Манайхаас холгүй байх чамин байшинд амьдардаг эмээ жүрж, алим, нимбэгний модтой. Байсхийгээд л цэцэрлэгч ирж арчилж байгаа харагддаг. Эмээ үе үе илүү хураасан ургацаа жижигхэн цэвэрхэн цаасан хайрцагт хийж дээр нь "Үнэгүй. Өөртөө туслаад авна уу" гэсэн бичиг өлгөж хүний явдаг замын хажууд цэгцтэй тавина.
Дэлгүүрийн органик шошготой жимс жимсгэнээс хамаагүй сайхан амттай. Ам ташсан хэрээ арван гурав дахина гэгчээр тэдний нимбэгийг би авах дуртай. Зүгээр нэг хайрцагт хийгээд орхих биш хажууд нь эвхээстэй цаасан уут орхих агаад хүмүүсийг тэр уутанд хийж авахыг бэлдсэн нь тэр. Нээрээ л зүгээр гудамжаар алхаж яваа хүн хэрэв тэр жимснүүдийг авч явахыг хүсвэл бэлэн хийх савгүй яах билээ. Үнэхээр хэн нэгэнд хэрэгтэй бол аваг гэсэн сэтгэлээр үлдээсэн нь энэ.
Би аливаа зүйлийг хийхдээ, хэн нэгэнд тус болохдоо хөрш эмээ шиг чин сэтгэлээсээ хийдэг бил үү гэж бодонгоо өчигдөр зориуд санан байж жижигхэн цэцгийн баглааг "баярлалаа" ил захидлын хамт нимбэг байдаг хайрцагт үлдээв. Өнөөдөр эмээ намайг гаднаа нүүр дүүрэн мишээсээр амдан зогслоо. Би чамайг яг л өдийд охинтойгоо манай гадуур явж өнгөрдгийг мэднэ. Сайхан цэцэг, мэндчилгээ үлдээсэнд баярласнаа хэлэх гэсэн юм. Цэцгэнд дургүй эмэгтэй хүнийг би лав өдий наслахдаа үзээгүй. Өдрийг минь улам сайхан болгосонд баярлалаа.
Чихэрлэг сэтгэлт охин минь (намайг Sweet heart гэж дуудсаныг ингэж хөрвүүлэв хэхэ) дараагийн Бямба гарагийн орой гэр бүлээрээ манайд ирж оройн хоол идээрэй гэх нь тэр. Нэрсээ ч мэдэхгүй бид хоёр хоорондоо хэзээний дотно хүмүүс мэт тэврэлдэн салав.
Цэцэг надаас ирсэн гэдгийг яаж ч мэдсэн юм бүү мэд. Би ч баярласандаа сэтгэл хөөрөөд асуухаа ч мартсан байна. Сайхан сэтгэлт эмээгээс сурах юм мундахгүй гэдэгт найдна.
No comments:
Post a Comment