Saturday, December 12, 2015

Зул сар чиний хувьд ямар баяр вэ? буюу манайх шинэ хүнээ угтаж авна даа

Зул сар болох дөхөөд ирэхээр үнэхээр сайхан шүү. Орсон дэлгүүр, уусан кофений газрууд баярын тухай дуу тавьж, уулзсан, зөрөөд өнгөрсөн бүх хүмүүс инээд тодруулж, аз жаргал сэнгэнэн үнэртүүлэх шиг болдог. 

Гэрт сүлд мод сүндэрлэн гэрэлтэж, улаан оймснууд хоосон ханыг амь оруулах шиг болох агаад, бяцхан гэр бүлээрээ тойрон бэлэг "урлаж", халуун шоколад залгилан суух нэн таатай. 

Хүн бүр гэр бүл, ах дүү, хамаатан садан руугаа яаран зорчих гэж онгоцны буудал, хурдны замыг дүүргэнэ. 

Зул сарыг шашинтай шашингүй ихэнх хүмүүс тэмдэглэдэг. Энэхүү баярын утга бэлгэнд ч биш, тэр бүү хэл шашинд ч биш болон хувирч "Гэр бүлийн баяр" болжээ. 

Хүмүүс хоорондоо баярын төлөвлөгөө юу вэ? Танайхан хаана вэ? гэж асуудаг. Жишээ нь манай компани сүүлийн үед өөр мужаас хүн ажилд авах аян зохиосон билээ. Учир нь Америкт Силикон Валлид ирж ажиллахыг хүссэн, мөрөөдөл нь болсон хүмүүс тоо томшгүй. Тэдгээр хүмүүсээс чадалтай хэдийг нь ч гэсэн энд авчрах зорилготой байлаа. Тиймээс тэд бүгдээрээ л баяраар ээж, аавынхаа гэрт очиж зул сарын баярыг өнгөрөөх ажээ. 

Миний сониуч зан хөдөлж, нэлээн хэдэн хүмүүсээс "Талархалын баяраар харих уу, Зул сарын баяраар харих уу" гэж асуухад 97 хувь нь  "зул сарын баяраар" гэж хариулсан юм. 

Силикон Валлигийн ихэнх компаниуд (миний мэдэхээр Apple, Google, Yahoo, BloomReach) гэх мэт) зул сар, шинэ жилийг дамнуулан өдөр тутмын ажлаа бүрэн зогсоож амардаг билээ.

Энэ оронд цалинтай 2 долоо хоног шахам амрана гэдэг том "нийгмийн хангамжинд" орно. Миний өмнө нь ажиллаж байсан компани зарим газруудыг бодоход чамгүй сайн хангамжтайд тооцогдох ч зөвхөн зул сарын баярын өдөр, шинэ жилийн эхний өдөр л амардаг байсан билээ. 

Зул сарын баярыг би гэр бүл, дотны хүмүүстэйгээ өнгөрсөн жилийн алдаа онооны тухай, ирэх жилийн хүсэл, мөрөөдлийнхөө тухай ярилцан хөгжилдөж, цагийг хамтдаа өнгөрүүлж гэр бүлийн шинэ гишүүдтэйгээ ойртон танилцах алтан боломж олгодог баяр юм уу гэж боддог. 

Дэлгүүр хүн гишгэх зайгүй байна. Угийн дэлгүүр хэсэх дургүй би хүртэл хэд хэдэн удаа орохоос өөр аргагүйд хүрдэг. Яагаад? Яг үнэндээ жилийн эцсийн бонусаа авсан хүмүүсийн хэтэвч зузаан, дэлгүүрүүд агуулах чөлөөлөх худалдаа нээж энгийн үеийнхээс хамаагүй хямдруулсан бараа зардаг учраас тэр. Мэдээж Сантад итгэн, бүтэн жил жилжингээ сайн байсан бүлтгэр үрсээ гар хоосон байлгалтай нь биш. Түүнээс биш би бэлэгт ач холбогдол өгөөд сүйд болоод байдаггүй. 

Миний хувьд энэ жилийн зул сараар манайд элсэж буй нэгэн чухал шинэ хүнтэй анх уулзах юм. Тэр мөчийг л тэсэн ядан хүлээж байна даа...

Би төрөх гэж байгаа юм биш ээ. Дүү минь өмнөд Калифорниос найз охиноо дагуулж ирэх юм л даа. 


Sunday, September 20, 2015

Төрсөн өдөр буюу биеэ өмөөрөх нэг ч үг олдсонгүй

Охин маань сургуулийнхаа сүм дээр ангийнхантайгаа дуу дуулснаар миний төрсөн өдөр албан ёсоор эхлэв. 

Кинонд гардаг шиг тансаг биш гэхэд манайдаа таарсан маягаар манай нөхөр өглөөний цайг маань оронд авчирч өгөн, охинтой хамт төрсөн өдрийн дуу дуулж,  өндөр оноотойгоор өглөөг угтав. 

Манайд хүний тоо нэмснээс хойш хэн хэндээ өгөх бэлэгний хэмжээ ($) аяндаа багассан билээ. Алмаазан шигтгээтэй цагаан алтнаас сувдан зүүлт рүү, Диорын уснаас дезодрант руу гэх мэтээр доошилсоор байгаа билээ. Яг үнэндээ "үнэтэй юм авбал дэмий шүү" гээд би өөрөө чангалчихаар яалтай ч билээ дээ. Нөхрийн мөнгө ч минийх, миний мөнгө ч минийх юм чинь ялгаа байхгүй. Тийм биз дээ? За за наргисан юм шүү. Манайд чиний манай гэсэн ойлголт байхгүй. Бидний мөнгө, бидний амьдрал, бидний хүүхэд ...

Ямар ч байсан гар хоосон байдаггүй манай хүн охинтойгоо хамт хажуугийн дэлгүүр ороод амжжээ. Боож амжаагүй тул ямар дэлгүүрээс авсан нь тодорхой цаасан хайрцаг өглөөний цайны дараа гардуулж, таалагдах нь уу?, ямар байна гэж нээгээ ч үгүй байхад санаа нь зовсон аястай асууж хоёр талд бөндөгнөх шахуу нөхрөө хараад ихээр өрөвдөв. 

8 жилийн өмнөхөө бодвол их өөрчлөгджээ миний хань. Үс нь ерөнхийдөө шингэрч, хэд гурваар тогтохгүй цагаан үс үзэгдэж, нүүрэнд нь  зөндөө үрчлээ суужээ. Намайг л хайрлах гэж төрсөн гэж ярьдаг байсан тэр минь нээрээ л хүн болсоноо биелүүлэх гэж амьдралд зүтгэсээр ирсэн дээ. 

Өнөөдөр ханийгаа хараад нэлээд хэдэн үрчлээс нь миний аашнаас болж тогтсон доо гэх гэмшингүй сэтгэл өөрийн эрхгүй төрөв. 

Би гэдэг хүн их л зөв юм бичиж, ярьдаг мундаг хүн шиг хэрнээ нэг их сайн хүн биш шүү дээ. 

 Надад бэлэглэсэн Loft дэлгүүрийн хоёр янзын цамцны нэг нь ч надад таалагдсангүй. Тэгсэн ч би баярлалаа гэж хэлэн энэ хоёроо тэвэрч үнсчихээд, дотроо,  эрхбиш тооцооны хуудас нь байгаа байлгүй дээ. Хурдхан буцаая гэж бодож амжлаа. 


Өнгөрсөн долоо хоногоос эхлээд манай нөхөр 90 хоногийн чухал, нууцын зэрэглэлтэй төсөл хүлээн авсан гэж би хэлж байсан даа? Алим компани нууцаа алдана гэхээс ухаан алдатлаа айдаг, Гүүглээс тэс эсрэг хатуу газар. Тиймээс сүүлийн хэд хоног бид гурав үнэхээр завгүй байгаа билээ. Дээрээс нь энд Индианы зун үргэлжилж, ёстой нохой гаслам халж байгаа бөгөөд юун ийм тийм юм төлөвлөхдөө мантай байна. Өнөөдөр цельсийн 40 градус лав хүрсэн дэг шүү. 

Охин маань рестораны үйлчлэгчтэй заавал зэрэгцэн зогсож ээждээ төрсөн өдрийн дуу дуулж өгөн зөвхөн намайг лаагаа үлээхийг "зөвшөөрсөн" нь надад хамгийн том бэлэг байв. 

Хэтэрхий халуунд түүртсэн би далайн эрэг орох ч тэнхэл байсангүй тул гэрийнхээ гадаа усан санд сэлж сэрүүцэн өдрийн талыг өнгөрөөж байтал нөхөр ч ажил руугаа явах болж, хүүхдийн ч унтах цаг болох нь тэр. 

Шуудангаар ирсэн бэлэг, захиаг л задлаад байсан болохоос ирсэн имейл, мэссэжийг сая л шалгав. Тэдгээрийн дотроос нэгэн танихгүй эгчээс ирсэн захидал надад ихийг бодогдуулав. Америкийн нэгэн мужид анх 2001 онд ирсэн эгч. Миний блогийг нээгдсэн цагаас олж, алгасалгүй уншдаг гэнэ. 

Тэрээр захиандаа иймэрхүү зүйл бичжээ. Чи намайг ийм зүйл бичсэнд уучлаарай. Би энд ирээд одоог хүртэл хүмүүсийн хэлдгээр "хар ажил" хийж байгаа. Миний дүүгийн хоёр, гуравхан жил кофе шопт ажилсан бол юу ч биш. Их л зүтгэж байж энэ амьдралдаа хүрсэн мэтээр бичсэнийг уншаад жоохон тиймхэн санагдлаа. Энд тав зургаа байтугай түүнээс ч олон жил хоол зөөх нь зөөж, хүн харах нь харж, ногоо жимсний худалдагч хийж, барилгын хүнд ажил хийж бас том дэлгүүрийн шал угаасаар яваа олон хүмүүс байдаг. Чи мэдээж хэл ус чинь сайн залуу хүн болохоор өөр байх. Гэхдээ чи ганцаараа өөрийнхөө хүчээр энэ оронд сайн сайхан амьдарч яваа биш шүү. Чи ойлгоорой бодлоо хэлсэнд. Америк орны амьдралыг мэдэх хүмүүс бол ерөнхийдөө ойлгох л байх. Харин монголд байгаа хүмүүс уншаад над мэтийн арав гаруй жил зүтгэсээр байгаа хүмүүс байдгийг, сошиалгүй, жолооны үнэмлэхгүй, бидний ярьдгаар "бичиг баримтгүй" хүмүүсийн үнэн амьдралыг ойлгохгүй өнгөрөх нь дээ л гэж бодож явдаг ... гэх мэтчилэн уртаас урт захидал илгээжээ. 

Танихгүй эгчийн түмэн зөв. Би зөвхөн өөрийнхөө хүчээр сайн сайхан яваа хэрэг огт биш. Сайн хань, ах эгч дүү, найз нөхөд, ажлын хүмүүс гээд надад тусалсан, намайг дэмжсэн олон хүмүүс бий. 

Би өдий хүртэл бичиг баримтгүй байсан бол өнөөдөр ч гэсэн кофе чанаад л зогсож байх байсан нь үнэн. Биеэ өмөөрөх нэг ч үг олдсонгүй. 

Гэхдээ би хэзээ ч мөрөөдлөөсөө буцаагүй нь чин үнэн. 

Жич: Бичиг баримтанд хэрхэн хүрсэн гэх мэт нарийн ширийнээ дараа заавал бичнэ ээ. 




Saturday, September 12, 2015

Гадаадад амьдрахын ганц гашуун үнэн буюу "соёлын ганцаардал"

Диснейланд, NBA-ийн тоглолт, Эрх чөлөөний хөшөө, Хавайн арал дээрх Сувдан эрэг (pearl harbor), энд тэндхийн далайн ертөнц, үзэсгэлэнт газрууд, төрөл бүрийн танин мэдэхүйн музей, хүрээлэн, Пинк, Селин Дион, Жудас Пристийн тоглолт, Нью-Ёркийн Таймс талбай, Empire State Building, Брүүклин Гүүр, Лос Анжелосын алдартай далайн эргүүд, Холливуд, Бэвэрли Хиллс, Лас Вегас, Бостон, Денвер, Сан Диегогоос эхлээд бэй ариа орчмын үзэх хүсэлтэй, аялах боломжтой бүх газруудыг дуусгаж, олон арван орны төрөл бүрийн идээ удааг зооглохын хажуугаар (муу хүн идэж ууснаа гэдэг энэ дээ) сайн нөхрийн буянаар баян тансаг биш ч гэлээ алтан дундаж америк маягийн "өөрийгөө жаргаасан" амьдралын хэв маягаар амьдарсаар нэлээдгүй олон жилийг өнгөрөөжээ. Энэ мэтчилэн амьдралынхаа төрөл бүрийн эерэг бөгөөд сайн сайхныг нэг бүрчлэн тоочвол зөндөө. 

Харин гадаадад амьдрахын гашуун ганц үнэн юу вэ? "Ганцаардал" гээд хэлчихвэл шууд утгаар нь буруу ойлгочих болов уу? Аз жаргалыг минь бүтэн болгосон амраг хань, ангаахай үрс байлаа ч "ганцаардал" гэх нь ч юу юм, нэг тийм сонин мэдрэмж төрөх үе ховорхон тохиолддог юм аа.

 Гараад очих гэхээр ах эгчийнх минь байхгүй, ядарч тэвдсэн үед хандах хүн байхгүй , цагийн зөрөөнөөс болоод хүссэн цагтаа ар гэрийнхэнтэйгээ холбогдох нь хязгаартай ... Танил мэдрэмж байна уу? гадаадад амьдрагч андууд аа? 

