Tuesday, April 7, 2015

Бичгийн алдаанаас амиа буюу Марк Твайн амьд байсан бол

Гүүглэдчих ... Та энэ үгийг хэн нэгнээс бишгүй л сонсоо биз дээ. Магадгүй өөрөө хэн нэгэнд хэлсэн байх. 

Хөрш айлын утсыг гуйж ярьдаг байсан үе түүх болжээ. Хэзээ хойно ерээд оны сүүл, 21-р зууны эхэн үеэр гэрийн утас тавиулах ямар төвөгтэй байсныг санах хүн одоо ер нь байна уу? Манайх хотод нүүж ирсэнээс хойш утас тавиулах гэж бөөн юм болж байсныг би тод санадаг. Зөндөө олон жил хөөцөлдөөд бүтээгүй бөгөөд би нэгдүгээр курст орсон жилээ Батхүү сайдаар "арын хаалга"-даж арай гэж нэг юм гэрийн утастай болж билээ.

Гэтэл өнөөдөр хадам ээж инстаграмдаад, манай ээж ФБ-дээд, би гэрээсээ ажлаа хийгээд сууж байх жишээний. Мэдээллийн эрин зуун үнэхээр хурдацтай хөгжиж байна. 

Интернетээр бичсэн бүхэн үнэн зөв биш гэдгийг заримдаа мартчих гээд байх шиг. Ямар эх үүсвэртэй, хэн, хаанаас мэдээлэл олж бичсэнийг бодолцохгүй интернэтэд байгаа бүхэнд итгэж болохгүй. Тэр тусмаа эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл авахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. 

"Be careful of reading health books. You may die of a misprint" (эрүүл мэндийн ном уншихдаа болгоомжтой бай. Бичгийн алдаанаас болж амиа алдаж мэднэ) хэмээн нэгэн цагт Марк Твайн хэлсэн байдаг. Хэрэв Марк Твайн энэ үед байсан бол "интернэтээс мэдээлэл авахдаа болгоомжтой бай. Бичгийн эсвэл орчуулгын алдаанаас болж амиа алдаж мэднэ" хэмээн хэлэх байсан болов уу гэж бодлоо. 

(Хэрэв анзаарсан бол миний блогийн нүүр хуудасны хамгийн доод талд Марк Твайны хэлсэн үгс гарч байдаг. Уншиж байхад илүүдэхгүй гайхамшигтай үнэн үгс байдаг. Сонирхоорой. )

No comments:

Post a Comment