Friday, April 11, 2014

Онгоцны буудал

Үдсэн ч, угтсан ч өөрөө явсан ч хамаагүй онгоцны буудалд хэзээний дуртай би. Онгоцны үйлчлэгч болохыг хүүхэд насандаа ихээр мөрөөддөг байж билээ. Энэ мөрөөдлөө бага насны шохоорхол болсон нэгэн хүүд хэлтэл "чам шиг хөдөөний бор охин онгоцны үйлчлэгч болдоггүй юм" гэж хэлж байсан одоо ч санаанд тодхон. Одоо түүнтэй таарвал би мөрөөдөлдөө хүрсэн гэж хэлэх юмсан гэх эгдүүтэй бодол онгоцны буудал орох үед төрнө. 

Би өнөөдөр онгоцны үйлчлэгч биш ч Катай Пасифик компанийн олон улсын онгоцны үйлчлэгчийн ажилд хэзээ хойно 30 хүрэхийн босгон дээр тэнцэж, 725 өрсөлдөгчөөс эхний гуравт жагссан нь үнээн. Яадгийн, үнэн юмыг онгирчихъё оо. Ажилд урьсан гэрчлэх захиа нь ч байна. 

Ямар ажил хийж, юу өмсөхийг минь хэзээ ч зааж үзээгүй манай нөхөр тэр удаа хүчтэйхэн хориг анх удаа тавьснаар би мөрөөдлийн ажилдаа орохгүй байх сонголт хийсэн юм. Гэхдээ би өөрийгөө нэгэн мөрөөдөлдөө хүрсэнд тооцдог ба хийсэн сонголтондоо ч баяртай.

Хожим нөхрийн найзаас сонсохнээ намайг хэрэв онгоцны үйлчлэгч болвол зөндөө их санаад тэсэж сууж чадахгүй гэдгээ хэлсэн байдаг.

Харин миний онгоцны буудал орох бүр догдолдог сэтгэл хэв хэвээрээ. Санасан хүмүүсийг учруулж, хайртай хүмүүсийг салгадаг зааг. 

Үнэн сэтгэлийг хөөрсөн онгоц салгаж чадахгүй. Явсан хүн буцаад буугаад ирдэг нь сайхан. 

Хүнийг угтахаас илүү үдэх зовлонтой. Онгоц сэлгэх нэгэн агшинд угтаад үдэх бүр хэцүү байх даа. Заримдаа хэцүү зүйл тэр чинээгээрээ "амттай" бас хэзээ ч марташгүй үүрдийн дурсгал болон үлддэг ч байж мэднэ ээ. 

Онгоцны буудал дээр хэн нэгнээ олохгүй төөрсөөр онгоц нисэх цаг болвол харин харамсалтайяа. 




No comments:

Post a Comment