Tuesday, May 27, 2014

Цорын ганц

Хадам аавын талынхнаар зочлоод ирлээ. Байхгүй болсон болохоор ч тэр үү, эсвэл үнэхээр тийм байсан болоод ч тэр үү, намайг хамгийн их ойлгож дэмждэг байсан "хамгийн сайн" хадам бол өвөө маань байсан санагдлаа. Хамгийн анх 2007 онд уулзахаар очиход зузаан нэвтэрхий тольноос Монгол улсыг олоод уншчихсан надаас тодруулж асуух зүйлтэй сууж билээ.

Америкийн банк санхүүгийн түүхэнд нэрээ үлдээж сонин сэтгүүлд мөнхрөн үлдсэн гавъяатай хүний нэг. Анх удаа Америкийн банкинд эмэгтэй хүнийг менежерийн түвшинд ажилд авч, мөн л анхны банк бус санхүүгийн байгууллагыг нээлцэж, банкны ерөнхийлөгчөөр олон жил ажилласан гээд тоочвол миний мэдэх мэдэхгүй олон сайхан амжилт бий. 

Миний хувьд амьдралдаа харсан, өвөө гэж дуудсан цорын ганц хүн бол Виллиам буюу Билл өвөө. Түүний ажлын амжилтын түүхээс илүү ямар сайхан сэтгэлтэй, уужуу тайван, ухаантай, асар их мэдлэгтэй, зүгээр л сайн хүн гэдгийг би мэднэ. 

Очих бүрт духан дээр минь үнсэж, шинэ содон техник технологи юу гарсан талаар яриулах дуртайсан. Өвөө маань номонд дуртай нэгэн. Нааш цаашаа хөдөлдөг түшлэгтэй сандалынх нь хажууд ном уншихад тохирсон гэрэл, номоо тавих жижиг ширээ байна. Ач зээ бидний дунд номын хавчуулга хийх уралдаан зарлаж бас ч үгүй хөөрхөн мөнгөн урамшуулал өгдөг байлаа. Үнэндээ өөрийнх нь зохиосон номын хавчуулгыг давах бүтээл бидний дунд байхгүй ч заавал хэн нэгнийг нь түрүүлүүлэн шагнана. 

Хамгийн сүүлд өвөөгийн бие муудаж очиход би нэлээд том гэдэстэй байлаа. Үе үе намайг дуудаж гэдсийг минь илэн нэг их сайхан инээмсэглэж "чихэрлэг сэтгэлт охин минь, чи сайн ээж болно оо" гэж хэлж байсныг эргэн бодоход нулимс эрхгүй урсан сууна.  

Өвөөг өнгөрсөнөөс хойш нэлээд хэдэн удаа тэднийд зочилсон ч энэ удаа би өвөөгөө маш ихээр үгүйллээ. Хөл, хэлд орсон охин, хэвлэгдсэн ном, блог гээд үзүүлэх юм олон байлаа өвөөдөө...

Хэрэгтэй үгийг урам болгон зөөллөн хэлж, бяцхан охинд минь бас цорын ганц өвөө нь болон дурсагдах байсан даа.

No comments:

Post a Comment