Monday, May 18, 2015

Өрсөлдөөн ширүүсч, Коннорын компани цэцэглэж эхлэх нь

Гэрээт ажил дуусах хандлага төрөхийн сацуу нэг хүний орон тоо гарах нь зайлшгүй болов. Чухам бид дөрвийн хэнийг сонгох нь оньсого хэвээр. 

Мэдээж Филиппийн байж ядах сэтгэл илт. Хүн бүрийн хуанлиг шалгаж, хэн нь хэнтэй илүү уулзалт хийчих бол гэж харуулдана. 

Даниел эртээс эрт ирж, чадах бүх төрлийн хэрэгтэй хэрэггүй формула зохиож шидэлнэ. Коннор насаар хамгийн бага ч дээд зэргийн ул суурьтай нөхөр тул чимээгүйхэн бүгдийг тандаж аль болох олон асуудал илрүүлж инженерүүдийг хэрхэн сандаргах төлөвлөгөөгөө боловсруулна. Хэдийгээр өөрийнх нь эхлүүлж буй ажил нэлээд төрхөө олж байгаа ч өөрсдийгөө санхүүжүүлж, бусдыг цалинжуултал зай ч бий лай ч бий. Тиймээс түүний хувьд гэрээгээр ч байна уу, түр ч байна уу яаж ийгээд энд хэсэг үлдэх нь чухал. Энэ санаагаа надаас нуугаагүй нь сайшаалтай хэрэг. 

Миний хувьд хаашаа ч эргэсэн алдах зүйл үгүй. Нэгэнт силикон валлид хөлөө оруулаад авсан тул хүсвэл хаа хүртэл ч явах чадалтайгаа өөртөө нотлоод авсан. 

Ингэсгээд дуусгахгүй бол олон юм хамаагүй бичиж болохгүй болсон. Манайхан шинэ бичлэг оруулмагц орчуулах гэж оролддог болоод удаж байна. 

Харин намайг сонговол яах уу? Тэгвэл "Яана аа би Станфордыг төгсөөгүй"-ийн  http://tessbattumur.blogspot.com/2015/04/blog-post_8.html үргэлжлэлийг бичихээс өөр аргагүйд хүрнэ гэсэн үг. 

Юуг хэрхэн хийж чадахаа өнгөрсөн 5 сарын турш харуулсан  тул одоо надад хүлээхээс өөр арга үгүй.

Чин үнэндээ охинтойгоо өнгөрөөх цаг эрс багассан тул эргээд ээжийн ажлаа бүтэн цагаар хийхэд ч бэлэн. 

No comments:

Post a Comment