Хүн төрөхөд манай монголчууд яаж бөөн бөөнөөрөө эмч сувилагчид хөөгдөж туугдан хонон өнжин эмнэлгийн үүд сахидаг билээ дээ? 

Энд ах дүүгээрээ олуулаа байдаг хүмүүс бол ялгаагүй л байх. Харин над мэтийн орь ганцаар мэт хүмүүс бол өөрөө явж очоод төрөх нь холгүй. 

Үр хүүхдээ таньдаг мэддэг хүнээр ч болохноо харуулж орхиод нөхөр нь эхнэрээ дагуулаад төрөх рүү явах нь энүүхэнд. 

Баян хүнийг балаг тойрохгүй гэдэг шиг хичнээн сайхан амьдарч байгаа хэнд ч гэсэн хаа нэг саарал өдөр таарч, өөрийн гэсэн дотно нэгэнтэйгээ үг шивнэж сэтгэлээ нээх учир ургана л биз дээ? Нөхөр эзгүйд бие өвдөн халуурч хэвтэхэд бүлээн цай аягалаад өгөх эгч, дүү минь ойрхон байдаг ч болоосой гэж бодно л биз дээ? 

Зөвхөн гадаад нөхөртэйн улмаас ч биш эх орон, ах дүүгээсээ алсад, дотнын найз нөхөд цөөтэй цөөнгүй хамаагүй гадаадад амьдардаг бүх хүмүүст тохиолддог "соёлын ганцаардал" юм уу гэж би бодлоо. 

Тийм ээ, "соёлын ганцаардал". Би ес тачигнасан хүйтэн хэдий ч Улаанбаатарын мөнгөн шөнө - шинэ жилийг үе үе санадаг, буузны уур савсаж, хонины тарган ууц зассан цагаан сарын өглөөг гэнэ гэнэхэн дурсдаг, наадмын асараас хангинах айрагны үнэр болоод амтыг хааяахан мөрөөддөг. 

Өдөр бүр, үргэлж санадаг зүүдэлдэг гэж би туйлшрахгүй, хэзээ ч санадаггүй, мартчихсан гэж бас мэтгэхгүй. 

Саяхан би багын найзындаа сайхан амраад ирэв. Найзтайгаа байнга монголоор ярих сайхан байлаа. Найз маань намайг амруулах гээд өглөөний цайнд хүртэл бууз жигнэн, монгол хоолоор охин бид хоёрыг эрхлүүлсээр өөрөө бараг ядарсан байх даа.  Найзын хоёр хөөрхөнтэй минийх нийлээд гурван охин тоглож, бид хоёр цаана нь тэднээс нэг их ялгагдах юмгүй л хөгжилдсөн дөө. Бид хоёр хоёулаа "соёлын ганцаардал" -аа тайлсан сайхан амралт болсон нь тэр. Найздаа баярлалаа. 

Гэхдээ би гэрийн кофегоо нөхрийн хамт санаж ирсэнээ нуухгүй ээ. 

Saturday, July 25, 2015

Онгодын тухай ч юм шиг үгүй ч юм шиг ... би мэдэхгүй ээ

Нэгэнт нойр сэргэж, онгод орсон тул зүгээр сууж чадсангүй. Шөнийн нойр алдахаас үхтэлээ айдаг болоод ч тэр үү, цаагуураа нас өгсөөд бие дийлэхээ больсоных уу, сүүлийн хэдэн жил маш их эрт унтсаар заншсан билээ. Түүнээс биш оюутан байхдаа өдөр оройн 2 ангид зэрэг яваад их даалгавартайг ч хэлэх үү, шөнөжин хичээл хийж буй нэрийн доор долоон янзын юм бичин өнгөрүүлдэг байжээ. Олон хүнд ч дурладаг байж, олон залуусаар ч дурлуулж явжээ. Мэдээж дурлалтай ойрхон хүнд онгод орох нь элбэг. 

Түүнээс өмнө арван жилд байхдаа найзуудтайгаа шүлэг бичилцдэг модатай байжээ. Өнөрөө, Энхтөр, Ундрах, ангийн дарга Намжилмаа гээд ер нь бичээгүй хүмүүс ховор. Бидний үед гар утас тэгтлээ их дэлгэрээгүй байсан тул цаас, дэвтэр дээр шүлэг, захидал бичилцэн үгүй мөн их айлгүйтдэг байжээ. Эргээд харвал аюгүй бол ихэнх нь энд тэндээс хуулж, туусан мөртүүд байгаа даа. 

Бүр урагшилвал миний юм бичих "онгод" аавыг минь өөд болсоноос хойш улам ихээр орсон гэлтэй. Ээж минь намайг дөнгөж 13 хүрэхтэй үгүйтэй байх тухайн үед л урам өгч "жинхэнэ бүтээл үнэн сэтгэлийн хөдлөлөөс гардаг" гэж хэлсэнийг би хэзээ ч мартдаггүй юм. Аавыг минь хөдөөлүүлсэнээс хойш санаанд буусан мөртүүд одоо ч цээжнээс минь гардаггүй. Тийм учраас миний чимххэн авьяас надаас огт салалгүй өдий хүрсэн нь ээжтэй салшгүй холбоотой.

Манай удам сударт Төрийн Соёрхолт Хөгжмийн Зохиолч Жанцанноров гуайгаас өөр нэг их нэр төрд гарсан, мундаг сунадаг,  амьд үлдсэн хүмүүс миний мэдэхийн байхгүй.  (Би хүндлэх үүднээс бүгдийг нь том үсгээр эхлүүллээ) Манай аавыг таньдаг хүмүүс Жанцанноров гуайг харвал ямар их төс байгааг олж харах л байх. Би яг нарийн садангийн хэлхээг мэдэхгүй ч, яалт ч үгүй үе бага зэрэг холдсон ах дүүсийн хүүхдүүдийн нэгэн үе юм гэсэн. Энэ зун болох аавын маань талын ургийн наадмын комиссын даргаар Жанцанноров гуайг томилсоныг сонсоод баярлаж суулаа. 

Түрүүлсэн мориндоо 20 сая төгрөгний шагнал өгнө гэхийг дуулаад эхэндээ,  туйлширсан ургийн наадам болох нь хэмээн дурамжхан хүлээн авсан ч, дээрх мэдээг аваад ухаантай хүний үгийг манайхан сонсох байх хэмээн санаа амрав. 

Хэрэв өөрөө бичих дуртай бол бичээд л бай. Хэнээс ч айж, ичиж, зовох зүйлгүй. Хүссэн хэн ч блог хөтөлж болдог сайхан цаг ирсэнийх юу билээ авъяас байвал улам хөгжүүл, байхгүй бол суралцаж бас болох л байх. Гэхдээ бас тийм амаргүй ээ. Таван сайхан өгүүлбэр бичих гээд үзээрэй. 

Зарим хүмүүс найруулга, үг үсэг, дүрмийн алдааг маань тоолдог л байх харин миний санааг хэзээ ч зогсоохгүй, онгодыг минь хэн ч булаахгүй нь сайхан. 

Ядруухан бичигчийн хувиар биш сайн уншигчийн үүднээс дүгнэхэд жинхэнэ бүтээлээс онгод сэнгэнэн хангинаж байдаг шүү. Худлаа гэвэл Р. Чойномын  "Сүмтэй Бударын Чулууг" "үнэртэж" нэг үзээрэй. 




Thursday, July 16, 2015

Унасан бөхөд шалтаг мундахгүй л биз дээ буюу Сухомлинский чинь кино жүжигчин бил үү?

Нөгөө 3 чинь яасан бэ гэсэн мэссэж, захидал ирсээр 7 хоног өнгөрөв. Намайг ажилдаа жинхэлж, ганц гарсан орон тоог нь бөглөсөн тул надтай хамт гэрээгээр ажиллаж байсан гурвыг асууж байгаа юм. Одоо хамаагүй нэрийг нь дурьдаж болохгүй, миний блогийг орчуулж унших гэж оролддог хүмүүсийн тоо улам ихсээд байгаа. Шинэ уншигчад дараах линкээр орж өмнөх бичлэгүүдийг уншвал илүү ойлгомжтой болно. 

2. http://tessbattumur.blogspot.com/2015/04/blog-post_46.html
3. http://tessbattumur.blogspot.com/2015/05/blog-post_30.html
4. http://tessbattumur.blogspot.com/2015/07/blog-post.html

6 сарын сүүлээр охины сургууль 7 хоног амарсантай уялдуулан бид  3 гэр бүлээрээ амрахаар шийдэж, аялалын RV машин хөлсөлж аваад сайхан амраад ирсэн билээ. Эргээд ирсэн ажил маань амласан ёсоор намайг эзгүйд зохих өөрчлөлтүүдийн хийжээ. Хэн нэгнийг эвгүй байдалд оруулж, ажлын амгалан орчинг алдагдуулахгүйн үүднээс намайг жинхлэх шилжилтийг тун нарийн төлөвлөсөн болох нь мэдэгдэв. 

Залуу ноён Д-гийн ажлын үзүүлэлт хангалтгүйн улмаас халахаас өөр аргагүйд хүрчээ. Мань эр зөвхөн эксэл дээр ажиллахдаа л сайнаас өөрөөр гавьж шальсангүй. Тиймээс хэнд ч ойлгомжтой шийдвэр болжээ. 

Залуу хүү К ухаан сийрэг ч ажилласан туршлага хангалтгүй тул хүсвэл бидний ажил дундартал гэрээний ажилтан чигээрээ байх санал авав. 

Компьюьерийн чиглэлээр мэргэшсэн Ф-ийн мэдлэг, чадвар, ажлын арга барил, хурд, чанар, харилцаа, ажлын ёс суртахуун гээд бүх зүйл нь Монгол бүсгүйг гүйцсэнгүй. Долоо хоног надтай юм дуугараагүй тэрээр өчигдрөөс эхлэн гэнэт урьд өмнө байгаагүйгээр саймширч эхлэв. Бодвол үргэлж зөвлөгөө авдаг эцэг нь нэгийг хэлээ биз дээ. Эсвэл зангаа өөрчлөөгүй намайг хараад нэгийг бодсон ч байж мэднэ. Түүнийг одоо ажиллаж буй төслөө дуусахад гэрээ нь цуцлагдаж, баяртай хэлэхээр зохицуулжээ. 

Хязгааргүй амралтын өдрүүд, эцэс төгсгөлгүй хангамж, үнэгүй хувцас, эдлэл гээд миний гэрээний ажилтан байхдаа мэдээгүй олон зүйл байх ажээ. Компаниас үнийг нь төлсөн газраас долоо хоногт 2 удаа мэргэжилтэн ирж бүтэн, хагас биеийн массаж хийнэ, сард нэг удаа маникюрийн үйлчилгээ ирнэ, мөн л компани төлчихсөн. Одоо усанд сэлэх газар л үлдээ гэж хоорондоо хошигнодог нь аргагүй ажээ. 

Намайг жинхэлсэн өдөр бас нэг эгчмэд бүсгүй манайд ажилд орж, өөр нэг миний үеийн залуу дадлагын ажилтанаар (intern) орсон юм. Эгчмэд бүсгүй Флоридагийн их сургуулиас докторын зэрэг хүртсэн, Берклигийн их сургуульд хамгийн сүүлд ажиллаж байсан хүн байх агаад шинэ ажилтаны хичээл дуусахад "би Блүүмрийч шиг өгөөмөр, гайхамшигтай газар ажиллаж байсангүй, бүх зүйлийг сонсоод л ваув гээд байдаг, ганц удаа өө гэж хэлэх юм гарах нь уу" гэж надаас асуув. Харин зуны дадлага хийхээр орсон залуу орос хүн байж таарав. МГУ буюу Ломоносовын их сургуулийн докторыг хамгаалсан, бас л том албан тушаал хашиж байсан байна. Ийм хүнийг дадлагын ажилтан төдийхнээр авч байхад намайг 7 сар болоод ажилд авсан нь бүр тэнгэрийн умдаг атгасан хэрэг боллоо гэж хөөрсөн сэтгэлээ дарахыг оролдохын зэрэгцээ юун зоригтой мэтгэлцээн (negotiation) хийвээ гэж бодож хэвтлээ. Массаж хийлгэн ажлын алжаалаа тайлж байсан тул хэвтэж байсан юм шүү. Хэрэв ийм хүмүүс шинээр ажилд орж буй хүмүүсийн жагсаалтанд байгааг мэдсэн бол зориглож цалингаа мэтгэлцэхгүй байх нь. Одоо ер нь Станфорд төгсөөгүйгээсээ болж өөртөө итгэх итгэлээ үе үе алдах гээд байдгаа болино оо.

Өнөөдөртөө амьдарч, бодит байдалдаа итгэж явж сурах минь. 

Нөгөө Сухомлинский чинь кино жүжигчин бил үү гэдэг шиг МГУ-г мэдэхгүй хүн бол яаж ч миний замналыг ойлгох вэ дээ. Энэ нээрээ юун онгироо юм бэ л гэж бодох байх даа тийм үү? 

Saturday, July 11, 2015

Хамгийн сайхан нь энэ жил буюу наадмын дурсамж хөвөрнө

Сүүлийн 3 жил наадамдах боломж олдоогүйг ч хэлэх үү энэ жил сэтгэл хөдлөм сайхан наадлаа. 

