Friday, February 27, 2015

Муу мэдээгээр дүүрэн муухай Баасан гараг баяртай буюу мэргэн таны оюун ухаанд сонголт болоод дүгнэлтийг үлдээлээ

Сэтгэл нэг өндөрт хөөрч тэгснээ газарт хүчтэй савлан унасан Баасан гараг хурдан дуусаасай. "Компанийн Jeopardy" буюу телевизийн  Jeopardy нэвтрүүлгээс сэдэвлэн хийсэн хөгжөөнт танин мэдэхүйн тоглоом тоглож, ширээний теннисний аварга шалгаруулах сүүлийн шат үргэлжилсээр өглөө сэргэг сайхан эхлэв. Би гэдэг хүн Харвардын бизнесийн сургууль төгссөн 1 биш 5 хүнтэй тохой залган ажиллаж суудгаа Jeopardy-ийн ачаар мэдлээ.

Бидний хэнд ч тусдаа суудаг өрөө байтугай тойруулан тавьдаг хаалт ч байхгүй. Компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан, экс гүүглийн од инженерүүд, энгийн нэг ажилтан байна уу, хамаагүй бүгд нэг том зааланд ажиллана. Чин үнэндээ миний амьдралын хэв маягтай төстэй мэт болоод ч тэр үү өмнөх газруудыг бодвол энд би маш хурдан дасчихсан. Компанийн нэгдүгээр зорилт бол "хүн" төвтэй байх. Өөрөөр хэлбэл ажиллагсадынхаа тав тухтай байдал, нийгмийн хангамжинд ханатал анхаарал тавина. Тэр хэрээрээ ч босго өндөртэй аж. 

Надаас ажлын ярилцлага авч, ажил зааж, зөвлөж, долоо хоногт 40 орчим цаг зэрэгцэн ажиллаж, хамт холлож, тоглож,  зарим орой, амралтын өдөр компьютерийн цаанаас ярилцаж, 3 сар орчмыг хамтдаа өнгөрөөсөн нэгэн хүн бий. Би гайхдаг байлаа. Надтай үе тэнгийн шаргал үстэй энэ америк охин яасан ухаантай, ямар сайн хүн бэ гэж ... 3 сар гэдэг тийм урт хугацаа биш. Зарим хүнийг 20 жил нөхөрлөх нь байтугай ханьлаад таниагүй байдаг. Харин зарим нэг хүнийг танихад 3 сар хангалттай хугацаа ч байж мэднэ. 

Энэ бол миний босс бүсгүй. Шударга хэлэхэд намайг хамгийн богино хугацаанд хамгийн ихээр ойлгосон цорын ганц хүн. 

Дарга маань өвдсөнийг өнөөдөр өөрөөс нь сонслоо. Люкемия буюу цусны хорт хавдар. Би уйлж байна. Би муухай аминчхан, хувиа хичээсэн хүн болохоор өөрийгөө бодоод уйлж байгаа нь тэр. Мөрөөдлийн ажилдаа хүрч, хүнийг бас хүний амьдралыг ойлгодог даргатай боллоо гэж дотроо баярлаж байсан юм аа. 

Түүний чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болж хурдан эдгээсэй. Нэг л өглөө намайг ажилдаа очиход "хоёулаа кофегоо уучихаад эхлэе" гээд инээмсэглэн суух болно. 

Би өчигдөр орой яг өдийд хуримын ойгоороо Чикаго явж чадахгүй нь гэж урвайж, унжийж, нөхөртөө үг хаяж сууснаасаа ичлээ. Хүн тэнд амь насаа авч үлдэх гэж тэмцэж байхад би  энд амралтаараа зугаалж чадсангүй гэж агсан тавьж байх ч гэж дээ. Ажлаас гарангуутаа нөхөр өөдөө залгаж хурдхан уучлалт гуйлаа. 

Гэртээ ирээд бас муу мэдээ сонслоо. Нэгэн цагт дотно ах дүү, дарга цэргийн харилцаатай явсан нэгэн хүний насанд хүрсэн сайхан хүү нь зуурдаар усанд амиа алдсаныг сонсоод зүрх минь шимширч сууна.

Эцэст нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тууштай тэмцэгчийн хувиар хэдэн үг хэлэхгүй бол болохгүй нь. Бид хэд наслахаа мэдэхгүй байж дэмий зүйлд шунаж, нэгнээ гомдоож, нэгийгээ шаналган зовоодог муу зангаа орхих юмсан даа. Цаг нь болохоор үхэл аваад явахын хооронд хэн нэгнээ ялангуяа хайртай хүмүүсээ үгээр эсвэл гараар зоддог цохидог хүн байвал болиоч ээ гэж дахин гуйя. Алтаар чимж, булгаар гоёхдоо анхаарах биш амьддаа нэг нэгнээ аятайхан шиг хайрлаж суръя. Булга гэдэг амьтныг амьдаар нь арьсыг нь хуулж байж хүмүүсийн гангардаг эдлэлийг хийдэг ажээ. Амьдаар нь хуулахгүй бол соргүй болчихдог юм гэнэ. Дараа өвлийн хувцас авахдаа бодолцох л зүйлийн нэг. Монголд байхдаа би минжин шүүб өмсөж байснаа одоо бодоход дотор муухайрах шиг болов. Мэдээлэлгүй, юм үзэж, нүд тайлаагүйн гай. Дээрээс нь олон нийтийн хандлага, үзэл бодлоос үүссэн нийгмийн бас буруу юм даа. Түүнээс биш бусдын адил булга өмссөн хувь хүн таны буруу ч гэж юу байхав. Гэхдээ хүн бүр дор бүрнээ өөрчлөлт хийвэл олон нийтийн сэтгэлгээ аяндаа өөрчлөгдөж, улмаар нийгэм ... за одоо ингээд зогсохгүй бол бичихгүй гэж тохирсон хүнд сэдэв рүү хальтрах гээд байна. Мэргэн таны оюун ухаанд сонголт болоод дүгнэлтийг үлдээлээ. 



1 comment:

  1. хүн ер нь ханаж цадахаа мэдэхгүй хамгийн өөдгүй араатан юм шиг...Хачин хачин юм их сонсоод ирэхээр сүүлдээ бүр халгаад интернэтээр шагайхаас дургүй хүрэх шиг. Instagram орж хэдэн зураг үзэнгээ ганц нэг зураг оруулах л сайхан байна.

    ReplyDelete