Thursday, April 10, 2014

Хайр л юм даа

Өврөөс минь чихэр горьддог үртэй хүн билээ би гэж дуу байдаг шиг хармайнаас минь амттан горьддог ханьтай хүн билээ би гэж нөхөр маань дуулмаар санагддаг байх даа. 

Манай хүн ажлаа тараад хаалгаар орж ирэнгүүт охин минь аав аа гэж муригнан гүйж энгэрт нь зүүгдэнэ. Би охинтойгоо уралдах шахам очиж надаа юу авчирсан гэж хармайг нь шалгана. 

Худалдаанд байдаггүй сонин содон амттай ус, жүүс, чамин жижиг савалгаатай, урьд өмнө үзэж хараагүй амттаныг орой бүр надад авчирна. Алдарт гүүгл ажилчдаа "эрхлүүлэх" бас нэгэн арга нь тэр бололтой. 

Надад цаг зав гаргасангүй, хангалттай хайрласангүй гэж намайг хошуу цорвойход нөхөр маань "би чамд орой бүр дэлгүүрт байхгүй чамин юм авчирч өгдөг биз дээ. Тэр чинь хайр" гэж хэллээ.

Угийн дуу цөөтэй, аливаа юманд туйлширч сүйд болдоггүй нөхөр маань нэг дуугарвал жинтэй үгтэй. Хүн амьтны хажууд чимээгүй дух үнэрлэж, нуруу илэхээс хэтэрч нялуурдаггүй нөхрийн маань хайраа илчлэх нэг хэлбэр ажээ. Би өөрийгөө түүний оронд тавьж зүйрлэхийг хичээв. Урт ажлын өдөр дуусч гэрийн зүг хөдлөхийн өмнө гэрт байгаа эхнэрээ санаж ямар амттан өнөөдөр аваачиж өгөх вэ гэж бодно, хайрлана, санана. Сэтгэлд нь ямар ч байсан уяатай л байж би. 

Заавал том хайрыг нэхэх биш жижиг хайрыг мэдэрч сурах бас хэрэгтэй юм уу ...




No comments:

Post a Comment