Түрүү жил европт зугаалж таараад, түүний өмнөх жил эмнэлгийн түргэн тусламжийн орон дээр ганцаараа хэвтэж өнгөрөөгөөд, 3 жилийн өмнөх наадмаар охин гэдсэнд өсөж таарсан агаад томорч буй гэдсээ бариу дээлэнд чихсэнээс үү, угаасаа хүндхэн жирэмслэлт байсан болоод уу, наадам орох замдаа бие алжаагаад гэр өөдөө буцсан түүхтэй билээ. 

Толин Хул эгшиглэхэд сэтгэл огшиж, зөвхөн монголд төрж өссөн хүнд л мэдрэгддэг болов уу гэмээр тэр гэж хэлэхийн аргагүй омог бардам хэрнээ, эх орноо санах эмзэг мэдрэмж төрж нулимс гарах алдана. 

2008 оны наадам хөгтэй бөгөөд хөгжилтэй тул сэтгэлд тод үлджээ. Би Бямба, Ням гарагт өглөө 6 цагт кофе шопоо нээх ажилтай. Тухайн жилүүдэд амралтын өдөрт зохиогддог арга хэмжээнд очих боломжгүй, очсон ч заавал хоцорч очдог байж билээ. Түүнээс болж сэтгэлээр унаж, насаараа амралтын өдөр ажиллах мэт гунигтай бодол төрдөг байснаа нуух юун. 

Тэр жил зээ дүү минь зуны зусланд явах замаараа манайд нэг сарыг өнгөрөөсөн юм. Нутгаас гарсанаас хойш 2 жилийн дараа өөрийн гэсэн хүнтэйгээ анх уулзаж буй нь тэр. Дүүгээ ирэхийг сонссон өдрөөс хойш илүү цаг ажиллах боломж гарах бүрт гүрийтлээ халуун өдөр халуун кофе бүрж, халуун зууханд омлет шарсаар нэлээд хэдэн төгрөг илүүчлэн нөөцөлж амжив. 

Монгол наадам Бямба гарагт тохиосон санагдана. Би өглөө 5 цагт босч 40 минут орчим автобусаар Сан Францискогийн төв орж ажлаа нээнэ. Манайх тэр үед Инглсайд хэмээх дүүрэгт өндөр уулан дээр, бөөн манан дунд айлын байшингийн нэг давхарыг хөлслөн амьдардаг байлаа. 

Ажлаасаа эрт тарахыг эзнээсээ гуйж өөрийнхөө оронд эзнээ ажиллуулчихаад гадаа гарахад нөхөр, дүү хоёр хэлсэн ёсоороо хүлээж зогсов.

Би хувцасаа сольж өмсчихөөд усанд орох боломжгүй тул шарсан талх, кофений үнэрээ дархаар үнэртэй ус ахиухан цацаж орхих нь тэр. Төд удалгүй ихдүүлж түрхсэн усны үнэртээ мансуурч арай л бөөлжилгүй явсаар наадамд очсон хөгтэй. Дүү маань одоо ч хүртэл дурсан ярьж бөөн инээдэм болдогсон. 

Энэ жилийн наадамд заавал очно доо гэж би дотроо амласан юм. Ажилдаа жинхэлсэн долоо хоног таарч, завгүй байсны улмаас хувцасаа ч угааж амжаагүй байтал наадмын өглөөтэй золгов. Азаар байсан нэг шинэ цамцыг нөхөртөө өмсгөөд (цагаан өнгөтэй цамцыг хараад би дотроо "за хэрэг ч бишидлээ дээ, наадам хүрээгүй явтал манай хүн толбо тогтоочихно доо" гэж бодсон ч өөр арга байсангүй), охиндоо намраас өмсгөнө гэж ялгаж тавьсан эгчийн охиноос ирсэн томдуу хувцаснаас арай багыг нь шилж өмсгөөдхөв. Өөрөө ганц цэвэрхэн үлдсэн цагаан (бас цагаан юм, дүүрсэн хэрэг гэж бодов) цамц, богино өмдөө углаад Сан Францискод ийм хувцастай даарах маань тодорхой боллоо гэж бодсон ч цаг агаар итгэхийн аргагүй сайхан байлаа. 

Миний оригиналь төлөвлөгөө бол охинтойгоо хамт монгол хувцасаар гоёх байсан ч миний монгол хувцаснууд багадах нь багадаад, томдох нь томдоод нэг л санаанд хүрсэнгүй. Өмсөөгүй нь ч болж, наадмын гоёл дараагийн түвшинд очжээ. Охиндоо нэг дээл өмсгөх гэсэн боловч охиноо чөлөөтэй гүйж наадаг гэж бодоод энэ жилдээ өмсгөөгүй билээ. 

Юутай ч бид 3 сайхан наадлаа. Энэ жил хамгийн сайхан наадам болсоны учир нь нэгэн бүсгүйд оршино. Өмнө нь огт хараагүй эмэгтэй дотно инээмсэглэсээр ирж, сайн уу Тэсс гэж таньдаг хүн мэт мэндлэв. Би блогийг чинь байнга уншдаг, миний дүү үнэн юм бичдэг, хүмүүст хэрэг болж байгаа шүү, би чиний бичсэнийг уншаад инээх үедээ инээж, уйлах үедээ уйлдаг гэж үнэн сэтгэлээсээ намуухан хэлэв. Эгэл даруухан хэрнээ аугаа сэтгэлтэй тэр бүсгүй итгэгч гэнэ. Сэтгэлийн хөөрөл тэнгэрт тулсан би хязгааргүй баярлаж, нөхөртөө хандан бардмаар "тээр, хэлээгүй юу? миний уншигч нар байгаа гэж би хэлээ биз дээ" гээд л чангаар онгиров. 

Христэт итгэдэг хүмүүс цаанаа л өөр, нэг л дотно санагддаг. Манай охин Христийн сургалттай сургуульд явдаг юм. Одоо гэртээ ирээд хоол идэхдээ залбирана гэж бид хоёрыг сургадаг болсон. Бид хоёр бүтэн сайн бүрт сүмд очоод байдаггүй ч охиноо ийм зүйлд суралцаж байгаад баяртай байдаг. Миний дал гарсан буурал ээж минь мөнгөн загалмай хүзүүнээсээ салгадаггүй "улаан христч" гэж би нээрээ хэлсэн бил үү? 

Хойтонгийн Наадам хүртэл хэдэн хүнд туслахаа тоолоорой. "Туслах" гэдэгт гацхан мөнгө, эд хөрөнгө орж байгаа биш. Жижиг, том олон янзын тус байж болно. Мэдэхгүй ганц зүйлийг нь хэлээд өгөх, ажилд нэгнээ зуучлах, амьдралдаа алдаж гишгэсэн нэгнээ алзахгүй ээ, дахиж битгий алдаарай гээд урам хайрлах, архинд автсан найздаа нүдийг нь нээтэл шударга үг чулаадах, хүүхдийг хааяа нэг удаа атга чихрээр хуурч шүдийг нь хорлохын оронд өдөр бүр хайрлаж, цагийг хамт өнгөрүүлдэг болох, эхнэрээ хуурч, гар хүрэхийн оронд эр нөхрийн үүргээ ойлгож, хүн шиг амьдрах гээд өчнөөн олон өөртөө болон гэр бүлдээ, өрөөл бусдад, танихгүй нэгэнд хүргэх мянга түмэн тус орчлонгоор дүүрэн байна. Дор бүртээ хичээгээд, хүн хүнээ хайрлаад явбал Наадам шиг өдөр бүхэн өнгөлөг бас инээдээр дүүрэн байх бус уу?

Дараа жилийн наадам хол биш ойрхон санагдана...

PS: нөхөр маань цамцан дээрээ хуушуурын тос дусаагаагүй нь бас их онцлог байлаа. Мөн найз охинтойгоо хувааж уусан аяга нь 6$-ын айраг үнэхээр амттай байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй санагдав. Айргандаа байв уу? Хамт уусан хүндээ байв уу? Эвдэрсэн сэтгэл эвлэрсэн сайхан наадам ч юм шиг. 

Saturday, July 4, 2015

Өнөөдөр баярын өдөр буюу Харвардад багшилж, Станфорд төгсөөгүй ч

Жич: шинэ уншигчид эхлээд үүнийг уншвал илүү ойлголмжтой байх болно  http://tessbattumur.blogspot.com/2015/04/blog-post_8.html


Өнөөдөр тусгаар тогтнолын баярын өдөр. Америк хэмээх энэ их гүрэн 1776 оны 7 сарын 4-ний өдөр Их Британийн хараат байдлаас гарч, эрх чөлөөг олсон билээ. 

Миний хувьд энэ жил гэрээт ажилтнаас тусгаарлагдаж Силикон Валлигийн өндөр хурдтай өргөжин, дэвжиж буй http://bloomreach.com/ компанийн ажилтан болсоноор давхар баяр нэмсэн онцгой өдөр байлаа.

Байдаг л нэг компанид ажилд ороо л биз, юун сүртэй юм гэж бодох хүмүүс гарах л байх. 

Тийм ээ, би Харвардад багшилж, Станфорд төгссөн мундаг хүмүүсийн нэг биш. Бор зүрх, өөрийн чадал, энгийн сургуулийн боловсролоор дөрөө хийж явааа эгэл жирийн олон мянган хүмүүсийн нэг байна.  Бидэнд өнөөдрийн амьдралд хүрэхэд амархан бас хурдан байсангүй.  

Одоогоос яг  2 сар 2 өдрийн дараа миний Америкт шинэ амьдрал эхэлсэний 9 жилийн ой болно.  3 биш, 5 биш, 9 жилийн дараа би сэтгэлд хүрсэн амьдралдаа дөнгөж хүрч буй нь энэ. 

Манай компани зүгээр нэг тэлж байгаа газар биш "company culture" буюу юуг үнэлж, чухалчилдаг гэдгээрээ илүү онцгой, ховор байгууллагын нэг. Тийм ч учраас сүүлийн 4 жил дараалан Сан Франциско бэй ариад "ажиллахад хамгийн сайхан газар" -аар шалгарсан ажээ.

Алдартай сургууль төгсөж, мундаг бүтээл туурвисан хүмүүстэй ижил хэмжээнд үнэлэгдэн, тохой залган ажиллаж, шинэ санал зөвлөлдөн нээх нь наддаа том амжилт.

Ажилтанаа ашгаасаа түрүүнд тавьж, хов жив, дарамт, элдэв жүжиггүй, хүн төвтэй соёлыг дээдэлдэг нь надад хамгийн таалагдсан.

Яаж англи хэлээ сайжруулах уу? хэрхэн Америкт суралцах уу? Яавал гадаадад амжилттай амьдрах уу? Хүссэн амьдралдаа хурдан хүрэх арга бий юу?  гэх мэт олон янзын асуулт надад ирдэг. Үүгээр дамжуулан бүгдэд нь нэгдсэн хариу өгөх нь зүйтэй гэж бодлоо.

1. Юу ч хийсэн өөриймсөг ханд. Кофе шопийн шалыг цэвэрлэсэн ч, захирал болсон ч, худалдагч хийсэн ч, айлын гэр цэвэрлэсэн ч, хүнд хичээл заасан ч, ер юу эсийг хийсэн үргэлж өөрийн мэт хандаж, чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй
2. Олон гадаад хэлний зах зухаас сэглэж хаялгүй зөвхөн нэг хэлийг нэвтэрхий сайн сур
3. Шударга бай бас дахин шударга бай. Хажуу дахь хүндээ, найздаа, албан газартаа, өөртөө шударга байж сур. Алдаа гаргавал хүлээх чадвартай байх нь алдаагаа засахаас илүү чухал. Тоефлийн оноо хэрхэн худалдаж авах уу гэж бодохын оронд эртнээс өөрөө бэлд. 
4. Хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх хүнтэй байнга холбоотой байж занш. Хэн нэгэнтэй зөвхөн өөрийнхөө хэрэгцээг гарсан үед хандах хамгийн муухай. 
5. Хэзээ ч өөрийгаа хэн нэгэнтэй БИТГИЙ жиш ! Зөвхөн өөрийнхөө өнгөрсөнтэй жиш
6. Зоригтой бай. Хааяа ч гэсэн эрсдэлтэй алхам хийж байх хэрэгтэй
7. Байгаль дэлхий, нар, газар, тэнгэр шороогоо шүтдэг байхад илүүдэхгүй
8. Бусдыг хүндэл, буруу үгээр нэгнийгээ битгий өвтөг
Хамгийн гол нь мөрөөдөхөө зогсоож үл болноhttp://tessbattumur.blogspot.com/2014/02/blog-post.html

Sunday, June 14, 2015

Инженирүүдээс шүүмж хүртэж зургаар биш үгээр түгжрэл татахын учир буюу Монголын төлөө юу хийсэн хүн бэ өөрөө?

Зураг хөрөг оруулахгүйгээр хэрхэн блог бичиж, FB хуудас ажиллуулдаг хүн бэ? гэж зэмлүүлэв. Чи өөрөө зураг, видеогоор ямар их хөл татдагийг график, судалгаатай нь гаргадаг хүн байж гэж ирээд л хэдэн инженерүүд намайг зад шүүмжлэв. 

Би чимээгүйхэн чагнаж дуусаад "зургаар биш үгээр, видеогоор биш утга санаагаар хүн татах урамтай байдаг юм аа" гэж томорчихсондоо дараа нь жаахан санаа зовлоо. 

Амьдралын үнэнээ харамгүй хуваалцаж, нарийн ширийнээ дэлгэдэг тул дээрээс нь хүн татахын тулд зураг тавих сонирхол надад байдаггүй. Тэгээд ч зөвхөн миний түүх бичигдээд буй мэт боловч, олон мянган хүмүүстэй холбоотой сэдвүүд цувардаг тул зөвхөн өөрийн болгон тамгалах нь таагүй. 

