлонгоо хуваалцсаар илүү дотносон нөхөрлөсөн нэгэн найз надад бий. 

Ээжүүдийн өдрийн дараахан ээлжит ээж-хүүхдийн уулзалтаа хийхээр очлоо. Санамсаргүй ширээн дээр байсан ил захидлыг би уншиж орхив. Ээж гэдэг хэцүү албыг амар хялбар мэт харагдуулан хийдэг хайрт ханьдаа баярлалаа гэсэн утгатай түүний нөхрөөс өгсөн гоёмсог ил захидал байлаа. 

Найз маань нойргүй хонолоо, ингэж ядарч, тэгэж өвдлөө гэж гомдоллож байсан удаа нээрээ л байхгүй. Уулзах бүрт цоглог инээд, эрч хүч дүүрэн сайхан энергээр угтана. 

Гялалзтал амттай хоол хийж, гэрээ цэмбийлгэхийн хажуугаар мэргэжлийн ажлаа ч хийнэ, хүүхдээ ч асарна. Хэдийдээ яаж амжуулдаг юм гэмээр биеэ үргэлж сайхан авч явна. 

Өөрийн хүүхэддээ өгөх гурван тоглоомоо хоёр болгож нэгийг нь заавал манайд өгнө. Надад хэлэлгүй машин дотор тор дүүрэн тоглоом хийгээд явуулчихна. 

Гэрт ирээд зүгээр суухгүй намайг нэг өгүүлбэр хэлэх гэж тухалж суух хооронд хоёр өгүүлбэр хэлж, гал тогоог цэвэрлэчихсэн зогсоно. 

Найзаасаа би олон хэрэгтэй юм сурсандаа. Харин сүүлд тэрхүү ил захидлыг уншсанаас хойш найзынхаа хамгийн сайхан чанараас суралцах дутуугаа ухаарах шиг болсон билээ. 



Tuesday, May 27, 2014

Цорын ганц

Хадам аавын талынхнаар зочлоод ирлээ. Байхгүй болсон болохоор ч тэр үү, эсвэл үнэхээр тийм байсан болоод ч тэр үү, намайг хамгийн их ойлгож дэмждэг байсан "хамгийн сайн" хадам бол өвөө маань байсан санагдлаа. Хамгийн анх 2007 онд уулзахаар очиход зузаан нэвтэрхий тольноос Монгол улсыг олоод уншчихсан надаас тодруулж асуух зүйлтэй сууж билээ.

Америкийн банк санхүүгийн түүхэнд нэрээ үлдээж сонин сэтгүүлд мөнхрөн үлдсэн гавъяатай хүний нэг. Анх удаа Америкийн банкинд эмэгтэй хүнийг менежерийн түвшинд ажилд авч, мөн л анхны банк бус санхүүгийн байгууллагыг нээлцэж, банкны ерөнхийлөгчөөр олон жил ажилласан гээд тоочвол миний мэдэх мэдэхгүй олон сайхан амжилт бий. 

Миний хувьд амьдралдаа харсан, өвөө гэж дуудсан цорын ганц хүн бол Виллиам буюу Билл өвөө. Түүний ажлын амжилтын түүхээс илүү ямар сайхан сэтгэлтэй, уужуу тайван, ухаантай, асар их мэдлэгтэй, зүгээр л сайн хүн гэдгийг би мэднэ. 

Очих бүрт духан дээр минь үнсэж, шинэ содон техник технологи юу гарсан талаар яриулах дуртайсан. Өвөө маань номонд дуртай нэгэн. Нааш цаашаа хөдөлдөг түшлэгтэй сандалынх нь хажууд ном уншихад тохирсон гэрэл, номоо тавих жижиг ширээ байна. Ач зээ бидний дунд номын хавчуулга хийх уралдаан зарлаж бас ч үгүй хөөрхөн мөнгөн урамшуулал өгдөг байлаа. Үнэндээ өөрийнх нь зохиосон номын хавчуулгыг давах бүтээл бидний дунд байхгүй ч заавал хэн нэгнийг нь түрүүлүүлэн шагнана. 

