Friday, April 11, 2014

Үхтэл үр ба үрийн үр харам

Үр хүүхдээрээ хүн хийгээд амсхийж болдоггүй хорвоо бололтой. Үр нь том болсон ч үрийн үрийг өсгөх ажил үргэлжилнэ. Өөрөө ядарснаа нууж үрийнхээ төлөө зүтгэнэ. Эх хүний сэтгэлийг юутай ч зүйрлэж чадамгүй уужим. Хүний зарим ээжүүд ач, зээгээ өсгөхөөс төвөгшөөж байсныг сонссон удаатай. Харин миний муу хөгшин ээж "би өөрөө хүүхэдтэй ойр байх дуртай" хүн болон сайн дураараа ач зээгээ өсгөнө, асарна. Өөрөөс нь тусламж авахгүй бол хүүхэд шиг тунин гомдоно. 

Эрэмгий жанжин баатар Сүбээдэй далан насыг зооглоод босож суухад хэцүү өндөр нас иржээ гэсэн байхад жирийн нэг жижигхэн биетэй ээжийгээ үүрд залуу мэт сэтгэн үрийнхээ араас бөгтөлзүүлэх бид өчүүхэн сэтгэлтэй аминчхан хүмүүс мэт. 

Эмээдээ ойр өссөн хүүхэд илүү сайн хүн болдог ч юм шиг. Эргээд эмээгээ өргөх сайхан өдөр  хурдан ирээсэй ээжийн минь ач зээ нарт. Цаг хугацааг зогсоож байгаад ээждээ нас нэмэлгүй энхрий бяцхан үрийн үрсийг нь хурдхан том болгохсон...

No comments:

Post a Comment