Бид хамтдаа цагаачилж, төстэй замналаар амьдарч байгаа хүмүүс. 

Биес минь харийн оронд ч гэлээ сэтгэлээрээ монголын төлөө зүтгэж яваа энгийн иргэд.

Аль болох МИАТ-аар нисэхийг боддог нь өчүүхэн миний монголдоо оруулж чадах бяцхан хувь нэмэр. Монголын хөрөнгөтнүүд МИАТ-аар л нисэхгүй юм шүү гэж зүтгэхийг олон удаа харсан. Жилдээ нэг ч болохноо жуулчинг хаанаас ч хамаагүй монгол руу илгээхийг зорьдог нь хөрөнгө оруулах том гарц үгүй миний арга ядсан ухаан.  

Монголдоо очиж ихийг хийж бүтээхэд яадаг байна аа гэж толгой сэгсрэх хүмүүстэй таардагаас, чи яагаад цагаачлах болсон юм бэ? гэж учрыг нь асууж байсан хүнтэй учирсан удаагүй.  Магадгүй түүнийг хуваалцах цаг ирсэн ч байж мэднэ, үгүй ч байж мэднэ. 


Sunday, May 31, 2015

Номныхоо ачаар багын найзаа олсон нь буюу цаана нь гүн утга бий

Жинхэнэ өвөр түрийдээ орж, өсвөр насаа өнгөрөөсөн багын найз охиноо олоод хичнээн баярласан гээч. 

Хэдэн хаалгана наана цаана амьдарч худгаас ус авалцаж, цасаар байлдаж, эмээгийнх нь амттай хоолноос хуваалцан, охин насны нууцаа сэмхэн дэлгэдэг байсан найзыг минь Оюунтогоо гэдэг. 

Шулуун шударга бас цоглог зан, чанга инээдээрээ адилхан бид хоёр олон жил сайхан үерхээд нэг л мэдэхэд сураг алдарч орхисон хэдий ч найзыгаа олох сэтгэл хэзээ ч арилаагүй. 

Хэдэн сарын өмнө харин найз маань намайг олж мессеж илгээв. Сайн хүнтэй ханилж, хоёр хөөрхөн охины ээж болжээ. Намайг олсон түүх нь маш хөгжилтэй. 

Хадам ээж нь миний номыг худалдаж аваад найзын том охинд бэлэглэжээ. Тэгсэн нөгөө багын найз нь номны хавтсан дээр байсан гэдэг. 

Би огт танихгүй найзын хадам ээжид баярлаж, түүнээр бахархах сэтгэл төрсөөр. 

Өсвөр насанд алхан орж буй ач охиндоо "Туслахыг минь зөвшөөрөөч" номыг авч өгнө гэдэг дэвшил. Ном бичсэний хэрэг бүтлээ гэж санаа минь бүрэн амрав. 

Дээрээс нь насан багын үнэнч найзаа олсон нь бонус байлаа. 

Saturday, May 30, 2015

Хүнээс тусламж авах болохоорооо холбоо барьдагаа болъё оо буюу цэргийн дарга ч байна уу? цэвэрлэгч ч байна уу? ижилхэн ханд

Хэзээнээс л энэ сэдвээр бичихийг бодсоор байсан боловч хувьсгалын тохироо бүрдэхгүй байж байтал дөнгөж сая ийм явдал болсон тул зориуд зав гарган бичих гэж буй нь энэ. 

Ээж минь надад үргэлж хүнтэй эвтэй яв, хэн нэгэнтэй зөвхөн өөрийнхөө хэрэг болсон үед хандах муухай байдаг юм шүү, үргэлж холбогдоод байхгүй ч үе үе ч болохноо мэндийн зөрөөтэй яв гэж захидаг юм. 

Цэвэрлэгч ч байна уу? Цэргийн дарга ч байна уу? адилхан мэндэлж, ижилхэн хандахыг сургасан гэр бүлд хүмүүжсэн болохоор би, охиноо ч тийм л хүн болоосой гэж хүсдэг. 

Зөвхөн том, жижиг хэргээ бүтээх гэж биш зүгээр л сэтгэлээсээ хааяа ч болов "сайн байна уу?" гэж мэндэлдэг бол хорвоо дэлхийг өөрийнхөө хэмжээнд чимчихэж байгаатай адил. Өөртөө дүгнэлт хийгээд бодоод үзээрэй. 

Манай ажлын Рамон гэж ээжийн минь үеийн Мексик хүн бий. Баярлалаа, сайн уу-гаас өөр англи хэл байхгүй тэрээр аяга таваг цэвэрлэж, хогийн сав султгана. 

Би компанийг үүсгэн байгуулагч Ашу, Рамон хоёртой яг л ижилхэн мэндэлж, адилхан ханддаг. Онгирч байгаа ч юм биш манай нөгөө гурав (Филипп, Коннор, Дан) надаас суралцаж, Рамоныг тоож мэндэлдэг болсон байна лээ. 

Хүнээрээ байх гэсэн хүсэл минь багахан ч гэсэн ажиллаж байгаад баярлаж л явна. 

Sunday, May 24, 2015

Атаархах нь хаашаа юм хүсэл ихээр төрлөө гэх үү дээ

Дурсамжийн баярын өдрийн улмаас урт амралтын өдөр таарсан долоо хоног болж байгаа билээ. Үүний ачаар Голден Гейт гүүрнээс цааш амьдардаг найзындаа зочлоод ирэв. 

Тэднийх 4 нас өнгөрч яваа нэг хүүтэй. Манай нөхрийн  цөөн хэдэн найзын нэг Коте хэмээх залуу. 

Коте, Шваб хэмээх томоохон банкинд төслийн менежер хийгээд маш олон жил болж байгаа ба эхнэр нь хүүхэдтэй болсоноос хойш гэртээ сууж байгаад саяханаас ажиллаж эхэлсэн юм. Хэдийгээр цаг гарангийн зайтай газар амьдардагч тус бүрийн ажил амьдралтай хүмүүс тул бид тэр бүр уулзаад байхгүй. Коте, манай нөхөр хоёр спортын тэмцээнд хааяа хамт явдаг тул Адри бид хоёроос арай олон уулзана. Гэхдээ Адритай мессеж үргэлж нисгэх тул ямар ч байсан огт уулзаагүйгээс дээр. 

Ерөнхийдөө бидний амьдралд төстэй, нийтлэг зүйл олон тул бусад найз нараас арай илүү дотно. 

Харин тэднийх Сан Рафаель хэмээх үзэсгэлэнт байгальтай хотод байшин худалдаж авсанаараа арай өөр. 

Коте усан онгоцны зогсоол хүртэл дугуйгаар явна. Өдөр бүр усан онгоцоор аялж ажилдаа явах түүнд атаархахгүй байхын аргагүй. Аялал жуулчид л усан онгоцоор аялж Сан Францискогийн үзэсгэлэнт бахддаг бус уу. Тиймээс, угийн Санд хайртай надад атаархах сэтгэл төрөх нь аргагүй биз дээ. 

Байшинтай айлын хувийн тоглоомын талбайд ухаангүй тоглох үрээ хараад өөрийн эрхгүй хурдхан шиг байшин авч охиноо тоглуулах хувийн талбайтай болохсон гэдэг хүсэл хэдэн цаг оволзсоноо нуугаад ч яах билээ. 


Манай амьдардаг хотод үл хөдлөх хөрөнгө нэлээд өндөр үнэтэй. Байшингууд сая доллараас эхэлнэ. 


Би бодож байна. Хүүхэд хэрүүл хараал, зодоон цохион, аливаа хүчирхийлэлгүй л бол том байшинд хувийн тоглоомын талбайтай өснө үү ? нийтийн байранд олонтой тоглоомын талбай хуваалцаж амьдарна уу ? ялгаагүй биз дээ? 

Очоод тоглох, хувийн байшинтай найзтай байгаа нь харин сайхан хэрэг биш үү? 

Маргааш баярын амралттай өдөр ч гэлээ би гэрээсээ хэдэн цаг ажиллана. Цаанаа бас учиртай...Цаг нь болохоор бүтэж л таараа. 

Бүжээ биш Бүжин, Энэрэл биш Энэрлэн

Миний охины нэрийг Бүжин гэдэг. Хүмүүс ихэвчлэн (заримдаа би ч хүртэл) Бүжээ гэж дуудаж, бичнэ. Бүжээ гэхээр шал өөр нэртэй болчихож байгаа юм. 

Нэрэнд их учир бий гэж би боддог. Тухайн хүн нэрээ юу гэж дуудуулах хүсэлтэй байгааг нь бусад хүмүүс хүндлэх учиртай. 

Миний Tess болсонд 2 шалтгаан бий. Монгол нэрийг маань цэвэр дуудаж чадах хүн энд огт байхгүй. Тэр ч байтугай монголд зөв дуудах хүн цөөхөн байлаа. Цэрэннямаа гэдэг нэрийг Цэрэнням гээд "аа" -г нь орхиход л бүтэн утгаа алдахаас гадна сонсголонгүй болж надад таалагдахаа больдог. 

Дараагийн шалтгаан нь хүүхэд байхдаа олсон санаа тул одоо бодоход инээдэмтэй.  "Working girl" нэртэй кинотой холбоотой. 

Өнгөрсөн долоо хоногт би охинд маань сайн сургууль олж өгсөн сайхан сэтгэлтэй монгол охинд илгээмж явуулахдаа хүүхдийнх нь нэрийг буруу бичсэн байснаа хожимдож мэдээд санаа хичнээн зовов оо. Үүгээр дамжуулан уучлалт хүслээ. Энэрлэнг Энэрэл гэж бичээд явуулжээ. Намайг уучлаарай. 

Хүний нэрийг бичихдээ, дуудахдаа бодолтой хандаж байя л гэсэн бяцхан санааг хүргэх гэсэн юм. 

За ингээд хувцас хатаагчны сэрүүлэг ч дуугарлаа амжуулах ажил их тул түр баяртай. 


Thursday, May 21, 2015

Амьдралыг минь чимэглэсэн та нартаа баярлалаа

Өглөө бяцхан охин, хүүгээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажилдаа явах замд зүрх түрхэн зуур живчихэж байгаа ч юм шиг, цээжин дотор нэг юм тээглээд ч байгаа мэт хачин этгээд, өр эмтрэм сэтгэгдэл төрдөг хүн байна уу? 

Охин маань уйлж унжихгүй ч өрөвдмөөр нүдээр надруу нэг харчихаад хаалганы цаана хоцрох нь өрөвдмөөр. 

Аль болох хурдан хэмнэлтэй дуу олж сонсох гэж сувгаа сольсоор хурдаа хичнээн нэмэн давхисан ч сэтгэл доторх мэдрэмжээсээ зугтаж чадахгүй байсаар ажилдаа очих нь бий.

Өнөөдөр өөр байлаа. Өглөө гарахын өмнө цахилгаан шуудан, нүүр номоо шалгаж амжсан ба сайхан мэдээ сонсоод цаанаасаа баяр ундарсан өдөр эхэлж байсан тул охиноо хүргэж өгөөд нэг их айхтар санаагаар унасангүй. 

Миний сүүлийн бичлэгийн мөрөөр 2 имейл, 3 нүүрномын мессеж иржээ. Дэлхийн өнцөг буланд байгаа миний уншигчид ээжийг маань тавтай морилж, зугаалахыг урьсан сайхан үгтэй захидлууд байв. 

Монгол хүн үнэхээр зочломтгой, элгэмсүү, сүү шиг цагаан сэтгэлтэй юм аа. 

Үүнээс өмнөхөн Шведэд байдаг нэгэн эмэгтэй уншигч маань гэртээ ирэхийг урьсан мессеж илгээн намайг баярлуулсан удаатайг та бүхэндээ дуулгаагүй санагдана. 

Ер нь бол дэлхийн аль ч хотод очсон алзахгүй болж байна шүү. Цаана чинь би байтугай ээжийг минь урьж байхад. 

Ээж бид хоёр очтол хаа байлаа ч тэдгээр сайхан сэтгэлийн халуун үгс амьдралыг минь чимдэг билээ. 

Та нартаа баярлалаа. 

Tuesday, May 19, 2015

Ээж шигээ цоглог амьдарна аа

Дээр үеийн хүмүүс бие сайтай гээд ярьдаг ер нь үнэн байх шүү. Би ээжийг юм юмаараа гүйцнэ гэж гонж. Одоо сүүлдээ бүр техник технологиор хол хаяулах нь ээ. 

Ээж утсаар ярьж байна : Утас гацаад байхаар нь шинэ модельтой боллоо. Солонгост монголоос хямд юм. Сельфи авах гэсэн гар богинодоод барьдаг төмөр хямдхан байхаар нь Тундемүнээс авчлаа. Надад захих уу? Херагаас сайн гоо сайхны бүтээгдэхүүн гарчихаж өөртөө аваад бэлгэнд нь хумсны будаг өгөх гэхээр нь  уруулын тос болгочихлоо. Зээ дүү чинь загвар нь хуучирсан пүүз өмсөөд байхаар би чамд хэлэлгүй Сан Диегогоос тасарсан Nike пүүз авчихсан шүү. Шваровскийг Улаанбаатар их дэлгүүрт зарж байна миний авсантай адил юм уу очиж үзнэ...

Би: Ээж ээ, зургийн аппарат чинь ажиллахгүй байгаа юм уу? Ээмгээ дэлгүүрт хаячихаа юу? пүүз чинь хуучраагүй байсан биз дээ?

