Thursday, April 24, 2014

Хэдэн хувийн аз жаргалтай төрсөн бэ?

Энэ хүн ер нь гуниглаж үзсэн болов уу гэж эргэлзмээр үргэлж инээд алдсан, цаанаасаа аз жаргал "үнэртсэн" хүнтэй таарч байсан уу? Баясал нүүрнээс нь салдаггүй, юу ч тохиолдсон даваад гарах сэтгэлийн тэнхээтэй тэр хүн 70 магадгүй бүр 99,5 хувийн "happiness" буюу аз жаргалтай эхээс төрсөн болж таарлаа. 

Би төрөх өдрөө хүлээн догдолж байсан тэр өдрүүдэд зурагт, дэлгэцийн хэрэгцээгээ тодорхой хэмжээгээр хязгаарлаж байсан ч хүн төрөх, хүүхэд бойжуулах, ээж болохтой холбоотой шинжлэх ухааны баримтат кинонуудыг шимтэн үзсэн билээ. 

Эгч, найз, ажлын газрын охин гээд дотны болон энгийн танил хүмүүс энд тэнд жирэмсэн боллоо гэдгийг сонсоод нэгэн шинэ хүн мэндлэх нь дээ гэж хөнгөн бодож өнгөрсөнөөс цааш гүнзгийрүүлэн эргэцүүлж явсангүй. 

Харин миний хамрын дор өдрөөс өдөрт томрох гэдсээ харж, биен дотор минь амьд амьтан хөдлөхийг мэдрэн, хорвоод мэндлэх гэж яаран гүйгээд амьсгаадсан мэт хурдан галт тэрэгний хэмнэлт бүхий зүрхний цохилтыг чагнах бүр ямархан гайхамшиг миний дотор бүрдэж буйг сониучирхан биширч, бяцхан хэрнээ агуу ертөнцийн талаар улам  ихийг судалж мэдэх хүсэл минь төрж билээ. 

Өмнө нь сонсоогүй олон сайхан мэдлэг хураасан дотроос хамгийн ихээр сэтгэлд хоногшин үлдэж сонирхолыг минь татсан нэгэн мэдээлэл бол "хүн төрөхдөө тодорхой хэмжээний аз жаргалтай төрдөг" гэсэн явдал байв. Тухайн хүн хэдэн хувийн аз жаргалтай төрөхийг ёстой хөх мөнх тэнгэр, хөрст алтан дэлхий шийддэг байх. Үлдсэн хувь амьдралаас шалтгаалж, эсвэл хүн өөрийнхөө сэтгэлийн хөдлөл, оюун ухаанаар зохицуулна. 

Магадгүй хайраар даллан ирж, гэдсэнд ургах үрээ олдсон цагаас нь энхрийлэн, амар тайван орчинг бүрдүүлвэл тэрхүү аз жаргалын хэмжээ нь нэмэгдэж төрөх ч юм билүү хэн мэдлээ.

Туршлагатай ээжүүд, эмч, эрдэмтэд гэдсэнд байхад нь хүүхэдтэйгээ ярьж, сонгодог хөгжим сонсгох хэрэгтэй гэж зөвлөдөг ч нарийн учиртай биз ээ. 


No comments:

Post a Comment