Wednesday, April 8, 2015

Яана аа би Станфордыг төгсөөгүй ...

Ажлынхаа тухай бичээч гэсэн санал нэлээд хэд ирсэн билээ. Нэгдүгээрт, би нууцыг задруулахгүй гарын үсэг зурсан тул хамаагүй мэдээлэл дэлгэж болохгүй. Хоёрдугаарт, би жинхлээгүй гэрээний ажилтан. 

Хаа сайгүй эмэгтэй хүмүүс давамгайлсан өнөө цагт эрэгтэй зонхилсон цөөн газрын нэг бол Силикон Валли гэнэ. 

Саяханы нэг өдөр компанийг үүсгэн байгуулагч сүүлийн 3 сард шинээр ажилд орсон хүмүүстэй уулзаж өдрийн цай уув. Жинхэлсэн, жинхлээгүй нийлээд 10 орчим хүн байх ба би ганцаараа эмэгтэй болж таарлаа. Тэдгээр дотроос 3 залуутай би нэг баг болон ажилдаг. Бүгд унаган хэлтэй америк залуус. Надтай насаар арай ойртож очих нь Даниел. Дан 25  настай. Санхүүгийн мэргэжилтэй, сүүлийн 9 сар дэлхийг тойрох маягийн аялал хийж ирээд одоо эргэж карерь хөөх гэж буй  нэгэн. Данийн найз охины ээж агаарын авиа компанид ажилдаг тул маш хямдралтай тийз авах боломжийг ашиглан зориуд хоёулаа ажлаа орхин чамгүй олон орноор аялажээ.  Юм үзэж нүд тайлсан болохоор ч тэр үү, Дантай хэл амаа төвөггүй олж, бие биендээ чадлынхаа хэрээр тусалдаг ажлын найзууд дорхноо болов. Хамгийн сонирхолтой нь тэрээр "хоёрдугаар" англи хэлтэй над шиг хүнтэй хэзээ ч найзалж, ойрхон хамтран ажиллаж байгаагүй гэнэ шүү. Эхэндээ миний хэлсэн зарим өгүүлбэрийг ойлгохгүй "уучлаарай, дахиад хэл дээ" гэж уйгагүй надаас асуудаг байлаа. Харин одоо мэргэжлийн төвшинд хүртэл ойлгодог болсон. 

Коннор дөнгөж 21 настай ч бидний дундаас хамгийн их мэдлэгтэй нь. Түүх, эдийн засгийн сэдвээр Коннорыг давах хүн бид дөрөвт байхгүй. Хэдэн ч анги яаж ч алгасаад өдийд их сургуулиа төгссөн байдаг юм бүү мэд. Телевизийн алдартай ерөнхий мэдлэг сорьсон шоунуудад амжилттай оролцож байсан гээд түүний тухай бичвэл нимгэвтэр ном болохоор сонирхолтой хүн. 

Филип. Яг үнэндээ би Филиптэй ширээний теннис ганц хоёр тоглосноос өөрөөр ажлын бус цагаар нөхөрлөж үзээгүй. Нэлээд хэдэн үеэрээ америкт амьдарч буй Хятад үндэстэн. Харахад л ази царайтай болохоос америк хүнээс ялгаагүй. Филип,  бид гуравтай өрсөлдөгч мэт ханддаг. Нарийн хэрэгтээ өрсөлдөгч нь үнэн. Нэг хүний жинхлэх орон тоо гарч магадгүй бөгөөд хэрэв гарвал бид дөрвийн нэгээс сонгох учиртай юм. 

Харин Дан, Коннор бид гурав бол өрсөлдөгч гэхээсээ илүү найзууд. Ажлаа хамт хийнэ, ширээний теннис хамт тоглоно,үдийн цайндаа хамт орно, орой ёга хамт хийнэ. Харин энэ хоёрыг бүжгийн хичээлд хамт оруулах гээд би дийлэхгүй байгаа. 

Хэдийгээр гэрээний ажилтан ч компаниас явуулдаг бүх хичээлд үнэгүй хамрагдах эрхтэй, үнэгүй хоол, дуусашгүй зууш, ундаа, бохь гээд жижиг сажиг хангалт бас бий. 

Би дээр Харвардад магистерийн зэрэг хамгаалсан 5 хүн хамт ажилдаг гээд бичсэн дээ? Тэдгээр 5 хүн бол бүгдээрээ дээд албан тушаалтай юм билээ. Харин над шиг жирийн ажилтангуудад Станфорд төгссөн хүн нэлээд хэд байсныг би мэдээгүй байж. 