Ээж: за за, вайбардий, фейсдсэн ч яах вэ гээд утсаа тасалчихав. 


Миний ээж Англи, Францаар аялж үзэх юмсан гэж ярьдаг юм. Хөөрхий дөө, залуу сайхан насаа өвчтэй ханиа асарч, өнчин хэдэн хүүхдүүдээ өсгөж өнгөрүүлсэн болохоор өөртөө зориулах цаггүй явсаар өдий хүрсэн нь үнэн. 

Ээж, одоо өөрийгөө орхиж болохгүй. Шинэ юм байвал сураад, сайхан хувцас олдвол өмсөөд, хүссэн газраа аялаад байна шүү. Шанел 5 сүрчигээ бас цацаарай ...  




Monday, May 18, 2015

Өрсөлдөөн ширүүсч, Коннорын компани цэцэглэж эхлэх нь

Гэрээт ажил дуусах хандлага төрөхийн сацуу нэг хүний орон тоо гарах нь зайлшгүй болов. Чухам бид дөрвийн хэнийг сонгох нь оньсого хэвээр. 

Мэдээж Филиппийн байж ядах сэтгэл илт. Хүн бүрийн хуанлиг шалгаж, хэн нь хэнтэй илүү уулзалт хийчих бол гэж харуулдана. 

Даниел эртээс эрт ирж, чадах бүх төрлийн хэрэгтэй хэрэггүй формула зохиож шидэлнэ. Коннор насаар хамгийн бага ч дээд зэргийн ул суурьтай нөхөр тул чимээгүйхэн бүгдийг тандаж аль болох олон асуудал илрүүлж инженерүүдийг хэрхэн сандаргах төлөвлөгөөгөө боловсруулна. Хэдийгээр өөрийнх нь эхлүүлж буй ажил нэлээд төрхөө олж байгаа ч өөрсдийгөө санхүүжүүлж, бусдыг цалинжуултал зай ч бий лай ч бий. Тиймээс түүний хувьд гэрээгээр ч байна уу, түр ч байна уу яаж ийгээд энд хэсэг үлдэх нь чухал. Энэ санаагаа надаас нуугаагүй нь сайшаалтай хэрэг. 

Миний хувьд хаашаа ч эргэсэн алдах зүйл үгүй. Нэгэнт силикон валлид хөлөө оруулаад авсан тул хүсвэл хаа хүртэл ч явах чадалтайгаа өөртөө нотлоод авсан. 

Ингэсгээд дуусгахгүй бол олон юм хамаагүй бичиж болохгүй болсон. Манайхан шинэ бичлэг оруулмагц орчуулах гэж оролддог болоод удаж байна. 

Харин намайг сонговол яах уу? Тэгвэл "Яана аа би Станфордыг төгсөөгүй"-ийн  http://tessbattumur.blogspot.com/2015/04/blog-post_8.html үргэлжлэлийг бичихээс өөр аргагүйд хүрнэ гэсэн үг. 

Юуг хэрхэн хийж чадахаа өнгөрсөн 5 сарын турш харуулсан  тул одоо надад хүлээхээс өөр арга үгүй.

Чин үнэндээ охинтойгоо өнгөрөөх цаг эрс багассан тул эргээд ээжийн ажлаа бүтэн цагаар хийхэд ч бэлэн. 

Friday, May 8, 2015

Pressure is on!

My in-laws, non-Mongolian friends, colleagues, even Mongolian readers have been asking me if there is any chance that I would write in English someday. It's time to release the pressure. Here is my first blog in English. 

I thought I would start with some background of my blog or should I say of me. 

Well, if I wanted I could probably write about big Mongolian topics such as society, economy, mining etc. 

I figured that I should write about small but important things that we forget about because of those big topics. 

I simply write about my real life. But there is always a hidden message to be the right human which is my blog's name "I wish we could stay as real human being" . Let me tell you that it sounds much better in Mongolian. See, here is the first reason that I was not so eager to write in English as it is my second language. I'm not saying that my English isn't very good. To be honest, It's pretty damn good!

Even though, I started blogging a little over a year ago, it's not like I started writing overnight. Writing always has been part of my life ever since I could write words. As a matter of fact I used to write poems when I was 9 years old! 

I write true things with some humor in it. 

Here is the deal. I am not going to promise excellent English prose nor comedy. Some of my articles is not translatable as I write with Mongolian mentality to Mongolian mentality unless you convince me that you have versatile mentality like me. So here, do you notice that I like to brag about myself little? I do that a lot in my writing. I can't help it as I mentioned earlier I write brutal honesty. 

That's about it for today. I almost forgot one thing. I keep it short! 

Are you thinking like eh is that it after waiting so long?  And I hear you are a published author! Hold on to your horses before you judge. Try to accept people for who they are without judgment. 







Sunday, May 3, 2015

Хотын даргыг ээжтэй барьцсан гэх үү, ээжийг хотын даргатай барьцсан гэх үү буюу ардчилалд баярлахаас өөр аргагүй

Эгч ээжийг тосч авч чадалгүй хүргэн ахын найз, солонгос залуу цэцгийн баглаа барьчихсан угтаж гэнэ дээ. Сураг сонсохнээ Улаанбаатар хотын дарга ажлын айлчлал хийгээд эгч юун ээжийг тосож авахдаа мантай завгүй байгаа юм байна. Дээр ээжийг наашаа ирэхэд ч бил үү, цаашаа явахад ч бил үү хотын дарга ирчихсэн таараад эгчтэй чинь тухтай таван үг сольж амжаагүй гэж ээжийн хэлсэн санаанд орлоо

Угийн ажлын "хэнээтэй" манай эгч улсын бөгөөд бусдын ажлыг алдагдуулж ар гэртээ үйлчилнэ ээ л гэдэг ном байхгүй нь ойлгомжтой. Тас хийтэл хэлэхэд эгчийг шинэ ажилд томилогдсоныг сонсоод ашгүй дээ, нэг ч болохноо чадвартай, шударга хүнийг зөв ажилд авч дээ гэж би бодож суусан юм шүү. 

Манайх гэр бүлээрээ цэнхэр хүмүүс. Ардчилалыг дэмждэг, ардчилалд талархдаг цэнхэр тугтангууд гэсэн үг. 

Хэрэв ардчилал ялаагүйсэн бол, Бат-Үүл, Зориг агсан, Элбэгдорж гэх мэтийн хүмүүс монголд эргэлт хийгээгүй бол өнөөдөр миний энд жаргаж суух, ээжийн гадаадаар зугаалж явах юу л бол ... 

Тэгэхээр ээж, Үүл даргатай барьцана уу, хотын дарга ээжтэй барьцаж Солонгост айлчилна уу ёстой падлий чиг алга. 

Ардчилалыг авчрагсадад баярлалаа. 

Хүний тусыг явсан хойно нь буюу хурдан эргээд ирээрэй Гаёунка

Эзэнгүй оргисон онцгүй өглөө байлаа. Нөхөр : Гаёунка, Tg хоёр байхгүй эвгүй юм аа. Баахан илүү боорцог (pancake) хайрчлаа, хаяхаас гээд үглэчихсэн гал тогооны өрөөнд зогсож байна.  Ингэхэд Гаёунка хэзээ ирэх бол гэнэ ээ. Гаёунка гэж Ганхуяг нэрээр нь ээжийг хэлж байгаа юм. Яваад 24 цаг ч болоогүй байхад хэзээ ирэх нь үү гэнэ шүү гэж би инээснээ: чи ээжийг эргэж ирээрэй гэж хэлсэн биз дээ гэж эргүүлэн асуухад "дуртай цагтаа ирээрэй гэсэн" хэмээв. 

Орноосоо өндийх ч хүсэлгүй хэвтсэн намайг нөхөр минь тэврээд Гаёункаг иртэл хоёулаа хичээгээд болгоно оо гэж намайг тайвшруулахыг оролдсон ч бага зэрэг сэтгэл нь эвгүйтсэнээ бүрэн нууж чадсангүй. 

Ээжийн үүрэг манайд асар их. Өглөө бид хоёр сандралдан ажилдаа гарахад охиныг хооллож, хувцаслаад цэцэрлэгт нь хүргэж өгнө. Өдөр гэр орон цэгцэлж цэвэрлээд охинд тусад нь шим тэжээлтэй дуртай хоолыг нь бэлдсэн байна. Охин өвдвөл гэртээ байх ёстой ба мэдээж ээж л тэр том ажлыг үүрнэ. Одоо охин цэцэрлэгт явахгүй өнжих шалтгаан гарвал бид хоёрын хэн нэг нь ажилдаа явахгүй. Ажилдаа явахгүй бол тухайн өдрийн орлого тэг. Шинэ ажил  эхлээд удаагүй тул олон чөлөө авах амаргүй... гэх мэтчилэн олон асуудалд ургана. 

Чин үнэндээ бид хоёр хүүхэдгүй хүмүүс шиг гэртээ яарах зовлонгүй жаргаж байсан улс. Дуртай үедээ кино шийнд явна, төрсөн өдөр, зугаа цэнгэлд хот алгасан очно ... 

Би хүмүүс үдэж ганцаараа үлдэхийн тийм гэх аргагүй зүрх шимшрэм мэдрэмжийг бие сэтгэлдээ шингэтэл амталж хаширчихсан тул зүрхэлж онгоцны буудалд ч явж чадсангүй... Харин тэднийгээ эргээд газардахад тосоод авна аа. 

Ээж ээ, хурдан эргээд ирээрэй. Бид гурав хэцүүдэх нь байна шүү. 

Saturday, May 2, 2015

Амьдралдаа элсэн чихэр нэмж хутгаад, амжиж нар жаргахыг хараад ирлээ

Юуны түрүүнд сүүлчийн бичлэгийн мөрөөр хандсан хүмүүстээ баярлалаа. Үүгээр дамжуулаад нөхөр маань одоохондоо онцын ноцтой өөрчлөлтгүй байгаа. Маргаашнаас эхлээд нэлээд хэдэн эмчийн үзлэгээр орно. Бүгд сайхан мэдээ байна гэдэгт итгэж байна гэдгээ санаа тавьж асуусан та нартаа хариу болгож хэлэх нь зүйтэй гэж бодлоо. 

Хамгийн дотны, хайртай, чухал хүмүүстэйгээ нэг дор сайхан цагийг хамтдаа өнгөрөөж байсан хүмүүс олон л байгаа биз дээ? Миний хувьд энэ бол ховор тохиолдлын нэгт тооцогдоно. Алс амьдардагийн бас нэгэн сул тал. 

Харин сүүлийн долоо хоногийг чухам миний амьдралын утга учир болсон хүмүүстэйгээ хамт зугаалан аялж өнгөрөөх боломж олдлоо. 

Энд олон хоногоор амарч, хүссэнээрээ зугаалах боломж тэр бүр олдоод байдаггүй ч зорилго тавин алжааж түр зуур ч гэсэн "амьдрах" -гүй бол яах ч билээ. 

Явсан орон, очсон хот, өнгөрөөсөн амралтуудаас өвөрмөц гойд дурсамж үлдээсэн өдрүүдээр сэтгэлээ зогоож, тэдэнтэйгээ эргээд учран золгох баярт мөчийг хүлээх үлдлээ. 

Ханьтайгаа, үртэйгээ, ээжтэйгээ, дүүтэйгээ алтан наран жаргахыг гүн хөх цэнхэр далайн эргээс харлаа. Нар дахин мандах нь сайхан...































































































































Tuesday, April 21, 2015

P.S: I love you буюу амьддаа бие биенээ хайрлаж л явахсан даа

Ханилсанаасаа хойш өвдөж, хамгийн их эмч эмнэлгээр явсан нь би. Тухайн үед нөхөр минь ханиад хүрсэн ч мэдэгдэхгүйг хичээж, хаана ч өвдсөн хэлдэггүй байсан биз ээ. Би л ганцаараа өвдөх "эрхтэй" мэт байдал сүүлийн хэдэн жил үргэлжилжээ. 

Хэдэн өдөр шургуу үглэсэний хүчээр энэ долоо хоногт нөхөр маань эмчдээ үзүүлэв. Учир битүүлэг толгойны өвдөлт улам эрчээ авч надаас нуухад амаргүй болсон юм. Миний толгой өвдсөн тухай уншсан хүмүүс бол санаж байгаа байх. Түүнээс хойш толгой өвдөхөөс ухаангүй айдаг болсон билээ... Хүн ер нь аливаа зүйлийг өөрөө туулж байж л ойлгодог юм шиг. 

Нөхрийн маань толгойг гүнзгийрүүлэн шинжлэх шаардлагатай гэж эмч хэлжээ. Нүд, ажлын ачаалал, хүзүү гээд юунаас ч болж байна мэднэ гэсэн таамаглал дотроос "тархины хавдар ч байж магадгүй" гэж хэлсэн нь мөстэй хүйтэн ус санамсаргүй байхад толгой дээр асгасантай адил мэт цочоолоо. 

Нөхөр минь яана даа гэхийн оронд охин бид хоёр яадаг билээ гэж бодогдоод хаана ч юу ч хийсэн ухаан санаа төвлөрч өгсөнгүй. Дээрээс нь манай нөхөр тоглоом шоглоом хийх аядаж "2 долоо хоног амьдрах хугацаа байна гэж кинон дээр гардаг шиг хэлвэл яах уу" гэж намайг нус нулимастай минь хольж орхив. 

Нэг юм болохоор нөгөө зүйл болохоо больдог яамаар ч хорвоо вэ? 

