Friday, April 4, 2014

Зоригтой хэдий ч

Айхаа мэдэхгүй зоригтой хүмүүсийн нэгэнд би яах аргагүй багтана. Хэнбугайгаас ч айлгүй улаан үнэнийг зоригтой хэлж явснаараа хийхийг хүсэж байсан ажлаа алдаж байсан ч удаатай. Тухайн үед ээж маань надад хэтэрхий шударга хүн заримдаа алддаг гэж намайг сургангаа магтаж байсан удаатай. Хэн нэгний зориглож чадахгүйг хэнэг ч үгүй хийчихдэг аюултай этгээд.

Өвдөхөөс харин өөрийн эрхгүй айдаг. Өөрөө өвдөхөөс илүү "тэд" минь өвдчих вий гэхээс эмээдэг. Өвдөхийн зовлонг туулсан болохоор өрөөл бусдыг битгий өвдөөсэй гэж дотроо чимээгүй залбирдаг нэгэн би.

Эмч хүмүүсийг тэнгэрийн элч гэж битүүхэндээ шүтдэг. Чихрийн цуглуулга, дарс авдаг л гэж муулах юм манай монгол эмч нарыг. Өвдөөд эдгэсэн хүн сэтгэлээ илэрхийлэхийг өөрийн эрхгүй хүсдэг юм. Олон хоног, сараар өвдөж үзээгүй хүн өвчтэй нэгний зовлон болоод сэтгэлийг хэрхэн ойлгох вэ?

Америк, Солонгос, Хятад  гээд анагаахын дээд цолтон, сонсож үзээгүй шинэ техник хэрэгсэлээр оношлуулж, эмчлүүлж, хагалуулж, хатгуулж явлаа. Мэдлэгийн цар хүрээгээр Монгол эмч нар дутахгүйг мэдэрлээ. Орчин нөхцөл, үйлчилгээ ялгаатай ч хүнийг эдгээх чин сэтгэл, үзэж сурсан мэдлэг нь ялгаагүйг би үзлээ. 

Өөрийн биеэр судалж, туршиж үзээгүй хэрнээ дүгнэлт гарган монгол эмч нараа дорд үзэх явцуургүй мэт санагдана. 

Өвчингүй бол жаргал өргүй бол баян гэж түмэн үнэн ч өр тавиад ч хамаагүй зөвхөн эрүүл явахыг хүсэгчид бас байдаг юм аа. 



No comments:

Post a Comment