Хэдийгээр компаниас үнэгүй хоолтой ч дор хаяж долоо хоногт 1 удаа гадагшаа гарч хооллож "мода"-лана. Цааш нь битгий хэлээрэй. Та нарт л гэж хэлэхэд надад бол илүү ажил мэт санагддаг. 

Өнөөдрийн үдийн цайгаар ийм яриа болов. 

Дан: Би Дарринтай үг сольж үзсэн их ухаантай юм билээ. Хийж байгаа ажлаа сайн мэддэгийн байна лээ. Ингэхэд Даррин хэдийг авдаг бол...Станфорд төгссөн гэсэн.
Коннор: Доод тал нь 150 байх (жилийн цалингаар тооцож байгаа нь тэр. Өөөрөөр хэлбэл жилд доод тал нь зуун тавин мянган долларын цалинтай )
Би: Айн, Станфорд төгссөн юм уу? Ямар сүрхий юм бэ? Станфорд төгссөн бол тийм цалин авалгүй ч яахав дээ
Дан, Коннор хоёр зэрэгцэн: юу гэсэн үг вэ? Станфорд төгсөх нь ямар хамаатай юм. 
Коннор: Станфорд чинь баян азиудад зориулж л нээгдсэн сургууль ш дээ гэж хэлтэл Данийн царай хувьсхийж намайг ази болохоор эмзэг хүлээж авах нь уу гэсэн шинжтэй болгоомжтой харж байна. 
Би дотроо "өө, үхрийн баас гэж би одоо Станфордын нэг хичээлд сууж байгаа шүү дээ өөр сургууль ч сонгодог байж уу" гэсэн шиг юм бодсоноо хэнэг ч үгүй "тэр ч тийм шүү"  хэмээн амыг нь дагуулж орхив. 

Даниелийн бүх найзууд зуугаас дээш мянган долларын цалинтай хүмүүс гэсэн. Тэгээд ч тэр үү хурдхан л их мөнгө хийхийн хүслэн болсон хүн байдаг. Би эдэн дундаа ахмад нь бас гэр бүлтэй, хал үзэж халуун чулуу долоосноороо сургааль их айлдана. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай, залуу байна, битгий найзуудтайгаа өөрийгөө жиш энэ тэр гээд л сэтгэл зүйн засал хийж өгнө. 

Харин Коннорын хувьд карьер хөөнө гэдэг утгагүй. Гүүгл, Апплд ажиллах юмсан гэхийн оронд өөрөө л юм бүтээх сонирхолтой нэгэн. 

Би бодлоо. Өө хөөрхий би ч жинхлэхгүй нь тодорхой боллоо. Даррин Станфорд төгссөн байхад намайг ажилд авна гэдэг юу л бол гэж... Гэхдээ би алзахгүй. Учир нь Коннор, Дан хоёр компани байгуулаад намайг анхны ажилтанаар авна гэж амласан. Бидний бизнес Орос, Монгол, Япон руу тэлээд ирэхийн үед би хөрөнгө хуваалцсан гүйцэтгэх захирал болох юм гэсэн. Ерөөл бат оршиг. 

Чин үнэндээ би хэр хол хүрч, юу хийж чадахаа, хэр их мөнгө хийх чадалтайгаа өөртөө нотолсон тул эргээд хэзээ ч хамаагүй гэртээ суудаг ээж болоход бэлэн. Сэтгэл ханасан.

Хамгийн чухал нь би өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун, азтай, жаргалтай, өөдрөг нэгэн. Бусдад байгаа бүхэн надад байхгүй ч надад байгаа нандин бүхэн бусдад бас байхгүй. 

Өрөөлтэй бус өөрийнхөө өнгөрсөнтэй, өнөөдөр хийсэн алдаатайгаа тэмцэж амьдрахыг зүтгэж яваа жирийн нэгэн айлын охин, ах эгчийн дүү, хэдэн хөөрхөн хүүхдийн эгч, хүний хань,  хэн нэгний сайн найз, ажлын хамтрагч, хонгор бяцхан амьтны ээж билээ би. 



3 comments:

  1. Өмнөх нь хаана байна, цааш нь хэзээ бичих юм?

    ReplyDelete
    Replies
    1. Түрүүчийн бүх бичлэгүүдийг өмнөх нь гэж ойлгож болно. Цаг гарангуут цааш нь үргэлжлүүлж бичнэ ээ. Юутай ч зочилсонд баярлалаа

      Delete
    2. @batjargal urgeljleliig n bichlee. tsag gargaad zaaval unshaarai. bayarlalaa http://tessbattumur.blogspot.com/2015/07/blog-post.html

      Delete