Ханийгаа гомдоох үг, үйлдэл дахиж хийхгүй дээ гэж бодсон хэрнээ битгийн муу ёрын юм яриад бай гэж загнаад л явуулчилхаа. Араас нь очиж аргадах минь. 

Бид хоёр жаахан түр тар хийж, санал зөрсөн ч заавал эвлэрч байж унтах хуультай. 

Ер нь хэн нэгэн хүнд сайн сайхан үг хэлж яриагаа төгсгөж байхгүй бол тэр хүнтэй дахиад хэзээ ч уулзахгүй юм билүү хэн мэдлээ. 

Дашбалбар агсаны хэлсэнээр "амьддаа бие биеэ хайрла" -ж л явахсан даа.

Тэгсэн цагт бүх юм сайхан болно оо, тийм биз дээ? 


Saturday, April 18, 2015

Уруул дордойвч элэг дордойхгүй - харин найзтайгаа эргэж хэрхэн хэвэндээ орох вэ?

Цусан, ясан холбоотой хүмүүстэйгээ муудаад сайдах амархан. Яг л нөгөө уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг шиг. Хичнээн гомдох үг хэллээ ч ор тас мартчихсан байдаг. Харин сайн найзтайгаа хэлэх ёсгүй үг хэлэлцэж бие биенээ гомдоовол яах вэ? 

Миний өгөх хариулт: ах дүү шиг бололцсон дотны сайн найздаа гомдох муухай үгийг хэзээ ч бүү хэл. Хуучин уншигч нар маань санаж байгаа байх. Би 12 жил үерхэж, дассан хамгаас сайн найзтайгаа анх удаа муудсан даа? Би блогоороо хүртэл дамжуулж уучлалт гуйсан. 

Түүнээс хойш бараг жил өнгөрлөө. Бид хоёр эвлэрсэн ч харилцаа маань бизнес хамтын ажиллагаанаас цаашилж өгөхгүй намайг зовоож байна. Хуучны харилцаандаа дөхөж очихгүй алсуур, дипломат харилцаа төдийхөн үргэлжлээд байх шиг. 

Өдөр сар өнгөрөх тусам би хэлсэн үгэндээ харамсаж, өөрийн зохиосон бодолдоо хэт хөтлөгдөж, хэнээр ч орлуулашгүй найзыгаа хэтэрхий гомдоосондоо шаналсаар... Хүсэхэд хясна гэгчээр хоёулаа энэ жил дэндүү завгүй байж таардаг...

Ховор олдох, жинхэнэ сайн найзтайгаа муудалцаж болно харин хурц үг битгий хэлээрэй. Үг хамгийн хүчтэй зэвсэг. 

Амаар хэлсэн үгээр алсан харилцаагаа аврахын тулд бичгэн үгээр дахин уучлалт гуйя. 

Алдааг минь мартах арга байна уу?, дахиад хичээгээд үзье? 


Станфордоос бусдаар бол хэний ч ард орохгүй л гэнэ шүү буюу боксоор хичээллэнэ ээ

Ажил дээр заримдаа Коннор  бид хоёр уулзалтын өрөө захиалан сууж чимээгүй орчинд ажиллах үе бий.  Коннор Шопенийг сонсож би Эминимийг ACDC-тэй ээлжлүүлэн сонсоно. Намайг зарчимч хэрнээ Эминэмийг сонсох дуртай гэхээр гайхаж ACDC -д нугасгүйг мэдээд Коннорын нүд орой дээрээ гарах шахсан гэдэг. 

Коннор: Шопеноос дуртай аялгуу бий юу? 
Би: Сонгодог хөгжим хааяа сонсох нь ч сонсоно оо. Гэхдээ яг тэрний тэр гэж нэрлэж мэдэхгүй ээ. Сарны Сонат-ыг Моцартынх гэж мэднэ. Гэж хэлсэнээ арай Сарны Сонат нь Моцартынх биш байж онигоонд орох вий дээ гэж багахан зэрэг сандраад авав. 

Коннор Иллиноис мужид төрж өссөн, жилийн өмнө ихийг хийж бүтээх хүсэлдээ хөтлөгдөн Силикон Валлийг зорьж ирэн хэсэг хүмүүсийн хамт шинэ санаагаа том бүтээл болгохоор зүтгэж яваа дөнгөж 21 настай залуу билээ. Мэдээж аливааг эхлэхэд хөрөнгө мөнгөний бэрхшээл бий тул бүх зүйл хөл дээрээ тогттол нэмэлт орлоготой байхын зэрэгцээ шинэ зүйл сурахаар намайг ажиллаж эхэлсэнээс сарын дараа манай багт нэгдсэн юм. 

Надад байхгүй сэтгэлгээ нь хэрэг болдог ба их өвөрмөц нэгэн шиг санагддаг. 

Бид хоёр хэнээс ч дутахгүй гэдэг зангаараа хамгийн их нийлдэг шиг байгаа юм. Даниел бол арай өөр. Өөрийгөө царайлагт тооцдог. Бас гэрээний ажилтан хийж байгаадаа дурамжхан. Хумсаа чамласан хүүхэд шиг зан гаргах нь заримдаа яршигтай ч Коннор бид хоёр , хоёр талаас нь дэмжээд сэргээчихнэ. Даниел аялалаар явахынхаа өмнө 6 оронтой тоотой цалинтай байсан даг аа.  Эсвэл  Коннорын хэлсэнээр дээд ангилалын чинээлэг айлаас гаралтай болохоор амьдралд тохиолдох жижиг зүйлд амархан сөхөрч, санаагаар унадаг нэгэн байж ч мэднэ. Гэхдээ түүний эксел, тооны талын чадварыг манай 4 дотор гүйцэх хүн байхгүй. 

Эхний дарга маань өвдөөд түр зуур чөлөө авсаныг санаж байна уу? Одоо манай багийг ахалж байгаа дарга өнөөдөр Энэтхэг рүү ажлаар ниссэн. Манай компани Америк, Англи, Энэтхэгт салбартай юм билээ. Тэгээд явсан хойгуураа намайг ерөнхийдөө багаа тэргүүлж хамгийн гол нь асуудал гарвал надруу эхлээд очоорой гэж нөгөө гуравт чинь хэлсэн байна. Алдаа гаргахгүй шиг багаа аятайхан аваад сууж байх юмсан. 

Ажлын хажуугаар ёганы багш намайг ангидаа гайгүй хоёрын нэгэнд орно гэж магтав. Тэр ч намайг нэг их онгируулсангүй. Ёгагаар тууштай хэдэн жил хичээллэсэнийх тэр зэрэг байлгүй яахав гэж бодоод өнгөрөв. 

Гэтэл өнгөрсөн Пүрэв гарагт бүжгийн хичээл дээр Чарлестон зааж, би ёстой үзүүлээд өгөв. Манай ажлынхны эрүү нь унжиж, нүд нь бүлтийв.

Санхүүгийн хэлтэсийн Лоан эгч "чамд чадахгүй зүйл бий юу? зүгээр чадах биш сайн чадах юм" гэж миний цөсийг хөөрүүлж орхив. Санхүүгийн хэлтэст 3 ази эгч ажилдаг ба бүгд над шиг хоёрдугаар англи хэлтэй хүмүүс. Намайг бас тэрүүхэндээ "энхрийлж" дэм өгнө. 

Би ажлаа ямар хийж байгаа нь тодорхой. Ширээний теннисээр Коннор, Дан хоёрт хааяа хожигдох ч Филийг бол урдуураа нэг ч гишгүүлээгүй нь үнэн. Биллиард чиг тэнцүүхэн цохино, бүжиг танц ч эргэнэ, ёга ч хийнэ, ер нь яадгийн дараагийн долоо хоногт Даваа гарагийн боксын хичээлд нь сууна аа. 

Недерландад зураг авалтанд уригдаад...

Сүүлийн сар урьд урьдынхаас ч илүү завгүй байлаа. Уншигчдаас ирсэн имейл, мэссэжийн хариуг үргэлж цаг гарган тусад нь хариу бичдэг би энэ удаа үнэхээр зав гарсангүй тул бичиж амжаагүй хүмүүсээс уучлалт хүсэж байна. Зарим нэгийг уншиж чадаагүй ч байж мэднэ. Имейлээр ирсэнүүдийг бол бүгдийг уншсан. Учир нь ажил дээр, утаснаасаа гээд шалгах боломж илүү гардаг. Харин би утсандаа FB идэвхижүүлээгүй тул тэр бүр зочилж тухлах заваар ховор. Одоо ч хүртэл ганц хоёр notification уншаагүй гээд гараад байгаа ч  би хаанаас олж уншихаа мэдэхгүй будилж сууна. Болохгүй бол дал гарсан мэргэжлийн FB-чин ээжээсээ тусламж авна даа. Хүмүүс хандах бүртээ "блог дээр чинь сэтгэгдэл үлдээх хэцүү юм " гэдэг. Тэгээд ч ихэвчлэн өөрсдийнхөө түүхийг хуваалцаж халуун дотно яриаг бичгээр өрнүүлдэг тул хүн болгонтой нэг бүрчлэн тусдаа харьцах нь хэн хэндээ сонирхолтой байдаг гэдэгт итгэнэ. 

Нэгэн уншигчийн илгээсэн захидал ингэж эхэлсэн нь өөрийн эрхгүй намайг зөндөө инээлгэв "миний дүү аятайхан зураг хөрөг авахуулаад тавиач, хүн амьтны FB-ээр орж үздэг биз дээ. Хүмүүс хамгийн гоё гарсан зургаасаа тавьдаг юм ш дээ..." гэж ирээд л үнэхээр хөгжилтэй бичсэн байлаа. Би хариуд нь "харин тийм ээ, уг нь би гоё зураг авахуулах дуртай. Даанч зав гарахгүй юм. Тэгээд би ажилдаа явахынхаа өмнө гялс машин дотроо өөрийнхөө зургийг авдаг юм аа. Гайгүй байгаа дээрээ хэдэн сайхан зураг авахуулах санаа бол их бий" гэж бичтэл ийм хариу ирэв "ах нь Недерландад байдаг. Энүүгээр ирвэл зургийг нь сайхан авч өгнө. Зураг авах хоббитой гэх үү дээ ..." гэсэн байлаа. 

Би ч бүр хөөрөөд Недерландад зураг авалтанд уригдлаа шүү дээ би гэж нөхөртөө эхлэв. Бас болоогүй  DC-д очвол зочид буудлын мөнгө гарздах хэрэггүй болсон гээд бод. Үеэл эгчийнхээс гадна миний сүүлийн үед сонирхолыг минь маш ихээр татаж байгаа, богино хугацаанд хайрыг минь татсан уншигч эгч минь намайг гэртээ урьсан. Уншаад байхад түүний амьдралаас суралцах, санаа авах, олон зүйлтэй мэт санагдаад байгаа.  

Цалин авдаггүй блог маань хэргээ хийж эхэлж байна даа гэж нөхөртөө бас онгироод амжив. 

Энэ мэтчилэн уншихад таатай сайхан, үнэн сэтгэлээ нээсэн захидал, зөвлөгөө, магтаал, бага зэргийн шүүмж илгээдэг, цаг зав гарган сэтгэгдэл үлдээдэг (Оюунгэрэл Батсүх- онцгойлон баярлалаа) надтай холбогддоггүй ч бичлэгийг минь алгасалгүй уншдаг өөрт чинь баярлалаа. Та наргүйгээр цалинтай блогтой байсан ч утга үгүй. 


Sunday, April 12, 2015

Facebook-ныхаа зураг шиг бай л даа гэдэг шиг юм болох вий дээ

Ээж маань галзуу  FB-чин гэж өмнө нь дурьдаж байсан даа. Анх ингэж эхэлсэн түүхтэй юм: 

Манай хүргэн ах ээжид ухаантай утас бэлэглэжээ. Хэзээний хэдэн хүүхэд, ач зээ нартаа өдөрт хэд хэдэн мэссеж төвөггүй шиддэг байсан болохоор ухаантай утасны учрыг дор нь олчихсон ажээ.

 Ээж минь 1942 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Сонор гэдэг газар айлын ууган охин болон мэндэлсэн. Чухам хэдэн сарын хэдэнд төрсөнийг мэдэх аргагүй учраас паспорт авахдаа манай аавын төрсөн он сар өдөртэй адилаар авсан гэдэг. Үүнийг өнгөц сонсоход инээдэмтэй боловч үнэн хэрэгтээ төрсөн өдрөө мэдэхгүй байна гэдэг ямар сайн байх вэ. Ээжийн насны бүх хүмүүс FB-дээд байдаггүй болохоор сонин болгох үүднээс энэ мэдээллийг өглөө.  За эргээд гол сэдэвтээ орьё. 

Энд ирсэний дараа зээ хүү нь утсанд нь хэрэгтэй бүх зүйлийг суулгаж, FB идэвхжүүлэн, товчхон зааж өгснөөр ээжийн FB-чин болох зам нээгдсэн юм. 

Яг үнэндээ би тийм дуртай байгаагүй. Настай хүн утсаа ширтээд дээрээс нь сайн муу, олон янзын үнэн, худлаа мэдээлэл байдаг тул дэмий юм уу гэж бодож байлаа. Харин би ээжийг ярьж хөөрөх монголчуудгүй, хэл соёлын ялгаатай газар "хорьж" байснаа төдийлөн ухаараагүй алдсан удаатай. Одоо бол алдаагаа засахын тулд зураг тавих, share хийх мэтийг зав зайгаараа зааж өгдөг болсон. Ер нь ч тэгээд биеэ даасан хувь хүн тул луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэдэг шиг юугаа шейрлэж, ямар зургаа тавих нь ямар хамаа байх билээ. Тэгээд ч хамаатан садан, багш нар, шавь нартайгаа л найз болдог юм гэсэн. Заримдаа балчир наснаасаа ажилд нухлагдсаны улмаас эвдэрч томорсон хуруугаараа санамсаргүй дараад таних танихгүй хүмүүстэй найзалчихсан байдаг. 

