Saturday, February 7, 2015

Эгч нар мандтугай

Эгчтэй хүмүүс бий л биз дээ? Хувцас булаацалдаж, хоорондоо муудаж сайдаж, аашлах нь аашилж, загнуулах нь загнуулж явсан дуртгал дотно санагдаж байна уу? 

Дөрвөн сайхан эгчтэй болохоор хөгтэй, хөгжилтэй бага насны дурсамж надад зөндөө бий. 

Саяхан болоод өнгөрсөн ээж, ээжийн эмч хоёрын яриа надад шимширмээр гүн сэтгэгдэл үлдээж орхижээ.

Эмч : дүү бий юу өөрт чинь
Ээж:  Байгаа. 2 дүү

... гэснээ нүднээс нь нулимс бөмбөрөөд явчихав. Ээж минь яриагаа үргэлжлүүлж чадахгүй, жаахан хүүхэд шиг хэсэг эхэр татахад эмч, зүгээр зүгээр та сайн уйл. Сэтгэл чинь онгойгоод сайхан болно гэж тайтгарууллаа. Миний охин шиг том том нулимс унаган суугаа ээжийгээ өрөвдөж, хөшөө мэт хөшиж орхисон надад ээжийгээ хэрхэн тайвшруулах ухаан байсангүй. 

Хоёр дүүгээ санасан нь тэр ажээ. Эгч дүү гурав өндөр насанд өгсөж,  хүүхэд явсан гэхэд итгэмээргүй болтлоо өөрчлөгдсөн ... Харин дүүгээ, эгчээ гэх сэтгэл огтхон ч өөрчлөгдөөгүй.

Би бодлоо. Этгээд дотно, эгч бүртээ эрхэлж өссөн болоод ч тэр үү дөрвөн эгчийгээ би нэлээд их санадаг хүн. 

Гаднаа гаргаад хайртай гэж үргэлж хэлж чадахгүй. Саналаа гэдгээ зүгээр хэлчихгүй, хэрэггүй бяцхан зүйлд зориуд шахам туньж эгч нараа "айлгана". Ээд дээ би бас олиггүй нөхөр.

Тэнгэр бурхан хүртэл баярласан мэт эгчийг минь ирсэн үеэр өвлийн сар дуусаагүй байхад зуны өдрүүдийг хайрласан нь учиртай.

Мөрөөдөж, төлөвлөсөний дээд хэмжээ байтугай дунд хүртэл эгчийгээ, гэр бүлийнх нь хамт ханатал юм үзүүлж, цалгитал дайлж чадсангүй ээ. Тэгсэн ч би баяр жаргалтай байна. Эгчтэйгээ тухтайхан таван үг сольж амжаагүй ч нүдэнд минь харагдахаар ойр байх нь л надад сайхан байлаа... Дөрвөн эгчдээ маш их хайртай шүү. Мөн ч их санаж, үгүйлэх юм даа та нарыгаа. 

Хорвоогийн бүх эгч нар мандтугай. 

4 comments:

  1. Дүү нар бас мандтугай!
    Эгчтэй байхсан гэж ямар их хүсдэг байсан юм дээ. Одоо бол ганц дүүгээ л их үгүйлэх юм дөө :(

    ReplyDelete
  2. Дүү нар ч бас сайхан шүү. Дүүтэйгээ хэзээ хамгийн сүүлд сайхан уулзаж, сэтгэлээ онгойтол ярилцсан бэ? Ах нар ч бас мандтугай ...

    ReplyDelete
  3. Хамгийн сүүлд 2 жилийн өмнө амралтаараа очиж байсан. Энэ жил амралтаараа очих төлөвлөгөөтэй байгаа..

    ReplyDelete
    Replies
    1. Duuteigee udahgui uulzah bhaa :) ahiigaa bas zunduu sanasan bgaa daa

      Delete