Хамгийн сүүлд өвөөгийн бие муудаж очиход би нэлээд том гэдэстэй байлаа. Үе үе намайг дуудаж гэдсийг минь илэн нэг их сайхан инээмсэглэж "чихэрлэг сэтгэлт охин минь, чи сайн ээж болно оо" гэж хэлж байсныг эргэн бодоход нулимс эрхгүй урсан сууна.  

Өвөөг өнгөрсөнөөс хойш нэлээд хэдэн удаа тэднийд зочилсон ч энэ удаа би өвөөгөө маш ихээр үгүйллээ. Хөл, хэлд орсон охин, хэвлэгдсэн ном, блог гээд үзүүлэх юм олон байлаа өвөөдөө...

Хэрэгтэй үгийг урам болгон зөөллөн хэлж, бяцхан охинд минь бас цорын ганц өвөө нь болон дурсагдах байсан даа.

Wednesday, May 21, 2014

Залуу хүн өвдөх нь байтугай үхэж ч болдог хатуу хорвоо

Хүүхэд тоглоомноосоо их амархан уйдах юм. Ээж, ном хоёрын хэлснээр тоглоомыг хэсэг хэсгээр нууж сэлгэх,  эсвэл найзынхаа хүүхэдтэй тоглоом солилцох аргаар үнэтэй тоглоом худалдаж авах хэрэг гарсангүй өдий хүрлээ. 

Нуусан тоглоомоо хүүхдийн нүдэнд харагдаж, гарт хүрэхгүй газар хадгалах санаатай хувцасны шүүгээний хамгийн дээд тавиурт хийсэн агаад өлмий өргөн тоглоом авах гэж байтал хатуу юм тас хийн толгой дээр бууж 3 секунд орчим ухаан балартах шиг болов. Аминдаа хайртай хүн тул арай  911 дуудсангүй ч шинэ долоо хоног эхлэнгүүт яаран эмч өөд зүглэв. 

Шинэ эмчтэй болсоноос хойш ирээгүйг ч хэлэх үү, өндөр, царайлаг, намуухан дуутай, залуухан эрэгтэй эмчийг харж бага зэрэг балмагдсан би "мм би залуу хүн л дээ, толгой дээрээс юм унаад, күүкүү болчих вий гэж айгаад " гэж алиалах аядав. Нүдэнд дулаахан эмч инээмсэглэнгээ залуу хүн өвдөж болохгүй гэж хэн хэлээв? гэх нь тэр. 

Хүний хэлсэн нэг үгийг бүтэн өгүүлбэр болгож ургуулан боддог би ихийг эргэцүүлсээр харих замдаа хэрэггүй үгээр хэн нэгнийг гомдоочихоод уучлалт гуйж амжаагүй байтал аль нэгэн маань байхгүй болчихвол яанаа хэмээх муу ёрын бодол хэсэг тээлээ. Амны билгээс ашдын билэг гэдэг ч ховоогийн хатуу  үнэнээс зугтсан ч нуугдах газар бид бүхний хэнд ч байхгүй нь харамсалтай. 

Хажуу дахь хань, гэр бүл, найз нөхөд гээд танихгүй хүнтэй ч эв найртай байж энэ л хэдэн насаа нүгэл багатай өнгөрөөхсөн. 

Нэгэн цагт найз охид болон хөтлөлцөн үерхэж явсан арван жилийн ангийн андаа эрхгүй дурслаа. Сургуульдаа сор, өнчин дүү нартаа ээж нь болсон гайхалтай чадварлаг охин 25 нас хүрэлгүй байхгүй болчихсон. Хэрэв тэр минь бидний дунд байсан бол яах аргагүй Монголын нэгэн бахархал болон гялалзаж явах нь гарцаагүй.