Баргийн юмыг голж шилж, хүн муу хэлдэггүй ээж минь эндхийн үсчингүүдэд харин ч нэг ам муутай. Би хамгийн хямдханаас , дундаж үнэтэй (хамгийн хямд нь 18$ гарын мөнгө нийлээд байх аа ) үсчинд оруулдаг юм. Нэг ч удаа сэтгэлд нь хүртэл засаж байсан удаагүй. Ямар сайндаа нөхөр маань хүртэл чи ээжийгээ үнэтэй салонд дагуулаад орчооч гэж надад хэлэв. Би өөрийгөө ажаад байхнээ зарим нэг сонин зүйл дээр аймаар гөждөг хүн болтой юмаа. Үнэтэй үсчинд оруулахын оронд өөрөө асуудлыг шийдэхээр зүтгэв. 

Юүтүб (youtube.com)-ээр үс тайрах хэдэн бичлэг үзсэнийг ч хэлэх үү, сүүлийн хэд хоног ээжийн үсийг тайрах хорхой хүрээд болдоггүй. Өнөө өглөө зориуд эртлэн босож ээжийг аргадаж, хөөрхөн аашилж байгаад үсээ тайруулахыг, үгүй биш ээ, үсээ надаар тайруулахыг зөвшөөрүүлээд авав. 

Үсчингээс ирээд дахин дахин толинд хараад үглээд байдгаасаа дор юм боллоо. Би ч бүр чичрээд арай л айснаасаа болж муурч унасангүй дэмий л  дахин дахин "ар талаасаа л лав гоё байна" гэж хэллээ. 

Би юу хийчих вэ хэмээн сандраад байж байтал ээж үсээ угааж, хатаагаад гараад ирэв. Энэ удаа хэн хэнд маань аз таарчээ. Ээжийн үс нэлээд аятайхан болсон шинжтэй.  

Охины ханиад ч цаашлаад, алтан нар ч шараад, ээжийн үс ч аятайхан харагдаад үнэхээрийн сайхан өдөр боллоо. 


Өнөөдөр авхуулсан зургаараа ээж profile picture -ээ сольжээ. Та зургаа солио юу гээд жаахан явуултал "яана аа, монголд очихоор хүмүүс намайг Facebook-ныхаа зураг шиг бай л даа гэх вий дээ" гэж намайг газар эвхрэн унатал инээлгэв. 

За яадгийн миний ээж өтөлсөнөөс үхсэн биш Facebook-дэж л байг. 


Өнөөдөртөө би лав баян буюу "алтан дундаж" жаргалтай амьдрал минь

Хүмүүс мэссеж илгээж байна. Яагаад өнөөдөр их юм бичээд байна гэж. Нэгдүгээрт сүүлийн долоо хоног бусад үеийг бодвол маш олон хүмүүсээс мэссеж ирсэн мөн уншигчдын тоо эрс нэмэгджээ. Нөгөө цол дагаж бяр нэмнэ гэдэг шиг хүмүүс блогийг минь тоож зочлоод байхад зүв зүгээр сууж бас чадахгүй догдлох юм. 

Хоёрдугаарт, надад цаг олдлоо. Яагаад зав гарсан гэхээр өнөөдөр гэртээ өнжлөө. Гэртээ өнжсөний учир бол хүүхэд маань өвдчихсөн. Цэцэрлэгт орсоноос хойш нэлээд хэдэн удаа ханиад хүрч, нөхөр бид хоёр хүртэл өвдөөд авсан. 

Энэ удаагийн ханиад их муухай нус нь гоожоод орой унтах болохоор хахаж цацчих гээд санаа зовоогоод байх юм. Урьд шөнө өвөртөө авч унтаад аав нь сэрүүн шахуу хоносон. Би үсээ засуулж найз охинтойгоо түрхэн уулзана гэж гараад тэр чигтээ үсээ ч засуулсан юмгүй найзтайгаа шөнө дөл болтол ярьж суугаад ирсэн гэмтэй.  Хэдэн жилийн өмнө нэг дор амьдарч, өдөр бүр уулздаг байсан найзтайгаа (http://tessbattumur.blogspot.com/2014/03/blog-post_27.html) жилд нэг уулзах хүртлээ холдсон байна. Ингэж болохгүй л байгаа юм даа. 

Ингээд өнөөдөр би охиноо оронд нь унтуулчихаад өөрөө хажууд нь бичиж байгаа байдал энэ. 

Хэдийгээр эрүүл мэндийн салбар хөгжсөн шинэ эринд амьдарч байгаа ч хүүхдээ өвдөх бүр сэтгэл түгших нь эцэг эх бүрээс аяндаа төрдөг мэдрэмж биз. 

Түрхэн саатаад дахин бодлоо. Ээж минь хажуу өрөөнд амгаланхан тавтай унтаж байна. Хань минь хажуугаар хурхиран амарч байна, үр минь хажуугийн орон дээр үс нь ширэлдчихсэн нойрсож байна. Өнөөдөртөө би лав баян хүний тоонд яалт ч үгүй орно. Ногоон, цэнхэр ямар ч мөнгөөр яаж ч арилжихгүй миний "алтан дундаж" жаргалтай амьдрал. 

Охины үс яагаад ширэлдсэн гэхээр бие нь таагүй болохоор ааш нь улам хөдлөөд сүүлийн 3 өдөр самнуулаагүй юм. Нөхөр хурхирсаны учир гэвэл урьд шөнө нойр муутай хонож ядарсаных. Ээж яагаад тавтай унтаж байгаагийн учрыг дараа бичнэ ээ. 

Thursday, April 9, 2015

Америкт хийсэн анхны ажил буюу амласан үргэлжлэл

Цагийн 2 доллар 50 центийн цалинтай Шү хэмээх үнэн ааштай, ширүүн эзэнтэй нэлээд өндөр зэрэглэлийн Хятад ресторанд найз маань намайг дагуулан ажилд оров. Монголоос дөнгөж ирсэн хүнд ийм амархан зөөгчийн ажил олдоно гэдэг бол тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг. Хар өмд, цагаан цамц, хар гутал өмсөх ёстой нь хамгийн их таалагдсангүйн дээр сэтгэлээр хамгийн их унасан шалтгаан байлаа. Бусдаар бол найз минь үргэлж хамт байх тул алзсангүй. 
Эндхийн хэнбугайг ч нэрээр нь дууддаг ёсыг сурахад нэлээд цаг орсон ба  "тийм ээ хатагтай Шү" "за хатагтай Шү" гэж эзэн авгайн дургүйг нэлээд хүргэсэн удаатай.

 Англи хэлэндээ өөрийгөө бас дажгүй сайн гэж бодож байсан том эндүүрэл байлаа. Удалгүй хатагтай Шүд гологдон халагдаж орхив. Халагдлаа гээд нэг их сүйд болсонгүй найз охиных мөн найз эгчийнх байсан тул байрны мөнгө хэрхэн төлж, хоолоо яаж залгуулна гэдэгт харин ч нэг санаа зовох ухаангүй байжээ буюу эргээд бодоход ичмээр санагдаж сууна. Хоёр гурван сарыг зөвхөн хичээлд явж, гадуур зугаалан өнгөрөөж байтал нэг л мэдэхэд эхний семестер дуусаж Сан Франциско шилжих мөч ирсэн байлаа. 

Денверийн онгоцны буудал руу ногоон ноолууран цамц юбкатай, найз эгчээс бэлгэнд авсан ногоон элгэн ковбой (аанха, би зөв бичсэн) гуталтай, цагаан шаргал трикотой, хуурамч луйвитоны цүнхтэй хөдлөв. Батхүү сайдын 2 хүү нь тэнд сурч байсан тул намайг ямар ч байсан онгоцны буудал руу явган явуулсангүй. Ирээд ганц хоёрхон сар болж байгаа учраа мэдэхгүй надад үүнээс илүү тус гэж юу байх вэ. 

Онгоц 8 цагт буусан ч найз охин маань 10- аас ажлаа тарсаныхаа дараа авах тул жигтэйхэн ганган би  Сангийн буудал дээр томоотой хүлээв. 

"Түрк" гудамж гэхээр Сангийнхан андахгүйдээ. Тэр бол миний анхны гэр. Орон гэргүй, хар тамхичин, экс гэмт хэрэгтнүүдээр дүүрэн Тендерлойн хэмээх дүүрэг одоо ч сэтгэлд нэг л дотно санагддаг. Азаар ч юм уу, аварлаар ч юм уу тэр хүмүүс бидэнд хийсэн гэм үгүй. 

Найз маань хөнжил, аяга гээд надад бүх хэрэгтэй зүйлсийг бэлджээ. Оройтож ирцгээсэн тул тэгсгээд унтацгаав. Би дотроо өглөө хурдан болоосой мөрөөдөл болсон гүүрээ очиж харах юмсан гэж бодсоор нэг мэдэхэд нам унтсан байлаа. 

Wednesday, April 8, 2015

Яана аа би Станфордыг төгсөөгүй ...

Ажлынхаа тухай бичээч гэсэн санал нэлээд хэд ирсэн билээ. Нэгдүгээрт, би нууцыг задруулахгүй гарын үсэг зурсан тул хамаагүй мэдээлэл дэлгэж болохгүй. Хоёрдугаарт, би жинхлээгүй гэрээний ажилтан. 

Хаа сайгүй эмэгтэй хүмүүс давамгайлсан өнөө цагт эрэгтэй зонхилсон цөөн газрын нэг бол Силикон Валли гэнэ. 

Саяханы нэг өдөр компанийг үүсгэн байгуулагч сүүлийн 3 сард шинээр ажилд орсон хүмүүстэй уулзаж өдрийн цай уув. Жинхэлсэн, жинхлээгүй нийлээд 10 орчим хүн байх ба би ганцаараа эмэгтэй болж таарлаа. Тэдгээр дотроос 3 залуутай би нэг баг болон ажилдаг. Бүгд унаган хэлтэй америк залуус. Надтай насаар арай ойртож очих нь Даниел. Дан 25  настай. Санхүүгийн мэргэжилтэй, сүүлийн 9 сар дэлхийг тойрох маягийн аялал хийж ирээд одоо эргэж карерь хөөх гэж буй  нэгэн. Данийн найз охины ээж агаарын авиа компанид ажилдаг тул маш хямдралтай тийз авах боломжийг ашиглан зориуд хоёулаа ажлаа орхин чамгүй олон орноор аялажээ.  Юм үзэж нүд тайлсан болохоор ч тэр үү, Дантай хэл амаа төвөггүй олж, бие биендээ чадлынхаа хэрээр тусалдаг ажлын найзууд дорхноо болов. Хамгийн сонирхолтой нь тэрээр "хоёрдугаар" англи хэлтэй над шиг хүнтэй хэзээ ч найзалж, ойрхон хамтран ажиллаж байгаагүй гэнэ шүү. Эхэндээ миний хэлсэн зарим өгүүлбэрийг ойлгохгүй "уучлаарай, дахиад хэл дээ" гэж уйгагүй надаас асуудаг байлаа. Харин одоо мэргэжлийн төвшинд хүртэл ойлгодог болсон. 

Коннор дөнгөж 21 настай ч бидний дундаас хамгийн их мэдлэгтэй нь. Түүх, эдийн засгийн сэдвээр Коннорыг давах хүн бид дөрөвт байхгүй. Хэдэн ч анги яаж ч алгасаад өдийд их сургуулиа төгссөн байдаг юм бүү мэд. Телевизийн алдартай ерөнхий мэдлэг сорьсон шоунуудад амжилттай оролцож байсан гээд түүний тухай бичвэл нимгэвтэр ном болохоор сонирхолтой хүн. 

Филип. Яг үнэндээ би Филиптэй ширээний теннис ганц хоёр тоглосноос өөрөөр ажлын бус цагаар нөхөрлөж үзээгүй. Нэлээд хэдэн үеэрээ америкт амьдарч буй Хятад үндэстэн. Харахад л ази царайтай болохоос америк хүнээс ялгаагүй. Филип,  бид гуравтай өрсөлдөгч мэт ханддаг. Нарийн хэрэгтээ өрсөлдөгч нь үнэн. Нэг хүний жинхлэх орон тоо гарч магадгүй бөгөөд хэрэв гарвал бид дөрвийн нэгээс сонгох учиртай юм. 

Харин Дан, Коннор бид гурав бол өрсөлдөгч гэхээсээ илүү найзууд. Ажлаа хамт хийнэ, ширээний теннис хамт тоглоно,үдийн цайндаа хамт орно, орой ёга хамт хийнэ. Харин энэ хоёрыг бүжгийн хичээлд хамт оруулах гээд би дийлэхгүй байгаа. 

Хэдийгээр гэрээний ажилтан ч компаниас явуулдаг бүх хичээлд үнэгүй хамрагдах эрхтэй, үнэгүй хоол, дуусашгүй зууш, ундаа, бохь гээд жижиг сажиг хангалт бас бий. 

Би дээр Харвардад магистерийн зэрэг хамгаалсан 5 хүн хамт ажилдаг гээд бичсэн дээ? Тэдгээр 5 хүн бол бүгдээрээ дээд албан тушаалтай юм билээ. Харин над шиг жирийн ажилтангуудад Станфорд төгссөн хүн нэлээд хэд байсныг би мэдээгүй байж. 

