Thursday, April 3, 2014

Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм уу даа


Хааяа нэг шөнө дөл болтол дүүтэйгээ буу халах сайхан. Бид хоёр нэг мужид ч гэлээ хүссэн үедээ уулзаад байж чадахааргүй хол амьдарна. Зулай зулайгаа гишгэлцэн төрөөгүй ч би дүү, дүү маань намайг эгч л гэнэ. Монголоор эгч, дүү гээд хэлэхэд хэн ч олон юм бодохгүй өнгөрнө. Харин энд нөгөөх хэл соёлын ялгаа гараад ирнэ дээ. Дүү буюу brother гэхээр төрсөн дүү гэж ойлгоно. Үндсэндээ эгчийн хүүхэд гэж зөвөөр хэлвэл nephew гэх ёстой. 

Миний хувьд nephew гэж хэлэх гэхээр бид хоёрын холбоо холдоод явчиж байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг болохоор дүү л гэж хэлэх дуртай. Дүү маань ч гэсэн намайг нагац эгч буюу aunt гэхээр бид хоёрын дотно холбоог илтгэж чадахгүй мэт. Эгч буюу sister гэвэл хүмүүст бид хоёрын харилцааг илүү зөвөөр ойлгогдох юм шиг санагдана. 

Дүү минь насаар бага ч заримдаа намайг пал хийтэл шударга үг хэлэх нь олонтаа. Өчигдөр орой унтахаас өмнө хамгийн сүүлд сонссон үг бол дүүгийн хэлсэн "хүн гэдэг сэтгэлийн амьтан" хэмээх дөрвөн үг. Энэ үгсийг бодсоор сэрлээ.

Нээрээ л эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу ялгаагүй бүгд сэтгэлийн амьтан юм уу даа. 

Сэтгэлийн зовиур хүнийг дотроос нь иднэ. Биеийн зовлонгоос илүү хүнийг стресст оруулдаг эд бол сэтгэлийн шаналгаа. Санаа амар бол бүх бие амар. Бүх бие амар бол амьдрал амгалан. 

Хажуу дахь хүндээ, ойр дотно, эргэн тойрныхондоо сэтгэлийн дарамт өгөлгүйгээр амьдрах юмсан бүгдээрээ. Өөрсдөө ч гэсэн аливаад санаа зоволгүй, байгаадаа сэтгэл хангалуун амьдарч, зөв сэтгэлээр өөдөө тэмүүлдэг байхсан. 

Дотоод сэтгэлээ нээдэг дүүтэй, эгчтэй, найзтай байх хэрэгтэй. Хэн нэгнийг эд мөнгөөр баярлуулахаас илүү сэтгэлийг нь инээлгэх үг хэлдэг, үйлдэл хийдэг байгаарай. 

Чин зүрхнээсээ хэн нэгний төлөө санаа тавьж, хэлсэн үг бүхэн сэтгэлийн гүнээс чинь ундран гардаг, хийсэн үйлдэл бүр чинь сайн санааных байвал тэр бүгд нөгөө хүндээ сайн сайхан энергийг тээн хүрэх болно оо.  Мэдээж тэр сайхан бүхэн өөрт чинь үржигдэн шингэх нь гарцаагүй ...


No comments:

Post a Comment