Эрт сэрвэл нэгийг сонсож, орой унтвал нэгийг дуулдаг гэгчээр оройн нойроо харамлалгүй найз нартайгаа уулзсан минь болжээ. Бид стеротайпын талаар нэлээд ярилцлаа. Харамсалтай нь бид хэд энэ үгийг ойлгомжтойгоор орчуулах мэдлэг дутав. Гүүгл орчуулагчаар хайвал "урьдач" гэж гарч ирэх юм. Байж болох ч нарийн утгыг нь бүрэн илэрхийлж чадахгүй мэт санагдан гүүгл орчуулагчийг голох бардам сэтгэл илрээдхэв. Өөрөө орчуулж чадахгүй хэрнээ мундаг гүүгл гуайг голоод болж байгаа ч юм уу үгүй ч юм уу хэн мэдлээ.
Орос хэл сайтай хүмүүс бол стеротип гэдгийг ойлгон аятайхан орчуулчих байх.
Ази хүмүүс будаанд дуртай, ази жолооч нар машин муу барьдаг, америк хүмүүс шуналгүй, эмэгтэй хүмүүс уйланхай гэх мэт нэг ерөнхийгөөр дүгнэгдсэн нэлээд хэсэг хүмүүсийг л стеротайп гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл тогтсон нэгэн хэв маяг гэх үү дээ.
Станфорд эмнэлэгийн оройн ээлжнийхэн ихэвчлэн Филиппин хүмүүс байдаг гэнэ. Учир нь мэдэл бүхий нэгэн менежер Филиппин хүн аж. Миний ажигласанаар тэд хаа газар нэг нэгнээ татаж ажилд оруулахдаа гарамгай үндэстэн.
Манай найзыг оройн ээлжинд ажиллах уу гэсэн хүсэлт иржээ. Хамгийн анх зурасхийн орж ирсэн бодол нь бөөн Филиппинүүд бий гэж бодсон ч найз маань саналыг хүлээн авчээ. Яахав энд ерөнхийдөө Филиппинүүд ховонд дуртай хүмүүс гэсэн стеротайптай болохоор манай найзын санаанд тэгэж орж ирсэн хэрэг. Түүнээс биш бидний хэн хэн нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлгүй хүмүүс шүү. Ээ бурхан минь, буруугаар ойлгож цаашаа цуурав.
Филиппинчүүдтэй хамт ажиллаж эхлэхэд нээрээ л бүгд явах, ярих, зүс царай хүртэл нэг хэв маягийн ижил төстэй харагджээ. Харин хүн бүртэй үг сольж, илүү мэдэхийн хэрээр бүгд өөр өөр үзэл бодолтой, бие биенээсээ тэс ондоо болохыг мэдсэн гэдэг.
Үүнтэй адил бид хүнийг өнөөдөр ямар байгаагаар нь ойлгож хүлээн авах гээд байдаг. Гэтэл тэр хүний амьдралд юу ч тохиолдсон байж болно, ямар ч замаар өнөөдрийг хүртэл явж ирсэн байж болно. Өнөөдөр даруухан царайлаад, намба суусан ээж өмнө нь гал халуун залуу насыг наргиж цэнгэж, дуулж хуурдаж, сурч мэргэшиж өнгөрүүлсэн ч байж мэднэ.
Өнөөдөр чимээгүйхэн нас нь өндөрлөг өөд өгсөж яваа нэгэн хийх юмаа хийж, бүтээх юмаа бүтээж, гялалзах үедээ гялалзаж явсаныг мартдаг.
Манай монголчууд Хятад хүмүүст дургүй байдаг нь үнэн. Оюутан байхдаа "Цусгүй дайн" нэртэй Хятадуудыг муулсан нийтлэл бичиж явсан хүний нэг нь би өөрөө.
Сүүлийн хэдэн жилд Хятад хүмүүсийн талаарх бодол эрс өөрчлөгдлөө. Би өмнө нь Хятад хүн гэдгийг нэгэн хүн мэтээр ойлгож Хятад хүн бүр муу муухай санаатай хэмээн ташаа ойлгож явжээ.
Нэлээд хэдэн Хятад хүнтэй бизнес болон дотно андын хэмжээнд хүртэл танилцаж, нөхөрлөж явна. Хүний сайхан чанар болоод сэтгэлийг тэдгээр хүмүүсээс мэдэрч авлаа. Ингэж бичлээ гээд "энэ аягүй бол өөрөө Хятад цустай байх аа" хэмээн намайг муулахын оронд миний хэлэх санааг ухаж ойлгон, хэн нэгнийг зөвхөн номны хавтас шиг хараад өнгөрөх биш дотор талын хуудас бүрийг нь уншдаг байгаасай гэж хүсэх гэсэн юм.
Хүний амьдралд шинэ найз, амраг гээд амьдралын хуудас бүрийг нь мэдэхгүй хүмүүс орсоор гарсаар байдаг. Хэрэв тэр хүнийг амьдралдаа хадгалахаар шийдсэн бол илүү мэдэж, танихын тулд илэн далангүй ярилцаж, цаг зориулан гаргаж, хамгийн гол нь өөрийнхөө амьдралын бүлгээс ярьж өгч номын хуудсаа харамгүй дэлгээрэй.
No comments:
Post a Comment