Хэдийгээр компаниас үнэгүй хоолтой ч дор хаяж долоо хоногт 1 удаа гадагшаа гарч хооллож "мода"-лана. Цааш нь битгий хэлээрэй. Та нарт л гэж хэлэхэд надад бол илүү ажил мэт санагддаг. 

Өнөөдрийн үдийн цайгаар ийм яриа болов. 

Дан: Би Дарринтай үг сольж үзсэн их ухаантай юм билээ. Хийж байгаа ажлаа сайн мэддэгийн байна лээ. Ингэхэд Даррин хэдийг авдаг бол...Станфорд төгссөн гэсэн.
Коннор: Доод тал нь 150 байх (жилийн цалингаар тооцож байгаа нь тэр. Өөөрөөр хэлбэл жилд доод тал нь зуун тавин мянган долларын цалинтай )
Би: Айн, Станфорд төгссөн юм уу? Ямар сүрхий юм бэ? Станфорд төгссөн бол тийм цалин авалгүй ч яахав дээ
Дан, Коннор хоёр зэрэгцэн: юу гэсэн үг вэ? Станфорд төгсөх нь ямар хамаатай юм. 
Коннор: Станфорд чинь баян азиудад зориулж л нээгдсэн сургууль ш дээ гэж хэлтэл Данийн царай хувьсхийж намайг ази болохоор эмзэг хүлээж авах нь уу гэсэн шинжтэй болгоомжтой харж байна. 
Би дотроо "өө, үхрийн баас гэж би одоо Станфордын нэг хичээлд сууж байгаа шүү дээ өөр сургууль ч сонгодог байж уу" гэсэн шиг юм бодсоноо хэнэг ч үгүй "тэр ч тийм шүү"  хэмээн амыг нь дагуулж орхив. 

Даниелийн бүх найзууд зуугаас дээш мянган долларын цалинтай хүмүүс гэсэн. Тэгээд ч тэр үү хурдхан л их мөнгө хийхийн хүслэн болсон хүн байдаг. Би эдэн дундаа ахмад нь бас гэр бүлтэй, хал үзэж халуун чулуу долоосноороо сургааль их айлдана. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай, залуу байна, битгий найзуудтайгаа өөрийгөө жиш энэ тэр гээд л сэтгэл зүйн засал хийж өгнө. 

Харин Коннорын хувьд карьер хөөнө гэдэг утгагүй. Гүүгл, Апплд ажиллах юмсан гэхийн оронд өөрөө л юм бүтээх сонирхолтой нэгэн. 

Би бодлоо. Өө хөөрхий би ч жинхлэхгүй нь тодорхой боллоо. Даррин Станфорд төгссөн байхад намайг ажилд авна гэдэг юу л бол гэж... Гэхдээ би алзахгүй. Учир нь Коннор, Дан хоёр компани байгуулаад намайг анхны ажилтанаар авна гэж амласан. Бидний бизнес Орос, Монгол, Япон руу тэлээд ирэхийн үед би хөрөнгө хуваалцсан гүйцэтгэх захирал болох юм гэсэн. Ерөөл бат оршиг. 

Чин үнэндээ би хэр хол хүрч, юу хийж чадахаа, хэр их мөнгө хийх чадалтайгаа өөртөө нотолсон тул эргээд хэзээ ч хамаагүй гэртээ суудаг ээж болоход бэлэн. Сэтгэл ханасан.

Хамгийн чухал нь би өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун, азтай, жаргалтай, өөдрөг нэгэн. Бусдад байгаа бүхэн надад байхгүй ч надад байгаа нандин бүхэн бусдад бас байхгүй. 

Өрөөлтэй бус өөрийнхөө өнгөрсөнтэй, өнөөдөр хийсэн алдаатайгаа тэмцэж амьдрахыг зүтгэж яваа жирийн нэгэн айлын охин, ах эгчийн дүү, хэдэн хөөрхөн хүүхдийн эгч, хүний хань,  хэн нэгний сайн найз, ажлын хамтрагч, хонгор бяцхан амьтны ээж билээ би. 



Tuesday, April 7, 2015

Бичгийн алдаанаас амиа буюу Марк Твайн амьд байсан бол

Гүүглэдчих ... Та энэ үгийг хэн нэгнээс бишгүй л сонсоо биз дээ. Магадгүй өөрөө хэн нэгэнд хэлсэн байх. 

Хөрш айлын утсыг гуйж ярьдаг байсан үе түүх болжээ. Хэзээ хойно ерээд оны сүүл, 21-р зууны эхэн үеэр гэрийн утас тавиулах ямар төвөгтэй байсныг санах хүн одоо ер нь байна уу? Манайх хотод нүүж ирсэнээс хойш утас тавиулах гэж бөөн юм болж байсныг би тод санадаг. Зөндөө олон жил хөөцөлдөөд бүтээгүй бөгөөд би нэгдүгээр курст орсон жилээ Батхүү сайдаар "арын хаалга"-даж арай гэж нэг юм гэрийн утастай болж билээ.

Гэтэл өнөөдөр хадам ээж инстаграмдаад, манай ээж ФБ-дээд, би гэрээсээ ажлаа хийгээд сууж байх жишээний. Мэдээллийн эрин зуун үнэхээр хурдацтай хөгжиж байна. 

Интернетээр бичсэн бүхэн үнэн зөв биш гэдгийг заримдаа мартчих гээд байх шиг. Ямар эх үүсвэртэй, хэн, хаанаас мэдээлэл олж бичсэнийг бодолцохгүй интернэтэд байгаа бүхэнд итгэж болохгүй. Тэр тусмаа эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл авахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. 

"Be careful of reading health books. You may die of a misprint" (эрүүл мэндийн ном уншихдаа болгоомжтой бай. Бичгийн алдаанаас болж амиа алдаж мэднэ) хэмээн нэгэн цагт Марк Твайн хэлсэн байдаг. Хэрэв Марк Твайн энэ үед байсан бол "интернэтээс мэдээлэл авахдаа болгоомжтой бай. Бичгийн эсвэл орчуулгын алдаанаас болж амиа алдаж мэднэ" хэмээн хэлэх байсан болов уу гэж бодлоо. 

(Хэрэв анзаарсан бол миний блогийн нүүр хуудасны хамгийн доод талд Марк Твайны хэлсэн үгс гарч байдаг. Уншиж байхад илүүдэхгүй гайхамшигтай үнэн үгс байдаг. Сонирхоорой. )

Monday, April 6, 2015

Өөрөө бүрэн мэдэхгүй зүйлийг хэн нэгэнд хэлэхдээ...

Хүнд зөвлөгөө өгөх нь байтугай энгийн жижиг зүйлийг хэлэхдээ ч ул суурьтай хандах юмсан гэж өдөр ирэх тусам нухацтай боддог боллоо. Өөрөөр хэлбэл сайн мэдэхгүй зүйлээ бусадтай мэдэмхийрэн хуваалцах нь тухайн хүнийг болон түүнтэй холбоотой хэдэн хүнийг буруу замаар явуулах, амьдралд нь алдаатай сонголт хийхэд ч хүргэж мэднэ. 

Америкт ажлын газрын шугамаар ажиллах эрх авахыг тун амар мэт ярих хүмүүсийг сонслоо. Судлаад үзтэл тийм амар асуудал биш ажээ. Хэдийгээр ажлын байраар хангаж, ажиллах эрхэд апплайдаж өгөх газар олдсон ч  тэр бүрийн зоргоор ажиллах эрх олддоггүй юм байна. Үүнийг тайлбарлан бичих хэмжээнд хүртэл бүрэн мэдээлэл цуглуулаагүй тул үүнээс гүн рүү орох эрхээ би өөрөөсөө хаслаа. 

Энэ жишээгээр дамжуулж юу хэлэх гээд байна вэ гэвэл өөрөө баттай сайн мэдэхгүй жижиг, том зүйлийг хэн нэгэнд хэлэхдээ болгоомжтой байцгаая. 


Monday, March 23, 2015

Би ер нь муу хүн буюу ээжийгээ явуулмааргүй байна

Хайртай, дотно хүмүүсээ гомдоодог, хийсэн алдаа ихтэй, хэлсэн амнаасаа ч буцдаг олиггүй этгээдүүдийн нэг бол би. Зөвдүү мэссежийг тараах гэж зорьж яваа болохоос би ер нь өөрөө тийм сайн хүн биш.

Хүмүүс намайг ээжийгээ аялуулж сайхан юм үзүүлж яваа сайн охин гэж эндүүрэх нь бий. Яг үнэндээ би ээжийгээ бүтэн нэг өдөр ч жаргааж чадаагүй л явна. 

Эхний жил ижийгээ ирэхэд "юм үзүүлнэ" гэдэг нэрийдлээр хэдэн тийш ядартал авч давхиад цагийн зөрүүг нь ч гаргалгүй үдсэн. Хоёр дахь жил ирэхэд нь орчлон дээр ганцаараа жирэмсэлсэн мэт ээжээрээ асруулж, хоол цай зөөлгөөд таарсан, дараа жил ирэхэд нь төрлөө гэж ямбалан цоо нялх хүүхдээ томруулж аваад буцаасан, саналаа барилаа, хурдан ир гэж ятгасаар дахин авчрирч хагас цагаар хүүхдээ өсгүүлж, гэр зуурын ажилд зарж "ачийг" нь хариулж байгаа хүн бол би мөн. 

Охин хүртэл миний ээжийг "ижээ наашир даа" гэж зоргоороо дуудан нэг харахад амны халхавч /bib/ зүүлгэчихсэн тоглоомон халбагаар хооллож байх эсвэл ижийг минь баахан зөөлөн тоглоомтой зэрэгцүүлэн суулгачихаад тоглоомон чагнуураар чагнаж суух ... 

Жил бүр ээжийг явсаны дараа чимээгүй, хоосон өдрүүд хэсэг үргэлжилдэг. Нөхөр маань хүртэл эзэнгүй оргиод эвгүй юм гэдэгсэн. Охин одоо том болсон болохоор эмээ буюу "ижээ" гээ нэхээд санахын сонин ертөнцийг мэдэрч эхлэх байхдаа. Энэ жил ээжийгээ явуулмааргүй байна. 

Wednesday, March 11, 2015

Буузгүй цагаан сар, мартагдсан март, монгол дуугүй машин буюу манайд Монголын соёлын өдрүүд үргэлжилж байна

Хүний төлөө төрсөн мэт нэгэн найз охин бий. Зөөлөн ааш зан, тусархаг сэтгэлтэйгээрээ миний нэг эгчийг үргэлж санагдуулна. Тэр хоер л эгч дүү баймаар. 

Найз охин бид хоерын хүүхдүүд жил дараалж төрсөн дэрсхэн хөөрхөн сөөсгөрүүд. Азаар манай хоер ойрхон амьдардагт би олзуурхана. Охид маань бид хоер шиг хүний газар нэгэндээ хань болж өсөх нь гэж цаагуураа бодож буй миний "муу санаа". 

Найзаасаа сайхан монгол дуутай си ди олоод өнгөрсөн 2 хоног башийв. Зарим нэг дууг нь бүтэн бүү хэл тал хүртэл сонсож чадахгүй нулимс аяндаа асгарна. Нутгаасаа хол оршиж, амьдархаар ийм л болчихдог. Тийм болохоор зүрхэлж сонсохгүй, үзэхгүй байсаар, түүндээ нэг л мэдэхэд дасчихдаг. Энэ мэтээр монголоос холддогоо нуухгүй. 

Харин сүүлийн хэдэн жил цагаан сарыг бол тэмдэглэсэн шүү. Сайндаа ч биш ээжийг байгаа болохоор тэр. Шинийн нэгэнтэй ойролцоо хагас, бүтэн сайныг сонгож тэмдэглэнэ. Учир нь зохион байгуулагч, зочид хэн хэн нь ажлын өдөр завгүй. Энэ жил цаг зав муутайгаар хаацайлан \тусалдаг хоёр найз бас завгүй\ бууз ч хийж амжсангүй. Шударга хэлэхэд би залхуу, ажил муутай тул гялалзуулж гав ганцаараа бууз хийнэ гэж байхгүй нь үнэн. Нөхөр бууз хийж чадахгүйн далимаар ямар ч нэмэргүй. Ингээд захиалгаар хийлгэсэн барбикю буюу шарсан махаар ээжийнхээ цагаан сарыг нэг өдөрт багтаагаад төвөггүй тэмдэглэчихэж байгаа юм. Буузгүй л болохоос уламжлалт цагаан сараас дутах зүйлгүй гээд бас онгирно оо. 

Өнгөрсөн хагас бүтэн сайнд ганц нэг хүмүүсээс баярын мэндчилгээ ирэв. Хүүе манайх цагаан сараа аль хэдийн тэмдэлэчихсэн шүү дээ хэмээн хэлэхээр завдтал мартын 8 байдаг байгаа. Энд тэмдэглэдэггүй болохоор үнэхээр санаанд оролгүй өнгөрчихдөг баярын нэг болжээ. Март тэмдэглээгүй нь миний буруу биш Америкийн буруу гэж биеэ өмөөрөв. 

За ингээд өөрийгөө хамгаалаад байвал зөндөө урт жагсаалт болох нь ойлгомжтой боллоо. 

Тэгэнгүүт гялс найзаасаа "монгол дуу"зээлж, охиндоо биелгээ зааж, ээжтэйгээ монгол кино үзэж буй нь энэ. Манайд монгол соёлын өдрүүд үргэлжилж байна...

Үргэлжлэл удахгүй нийтлэгдэнэ.